| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/05329/И |
| Дугаар | 5702 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 5702
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 5136717 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний баруун тал, Ажилчны гудамж 14 тоотод оршин байх “Түмэн Төмөрт” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Баяндөхөм 3 дугаар гудамж, 1а тоот оршин байх, “Мэдрэхүйн мэлмий” ХХК-д холбогдох,
Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 537.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Хангал
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Түмэн Төмөрт” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мэдрэхүйн мэлмий” ХХК нь манай байгууллагаас 2013 онд бараа материал зээлээр худалдан авч одоогийн байдлаар 737.100 төгрөгийн үлдэгдэлтэй байна. “Түмэн Төмөрт” ХХК-ийн зүгээс “Мэдрэхүйн мэлмий” ХХК-ийн захирал Г.Алдарбаярт төлбөрийг төлөх хугацаа, боломжийг удаа дараа олгож байсан боловч худал хэлж өнөөдөр маргааш төлнө гэж аргацааж манай байгууллагыг хохироосоор байна. Иймд 737.100 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардалага гаргасан. Хариуцагч хуулийн этгээдийн захирал шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 200.000 төгрөгийг төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 537.100 төгрөг болгон багасгаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Түмэн төмөрт” ХХК нь хариуцагч “Мэдрэхүйн мэлмий” ХХК-нд холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 737.100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 537.100 төгрөг болгон багасгасан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч “Мэдрэхүйн мэлмий” ХХК нь 2013 оны 11 дүгээр сард “Түмэн төмөрт” ХХК-иас зээлээр төмөр худалдан авч, төмрийн үнэ 537.100 төгрөгийг төлөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.
Шүүхээс хариуцагч “Мэдрэхүйн мэлмий” ХХК-нд нэхэмжлэлийн хувийг 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гардуулж, хуульд заасан хугацааны дотор буюу 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарласан байх боловч хариуцагч нь тайлбар болон ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно”, 107 дугаар зүйлийн 107.3-т “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.
Хариуцагч “Мэдрэхүйн мэлмий” ХХК нь хуулийн дээрх шаардлагыг биелүүлээгүй, хэргийн материалтай танилцан, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэхэмжлэгч талын тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч “Мэдрэхүйн мэлмий” ХХК-иас 537.100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Түмэн төмөрт” ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүхээс хариуцагчид шүүх хуралдааныг товыг 88119395 дугаарын утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Мэдрэхүйн мэлмий” ХХК-иас 537.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Түмэн төмөрт” ХХК-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.241 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Мэдрэхүйн мэлмий” ХХК-иас 16.763 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Түмэн төмөрт” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ