Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 011

 

Г.Баттулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Г.Баттулга, Нэгдсэн эмнэлэгийг төлөөлж С.Чагнаадорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 712 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.Баттулгын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, шөнийн болон илүү цагийн нэмэгдэл 11.246.080 /арван нэгэн сая хоёр зуун дөчин зургаан мянга ная/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нэгдсэн эмнэлэгт 2007 оны 7 сараас 9 жил ажиллаж байсан. Эхнэр Алтанцэцэг 25 жил ажиллаж байна. Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чагнаадорж нь намайг ээлжийн амралтаа амраад орж ирэхэд орон тооны цомхтгол гэж хэлээд халсан. 2015 оны 08 сарын 18-нд халсан тушаал гарсан боловч 09 сарын 04-нд авсан. Орон тооны цомхтгол орсон ч өөр ажилд шилжүүлж болох байсан. Би бодохдоо намайг хувийн сонирхлоор хууль бус шийдвэр гаргаж халсан гэж үзэж байна. Маш их гомдолтой байна. Иймд намайг ажлаас чөлөөлсөн хууль бус байдал, өөр ажилд шилжүүлэх боломж байсан эсэхийг шалгаж ажилд минь эгүүлэн томилж өгнө үү. Би Нэгдсэн эмнэлэгт 2007 оны 07 сараас 2015 оны 08 сар хүртэл 9 жил сахиулаар ажиллаж байгаад энэ ажиллаж байх хугацаандаа шөнийн нэмэгдэл, илүү цагийн мөнгө авч байгаагүй. Үүнийг нэхэж хэл ам татлаа гэж ажлаас халсан. Ийм учир 2 жил 4 сарын ажлын илүү цагийн мөнгийг нэхэмжилж байна. 1 шөнийн илүү цагийн мөнгө 4 цагаар бодож 1 цагийн мөнгө 3820 төгрөг. 4 цагийн илүү цаг 15.280 төгрөг, бүтэн жилээр 4.981.280 төгрөг. 2 жил 4 сараар бодоход 11.246.080 төгрөг болж байна. Илүү цагийн мөнгийг гаргуулж авна гэжээ.

Нэхэмжлэгч Г.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ажлаас халагдсанаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд цалингийн зээлтэй, маш их хохирч байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж намайг ажилд маань эгүүлэн тогтоож өгнө үү. Мөн Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байх хугацаандаа нэмэгдэл цагийн хөлсийг огт авч байгаагүй. Иймд 2 жил 4 сарын хугацааны илүү цагийн хөлс 11.246.080 төгрөгийг ажил олгогчоос гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чагнаадорж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 2014 онд 356 ажилтантай ажилласан. 2015 оны төсвийн хуваарилалтаар орон тоо 355 ажилтан байхаар батлагдаж ирсэн. Засгийн газрын 147 тоот тогтоолын дагуу /ЗГ-ын 2014 оны 05 сарын 10-ны өдрийн 147 тоот тогтоол/ 1 орон тоо хасагдсан. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 16-ны 1/2556 тоот албан даалгаврын дагуу төсөвт багтааж ажиллах шаардлага тавигдсан. Ингээд эмнэлгийн хүрээнд ажил мэргэжлүүдийг судалж үзэхэд сахиулын орон тоог цомхтгож болох боломж байсан. Учир нь Нэгдсэн эмнэлэг нь гадна, дотор талд камержуулан хяналтыг хийх боломжтой тул сахиулын шаардлагагүй болсон. Энэ байдлын тухай сахиул Г.Баттулгад хэлж, ажлаас чөлөөлөх тухай аман байдлаар 2 удаа сануулж хэлж байсан. Ингээд энэ байдлаа танилцуулан хөдөлмөрийн гэрээ цуцлах нөхцөл үүсч байгаа тухай хэлэхэд ажилтан урдаас чамайг халагдсаны дараа би халагдана даа гэж хэлж байснаа өөрөө санаж байгаа байхаа. Г.Баттулгад орон тоо цомхотгох тухай 1 сарын өмнө мэдэгдэж, мэдэгдэх хуудас өгсөн /2015 оны 05 дугаар сарын 07-ны 12 цаг 09 минутад/ бөгөөд эхнэр Д.Алтанцэцэгийн хамт мэдэгдэх хуудсыг хүлээн авсан. Тухайн ажилтны хүсэлтээр 1 сар ажиллуулсан бөгөөд ээлжийн амралтаа /07.01-08.18 амарсан/ амарч дуустал хүлээж байгаад НЭ-ийн даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн б/73 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Орон тоог цөөрүүлсэн тушаал гаргасан учир 3 сарын тэтгэмж олгосон. Тушаал гаргасан өдөр албан бичиг хэргийн ажилтан утсаар хэлж тушаалыг гардуулж өгөх гэхэд ажилтай байна гээд уулзаагүй, ирж аваагүй. Бичиг хэргийн ажилтан удаа дараа утсаар ярихад шалтаг шалтгаан хэлээд уулзахгүй байсан. 2015 оны 08 дугаар сарын 21-ний 11 цагийн үед төрөх тасгийн үүдэнд машинаасаа хүн буулгаж байхад нь уулзаарай гэж хэлэхэд бас уулзаагүй. Мөн 08 сарын 25-нд эхнэрээр нь хэлүүлээд ирж уулзаагүй. Ингээд 08 сарын 28-нд тушаалыг өгсөн. Тэр үед бичиг хэргийн ажилтан ар гэрийн гачигдлаар түр чөлөөтэй явсан тул гарын үсэг зурж баталгаажуулж чадаагүй болно гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чагнаадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 2014 онд 356 ажилтантай үйл ажиллагаа явуулж байгаад, Монгол улсын Засгийн газрын 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 149 дүгээр тогтоолоор 2015 онд 355 ажилтантай болж 1 орон тоо хасагдаж төсөвт өөрчлөлт орсон. Бид дээрх асуудлын талаар удирдлагын багийн хурлыг хуралдуулж 2 сахиулын 1 сахиулыг хасъя гэж шийдвэрлэсэн юм. Бид уг хэргээс өмнө 4 ээлжийн сахиултай болъё, Цагдаагийн хамгаалалт хэрэгтэй байна гэж 2015 оны төсөв батлахад санал оруулж байсан ч энэ байдлыг хүлээж аваагүй, нэг орон тоо хасаж төсвөө баталсан юм. Ийнхүү Г.Баттулгын ажлын орон тоо хасагдсан гэдгийг 1 сарын өмнө буюу 2015 оны 05 дугаар сард мэдэгдэхэд 1 сар ажиллуулаач, амралтаа авч орж ирээд энэ асуудлыг шийдвэрлүүлье гэж хэлж байсан. Би Г.Баттулгыг тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрөөд мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан гэж ойлгож байгаа. Г.Баттулгын ажлын орон тоог цомхтгосон учраас 3 сарын ажлаас халагдсан тэтгэмжийг олгон, хөдөлмөрийн гэрээг 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б\75 тоот тушаалаар цуцалсан. Хэрвээ Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэнд спортын яамнаас орон тоог хасаагүй, төсөвт өөрчлөлт оруулаагүй байсан бол Г.Баттулгыг ажлаас халах шаардлага байгаагүй. Түүнчлэн Эрүүл мэнд, спортын яамны эдийн засгийн хэлтсийн сар бүрийн мэдээнд илүү орон тоо ажиллуулж, цалингийн санг хэтрүүлж байна гэсэн шаардлагыг удаа дараа тавьж байсан. … Цагийн бүртгэлийг тухайн тасгийн ахлах сувилагч бүртгээд, тасгийн эрхлэгч батлаад, хүний нөөцийн албаны дарга тухайн цагийн бүртгэлийг хянаад, би тамгаар баталгаажуулдаг. Мөн Г.Баттулгын Хөдөлмөрийн гэрээнд шөнийн цагаар ажиллах тухай тусгагдаагүй байдаг. Түүнчлэн Үйлдвэрчний эвлэл, Нэгдсэн эмнэлгийн захиргаа болон дотоод журам, хамтын гэрээнд ур чадварын нэмэгдэл олгох тухай заасан байдаг ба Монгол Улсын Засгийн 105 дугаар тогтоолын дагуу нийт ажилчдад ажлын гүйцэтгэл үр дүнгээс нь хамаарч мөнгөн урамшуулал олгох тушаал зэргийг үндэслэж улиралд 1 удаа тасгийн эрхлэгч, ахлах сувилагч, чанарын албаны комисс ажлыг нь дүгнэж удирдлагын багт үнэлгээг явуулж, түүнийг нь хянаж урамшуулал олгож, мөн 2013 онд байгуулсан Үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хамтын гэрээний дагуу хоолны мөнгийг өгч байсан. Ур чадварын нэмэгдлийг тасгийн ажилчдын хурлаар хуралдаж, 6 шалгуур үзүүлэлтийг хангасан ажилтанд, мөн илүү цагаар дуудагдсан тохиолдолд цагийн бүртгэлийн дагуу хянаад илүү цагийн хөлсийг олгож байсан. Тийм учраас илүү цагийн нэмэгдэл, шөнийн цагаар ажилласан цагийн хөлс нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. … Би Г.Баттулгыг хэдэн онд Нэгдсэн эмнэлгийн жинхэнэ ажилтан болж тушаал гарсныг нь мэдэхгүй. Г.Баттулгын ажлын цаг нь өдрийн 8 цагаар бүртгэгдэж, түүний дагуу цалинжиж байсан гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 712 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Г.Баттулгыг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Техник хангамжийн тасгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоож, илүү цагийн болон шөнийн цагаар ажилласан хугацааны нэмэгдэл 11.246.080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, илүү болон шөнийн цагаар ажилласан хугацааны нэмэгдэл 11.246.080 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 194.887 төгрөгийг нэхэмжлэгчээс, хариуцагч Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс 70.200 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг давж заалдах гомдолдоо: 2015 оны Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн орон тоог Монгол улсын Засгийн газраас батлахдаа 355 ажилтантай болгож, нэг орон тоог хасаж ирүүлсэн юм. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д заасны дагуу төсвийн шууд захирагч юм. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасан “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоох” бүрэн эрхийг хэрэгжүүлдэг билээ. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд байгууллагынхаа онцлогтой уялдуулан орон тооны бүтэц, зохион байгуулалтыг зохицуулан ажилладаг учир Засгийн газраас 2015 онд нэг орон тоог хасаж ирүүлсэнтэй холбогдуулан байгууллагын дотор болон гадаа камержуулалт хийж, сахиулын орон тоог цөөрүүлсэн юм. Гэтэл анхан шатны шүүх уг асуудлыг анхааран үзэлгүйгээр байгууллагын зохион байгуулалтын бүтцээс нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр үгүй болсон, орон тоо хасагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Хавтаст хэргийн 96 дугаар хуудсанд нэхэмжлэгч нь Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн улсын байцаагчаар дүгнэлт гаргуулах хүсэлтийг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гаргасан байхад уг хүсэлтийг анхан шатны шүүх шийдвэрлэлгүйгээр 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр шүүх хуралдааныг товлон зарласан байна. Мөн хавтаст хэргийн 99 дүгээр хуудсанд нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд хариуцагчийг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг болгон солих талаар тайлбар гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлт, эсвэл түүний зөвшөөрлөөр солих байтал анхан шатны шүүх хуралдаанд үүнийг тодруулж асуулгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 712 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Баттулга давж заалдах гомдолд холбогдуулж гаргасан тайлбартаа: ... Хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа Засгийн газраас 2015 оны орон тоог 355 ажилтантай байхаар баталсан. Шүүх хуралдаан даргалагч хэлэхдээ яг сахиулын орон тоог хасах шийдвэр ирсэн юм уу гэхэд хариуцагч С.Чагнаадорж үгүй гэж хариулсан. … Анхан шатны шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан. Гэтэл шүүх хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна гэсэн нь утгагүй байна. Байгууллагын дотор болон гадна талд бүрэн камержуулалт хийгдээгүй. Анхан шатны шүүхээс байгууллагын зохион байгуулалтын бүтцээс нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр үгүй болсон, орон тоо хасагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэлт хийсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон гэж үзэж байна.... Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 712 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 Анхан шатны шүүх хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хангаж  шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан  шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Баттулга  нь тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Техник хангамжийн тасгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох, илүү цагийн болон шөнийн цагаар ажилласан хугацааны нэмэгдэл 11.246.080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба  хариуцагч нь  шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.  

Нэхэмжлэгч Г.Баттулгыг орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан сахиулын ажлаас чөлөөлсөн  ажил олгогчийн тушаал нь  Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн  гэсэн дүгнэлт хийж шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийг сахиулын  ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т нийцсэн байна.

Ажил олгогч нь 2015 оны төсвийн хуваарилалтаар 356 ажилтай байсныг 355  ажилтантай байхаар батлагдсан тул сахиулын орон тоог хассан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар сахиулын орон тоо хасагдсан болох нь тогтоогдоогүй, хариуцагч тушаалын үндэслэлээ нотолж чадаагүй ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Түүнчлэн хариуцагчаас орон тоо хасагдсан тухайг нотлож Засгийн газар болон Эрүүл мэнд, спортын яамнаас ирсэн ажилчдын орон тоо, төсвийн 2014, 2015 оны төсвийн хуваарь, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 147 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 22-ны 04 тоот албан даалгавар зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн боловч тухайн баримт нь хуулбараар авагдсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлэх боломжгүй юм.

 Нэхэмжлэгч Г.Баттулга нь ажил олгогчтой 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан гэрээний үндсэн дээр тус байгууллагын Техник хангамжийн тасгийн сахиулын  үүрэгт ажлыг гүйцэтгэж гэрээний дагуу түүний үндсэн цалинг сар бүр 345042 төгрөгөөр тооцож олгохоор тохиролцсон болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, зохигчдын гаргасан тайлбараар батлагдаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу             талууд хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гэрээний гол нөхцөл болох ажилтны үндсэн цалин хөлсийн талаар  харилцан тохиролцсон,  харин ажилтанд илүү цагийн болон шөнийн цагийн нэмэгдэл олгох талаар гэрээгээр тохиролцоогүй байх тул шүүхээс нэмэгдэл цалин 11.246.080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд төсвийн байгууллага хариуцагчаар оролцож давж заалдах гомдол гаргаж байгаа тохиолдолд дээрх заалт нэгэн адил хамаарах тул хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200/ далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогоос буцаан олгох нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж  хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан “…шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 712 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                  ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                     Т.ГАНБАТ