Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01289

 

2023          06           30                                         210/МА2023/01289

 

 

Б.*******ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/00900 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.*******ийн хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээг дангаар цуцлах эрхгүй болохыг тогтоож, хохиролд 19,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, Д.*******, өмгөөлөгч Д.*******,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

            Б.******* “*******” ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр *******-ын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж Хан-Уул дүүргийн ******* хотхоны 6 дугаар блок, 2 дугаар орц, 13 давхар, ******* хаягт байрлах 5 өрөө, 138,47 м.кв талбай бүхий орон сууцыг захиалж урьдчилгаа төлбөрт 200,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг бэлнээр төлөх тохиолдолд гэрээний 4.2-т заасан хуваарийн дагуу төлөх, эсхүл 2.6-т зааснаар барилгыг улсын комисс хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор төлөх, банкны зээлд хамрагдаж байрны төлбөрийг төлөх, гүйцэтгэгч тал 2021 оны 4 дүгээр улиралд байрыг ашиглалтад оруулж өгөхөөр тохирсон боловч гүйцэтгэгч энэ үүргээ биелүүлээгүй. Корона вируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалж орон сууцыг 2022 оны 03 дугаар улиралд ашиглалтад оруулах, захиалагч төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр болсон. Б.******* орон сууцыг ашиглалтад орохоор төлбөрийг төлөх байсан. Гэтэл “*******” ХХК 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 22/1119 дугаар мэдэгдлээр гэрээг цуцалсан болохыг мэдэгдсэн нь үндэслэлгүй. “*******” ХХК орон сууцыг 2022 оны 3 дугаар улиралд оруулах үүргээ биелүүлээгүй атлаа гэрээг цуцалж, энэ  талаар мэдэгдсэн. Захиалагч төлбөрийн 51,58 хувь буюу 200,000,000 төгрөгийг төлсөн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.6-д зааснаар захиалагч байр ашиглалтад орсноос хойш 14 хоногийн хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлөх эрхтэй. Иймд “*******” ХХК орон сууц ашиглалтад оруулах үүргээ биелүүлж, Б.******* гэрээний 3.2-т зааснаар захиалгын гэрээг үргэлжлүүлэн орон сууцыг өмчлөлдөө авах эрхтэй тул хариуцагч орон сууц захиалгын гэрээг дангаар цуцлах эрхгүй  болохыг тогтоож өгнө үү.

            “*******” ХХК гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй. Б.******* 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш бусдын өмчлөлийн орон сууцыг сарын 1,500,000 төгрөгөөр түрээсэлсэн тул 13 сарын түрээсийн төлбөрт 19,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

            “Жи Би Энд Би” ХХК болон Б.******* нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр  *******-ын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Гэрээний 2.2-т орон сууцны нийт төлбөрийг 387,716,000 төгрөг гэж заасан. Мөн гэрээний 2.4-т орон сууцны үнийг төлөх хуваарийг заасан. Б.******* 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 3 удаагийн төлөлтөөр 200,000,000 төгрөг төлсөн. Б.******* үлдэгдэл 187,716,000 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 3.3-т захиалагч нь энэхүү гэрээний 2.4-д заасан төлбөр төлөх хугацааг 14 хоногоос дээш хугацаагаар хожимдуулсан тохиолдолд гүйцэтгэгч нь захиалагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж гэрээг дангаар цуцлах эрхтэй гэж заасны дагуу гэрээг цуцлах эрхтэй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

            3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

            3.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.4.1, 222 дугаар зүйлийн 222.7-д заасныг тус тус баримтлан хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч Б.*******тэй 2021.01.29-ний өдөр байгуулсан 21/0052 дугаар  *******-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхгүй болохыг тогтоож, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний хохиролд хариуцагчаас 19,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн урьдчилан төлсөн 325,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас 2,097,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож шийдвэрлэжээ.

 

            4. Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. “*******” ХХК Д.*******ыг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлтээ 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өгсөн. Гэтэл хэргийн материал танилцуулаагүй, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн. Хариуцагчийн өмгөөлөгч уг эрхээ давж заалдах шатны шүүхэд хэрэгжүүлэх боломжгүй.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн эдлэх эрхийг эдлүүлээгүйгээс хэргийн бодит байдал тогтоогдоогүй. Захиалагч ажил гүйцэтгэх гэрээнд заасан үүргийг биелүүлээгүйгээс гэрээг цуцлах үндэслэл болсон. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсанаар орон сууцыг буцаан өгөх боломжгүй болсон талаар хэрэгт ач холбогдол бүхий баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй.

            Шүүх хэрэгт авагдсан баримтыг ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Талуудын хүсэл зоригоос гадуур үнэлж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан гэрээний 2.4-т заасан төлбөр төлөх хуваарийг өөрчлөөгүй байхад шүүх “хуваарийг өөрчилсөн байна” гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасныг зөрчсөн. Орон сууцны 1.м.кв талбайн үнэ анх гэрээ байгуулахад 2,800,000 төгрөг байсан бол зах зээлийн өнөөгийн ханш 3,000,000 төгрөгөөр баригдаж борлуулалтын үнэ 4,800,000 төгрөг болсон. Орон сууцны төлбөр төлөх хуваарь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс зөрчигдсөн. Захиалагч 1 жил, 5 сарын хугацаанд 50 хувийн төлбөрийг төлөөгүйг шүүх гэрээний үүргийн ялимгүй зөрчил тул гүйцэтгэгч гэрээнээс татгалзах үндэслэл биш дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн шүүх нэмэлт хугацаа тогтоогоогүй гэж дүгнэсэн. Талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хязгаарлаж болохгүй. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар талууд хэдий ч гэрээнээс татгалзаж болно. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.3-т захиалагч төлбөр төлөх хугацааг 14 хоногоос дээш хугацаагаар хожимдуулсан тохиолдолд гүйцэтгэгч нь захиалагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж гэрээг дангаар цуцлах эрхтэй гэж заасан байхад шүүх энэ  талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Захиалагчийг орон сууцны үлдэгдэл 187,716,000 төгрөг төлөхийг 503 хоногийн хугацаанд шаардсан нэмэлт хугацаа олгосон. “*******” ХХК Б.*******т 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 22/1119 дугаар албан бичгээр гэрээг цуцлах талаар мэдэгдсэн байхад шүүх мэдэгдээгүй гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

            5. Давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

            Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг сунгаснаар ажлын үр дүнтэй уялдуулан төлбөр төлөх эрх үүрэг бүхий захиалагчийн гэрээний эрх үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр гэрээг дангаар цуцалсан нь үндэслэлгүй. Мөн гэрээний үр дүн болох орон сууц нь 2021 оны 04 дүгээр улиралд ашиглалтад орохоор байсан. Талуудын байгуулсан гэрээ нь хоёр талын харилцаанд эрх, үүрэг хүлээлгэсэн байна. Захиалгын орон сууцыг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөөгүй байгаа тохиолдолд орон сууц ашиглалтад оруулах хугацаатай уялдуулан төлбөр төлөх хуваарийг хэсэгчлэн төлөхөөр гэрээ байгуулсан. Гэрээний 2.6-д орон сууц ашиглалтад орж, гүйцэтгэх талын зүгээс захиалагч тал хүлээн авахыг хүлээн зөвшөөрсөн өдрөөс хойш 14 хоногийн дотор үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тохиолдолд гэрээг дангаар цуцлах эрхтэй гэж заасан. Гэрээний үр дүн нь орон сууцыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх үед хөлс төлөх нь шударга ёсны зарчимд нийцэж байна. Гэрээний гол нөхцөл болох гэрээний үр дүн орон сууц ашиглалтад оруулах хугацааг сунгасан болон уг хугацаанд үр дүн гараагүй. Мөн орон сууц ашиглалтад оруулах хугацааг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тооцсон. Уг хугацаанд үр дүн гараагүй буюу орон сууц ашиглалтад ороогүй. Захиалгын гэрээг 9 сарын хугацаагаар сунгасан учраас төлбөр төлөх хугацааг 09 сараар сунгагдсан гэж үзэхээр байна. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрээг цуцлах мэдэгдлийг ирүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг хянахад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн ба хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

            Харин шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

            1. Нэхэмжлэгч Б.******* хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан талуудын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан “*******” захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг гүйцэтгэгч дангаар цуцлах эрхгүй болохыг тогтоож, хохиролд 19,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            1.1. Талуудын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “*******” захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч “*******” ХХК Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “*******” цогцолбор хотхоны 6 дугаар блок, 2 дугаар орц, 13 давхрын *******од байрлах 5 өрөө, 138,47 м.кв талбай бүхий орон сууц, үйлчилгээний байрыг барьж гүйцэтгэх, захиалагч Б.******* байрны үнэд 387,716,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон гэрээний агуулгаас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Дээрх гэрээний 3.1-д зааснаар гүйцэтгэгч нь орон сууц, үйлчилгээний байрыг 2021 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн боловч талууд гэрээний хугацаанд өөрчлөлт оруулж, 2022 оны 03 дугаар улиралд ашиглалтад оруулахаар дээрх гэрээнд  өөрчлөлт оруулсан байна. (хх-ийн 7)

 

            1.2. Захиалагч Б.******* “*******” захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу орон сууцны үнэд 200,000,000 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй, харин талууд хооронд гүйцэтгэгч тал “захиалагч гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөр төлөөгүй” гэх үндэслэлээр гэрээг цуцлах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

            Хариуцагч “*******” ХХК 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 22/1119 дугаар албан бичгээр “... Захиалагч орон сууцны үнэд 387,716,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөрт багтаан төлөхөөр гэрээнд заасан... 200,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 187,716,000 төгрөгийг төлөөгүй” гэх үндэслэлээр “*******” захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг дангаар цуцалсан талаар мэдэгдсэнийг нэхэмжлэгч Б.******* эс зөвшөөрч нэмэлт гэрээгээр орон сууц ашиглалтад оруулах хугацааг хойшлуулсан боловч орон сууцыг ашиглалтад оруулаагүй атлаа гэрээг цуцлах талаар мэдэгдэл ирүүлснийг зөвшөөрөхгүй, төлбөр төлөх үүргээ гүйцэтгэхэд бэлэн гэсэн агуулга албан бичгийг захиалагчид хүргүүлсэн байна. (хх-10-11)

 

            1.3. Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан ба мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй байдаг.

           

            1.4. Хариуцагч “*******” ХХК нэхэмжлэгч Б.*******ийг “*******” захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосон боловч тэрээр үүргээ биелүүлээгүй, үр дүн гараагүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

            Түүнчлэн, хариуцагч “*******” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 22/1119 дугаартай мэдэгдлийг үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэхгүй ба Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй гэх нөхцөл байдал мөн  тогтоогдоогүй байна.

           

            1.5.Талууд гэрээнд өөрчлөлт оруулж, гүйцэтгэгчийн орон сууц, үйлчилгээний байрыг ашиглалтад оруулах хугацааг тохиролцож сунгасан, харин захиалагчийн төлбөр төлөх хугацааны талаар өөрчлөлт оруулж тохиролцоогүй атлаа захиалагчийг гэрээнд заасан үүргийг зөрчсөн гэж үзэх нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш байдлын зарчимд нийцэхгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу биш байна.

            1.6.Харин шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэлд хамааруулж дүгнэсэн нь тухайн тохиолдолд хамааралгүй, нэхэмжлэлийн хүрээнээс хальсан дүгнэлт болсон байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн “...шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн...” гэсэн давж заалдах гомдол үндэслэлтэй боловч хариуцагч гэрээг цуцлах журмыг баримтлаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй болно.

 

            2. Нэхэмжлэгчийн хохиролд 19,500,000 төгрөг гаргуулах шаардлагын талаар.

            Нэхэмжлэгч Б.******* хариуцагч “*******” ХХК гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүйгээс сард 1,500,000 төгрөгөөр орон сууц түрээсэлсэн тул 13 сарын түрээсийн төлбөрт 19,500,000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.

            2.1. Талууд орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг 2022 оны 03 дугаар улирал хүртэл сунгасан тул нэхэмжлэгч хохирол шаардах эрхгүй гэж анхан шатны шүүх дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх  хэсэгт заасантай нийцжээ.

 

            3. Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хойшлуулсан байна. Иймд хариуцагч тал дээрх хугацаанд тайлбар, татгалзлаа нотлох, улмаар хэргийн материалтай танилцах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байжээ. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн “... шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй.

 

            4. Талууд ажил гүйцэтгэх гэрээг цуцлах эрхтэй эсэх талаар маргасан байхад анхан шатны шүүх тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүйг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/00900  дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

            1 дэх заалтыг “Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК болон нэхэмжлэгч Б.******* нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 21/0052 дугаар *******-ийн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 22/1119 дугаар мэдэгдлээр гэрээг цуцалсан нь үндэслэлгүй болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хохиролд 19,500,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,097,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ

 

                                                  ШҮҮГЧИД                                  М.БАЯСГАЛАН

 

                                                                                                     Н.БАТЗОРИГ