Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01861

 

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01861

 

ХХХХгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/01435 дугаар шийдвэртэй,

 

ХХХХгийн нэхэмжлэлтэй

ХХХХт холбогдох,

 

Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Хүүхдийг өөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ХХХХ, хариуцагч ХХХХ, түүний өмгөөлөгч ХХХХ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ХХХХ нь 2012 онд ХХХХтай танилцаж, 2017 оноос хамтран амьдарч, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр охин ХХХХ төрсөн.

1.2. Тэд зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2020 оны 12 дугаар сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд охин ХХХХ эхийн асрамжид байгаа.

1.3. Иймд охин ХХХХыг эхийн асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ХХХХ, ХХХХ 2012 онд танилцаж, 2017 оноос хамтран амьдарч эхэлсэн. Тэдний дундаас охин ХХХХ 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн.

2.2. Охины ээж ХХХХ өмнөх амьдралаасаа 3 хүүхэдтэй.

2.3. ХХХХ охиноо өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс тусдаа амьдарч эхэлснээс хойш ХХХХ нь охиноо ээлжлэн асран халамжилж 7 хоногт 2-оос дээш өдөр болон эх нь ажилтай үед өөр дээрээ авч байдаг байсан. 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр охиныг эх нь авч явснаас хойш ХХХХтай уулзуулахгүй байгаа бөгөөд өнгөрсөн 8 сарын хугацаанд зарим үед утсаар ч яриулдаггүй байсан байна.

2.4. Охин ХХХХыг эцгийн асрамжид үлдээж өгнө үү.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. ХХХХ охиноо өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс ХХХХ, ХХХХ нь тусдаа амьдарч эхэлснээс хойш тэд охиноо ээлжлэн асран халамжилж 7 хоногт 2-оос дээш өдөр эцэг нь өөр дээрээ авч байсан, эх нь ажилтай үед мөн эцэг нь хардаг байна. 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр охиныг эх нь авч явснаас хойш эцэгтэй нь уулзуулахгүй байгаа бөгөөд өнгөрсөн 8 сарын хугацаанд зарим үед утсаар ч яриулдаггүй байжээ.

3.2. Охин одоо 4 настай учир зайлшгүй эхийн асрамжид байх нөхцөл байдал байхгүй.

3.3. Охины ээж ХХХХ авто захын цайны газар туслах тогоочоор 7 хоногийн 6 өдөр, өдрийн 08.00-20.00 цагийн хооронд ажилладаг, сарын цалин нь 600,000-700,000 төгрөг байдаг. Одоогоор ХХХХ орших, хуучин нийтийн байрны баруун жигүүрт байрлах, 25 м.кв талбайтай байшин хөлсөж амьдарч байгаа.

ХХХХ 3 эрэгтэй дүүтэй бөгөөд тусалж дэмжих ах дүү хомс тул оюунтан охин н.ХХХХгаас өөр хүүхэд харах хүн байхгүй гэдгийг нь хэн алин нь мэднэ.

3.4. Эцэг нь 2017 оноос хойш ХХХХын Рэйлком төвд жолоочоор, 7 хоногийн 5 өдөр 08.00-17.00 цагийн хооронд ажилладаг бөгөөд сарын 1,220,000 төгрөгийн цалинтай. Мөн ХХХХт орших ХХХХ нэгж талбарын дугаартай 500 м.кв газар, мөн тоот хаягт орших 59,4 м.кв талбайтай, дөрвөн улирлын хувийн сууцны зориулалттай, ХХХХ дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм

3.5. Байгууллага нь дотооддоо хүүхдийн сектор гэх тухайлсан нэгж байгуулан ажиллуулдаг бөгөөд секторын ажлын хүрээнд охин ХХХХыг сургуулийн өмнөх боловсролд хамруулах бүрэн боломжтой болохыг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 49/378 дугаар албан бичгээр илэрхийлсэн болно.

3.6. ХХХХын ээж ХХХХ нь ач охиндоо маш хайртай бөгөөд хэрэв эцэг нь охиноо асран халамжлах тохиолдолд тэдэнтэй хамт амьдрах хүсэлтэй байгаа.

3.7. ХХХХ охиноо эхтэй нь тогтмол уулзуулна, эхийнх нь эсхүл охиныхоо хэн алины нь хүсэлтийн дагуу тухай бүр уулзуулж байх болно.

3.8. Хүүхдийн эрх, ашгийг нэн тэргүүнд тавьж үзвэл миний охиныг эцгийн асрамжид үлдээж шийдвэрлэж өгнө үү.

 

4.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

4.1. Охин ХХХХыг эцэг ХХХХын асрамжид үлдээх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.2. ХХХХ нь байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүүхдүүдийн хажууд байнга ХХХХг зоддог байсан. Тухайлбал, ХХХХ нь ХХХХгийн төрсөн өдрөөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр анх хүүхдүүдийн хажууд алгадсан, 2020 онд хүүхдүүдийн хажууд цохиж, хүчирхийлж байсан. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүүхдүүдийн хажууд хоёр хөл рүү өшиглөөд, хүүхэд төрүүлсэн хагалгааны оёдолтой гэдэс рүү өшиглөсөн, 2 гарыг нь мушгиад зодсон ба тухайн үед цагдаад дуудлага өгч, ХХХХт 14 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан. Үүнээс хойш 2021 оны 01 сард бага охины хажууд хоолойг боож унагаж байсан.

4.3. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болж 2020 оны 12 сараас эхлэн тусдаа амьдарч эхэлсэн. Тусдаа амьдрах бүхий л хугацаанд охин Д.Ариун-Учрал эхийн асрамжид байсан. ХХХХын зүгээс тусдаа амьдрах энэ хугацаанд хүүхэддээ ямар ч мөнгө, төгрөг өгдөггүй, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрт нэмэрлээч гэж гуйхад надад мөнгө байхгүй гэж хэлдэг байсан.

4.4. ХХХХ нь тусдаа амьдрах бүхий л хугацаанд хүүхдээ асран тэтгэх үүргээ биелүүлж байгаагүй, гэр бүлийн хүчирхийллийн улмаас цаашид хамтдаа амьдрах боломжгүй болсон бөгөөд гэр бүлийн хүчирхийллийг дандаа хүүхдийн хажууд үйлдэж байсан нь хүүхдийн хүмүүжил, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байна.

4.5. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин ХХХХыг эх ХХХХгийн асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин ХХХХыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг ХХХХаас нь тэтгэлэг гаргуулж, эх ХХХХд олгож, тэжээн тэтгүүлж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХХХХаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч ХХХХ, хариуцагч ХХХХ нар нь дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд нь хэн алиндаа саад учруулахгүй байх үүрэгтэйг мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,065 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХХаас 108,065 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХХд олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

6.1. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон "Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын гаргасан дүгнэлт, Хүүхэд бага насны, эмэгтэй, эцэг эхээ тусдаа амьдарсан 2020 оны 12 дугаар сараас хойш эхийнхээ асрамжид байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан, хүүхдийн эрх ашгийг дээдлэн хүндэтгэж охин ХХХХыг эх болох ХХХХгийн асрамжид өгөх нь хүүхдийн хүмүүжил төлөвшилд харшлах зүйл байхгүй" гэсэн дүгнэлтэд дараах нөхцөл байдлыг орхигдуулсан байна.

6.1.1 Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын гаргасан дүгнэлт нь хүүхдийг зөвхөн эхийн асрамжид өгөхөөр шийдвэрлэх тухай дүгнэлт биш юм.

6.2. Хүүхэд бага насны буюу 4 настай байгаа нь хөдөлбөргүйгээр эхийн асрамжид өгөх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Бага насны хүүхдийг эхийн асрамжид өгөх шууд үндэслэл болохгүй, зайлшгүй эхийн асрамжид байх нөхцөл байдал байхгүй байна.

6.3. Мөн "охин хүүхэд" гэдгийг нь эхийн асрамжид үлдээх нэг үндэслэл болгожээ. Аливаа эцэг, эх өөрийн төрсөн үр хүүхдээ эрэгтэй, эмэгтэй хүйсээс нь хамаарч ялгамжтай хайрлах, улмаар хүйсээс нь хамаарч хүмүүжил төлөвшилтөд эерэг, сөргөөр нөлөөлөх боломжгүй

6.4. Эцэг, эхээ тусдаа амьдарсан 2020 оны 12 дугаар сараас хойш эхийнхээ асрамжид байгаа гэж дүгнэх нь учир дутагдалтай юм. Тусдаа амьдарсан боловч охинтойгоо 7 хоног бүр 3-4 өдөр хамт байж өөр дээрээ авч байсан. Түүнчлэн ээжийг нь эмнэлэгт хэвтэх, хувийн ажилтай гэх нөхцөл шалтгаан хэлэхэд нь заримдаа 7 хоног бүтэн, заримдаа 14 хоног ч охиноо өөр дээрээ авч хамт байсан. Хамгийн сүүлд энэ зун ихэнх хугацаанд охиноо авч байсан.

6.5. Сэтгэл зүйч дээр хамт очъё гэхэд татгалздаг, хоёулхнаа сууж байгаад ярилцаж эвлэрэх уулзалтыг дөрвөөс дээш удаа зохион байгуулан арга хэмжээг авч байсан ба ээж нь энэ бүгдийг үл тоомсорлосон.

6.6. Цалин хөлс, түүнтэй адилтгах орлого нь хүүхдийг асрамждаа авах шууд үндэслэл болохгүй ч зайлшгүй харгалзан үзэх хүүхдийн одоогийн бодит хэрэгцээг хангахуйц байх нь зүй ёсны асуудал юм.

Охины ээж ХХХХ авто захын цайны газар туслах 7 хоногийн 6 өдөр, өдрийн 08.00-20.00 цагийн хооронд ажилладаг, сарын цалин нь 600.000-700,000 төгрөг байдаг, 25 м.кв талбайтай байшин хөлсөлж амьдарч байгаа.

6.7. ХХХХ нь ХХХХын Рэйлком төвд жолоочоор ажилладаг бөгөөд 7 хоногийн 5 өдөр 08.00-17.00 цагийн хооронд ажиллаж, сарын 1.220.000 төгрөгийн цалинтай хувийн сууц, газар өмчилдөг.

6.8. Байгууллага нь дотооддоо хүүхдийн сектор ажиллуулдаг бөгөөд секторын ажлын хүрээнд миний охин ХХХХыг сургуулийн өмнөх боловсролд хамруулах бүрэн боломжтой болохыг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 49/378 дугаар албан бичгээр илэрхийлсэн болно.

6.9. Эцэг Г.Ариунбаяр охиноо өөрөө асран халамжлах тохиолдолд эхтэй нь тогтмол, эхийнх нь эсхүл охиныхоо хэн алины нь хүсэлтийн дагуу тухай бур уулзуулж байх болно.

Иймд дээрх нөхцөл байдлыг үнэлж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, охин ХХХХыг эцгийн асрамжид үлдээж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. ХХХХ нь сарын 1,200,000 төгрөгийн цалинтай. Хэдийгээр түрээсийн байранд амьдарч байгаа боловч хүүхдүүдээ ямар нэгэн зүйлээр дутааж өсгөөгүй. ХХХХ нь орлогоор бага хүүхдээ төлбөртэй цэцэрлэгт хамруулж, хайрлаж, халамжилж амьдарч байна.

7.2. Тусдаа амьдарсан хугацаанд хариуцагч хүүхэддээ нэг ч төгрөг өгөөгүй. Өөрийн хүүхдээ адилхан харж хандах тэжээн тэтгэх үүрэгтэй. Тэрээр 7 хоног бүр охиныг аавтай нь уулзуулж байсан боловч эцэг нь байнгын 108-д хуурамч дуудлага өгч асуудал үүсгэж байсан. Хариуцагчийн хэлсэн шиг хүүхдээ ямар нэгэн зүйлээр дутааж хэцүү байдалд амьдруулаагүй. Үүнийг шинжээчийн баг тодорхойлж өгсөн.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХт холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, охин ХХХХыг өөрийн асрамжид авахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, охин ХХХХыг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

4. Зохигчид 2012 онд танилцаж, 2017 оноос хойш хамтран амьдарсан, тэдний дундаас 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр охин ХХХХ төржээ. Зохигчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2020 оны 12 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5. Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргасан, шүүх шинжээчээр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг томилсон байна.

 

6. Шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгч ХХХХ, хариуцагч ХХХХ нар хэн хэн нь хүүхдээ асран хамгаалах бүрэн боломжтой гэжээ.

Шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлт, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүүхэд 4 настай буюу бага насны, эмэгтэй, төрсөн цагаас хойш эхийн халамж асрамжид байгаа бөгөөд эцэг, эхийн хэн аль нь тогтсон ажил орлоготой, хүүхдээ тэжээн тэтгэх боломжтой тохиолдолд эхтэйгээ ээнэгшин дассан байдлыг харгалзан эхийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

7. Иймд цалин орлогын зөрүү, оршин суугаа газрын нөхцөл байдал ялгамжтай зэрэг байдлыг харгалзан үзээгүй гэх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

Тодруулбал, хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан эдийн засгийн болон ахуйн нөхцөл, бололцооны хувьд давуу гэх нөхцөл байдал нь хүүхдийн асрамжийг өөрчлөх шууд үндэслэл болж чадахгүй.

 

8. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т тус тус зааснаар хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эхийнхээ хэн нэгнээс тусдаа байх үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй, харин эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргийн хүрээнд хүүхэд эцэгтэй уулзах, тодорхой нөхцөлд буюу эхийг эмнэлэгт хэвтэх зэрэг үед хүүхэд эцгийн халамж асаргаанд байх нөхцөлийг үндэслэн охины асрамжийг өөрчлөх үндэслэл болохгүй болно.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/01435 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Э.ЗОЛЗАЯА