| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 885 |
| Огноо | 2019-05-31 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 885
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,
Улсын яллагч И.Ариунсанаа,
Шүүгдэгч А.Т , О.М , тэдний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Т , О.М нарт холбогдох эрүүгийн 1906 02265 0889 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Орхон аймагт төрсөн, 25 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, А.Т .
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, О.М .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч А.Т О.М нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Энканто” хотхоны 306 дугаар байрны гадна байсан иргэн Э.Дөлгөөнийн 360.000 төгрөгийн үнэ бүхий “Мерида” загварын унадаг дугуй, иргэн Б.Бат-Эрдэнийн 300.000 төгрөгийн үнэ бүхий “Жайнт” загварын унадаг дугуйг төмөр таслагч хэрэглэж, хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан
үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Э.Дөлгөөнийн өгсөн мэдүүлэг /хх-9/, хохирогч Б.Бат-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-12/, гэрч С.Цэдэвийн өгсөн мэдүүлэг /хх-21/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-24-25/, О.М ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-13-16/, гэрч О.Осормаагийн өгсөн мэдүүлэг /хх22/, шүүгдэгч О.М ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45/, А.Т гийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-18-20/, шүүгдэгч А.Т гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-48/, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /хх-47/, шинээр 1 хуудас хохирол төлсөн баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч А.Т О.М нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Энканто” хотхоны 306 дугаар байрны гадна байсан иргэн Э.Дөлгөөнийн 360.000 төгрөгийн үнэ бүхий “Мерида” загварын унадаг дугуй, иргэн Б.Бат-Эрдэнийн 300.000 төгрөгийн үнэ бүхий “Жайнт” загварын унадаг дугуйг төмөр таслагч хэрэглэж, хулгайлсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Дөлгөөнийн өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 5-ны өглөөний 10 цагийн үед гэрээсээ нохойгоо гарч салхилуулж байгаад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Энканто” хотхоны 306 дугаар байрны гадна байрлах унадаг дугуйн зогсоолд байсан “Мерида” загварын унадаг дугуйгаа шалгах гээд харахад миний унадаг дугуй байгаагүй. Тэгээд байрны харуулаас унадаг дугуй алга болсон талаар асуухад өчигдөр хоёр хүүхэд хоёр унадаг дугуй хулгайлаад авч явж байгаад баригдсан гээд тухайн хүмүүсийн хулгайлсан хоёр дугуйг үзүүлсэн. Тэр хоёр дугуйны нэг нь миний унадаг дугуй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон. Би унадаг дугуйгаа 2015 оны 7 сарын үед “Нарантууул” худалдааны төвийн унадаг дугуй зардаг хэсгээс 600.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 350.000 төгрөгөөр үнэлж байна. Би өөрийн “Мерида” загварын унадаг дугуйгаа буцаан авсан. Цоожний мөнгөө төлүүлнэ.” /хх-9/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бат-Эрдэнийн өгсөн: “... 2019 оны 4 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн орчимд би өөрийн дугуйгаа харахад зогсоол дээр цоожтой байсан бөгөөд 4 сарын 5-ны өглөө 09.30 цагийн орчимд дугуйгаа харахад байхгүй байсан. Тэгэхээр нь үүдний харуулд хэлэхэд “урьд шөнө 2 хүн дугуй хулгайлж байгаад баригдсан, цагдаад очоод уулзаарай” гэж хэлсэн. Миний дугуй “Жайнт” маркийн цагаан цэнхэр өнгийн 9 араатай дугуй байсан. Уг дугуйг би 4 жилийн өмнө 1 сая орчим төгрөгөөр авч байсан. Одоо дугуйгаа 400.000 төгрөгөөр, гинжийг нь 10.000 төгрөгөөр үнэлж байна. Би дугуйгаа гинжин цоожоор цоожилдог байсан. Би дугуйгаа бүтэн хүлээж авсан тул нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй. Гинжний мөнгийг нэхэхгүй.” /хх-12/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Цэдэвийн өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энканто” хотхонд харуул хамгаалалтын албанд ажилладаг юм. 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр би ээлжтэй байсан бөгөөд 4 сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 03 цаг өнгөрч байхад би хотхоноо тойроод эргээд явж байхад 2 залуу хотхоны дунд байдаг 305, 306 дугаар байрны дунд байдаг гэх дугуйн зогсоол орчмоор яваад орц руу орж буцаж гарч ирээд тамхи татаад байхаар нь сэжигтэй санагдаад би тэр хоёрыг анзаараад байж байсан юм. Тэгтэл тэр хоёр залуу дугуйн зогсоол дээр байсан дугуйнуудаас 2 дугуйг унаад баруун хойд зүгт явахаар нь би араас нь харуул Лхагвасүрэнгийн хамтаар хойд талын хашаа хүртэл хөөгөөд тэр хоёр хашаа давах гэж байхад нь барьж авсан. Би нэг залууг нь барихад миний өөдөөс өшиглөхөөр нь би гарыг нь өчөөд гуталных нь үдээсийг тайлаад гарыг нь уяад харуулын албаны даргад мэдэгдэхэд цагдаа дуудсан байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Тэр хоёр залуу шар өнгийн, урт төмөр тасддаг хайч аваад явж байсан бөгөөд тэр хайчаар дугуйг гинжилсэн байсан гинжийг тасдаж авсан байсан.” /хх-21/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.М ын яллагдагчаар өгсөн: “...Надад мөнгөний хэрэг гарсан байсан учир ийм зүйл хийх болсон. Хулгай хийх санааг би гаргасан. Тэгээд унадаг дугуй хулгайлахаар болж тасдагч багаж худалдаж авсан байсан.” /хх-33-34/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Т гийн яллагдагчаар өгсөн: “...Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр О.М “мөнгө хэрэгтэй болчихлоо, хоёулаа унадаг дугуй цуг хулгайлж авъя” гэж хэлэхэд нь би зөвшөөрөөд тэр өдөр О.М тай цуг явж унадаг дугуй хулгайлсан. Бид хоёрын хулгайлсан унадаг дугуйнуудыг “Энканто” хотхоны харуулууд нь авч үлдсэн. Тэгээд бид хоёрыг цагдаа дуудаж өгсөн. Би өөрийн гэм буруугаа хүлээж байна.” /хх-40-41/ гэх мэдүүлэг,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-24/,
Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-25-26/,
Мөрдөгчийн магадлагаа /хх-27-28/,
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-45, 48/ зэрэг болно.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч А.Т О.М нар нь бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Энканто” хотхоны 306 дугаар байрны гадна байсан иргэн Э.Дөлгөөнийн 360.000 төгрөгийн үнэ бүхий “Мерида” загварын унадаг дугуй, иргэн Б.Бат-Эрдэнийн 300.000 төгрөгийн үнэ бүхий “Жайнт” загварын унадаг дугуйг төмөр таслагч хэрэглэж, хулгайлсан болох нь хохирогч Э.Дөлгөөн, Б.Бат-Эрдэнэ, гэрч С.Цэдэв нарын мэдүүлгүүд, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн магадлагаа болон А.Т О.М нарын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч А.Т О.М нарын бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Энканто” хотхоны 306 дугаар байрны гадна байсан иргэн Э.Дөлгөөнийн 360.000 төгрөгийн үнэ бүхий “Мерида” загварын унадаг дугуй, иргэн Б.Бат-Эрдэнийн 300.000 төгрөгийн үнэ бүхий “Жайнт” загварын унадаг дугуйг төмөр таслагч хэрэглэж, хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүч нэмэгдүүлэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх зэрэгт тусгайлах бэлтгэсэн зүйлийг ойлгоно.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Т , О.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч А.Т , О.М нарын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, тэдэнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Э.Дөлгөөн, Б.Бат-Эрдэнэ нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул үүнийг шүүхээс шүүгдэгч А.Т , О.М нарт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч А.Т , О.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.Т , О.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялыг тус тус хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Энэ хэрэгтээ шүүгдэгч А.Т , О.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг тасдагч, 1 ширхэг гинжийг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Т , О.М нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. А.Т , О.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар А.Т , О.М нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, А.Т , О.М нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн1 ширхэг тасдагч, 1 ширхэг гинжийг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, А.Т , О.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Т , О.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС