Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/45

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Х.Ганзориг,

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц овогт Г-н Д-т холбогдох эрүүгийн 1917000640037 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19 оны 01 дүгээр  сарын 10-нд Төв аймгийн Архуст суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  дугаар баг, ........ гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар уг 3 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан гэх Ц овогт Г-н Д /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Г.Д нь согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг, Уулзварын гол гэх газар оршин суух гэртээ гэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч Л.О-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Г.Д нь согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  дугаар баг, ....... газар оршин суух гэртээ хохирогч Л.О-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

1.2. Шүүгдэгч Г.Д мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр эхнэр Л.О-г зодсон асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр эхнэр Л.О-н хамт Чойрын төв орж ирээд хүнсний зүйл цуглуулж авсан. Мөн дэлгүүрээс 0.75 литрийн Алтантүрүү 1 шил, 0.5 литрийн Алтантүрүү 1 шил, 0.33 литрийн Хараа архи 1 шил, нийт 3 шил архи, мөн 2.5 литрийн Нийслэл пиво 2-г авсан. Тэгээд хөдөө гэр лүүгээ явсан. Хөдөө гэртээ 13 цаг өнгөрч байхад очсон. Манай ээжийн дүү Г манай малыг хараад үлдсэн байсан юм. Г ахыг Пол гэж дууддаг юм. Тэгээд Г ахыг мал харж өгсөн гээд 0.33 литрийн Хараа архийг хувааж уусан. Тэгээд З гэх хүнтэй малын наймаа хийхээр Г ахын хамт З ахын гэрт очихоор явахдаа 0.5 литрийн Алтантүрүү архийг аваад явсан. Тэгээд З ахын гэрт очоод 0.5 литрийн архиа уусан. З ах архи уухгүй эмчилгээ хийлгэж байгаа гээд уугаагүй. Тэр архийг Г ах бид хоёр хувааж уусан. Тэгээд нилээн согтсон. Тэгээд гэртээ ирээд бурхны урд байсан 0.75 литрийн архийг уух гэсэн чинь эхнэр загнаад уулгаагүй. Тэгээд би унтаад өгсөн. Манай эхнэрийн төрсөн өдөр нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр болдог юм. Төрсөн өдрөөр хэрэглэхээр 2.5 литрийн Нийслэл нэртэй 2 пиво авсан байсан юм. Би унтаж байгаад босоод ирсэн чинь манай эхнэр О тэр пивийг манай ах Г-н хамт уусан байсан. Тэгээд би эхнэртээ уурлаад чи согтсон байна ш дээ гээд босоод очсон чинь миний гарыг бариад авахаар нь гараа тавиулаад баруун гараараа савсан чинь баруун талын нүд хавьд оноод цохисон. Манай эхнэр доошоо суугаад уйлсан. Тухайн үед ах Г боль яаж байгаа юм бэ гэхээр нь эхнэр бид хоёрын асуудал танд хамаа байхгүй гэж хэлсэн. Тэгээд эхнэрээ аргадаж байгаад бид хэд унтсан. Маргааш өглөө нь босоод Г ах манай 5 настай хүү бид нар Шивээговь сум руу яваад бензин тос авчирахаар явсан. Г ахтай Шивээговь сумаас авсан 0.5 литрийн Хараа архийг хувааж уучихаад унтаж байтал Говьсүмбэр аймгийн цагдаагаас хүмүүс ирсэн байсан. Манай хадам ээж мөн хамт ирсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/

 

1.3. Хохирогч Л.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Чойрт нөхөр Д-н хамт орж ирсэн. 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр миний төрсөн өдөр байсан болохоор дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн Алтантүрүү 1 шил, 0.5 литрийн Алтантүрүү 1 шил, 0.33 литрийн Хараа нэртэй архи 1 шил, нийт 3 шил архи авсан. Мөн Нийслэл нэртэй 2.5 литрийн пиво 2 ширхэгийг аваад хөдөө гэртээ очсон. 0.75 литрийн архийг бурхан дээрээ тавьсан. Бурханы архийг өмнө нь хэрэг гараад хэрэглэсэн байсан юм. Манай нөхрийн ах П /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ манай малыг хараад үлдсэн байсан. Д П ахтай 0.33 литрийн Хараа нэртэй архийг хувааж уучихаад айлд очиж малын наймаа хийнэ гээд 0.5 литрийн Алтантүрүү архи өвөртлөөд П ах нар явцгаасан.15 цаг өнгөрч байхад явсан. Тэгээд орой 19 цагийн үед Д Пол ах нар нилээн согтуу ирсэн. Д ирээд бурхан дээр тавьсан архи ууна гэхээр нь би уурлаад уулгаагүй. Тэгээд Д унтаад өгсөн. Д-г согтуу ирсэн болохоор нь уур хүрээд П ахтай 2.5 литрийн нэг пивийг хувааж уусан. Д унтаж байгаад босож ирээд чи согтсон байна ш дээ гээд над руу дайрсан. Тэгээд намайг цохих гээд гараа далайгаад байхаар нь гарыг нь бариад авсан. Тэгээд бид хоёр зууралдаж ноцолдож байгаад Д гараараа саваад миний баруун талын нүд рүү цохисон. Тэгтэл П Д-г боль гээд болиулсан. Д П ахад хандаад чамд миний эхнэрээ яах нь ямар хамаатай юм бэ гээд байсан. Тэгээд би Д-г аргадаад унтуулсан. Маргааш өглөө нь Д-р надаас уучлалт гуйсан. Тэгээд Д, П ах, манай хүү нар Шивээговь сум руу бензин авчирна гээд явсан. Тэр хооронд Улаанбаатар хотод байдаг ээж П лүү утсаар яриад Д намайг зодоод нүүр хөхрүүлчихлээ. Та машин аваад ир, би явмаар байна гэж хэлсэн. Д Шивээговь сумаас 16 цагийн үед архи уусан согтуу ирсэн. Д би шараа тайлсан шүү гэж надад хэлж байсан. Тэгээд унтаад өгсөн. 18 цагийн үед манай ээж Чойрын цагдаагаас хүн аваад хүрээд ирсэн. Би зодуулсандаа гомдоод ээжийг хараад уйлсан. Тэгээд цагдаагийн хүмүүс Д-г аваад явсан... гэх мэдүүлэг  /хх-ийн 15-16 дугаар хуудас/

 

1.4. Гэрч Б.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр намайг Улаанбаатар хотод байхад манай охин О утсаар яриад намайг нөхөр Д зодчихлоо гэж ярьсан. Тэгэхээр нь би шууд Улаанбаатар хотоос ирээд тус цагдаагийн хэлтэст өргөдөл бичиж өгөөд шалгуулсан. Тэгээд би цагдаагийн хүмүүстэй хамт хөдөө О, Д нарын гэрт очиход хүргэн Д архи уучихсан халамцуу босож ирж байсан ба манай охин О зүүн нүд хавдаж хөхөрсөн байсан. Тэгээд цагдаагийн хүмүүс Д-г аваад явсан. Би охиноосоо юу болсон талаар асуусан чинь манай охин О нээх олигтой юм яриагүй. Д архи уугаад намайг зодсон гэж байсан. Тэгээд би буцаад  Улаанбаатар хот явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

 

1.5. Гэрч Г.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би нөхрийнхөө хамт Сүмбэр сумын 3 дугаар баг, задгай хороололд оршин суудаг юм. Манай хүү Д эхнэр хүүхдийнхээ хамт хөдөө Сүмбэр сумын 5-р баг Уулзварын гол гэх газар мал малладаг юм. 2019 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө 23 цагийн үед манай бэр О ээжийнхээ хамт манай гэрт ирсэн. Тэгээд О-н ээж танай хүү чинь манай охиныг зодсон байна. Би цагдаад өгсөн байгаа гэж хэлсэн. Д-г хаана байгаа талаар асуухад цагдаа дээр байгаа гэж хэлсэн. Эхнэрийнх нь баруун талын нүд хөхөрсөн байгаа харагдсан. Өөр хэргийн талаар нарийн мэдэх зүйл байхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

 

1.6. Гэрч Г.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Тухайн өдөр Д, эхнэр хүүхдийнхээ хамт Чойрын төв рүү хувийн ажлаар явсан юм. Явахдаа намайг мал, гэр харж байгаарай гэж гуйсан байсан юм. Тэр өдрийнхөө үдээс хойш Д эхнэр Л.О хамт Чойроос ирсэн. Хэдэн цагт ирснийг мэдэхгүй байна. Д надад ах мал харж өгсөн гээд 0.33 литрийн Хараа архи задалсан. Тэр архийг Д бид 2 хувааж уусан. Д надад хандаад хоёулаа З ахын гэрт очоод малын наймаа ярьчихаад ирье гэхээр нь би тэгье гээд хамт явсан. З-ны гэрт очоод Д 0.5 литрийн архи гаргаж ирсэн, ямар нэртэй архи байсныг мэдэхгүй байна. Тэр архинаас З эмчилгээ хийлгэж байгаа гээд уугаагүй. Д бид хоёр хуваагаад уусан. Тэгээд буцаад Д-н гэр лүү явж байсан салхинд цохиулаад юу болсон талаар санахгүй байна. Маргааш өглөө нь Д-н гэрт сэрсэн. Д-н эхнэр О-н нэг нүд нь хөхөрсөн байсан. Баруун нүд нь санагдаж байна. Д эхнэр О-сээ уучлалт гуйгаад байсан. Д нүд рүү цохисон юм шиг байна лээ. Д бензингүй болчихлоо Шивээговь хамт яваад ирье гээд бид хоёр хамт явсан. Шивээговь сумаас 1 шил 0.5 литрийн архи авсан. Би тэр архийг хувааж уучихаад гэр лүүгээ харихаар явсан. Д гэртээ үлдсэн. Дараа нь сонсож байхад эхнэрээ зодсон гээд цагдаагийн хүмүүс ирээд аваад явсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

1.7. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 120 дугаартай дүгнэлтэд:

- Л.О-н биед тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт, баруун хацар, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /хх-ийн 25 дугаар хуудас/

 

1.8. Шинжээч Б.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Баруун хацрын төвгөрт 1х0.6 см хэмжээний зулгаралт, баруун нүдний доод зовхины цус хуралт нь гол хэсэгтээ тод, зах хэсгээрээ бүдэг байсан учир хэмжээг бүрэн тодорхойлоогүй. Дээрх гэмтлүүд нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд юм. Нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

 

1.9. Аюулын зэргийн үнэлгээний маягт, /хх-ийн 6-7 дугаар хуудас/

 

1.10. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Г.Д-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Г.Д нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Г.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Г.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Хохирогч Л.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Д надаас уучлалт гуйсан. Одоо архинаас гарах эмчилгээ өөрөө сайн дураараа хийлгэж байгаа. Д-тай сайн дураараа эвлэрсэн. Хохирлын тал дээр маргаан байхгүй болсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэрэгт шалгуулах зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

...Г.Д-н хувьд мал маллах арга ухаанд сайн суралцсан. Хар бор ажилд их сайн. Хөдөө гэрийн гадуурх мал ахуйтай холбоотой ажлыг Д амжуулдаг. Зан байдлын хувьд хүний үгээр, хүнтэй эвсэг харьцаатай. Аливаа асуудлыг тайвнаар ярилцах юм бол тайван, харин өөдөөс нь уурлаад ярих юм бол бас адилхан уурлачихдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

 

2.2. Гэрч Б.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Д, О нар нь 2018 оны 08 дугаар сараас хойш хамт амьдарч байна. Энэ хоёр 3 хүүхэдтэй. 2 хүүхдийг нь би хотод харж байгаа. Энэ хоёр Чойрт 2018 оны 10 дугаар сард ирж хөдөө мал дээр гарсан. Улаанбаатар хотод байхдаа хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаагүй. Манайд Д хүргэн орсноос хойш надад архи ууж байгаа харагдаагүй. Д нь их дөлгөөн зантай. Их ажилсаг хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

 

2.3. Гэрч Г.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Д-н хувьд О-тэй суугаад жил болж байгаа юм. Нөхөр бид хоёр өөрсдийнхөө амьдарч байгаа гэр болон мал ахуйгаа бүгдийг нь Д-т өгсөн. Амьдрал ахуйн талаас нь дэмжсэн гэж бодож байна. Д мал маллах хар ажил хөдөлмөрт сайн. Ер нь мал маллах сонирхолтой. Багадаа малд хүндтэй хүүхдээр улсын хэмжээнд шалгарч байсан. Архи уухгүй бол элдэв янзын ааш зан байхгүй. Миний үгнээс гардаггүй. Хүнтэй эвсэг харилцаатай. Ямар ч хүнтэй учраа олоод ярьчихдаг. Гэр бүлийнхээ хүмүүст анхаарал халамж сайтай харагдаж байдаг. Хүний хувьд их зөөлхөн хүн байгаа юм.  Өөр хэлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

 

2.4. Гэрч Г.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...Д-н хувьд хүнтэй эвсэг харилцаатай. Малд нүдтэй, мал маллах ухаанд сайн суралцсан. Аав, ээж, ах дүү нартайгаа хүндэтгэлтэй харьцдаг. Урд нь элдэв янзын ааш зан гаргаж байгаагүй. Хүнтэй эв зүйгээ олоод сайхан ярьчихдаг. О-тэй саяхнаас гэр бүл болоод амьдарч байгаа. Д амьдралын төлөө гэсэн зүтгэлтэй... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

2.5. Хохирогч Л.О-н мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/

 

2.6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/

 

2.7. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 50-51 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Д-т  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

          Иймд шүүгдэгч Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Г.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.

         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасаныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Г-н Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Шүүгдэгч Г.Д-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Г.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ЭНХМАНДАХ