Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 5701

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Монгол улсын иргэн ЧП56033161 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7а байр 27 тоотод оршин суух Олхонууд овогт Шадравын Төгсгэрэлийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Ш.Төгсгэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1972 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүүхдийн хувцасны үйлдвэрт анх ажилд ороод 1973 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс ажлаасаа халагдаж Дорноговь аймагт шилжиж ажилласан. Ингээд 1975 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хууль цаазын дунд сургуульд орж суралцан 1978 онд төгссөн. Би 2016 оны 6 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарсан. Гэтэл 1972 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 1973 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хүүхдийн хувцасны үйлдвэрт оёдолчноор ажилласан, мөн Дорноговь аймгийн Сайншанд хотын худалдаа бэлтгэлийн трестэд кассчны ажилд 1974 оноос 01 дүгээр сарын 08-ны өдрөөс Хууль цаазын дунд сургуульд орох хүртэл буюу 1975 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилласан хугацаанд улсад ажилласан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Ш.Төгсгэрэл нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

            Хүсэлт гаргагч Ш.Төгсгэрэл нь 1972 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс  1973 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Хүүхдийн хувцасны үйлдвэрт, 1974 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс 1975 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Сайншанд хотын худалдаа бэлтгэлийн трестэд кассчинаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, ХХҮ яамны оёдлын үйлдвэрийн нэгдлийн харьяа хүүхдийн хувцасны үйлдвэрийн даргын “Хүүхдийн хувцасны үйлдвэрийн 252 дугаар эрэгтэй, эмэгтэй хүүхдийн польтоны 2 дугаар курст суралцах хүмүүсийг батлах тухай шийдвэр”, тус үйлдвэрийн 1973 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 228 дугаар “Ажилд шилжүүлэх ба чөлөөлүүлэх тухай” тушаал, Дорноговь аймгийн Сайншанд хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын “Зарим ажилчдыг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” 1974 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 3 дугаар тушаал, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдлоо.

            Ш.Төгсгэрэлийн ажлаас чөлөөлсөн үеийн тушаал, шийдвэр архивт байхгүй, уг баримт олдохгүй байгаа тул түүний ажиллаж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

            Иймд Ш.Төгсгэрэлийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтийг үндэслэн түүний шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эзгүйд нь хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтуудыг удирдлага болгон,

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш.Төгсгэрэлийг  1972 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс  1973 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Хүүхдийн хувцасны үйлдвэрт оёдолчноор, 1974 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс 1975 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Сайншанд хотын худалдаа бэлтгэлийн трестэд кассчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Ш.Төгсгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.ЭНХЖАРГАЛ