Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогтох Гандиймаа |
Хэргийн индекс | 183/2023/05279/И |
Дугаар | 210/МА2024/01598 |
Огноо | 2024-08-12 |
Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2024/01598
2024 08 12 210/МА2024/01598
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/01810 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ж.*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох
Үнэлгээ хүчингүй болгох тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Ж.******* нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ******* банк-наас №3030-2018/13 дугаар зээлийн гэрээ байгуулан 200,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авсан. Зээлийн барьцаанд ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Ногоон нуур гудамж, *******, үйлчилгээний хэсэгтэй өргөтгөл тоот хаягт байрлах, 280 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах эзэмших эрхтэй газрын хамт барьцаалан зээл авсан.
1.2. Тус зээлээ хугацаандаа төлөөгүй тул Капитран банк-аас шүүхэд хандсан тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2022/02422 дугаар шийдвэрээр Ж.*******, Б.*******, Ч.******* нараас 375,090,437 төгрөгийг гаргуулж Капитран банк-д олгохоор шийдвэрлэсэн.
1.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь зээлийн болон барьцааны гэрээнд тусгагдаагүй хөрөнгийг дур мэдэн үнэлсэн байх бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн №3030-2018/15 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг л барьцаалж зээл авсан.
Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцааны гэрээнд заагдаагүй хөрөнгүүдэд үнэлгээ хийсэн байх бөгөөд үнэлгээ хийх тогтоолыг танилцуулаагүй, ******* ХХК-ийн нэр дээрхи бүх хөрөнгийг үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон ХХК-ийн шинжээчийн гаргасан хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур хэт бага үнэлсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
1.4. Иймд ХХК-ийн шинжээчийн гаргасан ******* ХХК болон Ч.*******гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 4,651,132,986 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, дахин шинжээч томилж үнэлгээ хийлгэж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2022/02422 дугаар шийдвэрээр Ж.*******, Б.*******, Ч.******* нараас 375,090,437 төгрөг гаргуулж, ******* банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Б.*******, Ж.******* нартай 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр албаны дугаараас холбогдож ирж уулзахыг мэдэгдэн тэмдэглэл хөтлөн баталгаажуулж, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдлийг оршин суух хаягт шуудангаар хүргүүлсэн.
2.2. Төлбөр төлөгч нар дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, *******, үйлчилгээний хэсэгтэй өргөтгөл тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй 280 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, тус байрны 1 болон 2 дугаар давхарт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 780 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, зоорийн давхарт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 380 м.кв талбайтай 8 ширхэг автозогсоол, од байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай бүртгэлтэй 57 м.кв талбайтай орон сууц, од байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 44.8 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 404 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 44 м.кв талбайтай орон сууц, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах нэгж талбарын дугаартай худалдаа, үйлчилгээний зориулалттай 2,205 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 23410063/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 23410063/02, 03, 04, 05, 06, 07, 08 дугаар тогтоолоор тус тус хурааж, 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 4-97/16997 дугаар албан бичгээр 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн.
2.3. Заасан хугацаанд үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч талаас шинжээч томилж үнэлүүлэх хүсэлт гаргасан тул 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 9/337 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч Г.ыг томилсон. Шинжээч 4,651,132,986 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/01810 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь хэргийн бодит байдалд тулгуурласан дүгнэлт хийгээгүй хэт нэг талыг барьсан нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасан байна гэж үзэж гомдол гаргаж байна.
Ж.******* миний 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Капитран банкнаас №3030-2018/13 дугаар Зээлийн гэрээ байгуулан 200,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авсан. Зээлийн барьцаанд ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Ногоон нуур гудамж *******, үйлчилгээний хэсэгтэй өргөтгөл тоот хаягт байрлах, 280 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах эзэмших эрхтэй газрын хамт барьцаалан зээл авсан.
4.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь зээлийн болон барьцааны гэрээнд тусгагдаагүй хөрөнгийг дур мэдэн үнэлсэн байх бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн №3030-2018/15 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд Ү-******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг л барьцаалж зээл авсан.
Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцааны гэрээнд заагдаагүй хөрөнгүүдэд үнэлгээ хийж байгаа нь төлбөр төлөгчийн эрх ашгийг зөрчиж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрээр төлбөр төлөгч нар нь нийт 373,067,151 төгрөгийг төлөхөөр заасан байхад ******* нь төлбөр төлөгч нарын нэр бүхий бүх хөрөнгийг буюу нийт 4,651,132,986 төгрөгөөр үнэлж улмаар төлөх төлбөрт нь тохирсон үнийн дүнтэй хөрөнгийг худалдан борлуулахгүйгээр бүх хөрөнгийг нь битүүмжилж улмаар захиран зарцуулах эрхийг нь хязгаарлаж байгаа нь төлбөр төлөгч нарын төлбөр төлөх боломжийг хааж тэдний эрхийг зөрчиж байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/01810 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч Ж.******* нь *******т холбогдуулан хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2022/02422 дугаар шийдвэрээр Ж.*******, Б.*******, Ч.******* нараас 373,067,151 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгож, хариуцагч нар төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо 7 дугаар хороолол /14181/, ******* үйлчилгээний хэсэгтэй өргөтгөл тоот хаягт байршилтай 280 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилга, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо НТД:, , худалдаа, үйлчилгээний зориулалттай 2,205 м.кв талбайтай газар эзэмших эрх, Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо 7 дугаар хороолол /14181/, ******* 1 болон 2 дугаар давхар 780 м.кв Ү-, , Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо 7 дугаар хороолол /14181/, ******* зоорийн давхар 8 ширхэг авто зогсоол 380 м.кв, Ү-, , Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо 7 дугаар хороолол /14181/, ******* 57 м.кв орон сууц Ү-, , Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо 7 дугаар хороолол /14181/, ******* 44.8 м.кв оффисын зориулалттай Ү-, , Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо 7 дугаар хороолол /14181/, ******* 404 тоот Ү-, дугаартай 44 м.кв орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс зээлийн гэрээний үүргийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 4-6, 79-81 дүгээр тал/
3.2. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 23410063/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 23410063/02, 23410063/03, 23410063/04, 23410063/05, 23410063/06, 23410063/07 дугаар тогтоолоор хураан авах ажиллагааг гүйцэтгэсэн, тухайн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт нийцсэн байна. /хх-ийн 86-88, 89-94 дүгээр тал/
3.3. Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаа явуулах үеийн үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авахад өмчлөгч болон төлбөр төлөгч нараас үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч ******* банк ХХК-аас зах зээлийн үнийг тогтоох шинжээч томилуулах хүсэлт ирүүлжээ. Ийнхүү үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тохиролцоогүй, үүнтэй холбогдуулан хариуцагч байгууллага 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 9/337 дугаартай тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор ХХК-ийн үнэлгээчин Г.ыг шинжээчээр томилж, шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 4,651,132,986 төгрөгөөр тогтоожээ. /хх-ийн 99-100, 101-133 дугаар тал/
3.4. Уг үнэлгээний талаарх мэдэгдлийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 4-97/18730, 4-97/18731 дугаартай албан бичгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдэж, төлбөр төлөгч Ж.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид үнэлгээний тайланг танилцуулсан тэмдэглэл үйлдсэн байна. /хх-ийн 134-137 дугаар тал/
4. Шинжээч нь үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийн байдалтай танилцаж, хөрөнгийн хийц, бүтээц, чанар байдал, ашиглалтад орсон хугацаа, дэд бүтэц, байршил зэргийг үндэслэн жишиг хөрөнгийг дээрх үзүүлэлттэй ижил түвшний, зах зээл дээр худалдан борлуулахаар санал болгосон үл хөдлөх эд хөрөнгүүдийг сонгож, эдгээр хөрөнгүүдийн ижил болон ялгаатай байдалд зохих тохируулгыг хийж үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт нийцнэ.
5. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
6. Дээрх үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй, энэ нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл болох талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зохицуулсан. Иймд хариуцагч байгууллага нь барьцааны гэрээнд заагдаагүй хөрөнгүүдэд дур мэдэн үнэлгээ хийсэн гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шат дараалсан, хоорондоо уялдаа бүхий ажиллагаа бөгөөд хуульд заасан ажиллагаа тус бүр нь хуульд нийцсэн эсэхийг хянах, уг ажиллагаанд оролцогчдын эрх, ашиг сонирхлыг хөндсөн эсэхийг тухай бүрд нь хянах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үе шат, тодорхой ажиллагаанд гомдол гаргах хугацааг тогтоож, уг хугацаанд гомдол гаргаагүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж үзнэ.
Иймд хөрөнгө битүүмжлэхтэй холбоотой ажиллагааны талаар шүүхээс эрх зүйн дүгнэлт хийхгүй бөгөөд төлөх төлбөрт нь тохирсон үнийн дүнтэй хөрөнгийг худалдан борлуулахгүйгээр бүх хөрөнгийг нь битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.
8. Анхан шатны шүүх хөрөнгийн үнэлгээ тогтоох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/01810 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Т.ГАНДИЙМАА