Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 120/2022/0020/З |
Дугаар | 001/ХТ2023/0049 |
Огноо | 2023-06-29 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2023/0049
“Н А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн
Г сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Батбаатар
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 120/ШШ2022/0001 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2023/0230 дугаар магадлал,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 224 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.У (цахимаар), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: “Н А” ХХК-аас Өмнөговь аймгийн Г сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “... 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 3/04 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг гаргасан.
2. Хэргийн нөхцөл байдал: “Н А” ХХК нь 2018 оноос Өмнөговь аймгийн Г сумын Х т нэртэй газарт 3379.24 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын *** дугаартай тусгай зөвшөөрлийг, 2020 оноос мөн сумын Х д х нэртэй газарт 2135.67 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын *** дугаартай тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшиж байсан. Маргаан бүхий акт болох тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 3/04 дүгээр тогтоолоор Г сумын Б багийн нутаг дэвсгэрт орших Х х х, Э у орчмын 5984,84 га газар нутгийг байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах, усны эх үүсвэр, нэн ховор амьтан, ургамал бүхий газрыг байгалийн нөөц газрын ангиллаар 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн, үүний дотор нэхэмжлэгчийн дээрх тусгай зөвшөөрөлтэй талбай бүхэлдээ давхацсан байна.
2.1. Нэхэмжлэгч “Н А” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... тусгай зөвшөөрлийн төлбөрийг тухай бүр төлж, хууль тогтоомжид заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ зохих ёсоор биелүүлсээр ирсэн, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй зөвшөөрөлтэй 5 талбайгаас бусад 317169.57 га газрыг тусгай хамгаалалтад авахаар тогтоосон асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дахин шийдвэрлэж хоорондоо зөрчилдсөн, өмнөх шийдвэрийг үгүйсгэсэн шийдвэр гаргасан, Г сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоолыг манай компанид огт мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй, шийдвэр гаргах ажиллагаанд манай компанийг татан оруулцуулалгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан, Засаг даргын үндэслэл муутай, судалгаагүй, бодит байдалд нийцэхгүй саналыг хүлээн авч шийдвэрлэсэн нь захиргааны шийдвэр хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн ...” гэж тодорхойлон маргасан.
2.2. Хариуцагч Өмнөговь аймгийн Г сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “... хууль тогтоомжид үндэслэн хурлын бүрэн эрхээ хэрэгжүүлэн шийдвэр гаргасан, газар нутгаа уул уурхайн үйлдвэрлэл, авто зам, хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалж, байгалийн унаган төрх, хэв шинжийг нь хэвээр хадгалан нутгийн ард иргэдийн малаа маллах бэлчээрийг хамгаалах зорилгоор 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар хэлэлцээд орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Тусгай хамгаалалтад авах талбайтай давхцаж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч нь орон нутагтай хамтран ажилладаггүй, тухайн талбайдаа үйл ажиллагаа явуулалгүй 10 орчим жил болсон, холбогдох гэж удаа дараа залгаж, сурагласан боловч холбогдож чадаагүй, хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзсэн ...” гэсэн тайлбарыг гаргасан.
2.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн орон нутгийн Засаг даргаас ирүүлсэн орон нутгийн тусгай хэрэгцээнд авбал зохих газрын талаарх санал хууль, журамд заасан шаардлагыг хангаж байх тохиолдолд хэлэлцэн шийдвэрлэх онцгой бүрэн эрхтэй, ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй нэхэмжлэгчийн МV-021594, *** дугаартай ашиглалтын талбайгаас бусад зарим газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон сумын Засаг даргын энэ талаарх хуульд заасан эрхийг хязгаарлахгүй, ... нийтийн ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл байдал үүссэн, сонсох ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзсэн хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй ...” гэж дүгнэн, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн к/, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 20 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад “маргаан бүхий захиргааны акт гарах үед “Н А” ХХК нь “... газар дээрээ үйл ажиллагаа явуулж эхлээгүй”-тэй холбоотойгоор хариуцагчаас сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргэх боломжгүй, ... нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн давхацсан хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн дагуу нөхөх олговрын асуудлаар нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй ...” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.У нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 224 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
5. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
5.2. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахдаа Ашигт малтмалын тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд, тус хуульд заасан захиргааны актын шаардлагад заасан хэлбэрээр захиргааны актыг гаргах шаардлага үүсэх юм. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.4-т зааснаас үзвэл нарийвчлан зохицуулсан хууль тогтоомж болох Ашигт малтмалын тухай хуулиар аймгийн Засаг даргад газрын тухай хуульд нийцүүлэн орон нутгийн тусгай хэрэгцээнд ашигт малтмалын талбайг авах эрхийг олгожээ. Өөрөөр хэлбэл, сумын Засаг дарга болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ашигт малтмалын талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрх олгогдоогүй ба Өмнөговь аймгийн Г сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 3/04 дүгээр тогтоол нь хурлын эрх хэмжээнд хамааралгүй асуудлыг шийдвэрлэсэн тул тус акт бүхэлдээ хууль бус байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбайг тусгай хэрэгцээнд авах тухай харилцаанд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь ерөнхийлөн зохицуулсан хууль, Ашигт малтмалын тухай хууль нарийвчлан зохицуулсан хууль юм.
5.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж зааснаар Ашигт малтмалын тухай хууль буюу нарийвчлан зохицуулсан хуулийн зохицуулалтаар маргаан бүхий асуудлыг шийдвэрлэнэ. Мөн маргаан бүхий Өмнөговь аймгийн Г сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 3/04 дүгээр тогтоол нь захиргааны хэм хэмжээний акт мөн. Хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр /2 ба түүнээс этгээд/ заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах /15 жилийн хугацаанд тасралтгүй үргэлжлэх/ шинжтэй шийдвэр байна. Хэм хэмжээний акт болохынхоо хувьд Захиргааны ерөнхий хуулийн 60, 61, 62, 63, 64 дүгээр зүйлүүдэд заасан шаардлага болон хэм хэмжээний актыг бүртгэх, түүнд хяналт тавих гэх зэрэг хуулийн нийтлэг шаардлагуудыг зөрчсөн байгаад анхан болон давж заалдах шатны шүүхээс тухайлан дүгнэлт хийгээгүй.
5.4. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хууль тогтоомж, нарийвчлан зохицуулсан хэм хэмжээг баримтлалгүй, хэргийн үйл баримтад хууль зүйн өнгөц дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн. Сумын Засаг дарга болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс хууль дээдлэх зарчмыг зөрчин шийдвэр гаргах ажиллагаа явуулсныг аль аль шатны шүүхээс дүгнээгүй. Аливаа захиргааны байгууллага нь хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулахдаа хуулийг баримтлах, үйл ажиллагаандаа хууль хэрэгжүүлэх үүргийг хүлээх ба үүнд Захиргааны ерөнхий хууль бол баримтлах гол хууль юм. Гэтэл Захиргааны ерөнхий хуулиар тодорхойлсон тухайн шийдвэр гаргах ажиллагаанд эрх ашиг нь зөрчигдөж буй этгээдийн оролцох эрхийг хангах, Захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, сонсох ажиллагаа явуулах, шийдвэрийг мэдэгдэх зэрэг нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхийг зөрчин шийдвэр гаргасан ба энэ талаар шүүхээс бодит хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүй.
5.5. Шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагаа хийхгүй байх тохиолдлыг зааж өгсөн бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Өмнөговь аймгийн Г сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 6/01 дүгээр тогтоолоор сумын байгалийн үзэсгэлэнт 9 гайхамшгийг тодруулсан, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор сумын нутаг дэвсгэрт байрлах хадны сүг зураг бүхий газрын байршил солбицлыг хавсралтаар баталсан, тухайн нутагт орших Эрдэнэ уул нь байгалийн өвөрмөц тогтоцтой, говь нутагт ургадаг ховор хайлаас мод, эмчилгээний рашаантай, улаан номд бүртгэгдсэн цоохор ирвэс, хулан жороо, аргаль, янгир зэрэг дэлхийд ховордсон ан амьтан, ургамал, шувууд, хөхтөн амьтдын тархацтай болох нь тогтоогдсон энэ тохиолдолд “нийтийн ашиг сонирхол ” хөндөгдөх нөхцөл байдал үүссэн, сонсох ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзсэн хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль тогтоомж, бодит байдалд нийцэхгүй дүгнэлт болсон. Тухайлбал, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.1.15-д заасан зориулалтаар тусгай хэрэгцээнд авах эрх аймаг, суманд олгогдоогүй байна.
5.6. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасныг шалган хайгуулын тусгай зөвшөөрлийг олгодог тул 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Өмнөговь аймгийн Г сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 6/01 дүгээр тогтоолоор сумын байгалийн үзэсгэлэнт 9 гайхамшгийг тодруулсан, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор сумын нутаг дэвсгэрт байрлах хадны сүг зураг бүхий газрын байршил солбицлыг хавсралтаар баталсан зэрэг үйл баримт нь хууль тогтоомжид нийцээгүй, холбогдох газрын нэгдсэн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй, захиргааны байгууллагын эрх зүйн үр дагавар нөлөөлөлгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй баримтууд болно. Хэрэв тухайн тогтоол шийдвэрүүд нь хууль ёсны бөгөөд хүчин төлдөр бол нэхэмжлэгчид хууль тогтоомжийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдохгүй байсан. Нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэх шалтгаанаар сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэсэн боловч нэхэмжлэгч компани нь үйл ажиллагаа явуулж эхлээгүй байсан, шийдвэр гаргасан цаг хугацаа нь уул уурхайн үйл ажиллагаа зогссон цаг хугацаа байсан тул нийтийн эрх ашиг хөндөгдөх зайлшгүй нөхцөл байдал үүсэхгүй. Хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан уул уурхайгаас орон нутгаа аврах зорилгоор тус шийдвэрийг гаргасан, мөн Өмнөговь аймгийн Г сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны “хуулиар тусгай хэрэгцээнд авах эрх дуусгавар болохоос өмнө яаралтай авах шаардлагатай” гэх тэмдэглэлүүдээс үзвэл тус шийдвэр хууль ёсны зарчмыг зөрчиж, хэтэрхий субъектив хандлагаар шийдвэр гаргасан болох нь тодорхой харагддаг.
5.7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт “магадлалыг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын гомдол гаргаж болно” гэж заасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т заасан “... магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно” гэснийг ноцтой зөрчсөн. Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд тайлбараа гаргасан.
ХЯНАВАЛ:
7. Хоёр шатны шүүхийн шийдэл зөв байна.
8. Нэг. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (2006 оны) хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэгт “нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар:” гээд к/-д “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх” гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлд “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 3/-т “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 20.1.3-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох” гэж тус тус заажээ.
9. Мөн Байгаль орчны сайдын 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар тушаалаар батлагдсан “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” журмын 4.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу нутаг дэвсгэрийнхээ зарим хэсгийг улсын болон орон нутгийн хамгаалалтад авах тухай саналаа боловсруулж зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ”, 4.2-т “Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай саналд дараахь зүйлийг тусгана. Үүнд: а/ хамгаалалтад авах тухай үндэслэл, шаардлага, хилийн зааг, б/ авах газрын байршил, хилийн заагийг тодорхойлсон зураг”, 4.3-т “Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах асуудлыг Засаг даргын өргөн мэдүүлснээр Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3-т заасныг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэх ба түүний хилийн заагийг тогтоож, өөрчилж болно” гэж тус тус зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг тусгай хэрэгцээнд авах бүрэн эрхтэй бөгөөд энэхүү эрхээ тухайн сумын Засаг даргын санал, холбогдох баримтыг үндэслэн журмын дагуу хэрэгжүүлэх учиртай.
10. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, Өмнөговь аймгийн Г сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/126 дугаар захирамжаар Г сумын Б багийн нутаг дэвсгэрт байрлах Х х х, Э у орчмын газар нутгийн судалгаа дүгнэлтийг гаргах зорилгоор ажлын хэсэг байгуулж, орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газар нутгийн судалгаа, үндэслэлийг хууль тогтоомжийн хүрээнд гаргаж танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч, гишүүдэд үүрэг болгосон; Өмнөговь аймгийн Г сумын Засаг даргаас 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1/573 дугаар албан бичгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандан “Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалт, хэрэгцээнд авах” асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргасны дотор Өмнөговь аймгийн Г сумын Засаг даргын 2021 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/126 дугаар захирамж, “Г сумын Б багийн нутаг дэвсгэр дэх Х х х, Э у орчмын газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах” ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, тусгай хамгаалалтад авах газрын байршил, хил зааг, эргэлтийн цэг зэргийг тусгасан “Г сумын Б багийн нутаг дэвсгэр дэх Х х х, Э у орчмын газар нутгийн судалгаа, дүгнэлт”-ийг хавсарган хүргүүлсэн байна.
11. Өмнөговь аймгийн Г сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудлыг батлах тухай” 28 дугаар тогтоолоор “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааны ээлжит бус гуравдугаар хуралдааныг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цагт сумын Соёлын төвд хуралдуулах”-аар шийдвэрлэсний 1.6-д “Зарим газар нутгийг орон нутгийн хэрэгцээнд авах тухай” асуудал тусгагдсан; 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хуралдсан Өмнөговь аймгийн Г сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3/04 дүгээр тогтоолоор тус сумын Б багийн нутаг дэвсгэрт орших Х х х, Э у орчмын 5984.84 га газар нутгийг байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах, усны эх үүсвэр, нэн ховор амьтан, ургамал бүхий газрыг байгалийн нөөц газрын ангиллаар 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, талбайн солбицлыг нэгдүгээр, зургийг хоёрдугаар хавсралтаар баталж, тухайн талбайтай давхцал бүхий “Н А” ХХК-ийн ***, *** дугаартай ашиглалтын талбайн лиценз эзэмшигч хуулийн этгээдэд тогтоолыг танилцуулж, мэдэгдэл хүргүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд үүрэг болгож шийдвэрлэжээ.
12. Үүнээс үзэхэд, маргаан бүхий Өмнөговь аймгийн Г сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 3/04 дүгээр тогтоол нь хууль, холбогдох журам зөрчөөгүй, түүнийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “... Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбайг тусгай хэрэгцээнд авах тухай харилцаанд Монгол Улсын засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь ерөнхийлөн зохицуулсан хууль, Ашигт малтмалын тухай хууль нарийвчлан зохицуулсан хууль, ... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Ашигт малтмалын тухай хуулиар эрх олгоогүй ...” гэж маргажээ.
14. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Ашигт малтмалын асуудлаар аймгийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 12.1.4-т “Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах” гэж заасан боловч хуулийн энэхүү зохицуулалт нь өмнө дурдсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон газар нутгийн тодорхой хэсгийг тусгай хэрэгцээнд авах бүрэн эрхийг үгүйсгэсэн агуулгагүй байна.
15. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т “тусгай хэрэгцээний газар” гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг” гэж ойлгохоор, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид заасан тусгай хэрэгцээний газар гэх хуулийн нэр томьёонд хууль тогтоогч аутентик тайлбар хийхдээ Газрын тухай хуулийн холбогдох зүйлд заасан агуулгаар ойлгоно гэж иш татсан диспозицийг хэрэглэсэн; Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг даргын саналыг үндэслэн тодорхой нутаг дэвсгэрийг тусгай хэрэгцээний газарт авах бүрэн эрхтэй[1], уг тусгай хэрэгцээнд авсан газар нь Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн үйлчлэлд хамаарч байх тул энэ талаар гаргасан хяналтын гомдол үндэслэлгүй, хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв юм.
16. Түүнчлэн, “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” журмын 2.1-д “Газар нутгийг дор дурдсан зорилгоор орон нутгийн хамгаалалтад авна. Үүнд:” гээд 1/-д “байгалийн унаган төрх ... хадгалах, хамгаалах, доройтсон орчныг нөхөн сэргээх;” гэж, 2.2-т “Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авахад дараахь шалгуурыг баримтална:” гээд 1/-д “байгалийн унаган төрхөө хадгалсан байдал”, 4/-т “элбэг ан амьтан, ургамлын ангилалд багтах боловч тухайн аймаг, сумын хэмжээнд нөөц багатай, хязгаарлагдмал тархац бүхий амьтан, ургамлын байршил нутаг” гэж тус тус зааснаар байгалийн унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөөц багатай, хязгаарлагдмал тархац бүхий амьтан, ургамлын байршил бүхий нутгийг тусгай хамгаалалтад авч болохоор журамлажээ.
17. Маргаан бүхий тогтоолоор Х х х, Э у орчмын 5984,84 га газар нутгийг байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах, усны эх үүсвэр, нэн ховор амьтан, ургамал бүхий газрыг байгалийн нөөц газрын ангиллаар 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн; уг газарт хамаарах Эрдэнэ уул нь байгалийн өвөрмөц тогтоцтой, говь нутагт ургадаг ховор хайлаас мод, эмчилгээний рашаантай, улаан номд бүртгэгдсэн цоохор ирвэс, хулан жороо, аргаль, янгир зэрэг дэлхийд ховордсон ан амьтан, ургамал, шувууд, хөхтөн амьтдын тархацтай болох нь тогтоогдсон байх тул энэхүү газрыг унаган төрхөөр нь хамгаалах, хадгалах зорилгоор гарсан захиргааны акт мөн журам зөрчөөгүй, хяналтын журмаар гаргасан гомдлын “... Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.15-д “'хамгаалалтын бүс тогтоосон түүх, соёлын дурсгалт газар” гэж заасан зориулалтаар тусгай хэрэгцээнд авах эрх аймаг, суманд олгогдоогүй байна ...” гэх хэсгийг хүлээн авах боломжгүй.
18. Хоёр. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” хэмээн захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоогч тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актаас “нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан” болон “үйлчлэл нь байнга давтагдах” гэсэн шинжээр ялгагддаг.
19. Тодруулбал, “хэм хэмжээний акт нь тухайн харилцаанд оролцогчдод чиглэсэн нийтлэг зохицуулалт агуулсан, шалгуур, үйл ажиллагааны шат дараалал, цаг хугацаа тогтоосон байдаг бөгөөд ирээдүйд үүсэх ижил тохиолдолд дахин давтагдан хэрэглэгдэх зэрэг шинжүүдээрээ хуультай адилтгах боломжтой байдаг. Энэ нь нэг талаас, тухайн хэмжээний актын үйлчлэл чиглэсэн (улсын хэмжээнд, аль нэг засаг захиргаа, нутаг дэвсгэрт эсхүл тодорхой салбарын) хүрээнд хамаарч буй бүх этгээдэд үйлчлэх шинжтэй хэм хэмжээ тогтоосон байх. Нэг талаас, уг хэм хэмжээний актаар зохицуулагдах харилцаанд оролцох тодорхойгүй тооны этгээдэд үйлчлэх шинжтэй, үүгээрээ тодорхой тооны этгээдэд хандаж гардаг захиргааны актаас ялгагддаг.
20. Мөн тухайлан зорьсон тодорхой зүйл, харилцааг зохицуулаад нэг удаагийн актын үйлчлэл дуусдаг, зорилго нь биелдэг бол харин хэм хэмжээний акт нь нэг удаагийн тохиолдолд үйлчлээд дуусгавар болох биш эрх бүхий этгээдээс өөрчлөх, хүчингүй болгох, шинэчлэн найруулах зэргээр шийдвэрлэх хүртэл тухайн ижил харилцаанд байнга давтан үйлчлэх шинжтэй байдаг. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн бус ижил тохиолдлуудад дахин давтан хэрэглэгддэг, тодорхой субъектээс үл хамаараад нийтэд нэгэн адил үйлчилдэг байхыг ойлгоно”[2] хэмээн үздэг.
21. Энэ тохиолдолд, Өмнөговь аймгийн Г сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 3/04 дүгээр тогтоол нь Г сумын Б багийн нутаг дэвсгэр дэх Х х х, Э у орчмын газар нутгийн тодорхой хэсгийг тусгай хэрэгцээнд авч буй тул чиглэсэн объект нь тодорхой (ерөнхий хийсвэр биш, нийтлэг үйлчлэх агуулгагүй), нутаг дэвсгэрийг тусгай хэрэгцээнд авахад чиглэж буйгаар нэг л тохиолдлыг шийдвэрлэх зорилготой, ингэснээр ирээдүйд үүсэх ижил тохиолдолд дахин давтагдан хэрэглэгдэх зэрэг шинж байхгүй учир Захиргааны ерөнхий хуулийн Зургаадугаар бүлгийн зохицуулалтад хамаарахгүй юм.
22. Тиймээс хяналтын журмаар гаргасан гомдлын “... маргаан бүхий тогтоол нь захиргааны хэм хэмжээний акт мөн ... Хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр /2 ба түүнээс этгээд/ заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах /15 жилийн хугацаанд тасралтгүй үргэлжлэх/ шинжтэй шийдвэр байна. Хэм хэмжээний акт болохынхоо хувьд Захиргааны ерөнхий хуулийн 60, 61, 62, 63, 64 дүгээр зүйлүүдэд заасан шаардлага болон хэм хэмжээний актыг бүртгэх, түүнд хяналт тавих гэх зэрэг хуулийн нийтлэг шаардлагуудыг зөрчсөн ...” гэх гомдол няцаагдана.
23. Гурав. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно:” гээд 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол;” гэж заасан, уг хуулийн заалтын мөн чанарыг сонсох ажиллагааны процедуртай холбон хэрэглэх учиртай юм. Тодруулбал, сонсох ажиллагаа хийснээр нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөөлөл үүсэх тохиолдлыг үүнд хамруулах[3] бөгөөд харин захиргааны актын зорилго нь нийтийн ашиг сонирхлыг хангах, хамгаалахад чиглэж буй тохиолдолд сонсох ажиллагаа огт хийх шаардлагагүй гэж актын агуулгыг үндэслэж хуулийн энэхүү зохицуулалтыг тайлбарлахгүй.
24. Гэтэл анхан шатны шүүх “... Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагаа хийхгүй байх тохиолдлыг зааж өгсөн ... тухайн нутагт орших Эрдэнэ уул нь байгалийн өвөрмөц тогтоцтой, говь нутагт ургадаг ховор хайлаас мод, эмчилгээний рашаантай, улаан номд бүртгэгдсэн цоохор ирвэс, хулан жороо, аргаль, янгир зэрэг дэлхийд ховордсон ан амьтан, ургамал, шувууд, хөхтөн амьтдын тархацтай болох нь тогтоогдсон энэ тохиолдолд нийтийн ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл байдал үүссэн, сонсох ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзсэн хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй ...” гэж хуулийг буруу тайлбарласан, давж заалдах шатны шүүх “... Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага нь мөн хуулийн 28 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгох, хэрэв Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр сонсох ажиллагаа хийгээгүй бол шалтгаанаа нотлох үүрэг хүлээнэ ...” гэж сонсох ажиллагаа хийгээгүй шалтгаанаа тайлбарлах захиргааны үүргийг зөв дүгнэсэн атлаа хэргийн үйл баримтад цааш нь хуулийг тайлбарлан хэрэглэхдээ анхан шатны шүүхийн дээрх тайлбарыг дэмжсэн нь үндэслэлгүй болжээ.
25. Ийнхүү сонсох ажиллагааны журам хуульд заасны дагуу хэрэгжээгүй боловч энэ нь нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг хууль, журамд заасан үндэслэлээр тусгай хэрэгцээнд авсан маргаан бүхий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг бүхэлд нь хууль зөрчсөн гэж үзэх, хүчингүй болгох үндэслэл болохгүй, “... Нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэх шалтгаанаар сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэсэн боловч нэхэмжлэгч компани нь үйл ажиллагаа явуулж эхлээгүй байсан, шийдвэр гаргасан цаг хугацаа нь уул уурхайн үйл ажиллагаа зогссон цаг хугацаа байсан тул нийтийн эрх ашиг хөндөгдөх зайлшгүй нөхцөл байдал үүсэхгүй ...” гэх хяналтын гомдлын үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах боломжгүй юм.
26. Мөн давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн давхацсан хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн дагуу нөхөх олговор олгох, авахад шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.
27. Иймд, дээрх үндэслэлээр анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гарсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 120/ШШ2022/0001 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2023/0230 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.У нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
М.БАТСУУРЬ