| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0128/Э |
| Дугаар | 0132 |
| Огноо | 2019-04-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 0132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Г.Т
Шүүгдэгч Д.Я
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Я-д холбогдох эрүүгийн 1925000330093 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Д.Я
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.Я нь 2018 оны 12 сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүлэг худалдааны төвд Б.Доржжанцанд 3 ширхэг сувай үнээ зарна гэж итгүүлэн, түүнээс 1.800.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Д.Я-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ 3 сувай үнээ Хайрхан суманд байсан. Би энд ирээд 2 сар болсон. Эхнэр харж байсан юм. Хохирол төлөөгүй. Ойрын хугацаанд төлнө гэж бодож байна. Үхрээ байгаа байх гэж бодож байсан. Хэргийн хувьд болон хохирол дээр маргахгүй. Өөртөө дүгнэлт хийж байгаа. Дахин ийм хэрэгт холбогдохгүй гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Ямааранз гэх хүнтэй анх Турк улсад танилцаж байсан. 2018 оны 12 сарын 14-ний өдөр Хүлэг зах дээр явж байгаад Ямааранзтай тааралдсан. Ямааранз надаас мал худалдаж авах уу гэхээр нь би хаана байгааг нь асуухад Архангай аймгийн Хайрхан суманд 3 үхэр надад байна 1.800.000 төгрөгөөр худалдана гэж хэлсэн. Бид 2 худалдан авах талаар ярилцахад урьдчилгаа 800.000 төгрөг өгчих гэхээр нь итгээд мөнгө өгсөн. Ямааранз нутаг явах юм чинь гээд урьдчилгаанд авсан мөнгөнөөс 270.000 төгрөгөөр Теди төвийн 2 давхараас гар утас авсан. Энэ хооронд би угаалгын өрөө орчоод иргээд ирэхэд Ямааранз алга болсон байсан. Гар утас руу нь залгаад “Аялгуу” нэртэй паб-д очиход ганцаараа архи уугаад сууж байсан. Тэндээс гараад явж байхад эгчдээ мөнгө шилжүүлнэ гээд танихгүй хүний данс руу хийж байгаад 100.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Архангай аймаг явахаар жолооч дуудаад түлш авахаар зогсож байхад Ямааранз машинаас гараад явчихсан байсан. Хайгаад олдохгүй байсан. Ямааранз маргааш өглөө нь над руу залгаад 4-27 дугаар байрны “Тэнгис” нэртэй буудалд байна ирээд аваач гэхээр нь очиход буудлын мөнгө байхгүй өчигдөр надаас авсан мөнгө, худалдаж авсан гар утас нь байхгүй байсан. Би буудлын 20.000 төгрөгийг төлсөн. Тэндээсээ Ямааранзтай Архангай амйаг руу гарсан. Замдаа дэлгүүр орж 50.000 төгрөгөөр худалдан авалт хийсэн. Ямааранз нь надаас гарсан бүх мөнгийг мал авах 1.800.000 төгрөгт багтаана гэж хэлсэн. Архангай аймгийн Хайрхан сумын төв дээр очоод мал авч чадалгүй 5 хоног болсон. Айл, айлаар хоноод яваад байсан энэ болгонд дэлгүүр орж архи болон бусад зүйл худалдан авдаг байсан. ... Цэгмид гэдэг ахынд нь очиход Ямааранзад өгөх мал байхгүй гэж хэлсэн. Нутгийн хүмүүс Ямааранзыг малгүй гэдгийг мэддэг юм билээ. Би Ямааранзад бэлнээр 1.050.000 төгрөг, үлдсэн мөнгийг нь Архангай аймгийн Хайрхан суманд айлуудаар ороод явахдаа дэлгүүрээс худалдан авалт хийхэд нь гаргаж өгдөг байсан. Би 1.800.000 төгрөг гаргуулах хүсэлтэй гэсэн мэдүүлэг /хх 13-14 ху/,
-Гэрч Ө.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2018 оны 12 сарын дундуур яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Портер маркийн 80-45 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ачаа ачих гээд 100 айлын худалдааны төв дээр зогсож байхад Доржжанцан ирээд Архангай аймгаас үхэр ачиж ирэх гэсэн юм тээврийн хөлсөнд нь 250.000 төгрөг өгье гэхээр нь би явахаар болсон. ...Түлш хийх гээд зогсож байхад Ямааранз гэх залуу машинаас буугаад явсан байсан. Маргааш өглөө Доржжанцан над руу залгаад Ямааранз 4-27 дугаар байрны буудалд байна чи хүрээд ир гэхээр нь очтол тэр 2 гарч ирсэн. Тухайн үед Доржжанцан буудлын мөнгийг нь төллөө гэж байсан. Бид 3 Архангай аймгийн Хайрхан сум руу явах үед Ямааранз нь миний мал бэлэн байгаа, өөр мал авах бол айл зааж өгнө гэж байсан. Хайрхан сумаас мал авах санаатай 2 хоног явсан ч мал зарах айл байгаагүй. Ямааранз айлд орох болгондоо архи, хүнсний зүйлүүд авдаг байсан. Энэ мөнгө Доржжанцангаас гардаг байсан. Эрдэнэтээс гараад 5 дахь хоног дээрээ Ямааранзын төрсөн ахын гэрт очсон тэгтэл ах нь байгаагүй, ахыг нь хүлээж нэг хоносон. Маргааш өдөр нь ах нь ирээд Ямааранзад нэг ч мал байхгүй гэдгийг хэлсэн. Ямааранз ахыгаа 3 үхэр өгчих гэхэд ах нь чадахгүй гэж хэлсэн. Доржжанцан бид 2 буцаад Эрдэнэт рүү ирж байхад Ямааранзад 1.800.000 төгрөг өгчихсөн байна гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх 18-19 ху/,
-Гэрч А.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Ямааранз 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор 377 тооны мал тоолуулсан. Үүнийгээ зарж борлуулаад дуусгасан. Одоо Ямааранзад өөрийн гэсэн мал байхгүй. 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор огт мал тоолуулаагүй. 2018 оны 10 дугаар сард 2 тооны сувай үнээ байгаагүй, 2018 оны 09 сарын эхээр 2 тооны үхэр байсныг Эрдэнэт хот руу надад мэдэгдэхгүйгээр зарсан гэсэн мэдүүлэг /хх 27-28 ху/
-Яллагдагч Д.Я-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Миний хувьд бол Доржжанцанд сувай үнээ зарна гэж мөнгө авсан нь үнэн. Хүлээн зөвшөөрч байна. Тэгээд мал аа зарах гээд яваад очих үед байхгүй байсан тийм учраас мал зарж чадахгүй болсон юм гэсэн мэдүүлэг / хх 44 ху/,
-Д.Ямааранзыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 39-44 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 60 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Я нь 2018 оны 12 сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүлэг худалдааны төвд Д.Доржжанцанд 3 ширхэг сувай үнээ зарна гэж итгүүлэн, түүнээс 1.800.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хэргийн хувьд болон хохирол дээр маргахгүй“ гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Доржжанцангийн“...Ямааранз надаас мал худалдаж авах уу гэхээр нь би хаана байгааг нь асуухад Архангай аймгийн Хайрхан суманд 3 үхэр надад байна 1.800.000 төгрөгөөр худалдана гэж хэлсэн. Бид 2 худалдан авах талаар ярилцахад урьдчилгаа 800.000 төгрөг өгчих гэхээр нь итгээд мөнгө өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 13-14 ху/, гэрч Ө.Дөлхүү /хх 18-19 ху, гэрч А.Анхзаяа нарын өгсөн мэдүүлэг /хх 27-28 ху/ ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Д.Я-д Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Я нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирлын хувьд хохирогч Б.Доржжанцанд 1.800.000 төгрөгний хохирол учирсныг төлөөгүй тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэх боломжтой гэж үзлээ.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Я-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Я-д оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, энэ үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Энэ хугацаанд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Я-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Я-с 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг ПДУ-н задгай 2-9 тоотод оршин суух /РД:ВЮ96043030/ Б.Доржжанцанд олгосугай.
7. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА