Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 5288

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2016/05288

Улаанбаатар хот

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

 Нэхэмжлэгч: Н ББСБ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Б холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 26,508,490 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар, М.Одбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтуяа нар оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

                     

          Нэхэмжлэгч “Нандин зоос кредит” ББСБ, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар, М.Одбаяр нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Нандин зоос кредит” ББСБ нь иргэн Д.Батжаргалтай 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ¹001228 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн юм. Зээлдэгч Д.Батжаргалтай 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ¹001228-1 тоот баталгаат ипотекийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 51А дугаар байрны 47 тоот хаягт байрлах авто зогсоол /Ү-2204030615/-ыг барьцаалсан юм. Гэвч талуудын хооронд байгуулагдсан 2014 оны ¹001228 тоот барьцаат зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход зээлдэгч Д.Батжаргал нь зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,923,681 төгрөг, хүүгийн төлбөрт 9,618,407 төгрөг, зээлийн үндсэн төлбөрт 14,966,401 төгрөг, нийт 26,508,490 төгрөгийг төлж барагдуулаагүй ба барьцаат зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Манай байгууллагын зүгээс зээлдэгч Д.Батжаргалд удаа дараа мэдэгдэж байсан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрийн үүргээ гүйцэтгэх талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрээд байна. Д.Батжаргал нь үндсэн зээлд 33,598 төгрөг, зээлийн хүүд 3,645,503 төгрөгийн төлөлтийг тус тус хийсэн байх бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй болно.

          Иймд Д.Батжаргалаас 2014 оны ¹001228 тоот барьцааны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 26,508,490 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

          Хариуцагч Д.Батжаргал шүүхэд гаргасан тайлбартаа:

           Иргэн Доржсүрэн овогтой Батжаргал би “Нандин зоос кредит” ББСБ-аас 15,000,000 төгрөгийн зээлийг өөрийн дулаан гаражийг барьцаанд тавьж авсан болно. Дүүргийн шүүхэд нэхэмжлэгч тал 25,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байх тул би нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хуралдаан болохоос өмнө нэмэлт тайлбар гаргаж өгөх болно. Мөн өөрийн зүгээс нотлох баримт гаргаж өгнө гэжээ.

 

           Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Нандин зоос кредит” ББСБ нь хариуцагч Д.Батжаргалд холбогдуулан зээлийн үндсэн төлбөрт 14,966,401 төгрөг, хүүгийн төлбөрт 9,618,407 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,923,681 төгрөг, нийт 26,508,490 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Д.Батжаргал нь “Нандин зоос кредит” ББСБ-аас 15,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

          “Нандин зоос кредит” ББСБ нь Д.Батжаргалтай 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 001228 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-г байгуулж, 15,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 30 хоногт 4 хувийн хүүтэй, бизнесийн зориулалтаар зээл олгогдсон, үндсэн зээлээс 33,598 төгрөг, хүүд 3,645,503 төгрөг төлөгдсөн, 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш төлөлт хийгдээгүй болох нь “Барьцаат зээлийн гэрээ”, “Кассын зарлагын ордер 11”, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

         

            Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар байгуулагджээ.

 

            Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно…”, 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд дээрх гэрээний 2.1.6-д нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд харилцан тохиролцжээ.

 

          Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний үндсэн хугацаа 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болсон бөгөөд дээрх хуулийн зохицуулалтын дагуу хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл, гэрээний үндсэн хугацааны хүү болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хууль болон гэрээгээр хүлээсэн байна.

 

          Хариуцагч Д.Батжаргалын зээлийн дансны хуулгын баримтаас үзэхэд үндсэн зээлийн үлдэгдэл 14,966,402 төгрөг, хуримтлагдсан хүү 9,618,407 төгрөг байх бөгөөд үлдэгдэл зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүд 1,923,681 төгрөгийг тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.

 

          Хариуцагч нь нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

          Зохигчдын хооронд 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ¹001228-1 тоот “Баталгаат ипотекийн гэрээ” байгуулагдсан байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан байна.

 

          Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч Д.Батжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээд 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр болох шүүх хуралдааны товыг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүх хуралдааны товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т зааснаар хариуцагчийн өмнө шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд дээр гаргасантай адилтгаж үзэн, хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

 

           Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

           1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Батжаргалаас зээлийн гэрээний үүрэгт 26,508,490 /хорин зургаан сая таван зуун найман мянга дөрвөн зуун ер/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Нандин зоос кредит” ББСБ-д олгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Нандин зоос кредит” ББСБ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Батжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 290,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Нандин зоос кредит” ББСБ-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ