Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2017/01289

 

С.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00775 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1310 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч С.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШГАнд холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч С.Бын гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болорчимэг, Б.Баясгалан, нарийн бичгийн дарга С.Баяртуяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбартаа: “Гэзэгийн худаг” ХХК-д нөхөр ажиллаж байх үед тус компанийн захирал З.Насанжаргалын гуйлтаар өөрсдийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1-68 тоот, 2 өрөө орон сууцаа барьцаалж зээл авч өгөөч гэсэн тул 16 давхар барилгын суурийн ажилд нь зориулж "Ориент инвест" ББСБ ХХК-иас 25 000 000 төгрөгийн зээлийг авч өгсөн бөгөөд С.Б нөхөр Х.Эрдэнэбаатарт итгэмжлэл хийж өгсөн байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6246 тоот захирамжийн дагуу 37 602 575 төгрөгийг гаргуулж "Ориент Инвест" ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. НШГА нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан бөгөөд С.Б өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1-68 тоот, 2 өрөө орон сууцаа одоогийн зах зээлийн бодит үнэлгээгээр буюу 150 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг өгсөн. Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэрийн хаалган дээр маань НШГАны 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9/261 тоот "Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол", 3/26225 тоот "Мэдэгдэл" зэргийг үлдээсэн байна. Зах зээлд байхгүй хямд үнэ болох 59 769 348 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах гэж байгаа, эмчилгээ хийлгэх шаардлагатай эмчилгээний төлбөрөөсөө танан байж 5 342 000 төгрөгийг төлөөд байгаа болно. Надад мэдэгдэлгүйгээр хэт доогуур 119 538 697 төгрөгөөр үнэлж, анхны дуудлага худалдааг мөн надад мэдэгдэлгүйгээр шууд 70 хувиар үнэлэн явуулсан, одоо 119 538 697 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний 50 хувиар буюу 59 769 348 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах гэж байгааг өмчлөлийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул НШГАны албадан дуудлага худалдаанд оруулах 59 769 348 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6246 дугаар захирамжаар Х.Эрдэнэбаатараас 37 602 575 төгрөгийг гаргуулж "Ориент Инвест" ББСБ-д олгохоор шийдвэрлэжээ. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 68 тоот 29 м.кв 2 өрөө орон сууцыг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 144/03 тоот тогтоолоор хурааж талуудаас үнийн санал авахад тохиролцоогүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу хөндлөнгийн үнэлгээний байгууллага "Бэсгэ" ХХК-иар үнэлгээ 119 538 697 төгрөгөөр тогтоосон ба 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3/31373 дугаар албан мэдэгдлээр төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нарт мэдэгдэж, үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 83 677 087 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах болохыг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 3/32656 дугаар албадан мэдэгдэл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлэгдсэн үнийн 50 хувиар тооцон 59 769 348 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах болохыг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 3/26225 дугаар албан мэдэгдлүүдээр төлбөр төлөгч болон өмчлөгч, төлбөр авагч нарт баталгаат шуудангаар мөн хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Х.Эрдэнэбаатар нь 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмлжэл гаргасны дагуу анхан шатны шүүх хурал явагдаж тус шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 8472 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Х.Эрдэнэбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 479 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хэвээр үлдээж Х.Эрдэнэбаатарын гомдлыг хангахгүй шийдвэрлэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд "нэхэмжлэлд дурьдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа", мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт энэ хуулийн 65.1.3-65.1.8-д заасан үндэслэл тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч С.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НШГАн нь Х.Эрдэнэбаатарын барьцаа хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээг хийлгэж албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон. Нэхэмжлэлийг хүлээн авч, тус шүүх 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. НШГАн нь Х.Эрдэнэбаатараас төлбөрийг гаргуулах ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул манай байгууллага нь төлбөрөө авч чадахгүй эрх ашиг хөндөгдөж хохирсоор байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00775 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1, 177.4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч НШГАны албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэнии хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1310 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00775 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...117.1...” гэснийг “...177.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалд “...анхны албадан дуудлага худалдааны үнэлгээний талаарх гомдол шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан хугацаанд гаргаагүй.. ” гэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч миний нөхөр Х.Эрдэнэбаатараас Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014.12.16-ны өдрийн 6246 тоот захирамжийн дагуу 37.602.575 төгрөгийг гаргуулж “Ориент инвенст” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Уг 37.602.575 төгрөгийг мөнгийг нөхөр маань өөрөө хэрэглээгүй бөгөөд СБД-ийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг явуулж байсан “Гэзэгийн худаг" ХХК нь үйл ажиллагаандаа зарцуулсан болно. Энэ нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2017/00775 тоот шийдвэрээр нотлогдох болно. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014.12.16-ны өдрийн 6246 тоот захирамжийн дагуу НШГА нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан бөгөөд С.Б миний бие өөрийн өмчлөлийн БГД 13 дугаар хороо, 3 дугаар хороолол 1-68 тоот 2 өрөө орон сууцаа одоогийн зах зээлийн бодит үнэлгээгээр буюу 150.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг өгсөн. Гэтэл НШГА нь бидний өмчлөлийн эд хөрөнгийг хэт багаар буюу 119.538.697 төгрөгөөр үнэлсэн үнэлгээгээ болон анхны дуудлага худалдаа явуулсан 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн мэдэгдлийг надад огт өгөөгүй, БГД 13 дугаар хороо, 3 дугаар хороолол 1-68 тоот 2 өрөө орон сууцыг хэт доогуур буюу 119.538.697 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, анхны дуудлага худалдааг хүчингүй болгох, 2 дахь албадан дуудлага худалдааны 59.769.348 төгрөгийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан атал давж заалдах шатны шүүх энэ үйл баримтыг үнэлж тооцоогүйд гомдолтой байна. Хариуцагч НШГА-ны зүгээс шүүх хуралдаанд баталгаат шуудангаар илгээсэн гэх боловч туүнийгээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, хэрэгт авагдаагүй байхад шүүх зөвхөн 2 дахь албадан дуудлага худалдааны баримтыг үнэлэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1310 тоот магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт баримталвал зохих хуулийг алдаатай тусгасныг давж заалдах шатны шүүх зөвтгөсөн нь хуулийн үндэслэлтэй болжээ. Магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч НШГАнд холбогдуулан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6216 дугаар шүүгчийн захирамжаар Х.Эрдэнэбаатар нь нэхэмжлэгч “Ориент инвест” ББСБ-д 37 258 333 төгрөгийг төлөх, үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 68 тоот орон сууцыг худалдсан үнээс үүргийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталжээ. Шүүгчийн дээрх захирамжийн дагуу бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэн НШГА шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулжээ.

Нэхэмжлэгч С.Б нь барьцааны зүйлийн өмчлөгч байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож, орон сууцыг 150 000 000 төгрөгөөр үнэлж санал гаргасныг төлбөр авагч эс зөвшөөрсөн тул хариуцагч байгууллага шинжээч томилсон, “Бэсгэ” ХХК нь орон сууцыг 119 538 697 төгрөгөөр үнэлсэн байна.

Шинжээчийн гаргасан үнэлгээг эс зөвшөөрч, төлбөр төлөгч Х.Эрдэнэбаатар нэхэмжлэл гаргаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 8472 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх ба нэхэмжлэгч С.Б нь адил асуудлаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцоогүй бол эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэж заасан, хариуцагч хуулийн эдгээр зохицуулалтыг зөрчөөгүйгээс гадна шинжээч орон сууцны үнийг зах зээлийн аргаар тогтоосон, нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй байх тул “...орон сууцыг хэт доогуур үнэлсэн” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.  

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д зааснаар анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн үнийн доод хэмжээг хуулиар тогтоосон тул энэ нь эд хөрөнгийн үнэлгээ биш бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан гомдол гаргах эрх хамаарахгүй юм.         

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ний өдрийн 1310 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Бын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                      ШҮҮГЧ                                                         П.ЗОЛЗАЯА