| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2019/0049/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/48 |
| Огноо | 2019-05-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/48
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга П.Рэнцэндорж,
улсын яллагч Э.Нямбилэгт,
шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн Т-н Г-д холбогдох эрүүгийн 1817002430023 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны 09 дүгээр сарын 12-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн дугаар хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд
Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар,
Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 5 сар 9 хоногийн хорих ялаас зарим болох 1 жил 5 сарын хорих ялыг оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жил 6 сарын хугацаагаар тогтоож байсан,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2017/БХШЗ/122 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан гэх Д овгийн Т-н Г /РД:ЕС
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Т.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 26-ны шөнийн 03 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хас” хүнс барааны дэлгүүрт нэвтэрч бэлэн мөнгө 197 000 төгрөг, “Samsung J1” маркын гар утас 1 ширхэг, “T.Mobile” маркын гар утас 1 ширхэг, мобиком, юнител, скайтелын гар утасны нэгж тус тус хулгайлж нийт 538 300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Т.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 26-ны шөнийн 03 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хас” хүнс барааны дэлгүүрт нэвтэрч бэлэн мөнгө 197 300 төгрөг, 50 000 төгрөгний үнэ бүхий “Samsung J1” маркын гар утас 1 ширхэг, 20 000 төгрөгний үнэ бүхий “T.Mobile” маркын гар утас 1 ширхэг, нийт 271 000 төгрөгний үнэ бүхий мобиком, юнител, скайтелын гар утасны нэгж тус тус хулгайлж нийт 538 300 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Дундговь аймагт байдаг Хөөтийн уурхайд ажиллаж байгаад техник хэрэгслээ авах гээд 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймагт ирсэн. Энд таньж мэдэх хүн ерөөсөө байхгүй. Тэгээд Андууд гэдэг дэлгүүрийн хажууд хоёр хүнтэй танилцаад тэр хоёртой хоёр шил архи хувааж уусан. Шөнө суудлаар буцах ёстой байж байгаад суудал хэдэн цагаас ирдгийг мэдэхгүй болохоор суудлаасаа хоцорсон. Тэгээд том тэрэг явдаг “Bieben Truck” гэдэг газрыг заалгаад шөнийн 02 цаг 50 минутын орчим вокзалаас тэр газар луу алхаж явж байгаад Хас гэдэг дэлгүүр таарсан. Тэгээд тэр дэлгүүрийн урд цонхных нь хаалтыг татаж тахийлгаж байгаад орсон гэв.
1.2. Шүүгдэгч Т.Г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Би 2018 оны 11 дүгээр сарын 25-ны орой 20 цагийн орчимд Улаанбаатар хотоос Дундговь аймгийн Баянжаргалан сумын Хөөтийн уурхайд ажилд орох санаатай явсан юм. Тэгээд Баянжаргал орох машин олдохгүй байхаар нь Чойроор дамжаад Баянжаргалан сум явъя гэж бодоод Чойр явна гэсэн саарал өнгийн жижиг тэргэнд суусан, уг машины улсын дугаарыг харж чадаагүй. Тэгээд 23 цаг өнгөрч байхад Чойрт ирсэн. Ирээд Чойрын таксины зогсоол дээрээс Дундговь аймгийн Баянжаргалан сум орох машин хайгаад олоогүй. Тэгээд Чойрт таньдаг айл байхгүй болохоор гадуур гудамжаар жаахан дэмий явсан юм. Би Улаанбаатар хотоос гарахдаа мөнгө муутай гарсан юм. Байсан мөнгөөрөө буудал оръё гэхээр хүрэхгүй байх гэж бодоод Төмөр замын вокзал дээр хонох гээд явсан. Вокзал дээр ирээд хүлээлгийн зааланд 03 цаг өнгөртөл унтаж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 26-ны үүрээр 03 цаг өнгөрөөгөөд вокзалын хүлээлгийн заалнаас гарч ертөнцийн зүгээр зүүн зүгт явж байгаад засмал замтай нийлээд хойшоо явж байгаад замын хажуу талд цонхны гадуураа төмөр хаалттай Хас гэсэн нэртэй нэг давхар дэлгүүр байсан. Тэгээд би тэр дэлгүүр ертөнцийн зүгээр зүүн тийш харсан байсан дэлгүүрийн урд талын цонхны хамгаалалт төмрийг гараараа татаад далийлгаж байгаад хүн орохоор зайтай болгоод цонхоор 2 удаа орсон. Эхний удаа ороход юу ч аваагүй. Дараа нь 2 дахь удаагаа орохдоо 5000, 1000, 500, 100, 50, 20, 10-н Монгол улсын мөнгөн тэмдэгтүүд нийт 197.300 төгрөг, мобиком, скайтел, юнител ХХК-н гар утасны нэгжнүүд нийт 27 000 төгрөгийн нэгж авсан. Мөн “T.Mobile” гэсэн бичигтэй хар өнгийн товчлууртай гар утас 1 ширхэг, “Samsung J1” маркийн андройд үйлдлийн системтэй гар утас 1 ширхэг зэрэг эд зүйл авсан. Тэгээд буцаж цонхоор гараад Бебин Трак гээд автомашины зогсоол руу алхаж байхдаа товчлууртай гар утсыг нь хаясан. Тэгээд Бебин Тракын урд талын засмал замаас гар өргөж байгаад Альпард маркын цагаан өнгийн машинд суугаад Улаанбаатар хот орсон. Уг машины улсын дугаарыг нь харж чадаагүй. Тэгээд Улаанбаатар хот ороод Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Макс худалдааны төвийн урд талын зогсоол дээр буугаад гэр болох Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо, 48-103 тоот гэртээ ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 90-92 дугаар хуудас/,
1.3. Хохирогч Х.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2018 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө 09 цаг 4 минутын үед манай эхнэр Г надад манай дэлгүүрт хулгай орсон юм шиг байна, ертөнцийн зүгээр урд талын цонхны төмөр хаалт эвдэрчихсэн, цонх онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүртээ орж үзтэл манай дэлгүүрийн ертөнцийн зүгээр урд талын цонх онгорхой, цонхны төмөр хаалт нь эвдэрчихсэн байдалтай байсан. Тэгээд дэлгүүрийн эд зүйлээ бүртгэж үзтэл дэлгүүрт байдаг хар өнгөтэй 3 давхар тасалгаатай шургуулгатай шүүгээний дээд талд байсан урд өдрийн орлого болох бэлэн мөнгө, нэгж зардаг 2 ширхэг гар утас, мобиком, скайтел, юнителийн нэгж зэрэг эд зүйл байсныг авчихсан байсан. Би төрсөн хүү Т эхнэр Г нарын хамт дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг үзтэл тухайн өдрийн 04 цагаас 05 цаг 30 минутын хооронд үл таних эрэгтэй хүн манай дэлгүүрийн цонхоор орж ирээд эд зүйлс хулгайлаад гарсан байсан. Дэлгүүрийн хяналтын камерын цаг зөрүүтэй явдаг байж магадгүй. Одоо бол би сайн мэдэхгүй байна. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.
...Манай дэлгүүрийн хамгийн урд талын цонхны төмөр хаалтыг эвдэж цонхыг түлхээд орсон байсан. Цонх бол хагараагүй байсан. Ямар зүйлээр цонхны төмөр эвдсэнийг би мэдэхгүй байна.
...Урд өдрийн орлого бэлэн мөнгөө бид нар 10 000, 20 000 төгрөгийн дэвсгэртийг орлого гэж гэр лүүгээ аваад орчихдог. 5000, 1000, 500, 100, 50, 20, 10 төгрөгийн дэвсгэртүүдээ дэлгүүрийнхээ шүүгээнд үлдээчихдэг. Тухайн өдөр 10 000, 20 000 төгрөгийн дэвсгэртээ 400 000 төгрөгийг орлого гэж гэр лүүгээ авч орсон байсан. Харин алдагдсан мөнгө нь бол 5000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг буюу 30 000 төгрөг, 1000 төгрөгийн дэвсгэртийг би тоолж үзээгүй, ойролцоогоор 100 000 төгрөгтэй тэнцэх хэмжээтэй байсан. 500 төгрөгийн дэвсгэрт 80 ширхэг буюу 40 000 төгрөг, 100 төгрөгийн дэвсгэрт 25 ширхэг буюу 2500 төгрөг, 50 төгрөгийн дэвсгэрт 50 ширхэг буюу 2500 төгрөг, 20 төгрөгийн дэвсгэрт 1 боодол буюу 100 ширхэг буюу 2000 төгрөг, 10 төгрөгийн дэвсгэрт 30 ширхэг буюу 300 төгрөг байсан. Ингэхээр нийлээд бэлэн мөнгө 197 300 төгрөг алдсан. Дээр нь мобиком, юнител, скайтелын нэгжнүүд алга болсон. Манай эхнэр Ганчимэгийн хэлснээр бол мобикомын нэгж бэлгийн 2500 төгрөгийн нэгж 1 ширхэг, 10 000 төгрөгийн нэгж 1 ширхэг, 2500 төгрөгийн нэгж 8 ширхэгийг Мобикомын Чойр салбараас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр авсан. Үүнээс би 4 ширхэгийг зарсан байж магадгүй. Тэгэхээр 4 ширхэг 2500 төгрөгийн нэгж алдагдсан. Бас 1000 төгрөгийн нэгжийг Мобикомын Чойр салбараас мөн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 30 ширхэгийг авсан, тэр байхгүй байсан. Юнителийн нэгж болохоор 5000 нэгжээр 3 ширхэг, 8000 нэгжээр 3 ширхэг байсан. Скайтелийн нэгж 10000 төгрөгөөр 2 ширхэг, 15000 төгрөгөөр 2 ширхэг, 5000 төгрөгний нэгж 2 ширхэг, 3000 төгрөгний нэгж 15 ширхэг, 2000 төгрөгийн нэгж 5 ширхэг алдагдсан байсан. Скайтелын нэгжийг би мөн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр худалдаж авсан. Мобиком, Юнител, Скайтелын нэгж нийлээд 271 000 төгрөгний нэгж алдагдсан. Манай дэлгүүрийн нэгж зардаг гар утас J1 маркын хөх цэнхэр өнгөтэй дөрвөн буланг нь хамгаалсан хамгаалттай товгор ар талын хэсэг нь зөөлөвчтэй гар утас 1 ширхэг алдагдсан. Энэ гар утсыг Юнителээс 2014 онд худалдаж авч байсан. Энэ утсыг 100 000 төгрөгөөр үнэлж байна. Нөгөө гар утас нь товчлууртай хар өнгөтэй T-mobile гэсэн нэртэй гар утас байсан. Уг гар утсыг 20000 төгрөгөөр үнэлж байна. Тэгээд манай дэлгүүрийн гадна цонхны хамгаалалтын төмрийг эвдсэн байсан. Ертөнцийн зүгээр урд талын цонхны хамгаалалтын төмрийг эвдсэн байсан. Уг хамгаалалтын төмрийг эвдсэн байсан. Уг хамгаалалтын төмрийг 60 000 төгрөгөөр үнэлж байна. Манай хүү Төрболд өөрөө материалыг нь авч янзалж байсан. нийт 648.300 төгрөгийн хохирол надад учирсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/
Алдагдсан гэх Юнител, Мобиком, Скайтелын нэгжүүдийг би 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр болон 24-ний өдрүүдэд Юнител, Мобиком, Скайтелын зардаг Чойр салбараас худалдсан авсан. T-mobile гэсэн нэртэй гар утсыг 2015 онд 70 000 төгрөгөөр Жи Мобайлын салбараас худалдсан авсан. 3 жил гаран хэрэглэсэн болохоор би утсаа 20 000 төгрөгөөр үнэлсэн. Самсунг Жи-1 маркын гар утсыг 2015 онд Юнител группээс 220 000 төгрөгөөр худалдан авч байсан утсаа 100 000 төгрөгөөр үнэлсэн. Харин Сүмбэр сумын үнэлгээний комисс 50 000 төгрөгөөр үнэлсэн байсан. Үнэлгээтэй санал нийлж байна.
...Манай дэлгүүр өдөрт дундажаар 500-700 мянган төгрөгийн орлого ордог. Дэлгүүрийн орлогоны баримт гэх зүйл манай дэлгүүрт байдаггүй. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр орлого 600 гаран мянган төгрөг орсон байсан. Би 10 000 болон 20 000 төгрөгийн дэвсгэртээр 400 000 төгрөг гэр лүүгээ авч орсон. Маргааш өглөө нь наймаа хийхээр хүнд хариулж өгөх мөнгө байхгүй болчихоод байдаг болохоор үлдэгдэл мөнгө болгож 197 300 төгрөг үлдээсэн гэж бодож байгаа.
...Сүмбэр сумын үнэлгээний комиссын 209 болон 18 дугаартай дүгнэлттэй танилцсан. Санал нийлж байгаа. Асууж тодруулах зүйл байхгүй… гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
1.4. Гэрч Н.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө 09 цаг 40 минутын үед дэлгүүрээ онгойлгосон чинь манай дэлгүүрийн шалан дээр шавар шавхай болчихсон байсан. Тэгээд гайхаад дэлгүүрийн урд талын цонх руу харсан чинь цонхны тавцан дээр байсан будагнууд шалан дээр унасан байсан. Тэгээд хартал цонх онгорхой гадна талын хамгаалалтын төмөр нь эвдэрсэн байсан. Тэгээд төрсөн хүү Т, нөхөр Ч-г дуудаад манай дэлгүүрт хулгай орсон юм шиг байна, ертөнцийн зүгээр урд талын цонхны төмөр хаалт эвдэрчихсэн, цонх нь онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд хүү Т-р дэлгүүрийн хяналтын камерыг шүүлгэж үзтэл танихгүй эрэгтэй хүн манай цонхыг онгойлгоод цонхоор орж ирээд манай дэлгүүрт байдаг шөр өнгөтэй 3 давхар тасалгаатай шургуулгатай шүүгээний дээд талд байсан урд өдрийн орлого болох бэлэн мөнгө, нэгж зардаг 2 ширхэг гар утас, утасны нэгж зэрэг эд зүйл хулгайлж авсан байсан. Манай дэлгүүрт орж ирдэг хүн нь 2018 оны 11 дүгээр сарын 26-ны үүрээр 4-6 цагийн хооронд орж ирсэн байсан. Манай дэлгүүрийн хяналтын камерын цаг зөрж байж магадгүй. Ямар ч байсан үүрээр 4-6 цагийн үед орж ирсэн байх магадлалтай. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.
...Манай дэлгүүрийн хамгийн урд талын цонхны төмөр хаалтыг эвдэж цонхоор орсон байсан. Цонх бол хагараагүй, түлхэж орсон байж магадгүй. Ямар зүйлээр цонхны хамгаалалтын төмөр эвдсэнийг би мэдэхгүй байна. Гараар татсан байж магадгүй.
...Би 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мобиком, юнител, скайтелын нэгжнүүд худалдаж авсан. Дэлгүүрээс эд зүйлс алдагдсаны дараа дэлгүүрт байдаг шар өнгөтэй 3 давхар тасалгаатай шүүгээг шалгаж үзтэл мобикомын нэгж бэлгийн 2500 төгрөгийн нэгж 1 ширхэг, 10 000 төгрөгийн нэгж 1 ширхэг, 2500 төгрөгийн нэгж 4 ширхэг алдагдсан. 1000 төгрөгийн нэгж 30 ширхэгийг авсан байсан бас байхгүй болсон. Юнителийн нэгж 1500 нэгжээр 7 ширхэг, 2000 нэгжээр 12 ширхэг, 3000 нэгжээр 10 ширхэг, 5000 нэгжээр 3 ширхэг, 8000 нэгжээр 3 ширхэг байсан. Скайтелын нэгж 10000 төгрөгөөр 2 ширхэг, 15000 төгрөгийн нэгж 2 ширхэг, 5000 төгрөгийн нэгж 2 ширхэг, 3000 төгрөгийн нэгж 15 ширхэг, 2000 төгрөгийн нэгж 5 ширхэг алдагдсан байсан. Мобиком, Скайтел, Юнителийн нэгж нийлээд 271 000 төгрөгийн нэгж алдагдсан. Мөн урд өдрийн орлого бэлэн мөнгөө бид нар 10 000, 20 000 төгрөгийн дэвсгэртийг орлого гэж гэр лүүгээ аваад орчихдог. 5000, 1000, 500, 100, 50, 20, 10 төгрөгийн дэвсгэртүүдээ дэлгүүрийнхээ шүүгээнд үлдээчихдэг. Тухайн өдөр 10 000, 20 000 төгрөгийн дэвсгэртээр 400 000 төгрөгийг орлого гэж гэр лүүгээ авч орсон байсан. Харин алдагдсан мөнгө нь бол 5000 төгрөгийн дэвсгэртээр 4 ширхэг гэхээр 20 000 төгрөг, 10 000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг буюу 30 000 төгрөг, 1000 төгрөгийн дэвсгэртийг яг тоолж үзээгүй ойролцоогоор 100 000 орчим төгрөгтэй тэнцэх хэмжээтэй байсан. 500 төгрөгийн дэвсгэрт 80 ширхэг буюу 40 000 төгрөг, 100 төгрөгийн дэвсгэрт 25 ширхэг буюу 2500 төгрөг, 50 төгрөгийн дэвсгэрт 50 ширхэг буюу 2500 төгрөг, 20 төгрөгийн дэвсгэрт 1 боодол 100 ширхэг буюу 2000 төгрөг, 10 төгрөгийн дэвсгэрт 30 ширхэг буюу 300 төгрөг байсан. Ингэхээр нийлээд бэлэн мөнгө 197 300 төгрөг алдсан. Манай дэлгүүрийн нэгж зардаг гар утас Самсунг Жи-1 маркын хөх цэнхэр хөх цэнхэр өнгөтэй гар утас 1 ширхэг алдагдсан. Энэ гар утсыг Юнителээс 2014 онд худалдаж авч байсан. Энэ утсыг 100 000 төгрөгөөр үнэлж байгаа. Нөгөө гар утас нь товчлууртай хар өнгөтэй. T-mobile гэсэн нэртэй гар утас байсан. Тэр утсыг 20 000 төгрөгөөр үнэлж байгаа. Тэгээд манай дэлгүүрийн гадна цонхны хамгаалалтын төмрийг эвдсэн байсан. Ертөнцийн зүгээр урд талын цонхны хамгаалалтын төмрийг эвдсэн байсан. Уг хамгаалалтын төмрийг 60 000 төгрөгөөр үнэлж байна. Манай хүү Т өөрөө материалыг нь авч янзалж байсан. Нийт 648 300 төгрөгийн хохирол надад учирсан байна... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
1.5. Гэрч Ч.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай ээж Г 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө 09 цаг минутын үед дэлгүүрээ онгойлгосон. Тэгээд удалгүй аав бид хоёрыг дуудаад дэлгүүрийн цонх онгорхой, гадна хамгаалалтын төмөр нь эвдэрсэн байна, хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүрт ороод хартал ертөнцийн зүгээр урд талын цонхны төмөр хаалт эвдэрчихсэн, цонх нь онгорхой байсан. Тэгээд би дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзтэл үл таних эрэгтэй хүн манай дэлгүүрийн цонхыг онгойлгоод цонхоор орж ирээд манай дэлгүүрт байдаг шар өнгөтэй 3 давхар тасалгаатай шургуулгатай шүүгээний дээд талд байсан бэлэн мөнгө, нэгж, зардаг 2 ширхэг гар утас, утасны нэгж зэрэг эд зүйлсийг авч байгаа дүрс бичлэг бичигдэж үлдсэн байсан. Хяналтын камерын бичлэгт дэлгүүрт орж ирдэг хүн нь 2018 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө 03 цагаас 05 цагийн хооронд орж ирсэн байсан. Манай дэлгүүрийн хяналтын камерын цаг нь албан ёсны цагнаас яг 1 цагаар түрүүлэн зөрж байгаа. Тэгэхээр шөнийн 03 цагаас 05 цагийн хугацаанд хулгайч орж ирж бэлэн мөнгө хулгайлсан.
...2018 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө дэлгүүрийг 09 цаг өнгөрч байхад манай ээж Г нээгээд орой манай аав Ч 21 цаг 40 минутын үед дэлгүүрээ хаасан. Тэр үед ээж бид хоёр мах янзалж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
1.6. Гэрч Б.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн ТҮЦ-д худалдагч хийж байсан.
...Тухайн өдөр нэг залуугаас 255 000 төгрөгийн юнител, скайтел, мобикомын нийлсэн нэгж 200 000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр залуу намайг авчихаач гээд цаг гаран гуйж зогссон. Би ямар учиртай ийм их нэгж юм бэ гэж асуухад манайх бас дэлгүүр ажиллуулдаг юм, би архи авч уух гээд дэлгүүрийн нэгжийг аваад гараад ирсэн юм гэж надад хэлж байсан. Тэр залуу согтуу байсан... Тэр залуу ганцаараа явж байсан. Хулгайн эд зүйл гэдгийг би мэдээгүй. Намайг авчихаач гээд гуйгаад байхаар нь авчихсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
1.7. Гэрч Х.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр утсандаа 2000 төгрөгийн картын нэгж авч хийсэн. Улаанбаатар хот Бөхийн өргөөний ард талын автобусны буудалд байдаг шаргал өнгийн ТҮЦ-с авсан. Би хулгайн эд зүйл гэдгийг сайн мэдээгүй. Ямар хүн байсныг нь санахгүй байна... гэх мэдүүлэг хх-ийн /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
1.8. Гэрч О.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2018 оны 11 дүгээр сарын 27-нд өөрийн дугаар болох 88447897 дугаарт картаар 2000 нэгж хийсэн... Би тухайн өдөр гадуур явж байгаад бөхийн өргөөний ард талын автобусны буудлын бор өнгийн ТҮЦ-с худалдаж авсан... Би хулгайн нэгж гэж мэдээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
1.9. Гэрч Э.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хас хүнс барааны дэлгүүрийн дотор талд байгаа хяналтын камерын бичлэгийг ухрааж үзсэн. Уг бичлэгийг үзэхэд цонхоор орж ирж байгаа хүн нь Г мөн байсан. Хас дэлгүүрийн хяналтын камер нь шөнийн тусгалттай камер байсан ба хувцсаар таних ямар ч боломжгүй. Г-г цонхоор орж ирэхэд нь мөн лангууны урд талд зогсоход нь баруун нүднийх нь толбоор таньсан юм. Тэгээд Улаанбаатар хотоос хайж байгаад олж тогтоон баривчилсан... гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,
1.10. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10 дугаар хуудас/,
1.11. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13 дугаар хуудас/,
1.12. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
1.13. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20 дугаар хуудас/,
1.14. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-23 дугаар хуудас/,
1.15. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 60 дугаар хуудас/,
1.16. Эд мөрийн баримт хураан авч, үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, /хх-ийн 65-69 дүгээр хуудас/,
1.17. 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаартай эд зүйлийн үнэлгээ, /хх-ийн 82 дугаар хуудас/,
1.18. Зарлагын баримт /хх-ийн 126-127 дугаар хуудас/ зэрэг болно.
Прокуророос шүүгдэгч Т.Г-н үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Б.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Т.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Т.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:
2.1. Гэрч Т.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Т.Г хувиараа улирлын чанартай өрөмдлөгийн ажил хийдэг. Даруу төлөв зантай, архи дарс хэрэглэдэггүй, нөхөрсөг зантай, цэвэрч нямбай... гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/
2.2. Гэрч Т.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Төлөв даруу, цэвэрч нямбай, хүнтэй нийтэч харьцаатай... гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/
2.3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101 дүгээр хуудас/
2.4. Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 107-118 дугаар хуудас/
2.5. Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 119-121 дүгээр хуудас/
2.6. Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Хорих 425 дугаар ангид ял эдэлж байсан Т-н Г-н зан байдлын тодорхойлолт, /хх-ийн 122 дугаар хуудас/
2.7 Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2017/БХШЗ/122 дугаартай шүүгчийн захирамж, /хх-ийн 123 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Т.Г-н өмгөөлөгч Б.Б нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “...учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Мөн үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно... Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан заалтыг хэрэглэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
Шүүгдэгч Т.Г урьд 2 удаа ял шийтгүүлж Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2017/БХШЗ/122 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан заалтыг хэрэглэх боломжгүй байна гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч Т.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч Т.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний баримт бичиг, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдлаа.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий “Хас дэлгүүр хулгай” гэсэн бичиглэлтэй сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Т-н Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний баримт бичиг, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий “Хас дэлгүүр хулгай” гэсэн бичиглэлтэй сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.
6. Шүүгдэгч Т.Г-н хорих ял эдлэх хугацааг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ