Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 00059

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Иргэний нэхэмжлэгч Э.Уб

Шүүгдэгч М.С нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ст холбогдох 1932000310064 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Хөвсгөл аймаг Чандмань өндөр суманд 1974 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Армагууд овогт Мажигмаагийн С.   /РД: */

 

Шүүгдэгч М.С нь 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Э.Бсгийн эзэмшлийн Тоёота приус-20 загварын 25-53 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас Улаанбаатар хот орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутаг хоёр даваа гэх газарт эсрэг урсгалд орж эсрэг урсгалд өөдөөс ирж явсан Тоёота кровн загварын 56-33 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаснаас иргэн П.Шсгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Сийн өгсөн ……  2019 оны 02 дугаар сарын 03-ны өглөө би Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сум орохоор Шсгийн эзэмшлийн Хино маркийн 34-87 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан. Тэгээд 16 цагийн үед Хүдэр суманд очоод ачаа ачихаа больчихоор нь машиныг тэнд үлдээгээд Шсгийн жолоодож явсан приус машинд сууж наашаа явсан. Дархан-Уул аймагт ирэхэд Шсгийн нойр хүрээд байна гээд надад жолоогоо шилжүүлсэн. Тэгээд би приус 20 маркийн 25-53 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон. Тэгээд явж байгаад Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг хоёр даваа гэх газарт эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж осол гаргасан. Ослын улмаас Шсгийн хөл хугарсан. Мөргөлдсөн хоёр машин хоёулаа их эвдэрч гэмтсэн. Энэ хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг би төлж барагдуулна гэх мэдүүлэг

Иргэний нэхэмжлэгч Э.Убын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ....... 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр би Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Баянгол сум орохоор өөрийн эзэмшлийн 56-33 УНЦ улсын дугаартай Тоёота кровн маркийн машинтай явсан. Шөнийн 22 цагийн үед Улаанбаатар хотоос гараад 23 цаг 30 минутын үед Буугаад мордъё цайны газарт орж хоол идсэн. Хоол идэхдээ хоёр шил пиво уусан. Тэгээд цааш явж байгаад Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг хоёр даваа гэх газарт өөдөөс нэг жижиг тэрэг даялж орж ирэхээр нь би гэрлээ анивчуулсан гэтэл тулж ирээд миний машиныг мөргөсөн. Миний машин мөргүүлээд замын хажуу руу орсон. Би машинаас бууж нөгөө мөргөсөн машин дээр очиход С ах зүгээр байсан. Шс гэдэг хүний хөл нь хавчуулагдсан байсан. Эмнэлгийн машин ирэхээр нь Шсгийн хамт Баянгол сумын эмнэлэг рүү явсан. Миний биед гэмтэл учраагүй. Харин тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр 19052000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 6500000 төгрөгийг бэлэн авсан. Одоо үлдэгдэл 12552000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч П.Шсгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... С ах бид хоёр миний унаж явсан приус-20 маркийн 25-53 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Хүдэр сумаас би өөрөө машинаа жолоодож Улаанбаатар хот руу явах үедээ миний нойр хүрээд байхаар нь С ахаар приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодуулан би хажуугийн сандал дээр суудлынхаа арын түшлэгийг арагш нь болгож хэвтэж явсан. Тухайн үед С ах Бороо гоулдын салдаг дээр буух байсан. Тэр үед С ах энэ чинь яадаг пизда вэ гэхээр нь би өндийгөөд хартал их тод гэрэл харагдаж тас хийгээд явсан. Тэгээд би С ахаас юу болов гэхэд машинтай мөргөлдчихлөө гэж байсан. Тэгээд Баянгол сумаас цагдаа эмнэлэг ирж намайг Баянгол сумын эмнэлэг рүү авч явсан.... Миний зүүн талын хөл дунд чөмгөөрөө хугарч зүүн гар мөрөөрөө мултарсан гэмтэл авсан. Мөн баруун нүдний дээд доод хэсэгт язарч задарсан байсан гэх мэдүүлэг /Хх-н 24-25 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Э.Бсгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр би приус-20 маркийн тээврийн хэрэгслийг анх орж ирэх үед нь Б.Онон гэж хүнээс 15 сая төгрөгөөр худалдаж авсан. Уг машиныг Улаанбаатар хотын зам тээврийн яамны төрийн банкнаас зээлээр авч байсан. Уг машины үндсэн зээлийн төлбөр болох 15 сая төгрөгийг Пүрвээ овогтой Шсгээс 2019 оны 04 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулахыг шаардаж байгаа. Шс нь утсаар ярихдаа миний машины төлбөрийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны дотор бүрэн барагдуулна гэсэн. Мөн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн машины банкны зээлийг бол төлсөн. Би Шс гэж залуутай 2011 оноос 2014 оны 05 дугаар сар хүртэл гэр бүл болж 2 хүүхэд гаргасан. Тэгээд 2014 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байна. Шсгийн хоёр хүү нь над дээр байдаг юм. Харин С гэж хүнийг танихгүй.... Би бол тухайн үед миний машины түлхүүрийг авсан хүн болох П.Шсгээс приус-20 маркийн тээврийн хэрэгслийн үнийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /Хх-н 52 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2019 оны 03 дүгээр сарын 15-ны өдөр № 02........ Хариулт:

1.Т.Кроун маркийн 56-33 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Уб нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:

а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв.

2. Тоёота приус-20 маркийн 25-53 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Жолооч М.С нь замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв.

3. Тоёота приус-20 маркийн 25-53 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Жолооч М.С нь замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв гэх /Хх-н 68 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр № 77 ........ Дүгнэлт

1.П.Шсгийн биед зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, зүүн мөрний мултрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, шарх, зүүн хөлийн шилбэнд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 83 дугаар хуудас/

Э.Убын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч 400000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан № 0000014 дугаартай шийтгэлийн хуудас /Хх-н 14 дүгээр хуудас/

М.Сийн согтуурлыг шалгахад 0,00 байлаа гэсэн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /Хх-н 16 дугаар хуудас/

56-33 УНЦ улсын дугаартай Тоёота кровн маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын шууд зардлыг 18182000 төгрөгөөр, шууд бус зардлыг 870000 төгрөгөөр, нийт 19052000 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 37 дугаар хуудас/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 43-47 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын Баян-Арцатын 9 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 91 дүгээр хуудас/

М.С нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 94 дүгээр хуудас/

М.Сийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 95 дугаар хуудас/

25-53 УНС улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын шууд зардлыг 5649000 төгрөгөөр, шууд бус зардлыг 780000 төгрөгөөр, нийт 6429000 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 101 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч М.С нь 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Э.Бсгийн эзэмшлийн Тоёота приус-20 загварын 25-53 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас Улаанбаатар хот орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутаг хоёр даваа гэх газарт эсрэг урсгалд орж эсрэг урсгалд өөдөөс ирж явсан Тоёота кровн загварын 56-33 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаснаас иргэн П.Шсгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ялыг оногдуулах  үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч М.С нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх бөгөөд энэ зүйл ангиар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэсэн улсын яллагчийн саналыг хүлээн авах боломжтой байна.

Шүүгдэгч М.Сийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж сард 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч П.Шс нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Сээс 12552000 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13-266 тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч Хан цээж овогт Энхбаярын Убд, 6429000 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Хангайн 5-25 тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч Хөөргөд овогт Эрдэнэбатын Бсд тус тус олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, М.Сийн № 243766 дугаартай ВСDE ангиллын жолоччийн үнэмлэхийг буцаан олгохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Армагууд овогт Мажигмаагийн Сийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Сийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.С нь 450000 төгрөгийн торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар М.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.С нь цагдан хоригдсон хоноггүй, М.Сийн № 243766 дугаартай ВСDE ангиллын жолоччийн үнэмлэхийг буцаан олгох, хохирогч П.Шс нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.

             6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Сээс 12552000 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13-266 тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч Хан цээж овогт Энхбаярын Убд /РД:УС85090710/, 6429000 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Хангайн 5-25 тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч Хөөргөд овогт Эрдэнэбатын Бсд /РД:ВА89070103/ тус тус олгосугай.

            7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Ст өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН