Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 00064

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.МОд холбогдох 1932000620076 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд 1998 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникийн засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Сайхан сумын Номгон 3 дугаар багийн Салхит гэдэг газар оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боргочин овогт Жигжидийн МО. /РД: */

 

           Шүүгдэгч Ж.МО нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *5 тоотод байрлах иргэн Балдандоржийн гэрт хохирогч Д.Бстай маргалдан улмаар түүний толгойн тус газарт нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.МОын өгсөн…. ... 2019 оны 03 дугаар сарын 14-ний орой 21-22 цагийн орчимд манай хадмын гэрт Бс, Батсайхан бид гурав архи уусан. Эхний нэг шил архи уусны дараа Батсайхан ах тасраад унасан. 2 дахь шил архийг Бс ах бид хоёр хувааж уусан. Архи хэтрүүлж уусан болохоор болсон явдлыг нарийн сайн мэдэхгүй байгаа юм. Хутгаар хутгалсан гэдгээ маргааш өглөө нь эхнэрээсээ сонсож мэдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Д.Бсын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....  Би 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 21-22 цагийн үед байх Балдандорж гэдэг айлд ороход Балдандоржийн хүргэн Очироо гэх залуу эхнэр хүүхэдтэйгээ Тоодой гэдэг ахтайгаа хамт байсан юм. Тэгээд тэднийд ороод би биедээ авч орсон Ерөөл нэртэй 0.75 литрийн шилтэй архиа гаргаад Тоодой, Очироо хоёртой хувааж уусан юм. Тэгээд миний авч орсон архийг ууж дуусгаад би дахиж гараад дэлгүүрээс Түмний хишиг нэртэй 0.75 литрийн шилтэй архи аваад буцаж Балдандоржийн гэрт ороод дахиад Тоодой, Очироо хоёртой ууж эхэлснээ мэдэж байна. Намайг нэг харахад Тоодой тасраад уначихсан унтаж байсан. Харин Очироо бид хоёр архи ууж байсан юм. Тэгээд би архиа хэтрүүлж уугаад ухаан мэдрэлээ алдчихсан байсан юм. Намайг нэг ухаан ороход миний толгойг Очироогийн эхнэр болох хүүхэн цамцаар дарчихсан Базараа ахаа цус чинь тогтохгүй байна гээд байсан юм. Тэгээд эмнэлэг эмч ирсэн байх. Би бол архи хэтрүүлж уугаад тасарчихсан байсан болохоор намайг хэн гэмтээснийг мэдээгүй ээ. Харин намайг ухаан ороход Очироогийн эхнэр миний толгойг дарчихсан цус алдаад байна Базараа ахаа гэж хэлж байхдаа мөн Очироо чи яаж байгаан бэ хүн аллаа ш дээ гээд байсан юм. Тэр үед л би Очироо намайг гэмтээсэн юм байна гэж ойлгосон юм гэх мэдүүлэг /Хх-н 11-12 дугаар хуудас/

Гэрч Б.Ауын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Эхний нэг шил архийг гурвуулаа хувааж уугаад Батсайхан ах согтоод тасраад унтаад өгсөн юм. Харин манай нөхөр Базараа ах хоёр дахин нэг шил архи авчирч хувааж уугаад хоорондоо хэрэлдээд байсан юм. Юу яриад хэрэлдээд байгааг нь би анзаараагүй ээ. Намайг орондоо хэвтэж байтал Базараа ах эхлээд манай нөхрийг нүүр лүү нь гараараа нэг цохиод авсан юм. Тэгтэл Базараа ах манай нөхөр хоёр зодолдох гээд зууралдсан юм. Тэгээд би орноосоо босоод салгаад автал манай унтаж байсан 3 настай охин сэрээд уйлсан юм. Тэгэхээр нь би нөхрийгөө охиныхоо хажуугаар хэвтүүлээд Базараа ахыг та одоо харьчих гэхэд Базараа ах манайхаас явахгүй суугаад байсан юм. Тэгтэл манай нөхөр босч ирээд дахиж Базараа ахтай зодолдоод галын зуухны урд талд толгой шийр хуйхалж байсан хутгыг аваад хатгачихсан байсан. Би тэр хоёрыг зодолдож байх үед уйлж байсан хүүхдээ аргадах гээд орон дээр буруу хараад сууж байсан юм. Тэгээд эргээд харсан чинь Базараа ахын толгойноос цус гарчихсан манай нөхрийн гарт хутга байсан юм. Тэгээд манай нөхөр хутгаа газар унагахаар нь би хутгыг аваад гадаа гаргаж хаяад эмнэлэг дуудсан юм гэх мэдүүлэг /Хх-н 16-17 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн № 249.......  Дүгнэлт:

1.Д.Бсын биед тархи доргилт, зулайн хуйх, хүзүүнд шарх, зулай, хүзүү, доод эрүү, зүүн шанаанд зулгаралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй гэх /Хх-н 21 дүгээр хуудас/

Хохирогч Д.Бсын хохирол нэхэмжилсэн баримтууд /Хх-н 08—09 дүгээр хуудас/

Ж.МОын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 34 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймаг Сайхан сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 35 дугаар хуудас/

Ж.МО нь урьд нь ял шийтгүүлсэн талаар Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 33 дугаар хуудас/ зэрэг болно.

          

             Шүүгдэгч Ж.МО нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, 5-5 тоотод байрлах иргэн Балдандоржийн гэрт хохирогч Д.Бстай маргалдан улмаар түүний толгойн тус газарт нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Ж.МОын хохирогч Д.Бсын толгойн тус газарт нэг удаа хутгалсан үйлдэл нь хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Ж.МОын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд 6 хувааж сард 75000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Д.Бс нь эмчилгээний зардалд нэг сая төгрөгийг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тооцож үзэхэд 617327 төгрөг болж байх тул шүүгдэгч Ж.МОоос 617327 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бс-д олгох үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Бс нь шүүгдэгч Ж.МОын гэм буруугийн улмаас учруулсан энэ гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 25.5 см урттай бор судалтай шаргал өнгийн бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Боргочин овогт Жигжидийн МОыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.МОыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.МО нь 450000 төгрөгийн торгох ялыг 06 сарын хугацаанд 6 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.МО нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 25.5 см урттай бор судалтай шаргал өнгийн бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Ж.МО нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.МОоос 617327 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, 6-3 тоотод оршин суух, Боржигон овогт Доржданын Бс-д /РД:МБ83062919/ олгосугай.

7. Хохирогч Д.Бс нь шүүгдэгч Ж.МОын гэм буруугийн улмаас учруулсан энэ гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.МОд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН