| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2019/00055/Э |
| Дугаар | 00055 |
| Огноо | 2019-04-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 00055
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Э.Гантулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Цэдэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Од холбогдох 1932000000057 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1989 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, *тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ ДСЦТСХК-ний Зүүнхараа салбарт жолооч засварчин ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хаминган овогт Энхтуяагийн О. /РД: */
Шүүгдэгч Э.О нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны орой 21-22 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Айриш баарны үүдэнд иргэн Б.Тбыг гар түлхлээ гэх шалтгаанаар түүний нүдэн дээр нь татаж байсан тамхиа унтраасны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Оийн өгсөн…. ... 2019 оны 03 дугаар сарын 16-ны орой 21-22 цагийн орчимд айриш баарны үүдэнд тамхи татаад зогсож байхад хохирогч Б.Тб миний гарыг түлхэж гарч ирсэн. Тэгээд миний урд гараад тамхи татаад зогсохоор нь би архи уусан байсан болохоор татаж байсан тамхиа нүүр лүү нь хатгаж унтраасан. Тамхи хугараад унасан. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Б.Тбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... Би ганцаараа 7 дугаар багт байрлах Айриш бааранд 2019 оны 03 дугаар сарын 16-ны орой орж нэг шил пиво авч уугаад гарч тамхи татах гээд баарнаас гарахад 2 залуу зогсож байсан. Би тэр хоёрын хажуугаар нь гараад тамхиа татаж дуусгаад эргээд харахад миний зүүн нүдэн дээр тамхиар түлэх шиг болохоор нь зүүн нүдээ дараад О рүү чи яагаад миний нүдийг татаж байсан тамхиараа түлж байгаа юм бэ гэхэд чамайг ална гээд дайраад байсан. Яагаад миний зүүн нүдийг тамхиар түлсэнг нь би ойлгоогүй. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Гомдол санал байхгүй. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Би Улаанбаатар хотод Монгол мед эмнэлэгт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр очиж үзүүлсэн. 14 хоногийн дараа дахин ирж эмчилгээ хийлгэ гэсэн гэх мэдүүлэг /Хх-н 11-12 дугаар хуудас/
Гэрч Г.Гсгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Айриш баарны үүдний хоёр давхрын шатан дээр бид хоёр тамхи татаад зогсож байхад Айриш баарнаас Тб гарч ирээд бид хоёрын хажууд тамхи татаад зогсож байсан. Бид нар хоорондоо юу ч яриагүй. Тб тамхиа татаж дуусаад эргээд харахад О татаж байсан тамхиа Тбын нүд рүү нь чичсэн юм шиг байна лээ. Тбын нүднээс тамхины үнстэй хамт нулимс гарч байсан. Би яг хараагүй. Тб чи миний нүд рүү яагаад хатгаж байгаа юм бэ гэж хэлээд хоорондоо маргалдах гэхээр нь би тэр хоёрыг салгасан. Тб цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирээд тэр хоёрыг аваад явсан... Тб гарч ирэхдээ Оийн гарыг түлхэж гарч ирээд бид хоёрын хажууд тамхи татаж зогссон. О миний гарыг түлхлээ гээд Тбын нүд рүү татаж байсан тамхиараа чичсэн гэх мэдүүлэг /Хх-н 14 дүгээр хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэг дахин хийсэн акт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн № 69 ...... Дүгнэлт:
1.Б.Тбын биед зүүн нүдний талст түлэгдсэн, зүүн нүдний доод зовхи дотор хэсэгт арьс түлэгдсэн, зүүн нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх /Хх-н 26 дугаар хуудас/
Э.Оийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 24 дүгээр хуудас/
Сэлэнгэ аймаг Мандал сумын Төмөр замчдын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 35 дугаар хуудас/
Э.О нь урьд нь ял шийтгүүлсэн талаар Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 39 дүгээр хуудас/
Хохирогч Б.Тбын Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан Тб би эмчилгээний зардал хохиролд 400000 төгрөгийг хүлээн авлаа. Э.О нь надаас уучлалт гуйсан. Бид хоёр харилцан ойлголцож эвлэрсэн. Би түүнийг уучилж байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн гомдол байхгүй. Түүнд оногдох ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн тодорхойлолт /Хх-н 46 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Э.О нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны орой 21-22 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Айриш баарны үүдэнд иргэн Б.Тбыг гар түлхлээ гэх шалтгаанаар түүний нүдэн дээр нь татаж байсан тамхиа унтраасны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Э.Оийн хохирогч Б.Тбын зүүн нүдийг татаж байсан тамхиараа түлсэн үйлдэл нь миний гарыг түлхлээ гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.Оийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилтай байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж сард 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Б.Тб нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Хаминган овогт Энхтуяагийн Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Оийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.О нь 450000 төгрөгийн торгох ялыг 03 сарын хугацаанд 3 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН