Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 6

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сонинболор би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.А, Б.А нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 123 дугаар тогтоолоор батлагдсан “Албаны орон сууц эзэмшүүлэх журам”-ын “Гурав”-ын албаны орон сууцыг түр хугацаагаар эзэмших албан тушаалтны 6-р заалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Б.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А нь 2013 оны 7 сард Тайвань улсын Тайван Тайпаны Анагаах ухааны их сургуульд анагаах ухааны магистрын зэрэг хамгаалж төгссөн. Б.А нь 2013 оны 6 дугаар сард Тайваны Азийн их сургуульд эрүүл мэндийн удирдлагын шинжлэх ухааны магистрын зэргийг хамгаалж төгссөн. 2014 оны 7 сард Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан нь Б.А, Б.А нарт мэргэжлээ дээшлүүлэн гуравдагч оронд гэр бүлээрээ магистрын зэрэг хамгаалсан гэж Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд байрны түлхүүр гардуулан батламж өгч баталгаажуулсан. Мөн 2015 оны 4 сарын 10-ны өдрийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 24 дүгээр тогтоолын хавсралтын 3.1.2-т “...орон нутагт 5 болон түүнээс дээш жил тогтвор суурьшилтай ажиллахаар гэрээ байгуулсан, гуравдагч оронд бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалсан нэн чухал шаардлагатай нарийн мэргэжлийн өндөр ур чадвартай эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарт албаны орон сууц эзэмшүүлсэн. Бид 2015 оны 5 сарын 01-ний өдрийн 2 дугаартай 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай”Албаны орон сууц эзэмшүүлэх гэрээ”-ний дагуу Жаргалант сумын Цамбагарав багийн 80 айлын орон сууцны 3 давхрын 15 тоот 2 өрөө 45.7 кв метр талбайтай орон сууцыг 5 жилийн хугацаатайгаар Засаг даргын тамгын газрын даргатай гэрээ байгуулсан.

Гэтэл Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 12 сарын 27-ны өдрийн 127 дугаар тогтоолоор журам баталж, Албаны орон сууц эзэмшүүлэх журмын 7 дугаар хавсралтад Эсбагийн 80 айлын орон сууцны 15 тоотыг онцгой шаардлагын улмаас урилгаар ирж эзэмшүүлэхээр өөрчлөлт оруулжээ.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Г нь 2017 оны 3 дугаар сарын 01-ний дотор байр чөлөөлүүлэхээр мэдэгдэл өгсөн. Бидэнд гэрээ цуцлах үндэслэл байхгүй байхад Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 12 сарын 27-ны өдрийн 127 дугаар тогтоолоор журам баталж, Албаны орон сууц эзэмшүүлэх журмын 6 дугаар хавсралыг өөрчилсөнд гомдолтой байна гэжээ.          

            Хариуцагч, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.П шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт “Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тухайн аймаг нийслэл, сум дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч байх”-аар тусгаж, орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах захиран зарцуулах талаар иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийг хуульчилсан байдаг. Мөн хуулийн 77 дугаар зүйлийн 4-т хурлын дээрх бүрэн эрхийг хуралдааны чөлөөт цагт тэргүүлэгчид хэрэгжүүлж байх хуулийн заалттай. Аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшилд бүртгэгдсэн, орон нутгийн өмчлөлийн 8 орон сууцыг Засгийн газрын 1999 оны 148 дугаар тогтоолоор батлагдсан нэр бүхий албан тушаалтнуудад эзэмшүүлэх журам, гэрээний төслийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжиж, аймгийн ИТХ-д мэдүүлсэн.

Монгол улсын засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-ийн е, 20 дугаар зүйлийн 20.1.14 дахь хэсэгт ИТХ-ын тэргүүлэгчдэд олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу орон нутгийн өмчийн хөрөнгийг бусдад эзэмшүүлэх, ашиглуулах талаар аймгийн Засаг даргаас оруулсан саналыг хэлэлцэн олонхийн саналаар баталж шийдвэрлэсэн юм.

            Тус хуралдааны ажиллагаа холбогдох хууль тогтоомж, Тэргүүлэгчдийн хуралдааны дэгийн дагуу явагдсан бөгөөд Засгийн газрын 1998 оны 148 дугаар тогтоолоор батлагдсан нэр бүхий албан тушаалтнуудын жагсаалтанд нарийн мэргэжлийн өндөр ур чадвартай эмч багтдаггүй тул маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 127 дугаар тогтоолоор батлагдсан “Албаны орон сууц эзэмшүүлэх журам”-ын 6-р дахь заалтыг буюу Эсба-80 айлын 3 давхрын 15 тоот 45.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад эзэмшүүлэхээр олгосон заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2012-2016 онд ажиллаж байсан тухайн үеийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 24 дүгээр тогтоолоор албаны орон сууц эзэмшүүлэх эрх зүйн акт гарчээ. Үүний 3.1.2-т “орон нутагт 5 ба түүнээс дээш жил тогтвор суурьшилтай ажиллахаар гэрээ байгуулсан, гуравдагч оронд анагаах ухааны чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалсан, нэн чухал шаардлагатай, нарийн мэргэжлийн өндөр ур чадвартай эмч, эмнэлгийн мэргэжилтэн” гэж тодорхой заасан байдаг. Иймд уг журмын дагуу Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан нь нэхэмжлэгч нарт батламж гардуулан дээрх орон сууцыг эзэмшүүлэх гэрээг байгуулжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Тамгын газраас гэрээний биелэлтийг дүгнээгүй, мөн гэрээг хүчингүй болгоогүй юм. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д зааснаар Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 127 дугаар тогтоол гаргахдаа Засаг даргын саналыг үндэслэн гаргажээ. Гэтэл дээрх хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх гэсэн заалт байдаг. Тухайн орон сууцыг эзэмших асуудал нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гэсэн зохицуулалт хамаарах уу гэдэг зүйл гарч ирж байна. Гэтэл тухайн орон сууцыг гэрээгээр олгохдоо том агуулга бүхий хуулийн заалтыг баримталсан нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч нар нь Тайвань улсын Азийн их сургууль, Тайбейны Анагаах ухааны их сургуульд суралцаж, анагаах ухааны чиглэлээр магистрын боловсрол эзэмшсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэж заасан боловч Захиргааны ерөнхий хуульд зааснаар оролцогчийг сонсох ажиллагааг хийгээгүй, нотлох баримтыг цуглуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа уг хуулийг баримтлах ёстой байсан. Гэхдээ дээрх хуулийн зохицуулалтыг Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нь зөрчсөн байна.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 127 дугаар тогтоолыг гаргахдаа хувийн хэрэг, дагалдах хуудсыг хөтлөөгүй байна. Хэрвээ хувийн хэрэг, дагалдах хуудсыг хөтөлсөн бол хариуцагч байгууллагаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх нь гаргуулах боломжтой байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 127 дугаар тогтоолоор батлагдсан “Албаны орон сууц эзэмшүүлэх журам”-ын “Гурав”-ын албаны орон сууцыг түр хугацаагаар эзэмших албан тушаалтны 6-р заалтыг хүчингүй шийдвэрлэж өгнө үү. болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Засгийн газрын 148 дугаар тогтоолоор орон нутагт ажиллаж байгаа төрийн байгууллагын албан тушаалтнуудыг байршуулах зорилгоор хувьчилж үл болох орон сууцны жагсаалтыг баталсан. 2012-2016 онд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн Засаг дарга үйл ажиллагааны хөтөлбөрөө аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулахдаа орон нутагт ажиллаж байгаа өндөр боловсролтой боловсон хүчнийг тогтвортой ажиллуулах, иргэддээ үзүүлэх тухайн салбарын үйлчилгээг тогтвортой байлгах, сайжруулах үүднээс Засаг даргын үйл ажиллагааныхаа хөтөлбөрт энэ талаар тусгаж, гуравдагч оронд боловсрол эзэмшсэн эмч нарыг тогтвор суурьшилтай ажиллахын тулд орон сууцаар хангах тухай заалтыг оруулжээ. Уг заалтын дагуу Засаг даргын Тамгын газрын эзэмшилд байгаа орон сууцыг журамлаж, өөрийнхөө бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахын тулд эрх зүйн акт гаргаж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулж байсан. Тухайн үед буюу 07 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч нарт орон сууцны батламжийг гардуулсан ба би тухайн үед хамт байсан. Гэтэл энэ журам нь хэрэгжиж байхад дараагийн сонгууль болж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, Засаг дарга нь солигдож, Засаг дарга нь өмнөх журмыг шинэчлэх саналаа Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулж ирсэн ба өмнөх мөрдөж байсан журмын дээрх заалт нь хасагдсаны улмаас нэхэмжлэгч нарт байрыг чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн юм. Засаг даргын өргөн барьснаар уг журам нь өөрчлөгдөн батлагдсан. Нэгэнт бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Засаг дарга нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд саналаа өргөн барьж шийдвэрлэсэн тул сүүлд батлагдсан журмын дагуу явах ёстой гэж ойлгож байна гэв

                     Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийн дагуу нэхэмжлэгч Б.А, Б.А нарын өмгөөлөгчөөр нэхэмжлэл гаргах үеэс оролцсон. Анх нэхэмжлэгч нарт аймгийн Засаг дарга нь 5 жилийн хугацаатайгаар албаны орон сууцыг эзэмшүүлэхээр байрны түлхүүрийг батламжийн хамт гардуулсан байдаг. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 3-т албаны орон сууц эзэмших албан тушаалтныг 5 ба түүнээс дээш жил тогтвор суурьшилтай ажиллахаар гэрээ байгуулсан, гуравдагч оронд бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалсан эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарт орон сууц эзэмшүүлэхээр заажээ. Уг заалтын дагуу нэхэмжлэгч нарт батламж өгсөн ба батламж болон дипломын хуулбарыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйд заасны дагуу нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгч нар нь гуравдагч орон буюу Тайвань улсын Азийн их сургууль, Тайбейны Анагаах ухааны их сургуульд магистр хамгаалсан дипломын хуулбарыг баталгаат орчуулгын товчоогоор орчуулуулан шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 127 дугаар тогтоолын 3.1.6-д зааснаар Эсба-80 айлын 3 давхрын 15 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг эзэмших иргэний нэрийг өөрчилсний улмаас нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой тайлбарлаж хэллээ. Нэхэмжлэгч нар нь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батмөнхтэй орон сууц эзэмших гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээ нэхэмжлэгч нар нь зөрчөөгүй байх бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр тогтоолд гэрээг цуцлах үндэслэлүүдийг заасан.  Гэтэл нэхэмжлэгч нартай байгуулсан гэрээг дүгнээгүй гэдгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Г нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлсэн юм. Мөн гэрээний хугацаа дуусаагүй, гэрээ зөрчсөн гэдэг нь нотлогдон тогтоогдоогүй. Нэхэмжлэгч нарын үр дүнгийн гэрээ болон ажилд томилсон тушаалууд нь нотлох баримтын шаардлага хангаж хавтаст хэрэгт авагдсан байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нар нь ямар нэгэн байдлаар ажил үүргээ өөрчлөөгүй, гэрээгээ зөрчөөгүй гэдэг нь тогтоогдож байгаа юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж өгнө үү. Баруун Бүсийн Эмчилгээ, Оношилгооны Төвийн захирлуудын тушаал, нэхэмжлэгч нарын дипломын хуулбар, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Мөн орон сууц эзэмшүүлэх гэрээг 5 жилийн хугацаатайгаар байгуулж, жил жилээр сунгуулж байсан бөгөөд гэрээний хугацаа нь дуусаагүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Учир нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 127 дугаар тогтоолыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар оролцогчийг сонсох ажиллагааг хийх ёстой байсан боловч хийгээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А, Б.А нар Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад холбогдуулан “Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 123 дугаар тогтоолоор батлагдсан “Албаны орон сууц эзэмшүүлэх журам”-ын “Гурав”-ын албаны орон сууцыг түр хугацаагаар эзэмших албан тушаалтны 6-р заалтыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.   

Ховд аймгийн Засаг даргын орлогч М.А нь  2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1/774 дүгээр албан бичгээр “Албаны орон сууц эзэмшүүлэх журам”, “Албаны орон сууц эзэмшүүлэх гэрээ”-ний загварыг  Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээр батлуулахаар санал хүргүүлж, тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь хэсэгт зааснаар өөрийн эрх хэмжээг тодорхойлох хуулийг баримтлан 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр “Журам батлах тухай” тогтоолоор “Албаны орон сууц эзэмшүүлэх журам”, “Албаны орон сууц эзэмшигчтэй хийх гэрээний загвар”-ыг тус тус баталжээ.

Уг тогтоолоор баталсан “Албаны орон сууц эзэмшүүлэх журам”-ын 3.1.2-т зааснаар “Орон нутагт 5 болон түүнээс дээш жил тогтвор суурьшилтай ажиллахаар гэрээ байгуулсан, гуравдагч оронд анагаах ухааны чиглэлээр бакалавр, магистр, доктор хамгаалсан нэн чухал шаардлагатай, нарийн мэргэжлийн өндөр ур чадвартай эмч, эмнэлгийн мэргэжилтэн /гадаадын мэргэжилтэн/”-нд албаны орон сууц эзэмшүүлж болно гэсний дагуу тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн “Уламжлалт эмчилгээний тасгийн эрхлэгч эмч Б.А, түүний гэр бүлийн гишүүн болох, Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Гадаад харилцаа, сургалт, эрдэм шинжилгээний албаны дарга Б.А нар нь тухайн шаардлагыг хангасан гэж үзэж тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн “Уламжлалт эмчилгээний тасгийн эрхлэгч эмч Б.А нар  2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар “Албаны орон сууц эзэмшүүлэх гэрээ”-гээр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн гэх Жаргалант сумын Цамбагарав багийн 80 айлын орон сууцны 15 тоот 2 өрөө, 45.7 кв метр байрыг 1 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэрээ байгуулж, уг байрыг эзэмшүүлжээ.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн “Уламжлалт эмчилгээний тасгийн эрхлэгч эмч Б.А нарын хооронд байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр “Албаны орон сууц эзэмшүүлэх гэрээ”-ний 4 дүгээр бүлэг “Гэрээ дуусгавар болох” нөхцлийн зааж өгсөн ба, гэрээний 4.4-д “Дараах тохиолдолд эзэмшүүлэгчийн санаачилгаар хугацаанаас өмнө гэрээг цуцална” 4.4.1-д Орон сууц эзэмшигч нь тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөн”, 4.4.2-т “Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6 дугаар зүйл /Эзэмшигч нь орон сууцыг бусдад барьцаалах, түрээслэх, дамжуулан түрээслэх, хөлслөх, бүхэлд нь эсхүл хэсэгчлэн төлбөртэй болон төлбөргүйгээр бусад ашиглуулахыг хориглоно/, 3 дугаар зүйлийн 3.4 дүгээр зүйлд /Эзэмшүүлэгч байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр орон сууцыг сантехник, цахилгаан шугам сүлжээг солих, өөрчлөх, хана, цөмлөх, өрөө тасалгааны зохион байгуулалтыг болон агааржуулалтын системийг өөрчлөхгүй байх/ заасныг зөрчсөн тохиолдолд гэрээг цуцлахыг тус тус гэрээндээ тусгажээ.

Нэхэмжлэгч нар гэрээний 4.4 дэх хэсэгт заасан “хугацаанаас өмнө гэрээг цуцлах тухай” зөрчлийг гаргаагүй болох нь гэрч Б.Г-ын “...Б.А, Б.А нар гэрээгээ зөрчөөгүй, уг гэрээг дүгнээгүй...” гэх мэдүүлэг, мөн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2/666 дугаар албан бичигт “...Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас Б.А Б.А нартай байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр “Албаны орон сууц эзэмших гэрээ”-г дүгнэсэн баримт манайд байхгүй байна...” гэх зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, нэхэмжлэгч Б.А нарын хооронд байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр “Албаны орон сууц эзэмшүүлэх гэрээ”-ний хугацаа дуусаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэтэл нэхэмжлэгч Б.А, Б.А нар нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргатай байгуулсан “Албаны орон сууц эзэмших гэрээ”-нд заасан үүргээ зөрчөөгүй, гэрээг хугацаанаас өмнө цуцлах нөхцөл байдал бий болоогүй, хуулийн хүчин төгөлдөр гэрээ үйлчилж байхад уг гэрээг цуцлахгүйгээр  шинээр Ховд аймгийн Засаг даргын  2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1965 дугаар албан бичгээр “Албаны орон сууц эзэмшүүлэх журам”ын төслийг Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад хүргүүлж, “Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 123 дугаар тогтоолоор “Албаны орон сууц эзэмшүүлэх журам”-ыг батлуулсан нь хуульд нийцэхгүй байна.

Учир нь Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 123 дугаар тогтоол гаргахдаа нэхэмжлэгч нарын эзэмшлийн ЭСБА-гийн 80 айлын орон сууцны 3 давхарын 15 тоот байрыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь   нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Иймд Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 123 дугаар тогтоолоор батлагдсан “Албаны орон сууц эзэмшүүлэх журам”-ын “Гурав”-ын албаны орон сууцыг түр хугацаагаар эзэмших албан тушаалтны 6-р заалтыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

  1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 123 дугаар тогтоолоор батлагдсан “Албаны орон сууц эзэмшүүлэх журам”-ын “Гурав”-ын албаны орон сууцыг түр хугацаагаар эзэмших албан тушаалтны 6-р заалтыг хүчингүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Г.СОНИНБОЛОР