Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 83

 

Дт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид ба Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд, мөн Ерөнхий сайдын 1 дүгээр орлогч нарын хамтарсан Онц хурлаас томилогдсон Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр хурлын тогтоолоор Ж.Дт холбогдох хэргийг прокурорын бичсэн дүгнэлтийг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Булган аймгийн Хангай суманд захирагдаж байсан, ам бүл 6, адуу 13, хонь, ямаа 55, модон байшин 2, гэр 1-ийн хөрөнгөтэй, бароны цэрэгт явж байсан, цагааны оргодол, баригдахын өмнө тус сумын Ордого хэмээх газар малын ажилтай байсан, Ж.Д.

 

Ж.Д нь “Хувьсгалын эсэргүү зэвсэгт бослого гаргах байгууллагад 1936 онд Дамдинсүрэнд элсэгдсэн, зэвсэгт бослого гаргах хэрэгт зориулан туслахаар хувийн хөрөнгөнөөс морь 2, үхэр 1-ийг тусгай бэлтгэж байсан, олон нийтийн зан байдлыг удаа дараа тагнаж, мэдээ сэлтийг эсэргүү, буриад Дамдинсүрэнд өгч байсан, ард олны дотор хувьсгалын эсэргүү гүтгэлэг цуурхал тарааж байсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид ба Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд, мөн Ерөнхий сайдын 1 дүгээр орлогч нарын хамтарсан Онц хурлаас томилогдсон Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр хурлын тогтоолоор “Ж.Дт 1934 оны Шүүх цаазын бичгийн 43, 44, 47 дугаар зүйлээр буудан алж, хөрөнгийг нь хурааж шийтгэсэн” байна.

 

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа “... Булган аймгийн Хантай сумын харъяат Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 44, 47 дугаар зүйлүүдээр буудан алж, эд хөрөнгийг нь хураах ялаар шийтгүүлсэн. Ж.Дыг шийтгэсэн тогтоол байгаа боловч цагаатгасан баримт олдоогүй. Шийтгүүлсэн 205 иргэдийн янз бүрийн тогтоолуудаар цагаатгагдсан байсан. Иймд . улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэн гэж үзэж цагаатгуулахаар дүгнэлт бичсэн. Дүгнэлтээ дэмжиж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид ба Ерөнхий сайд, Ерөнхий сайдын 1 дүгээр орлогч нарын хамтарсан Онц хурлаас томилогдсон Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр хурлаар Ж.Д нарт холбогдох хэргийг таслан шийдвэрлэхдээ хуулийг илт буруу хэрэглэсэн нөхцөл байдал шинээр илэрсэн талаарх прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Ж.Д нь “Хувьсгалын эсэргүү зэвсэгт бослого гаргах байгууллагад 1936 онд Дамдинсүрэнд элсэгдсэн, зэвсэгт бослого гаргах хэрэгт зориулан туслахаар хувийн хөрөнгөөс морь, үхэр тусгайлан бэлтгэсэн, олон нийтийн зан байдлыг удаа дараа тагнаж, мэдээ сэлтийг эсэргүү буриад Дамдинсүрэнд өгч, ард олны дотор хувьсгалын эсэргүү гүтгэлэг, цуурхал тараасан” гэх хэрэгт холбогджээ.

 

Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр хурлын тогтоолоор Ж.Дт 1934 оны Шүүх цаазын бичгийн 43, 44, 47 дугаар зүйлд зааснаар буудан алах ял шийтгэж, хөрөнгийг нь хураахаар шийдвэрлэсэн байна.

 

Дээрх Онцгой бүрэн эрхт комиссын тогтоолоор нийт 1463 хүн /үүнээс Булган аймгийн Хантай сумын харьяат, 205 буриад иргэн/-д холбогдох хэргийг таслан шийдвэрлэхдээ 989 хүнд буудан алах ял, 474 хүнд 10 жил хорих ял тус тус оногдуулжээ.

 

Уг тогтоолын повесткийн 16593 дугаарт “... Ж.Дыг хувьсгалын эсэргүү зэвсэгт бослого гаргах байгууллагад 1936 онд Дамдинсүрэнд элсэгдсэн” гээд тогтоолын баруун доод хэсэгт балын харандаагаар буудах гэж тэмдэглэсэн байх ба Ж.Дын нэрийн доор хэргийн утга болон шалгасан талаар ямар нэгэн тэмдэглэл хийгдээгүй, ялын төлөвлөгөө байхгүй учир Ж.Дыг бусад буриад иргэдийн нэгэн адил улс төрийн бодлогын золиос болгож, хилсээр шийтгэсэн гэсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Ж.Дыг хувьсгалын эсэргүү зэвсэгт байгууллагад элсүүлсэн гэх Д.Дамдинсүрэнг байцаасан тэмдэглэлд Ж.Дын талаар огт дурдаагүй болох нь хэрэгт хийсэн үзлэгээр нотлогдсоноос гадна буриад Д.Дамдинсүрэнгийн үйлдсэн хувьсгалын эсэргүү гэх хэрэг нь хилс болох нь тогтоогдож Улсын дээд шүүхийн Бүгд хурлын 1965 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Дарамын Дамдинсүрэнг цагаатгаж шийдвэрлэжээ.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч гэдэгт 1934 оны Шүүх цаазны бичиг-ийн тусгай ангийн 1 дүгээр бүлгийн 42-50 дугаар зүйл ангиар шийтгүүлсэн хүмүүс хамаарна хэмээн тодорхойлсон ба Ж.Дын үйлдсэн гэх гэмт хэрэг нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т заасан “улс төрийн хилс хэрэг” хамаарч байна.

 

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн” үндэслэл мөн тул Ж.Дыг буудан алах ял шийтгэж, хөрөнгийг нь хураасан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр хурлын тогтоолын Ж.Дт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр хурлын тогтоолын Ж.Дт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Ж.Дт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Жигмэдийн Дамдинжавыг цагаатгасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                С.БАТДЭЛГЭР

 

                                                               Б.БАТЦЭРЭН

 

                                                          Ч.ХОСБАЯР

 

                                                                                     Б.ЦОГТ