| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2019/00072/Э |
| Дугаар | 00074 |
| Огноо | 2019-05-08 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 00074
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Э.Гантулга
Орчуулагч, хэлмэрч Г.Бөхтөмөр
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тонг ЧЧд /Tong Cheng Cheng/ холбогдох 1932000000067 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, БНХАУ№ын Өвөр монголын Өөртөө засах орны Манжуур хотод 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн шийтгэлтэй
-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн № 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тонг овогт ЧЧ. /Tong Cheng Cheng / РД: */
Шүүгдэгч Тонг ЧЧ /Tong Cheng Cheng / нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны шөнө 23-24 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Старс баарны гаднаас иргэн Т.Амгийн эзэмшлийн HONDA INSIGHT маркийн 97-60 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, уг тээврийн хэрэгслийг жолоодон иргэн Б.Асийг суулган замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Магнай трейд шатахуун түгээх станцаас баруун тийш 300 метр зайд байрлах төмөр замын нүхэн гарцны урд талын шороон замын хажуугийн шороон эрэг мөргөн зам тээврийн осол гаргаж иргэн Б.Асийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Тонг ЧЧий өгсөн …… 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хадам аавын шарилын газарт очоод сэтгэл хямраад хадмынхаа гэрт орой нь ганцаараа пиво уусан. Тэгээд эхнэрийн эгч Т.Амтай хамт бааранд орсон. Бааранд ороход От, Чм гэх эмэгтэй нар байсан. Бааранд ороод би архи уугаагүй. Тэр хэд архи уусан. Тэгээд би хадам эгч Амгийн машины түлхүүрийг авч гарч ирээд машиныг жолоодсон. Дэлгүүр орж тамхи авах гэж байсан юм. Тамхиа авч чадалгүй буцаад бааранд очих гэсэн чинь төөрөөд байсан. Замаар явж байтал нэг хүн таарахаар нь тэр хүнээр зам заалгах гэтэл тэр хүн машинд суусан. Тэгээд жаахан цааш яваад юу болсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Т.Амгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ......... Манай хүргэн Тон ЧЧ 16 цагийн үед манай гэрээс Алсын өртөө төмрийн үйлдвэрт очиж хүнтэй уулзана гээд гарсан байсан. Би гэртээ байж байхад 22 цагийн үед манай хуурай эгч От болон найз Гч нар над руу утасдаж Старс караокед хүрээд ир гэж хэлсэн. Би Старс караоке руу явж байх замдаа Алсын өртөө арматурын үйлдвэрээс хүргэн Тон ЧЧийг авч дагуулаад Старс караокед 22 цаг өнгөрч байхад очсон. Тон ЧЧ бид хоёр Старс караокед очоод 2 давхарт байдаг Вип өрөнд нь орсон чинь От эгч, Гч хоёр байсан. Бид дөрөв хамт нэг өрөөнд сууж дандаа пиво захиалж уусан. Би 23 цагийн үед Гч, От эгч, Тон ЧЧ нарыг үлдээгээд Старс караокений бие засах өрөөнд орж бие засчихаад эргээд вип өрөө рүү орсон чинь Тон ЧЧ байхгүй болчихсон байсан. Би эхэндээ Тон ЧЧийг гадаа тамхи татаж байгаа юм байх гэж бодоод тоохгүй байсан чинь эргэж орж ирэхгүй болохоор нь араас нь ганцаараа гараад харсан чинь гадаа байхгүй байсан, бас Старс караокений үүдэнд байсан миний машин бас байхгүй болохоор нь эргэж ороод Тон ЧЧий 89299998 дугаарын утас руу нь залгасан чинь Тон ЧЧий гар утас, куртка хоёр бидний сууж байсан өрөөнд дуугарсан. Тон ЧЧийг ойрхон гарсан байлгүй гэж бодоод хүлээгээд сууж байтал 23 цаг 45 минутын үед танихгүй дугаараас над руу залгаж таны эзэмшлийн 97-60 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нүхэн гарцны дэргэд зам тээврийн осол гаргасан байна гэж хэлэхээр нь От эгч, Гч бид гурав Старс караокеноос гараад такси бариад төмөр замын нүхэн гарцны дэргэд очиход Тон ЧЧ нуруу өвдөөд байна гэж хэлчихсэн байж байсан. Бас нэг хүн хамт явж байгаад гэмтсэн юм шиг байна лээ. Тэр хүн нь биднийг очиход эмнэлэг рүү явчихсан гээд байж байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 29-30 дугаар хуудас/
Хохирогч Б.Асийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ........ Манай эхнэр Чд 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрж манай бага хүү БЭ мэндэлсэн. Би 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр галт тэргээр Мандал суманд ирж нэгдсэн эмнэлгийн хүлээн авахын үүдэнд хоносон.
Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн үед Мандал сумын нэгдсэн эмнэлгээс ганцаараа гарч вокзалын бэлэн мөнгөний машинаас мөнгө авахаар явган алхаад явж байтал миний хажууд хар бараан өнгөтэй суудлын машин ирж зогсоод нэг хятад хазгай хэлтэй залуу хаалга онгойлгоод наашаа суучих ахаа юм асууя гэж монгол хэлээр ярьсан. Тэгэхээр нь би үгүй үгүй би зам сайн мэдэхгүй гэж хэлсэн чинь гараараа юм зураад юу яриад байгаа нь ойлгогдохгүй байсан. Би тэр үед машинд нь суугаад чи АТМ явж байгаа бол би АТМ явж байна гэж хэлээд картаа үзүүлсэн чинь тэр залуу үгүй үгүй надад мөнгө байнаа гэж хэлсэн. Би тэр залуутай нэгдсэн эмнэлгийн ертөнцийн зүгээр баруун хойд талын бетон замын хажууд таарч уулзсан. Ингээд тэр залуу намайг машиндаа суулгаад цааш явж байтал замын цагдаагийн албан хаагч машин дотроосоо цонхоороо улаан дохиур модоор зогс гэж дохитол тэр хятад залуу зогсолгүй шууд хурдаа нэмээд зугатаасан. Би тэр үед чи зогс би бууя гэж хэлсэн чинь зүгээрээ зүгээрээ гэж хэлээд давхиад байсан. Би хойшоо цонхоор нь эргэж харсан чинь цагдаагийн машин хөдлөөд бидний араас эргэж байгаа харагдсан. Зугатаж явж байгаад тэр хятад залуу шороон овоо мөргөж бартаатай замаар явсан. Би машиных нь урд салоныг нь мөргөөд хэсэг ухаан алдсан, нэг сэрсэн чинь машинаас гарчихсан шороон дээр хэвтэж байсан. Намайг баахан цагдаа нар тойроод зогсчихсон битгий хөдөл эмнэлгийн машин ирж байгаа гэж хэлсэн. Би тэр үед миний нуруу өвдөөд байна би хаана байна гэж хэлсэн. Эмнэлгийн машин удалгүй ирээд намайг машиндаа суулгаад эмнэлэг рүү авч явсан. Тэр шөнөдөө намайг Улаанбаатар хотын гэмтэл согог судлалын эмнэлэг рүү манай ах дүү нар өөрсдийн машинаар авч явж хэвтүүлсэн. Би гэмтлийн эмнэлэгт 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хэвтэж эмчлүүлсэн. Нурууны хагалгаа хийлгүүлж нуруундаа шүрүүп тавиулсан. Хөлдөө гипс тавиулсан. Гэх мэдүүлэг /Хх-н 34-35 дугаар хуудас/
Гэрч Б.Отийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ........ Бид дөрөв нийлээд нэг нэг шилтэй пиво авч уучхаад цагаа сунгах уу яах уу гэж ярилцсан. Ам бие засах гээд Вип өрөөнөөс гарсан байх, араас нь Тон ЧЧ гэдэг хятад залуу гараад явсан. Ам бие засчихаад эргэж орж ирээд Тон ЧЧ байхгүй болчихсон байна шүү дээ миний халаасанд байсан машины түлхүүр бас байхгүй байна гэж ярьсан. Удалгүй Амгийн утас руу танихгүй дугаараас залгаад таны машин чинь осол хийсэн байна гэж хэлсэн. Гч, Ам бид гурав Старсаас гараад такси бариад төмөр замын нүхэн гарцны ойролцоо очиж Ам, Гч хоёр таксинаас буугаад үлдсэн. Тэр үед манай охин төрөх гээд над руу хэл өгсөн болохоор нь би тэр таксигаар нь гэр лүүгээ хүргүүлсэн. Би таксинаас бууж ослын газарт очоогүй гэх мэдүүлэг /Хх-н 37 дугаар хуудас/
Гэрч Ш.БИгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... 2019 оны 02 дугаар сарын 23-ны орой 23 цаг өнгөрч байхад Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Сэргээш кафений баруун талын бетон зам дээр ертөнцийн зүгээр урдаас хойд зүгийн чиглэлд зорчиж явсан хонда инсайт загварын 97-60 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг цагдаагийн албаны улаан өнгийн дохиур модоор зогсох шаардлага тавихад хурдаа хасч баруун гар тал руу шахаж зогсох үйлдэл хийгээд зогсох шиг болохоор нь очиж шалгахаар машинаас буутал тэр машин Мод боловсруулах үйлдвэрийн хашааны өмнүүр Спортын ордны зүг рүү хар хурдаараа давхиад зугатаагаад явчтхсан. Ахлагч Мөнхнайрамдал бид хоёр машиндаа буцаж суугаад машинаа эргүүлэн Мод боловсруулах үйлдвэрийн хашааны үүднээс тэр машины араас явсан зүгийг нь хартал Хүүхдийн ордны урдуур гарч шороон зам руу орж төмөр замын нүхэн гарцны зүг рүү явж байгаа харагдсан. Тэгэхээр нь замын цагдаагийн эргүүл дэд ахлагч Гаанжуур руу утсаар залгаж 97-60 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоох гэтэл зогсохгүй төмөр замын нүхэн гарц руу чиглээд явчихлаа замын хойгуур явах юм шиг байна замын хойгуур шалгалт хийгээрэй гэж хэлээд араас нь явж байтал төмөр замын нүхэн гарцны урд хэсэгт машины гэрэл зогссон байхаар нь араас нь очиж үзэхэд 97-60 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шороон эрэг дээр тэгнээд зогссон байсан. Очмон чинь жолооч нь монгол хэлээр ярьж чадахгүй хятад улсын иргэн бууж ирээд хятад хэлээр юм яриад байсан. Жолоочийн эсрэг талын урд суудал дээр монгол хүн сууж байсан. Ослын дэр нь задпарч цус болсон байсан гэх мэдүүлэг /Хх-н 39 дүгээр хуудас/
Гэрч Г.Гчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ........ Удалгүй Ам гаднаас нэг танихгүй хятад эрэгтэй хүнтэй хамт орж ирээд бид хоёртой цуг суусан. Бид нар пиво захиалж караокений өрөөнд дахиад нэг цаг орчим суусан. Ингээд Ам бие засах гээд жорлон явсан хойгуур тэр хятад хүн Вип өрөөнд тамхи татах гээд байхаар нь би энд тамхи татаж болохгүй гадаа гарч тамхиа тат гэж хэлсэн чинь тэр хүн тамхи татахаар гараад явсан. Ам жорлонгоос эргэж орж ирэхээр нь нөгөө хүн чинь тамхи татахаар гарсан гэж хэлсэн. Удалгүй Амгийн утас руу цагдаа нар залгаж таны машин зам тээврийн осол гаргасан байна гэж хэлсэн. От эгч бид гурав гадаа гарч Старсын гаднаас такси барьж төмөр замын нүхэн гарцны дэргэд очиход Амгийн машиныг нөгөө хятад унаж яваад зам тээврийн осол гаргаж шороон эрэг мргөөд дээр нь гараад зогссон байсан. От эгч тэр такситай гэртээ харина гээд явсан. Ам бид хоёр очоод машиныг нь харахад хойд гупер нь салсан, гэрэлнүүд нь хагарсан, хойд салхины шил нь хагарсан тос нь гоожсон байсан. Ам тэр хятад хүнээс чи яагаад машин аваад явчихсан юм бэ гэж асуусан чинь тэр хятад хүн нь би айгаад байна би мэдэхгүй гээд монголоор яриад байсан гэх мэдүүлэг /Хх-н 40 дүгээр хуудас/
Шинжээчийн дүгнэлт 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн № 07....... Хариулт:
1.Хонда инсайт маркийн 97-60 СЭА улсын дугаартай автомашины жолооч Хятад ард улсын иргэн Тонг ЧЧ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл, 3.3. зохицуулагч, цагдаагийн албан хаагч, олон нийтийн цагдаагийн ажилтан, автотээврийн болон байгаль орчны хяналтын улсын байцаагч энэ дүрмийн 8.16-д заасны дагуу зогсох дохио өгвөл жолооч тээврийн хэрэгслээ зогсоож энэ дүрмийн 3.1, 3.2-д заасан бичиг баримт болон шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл, тээж яваа ачаа, бусад зүйлийг зохих журмын дагуу шалгуулна. 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Хятад ард улсын иргэн Тонг ЧЧ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а, 3.3, 3.7.а, 12.3 зэрэг заалтуудыг зөрчсөнөөс осол гаргасан гэж үзэж дүгнэлт гаргав гэх /Хх-н 42 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн № 1443........ Дүгнэлт:
1.2.Шинжилгээнд ирүүлсэн Чин Чан гэж хаягласан цусанд 1,1 промилли спирт илэрсэн. Цусан дахь 1,1 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх /Хх-н 53 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 2814 ....... Дүгнэлт:
1.CHENG-н биед бүсэлхийн 3 дугаар нугаламын их биеийн хугарал, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх /Хх-н 70 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 83 ....... Дүгнэлт:
1.Б.Асийн биед бүсэлхийн 1 дүгээр нугаламын их биеийн шахагдсан далд хугарал, баруун шилбэ ясны хугарал, зүүн хацарт шарх, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 74 дүгээр хуудас/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-н 07-10 дугаар хуудас/
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийх үеийн схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-н 11-14 дүгээр хуудас/
Тонг ЧЧий /Tong Cheng Cheng/ согтуурлыг драйгер багажаар шалгахад 0,96 хувийн тоон үзүүлэлт илэрсэн гэсэн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /Хх-н 16 дугаар хуудас/
97-60 СЭА улсын дугаартай HONDA INSIGHT маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын шууд зардлыг 1005000 төгрөгөөр, шууд бус зардлыг 315000 төгрөгөөр, нийт 1320000 төгрөгөөр үнэлсэн Арвижих Эстимейт ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 79-80 дугаар хуудас/
Тонг ЧЧ /Tong Cheng Cheng/, Т.Баярмаа нарын гэрлэлтийн баталгааны хуулбар /Хх-н 92-93 дугаар хуудас/
Хохирогч Б.Асийн хохирол нэхэмжилсэн 26 ширхэг баримтууд /Хх-н 103-104 дүгээр хуудас
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирогч Б.Асэд хавтаст хэрэгт авагдсан эмчилгээний болон цаашид гарх эмчилгээний зардалд нийт 7.5 сая төгрөгийг хүлээлгэн өгсөн баримт болон Тонг ЧЧий /Tong Cheng Cheng/ бүсэлхийн нурууны комьпютерт томографийн шинжилгээний баримт зэрэг болно.
Шүүгдэгч Тонг ЧЧ /Tong Cheng Cheng / нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны шөнө 23-24 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Старс баарны гаднаас иргэн Т.Амгийн эзэмшлийн HONDA INSIGHT маркийн 97-60 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, уг тээврийн хэрэгслийг жолоодон иргэн Б.Асийг суулган замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Магнай трейд шатахуун түгээх станцаас баруун тийш 300 метр зайд байрлах төмөр замын нүхэн гарцны урд талын шороон замын хажуугийн шороон эрэг мөргөн зам тээврийн осол гаргаж иргэн Б.Асийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Тонг ЧЧ /Tong Cheng Cheng/ нь бусдын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а, 3.3, 3.7.а, 12.3 зэрэг заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх бөгөөд энэ зүйл ангиудаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Хохирогч Б.Ас нь мөрдөн байцаалтад хавтаст хэргийн 103-104 дүгээр талд авагдсан нотлох баримтаар 1244973 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Тонг ЧЧ /Tong Cheng Cheng / нь хавтаст хэрэгт авагдсан эмчилгээний зардал болон цаашид эмчлүүлэхэд гарах зардалд нийт 7500000 /долоон сая таван зуун мянган/ төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан тул хохирогч Б.Ас нь цаашид эмчлүүлэхэд гарах зардлыг нэхэмжлэхгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Тонг ЧЧ нь /Tong Cheng Cheng/ Монгол улсад хууль ёсоор оршин суух хугацаа дууссан, мөн Цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлага буюу тээврийн хэрэгсэл жолоодож явах үед нь зогсоож шалгах гэсэн дохиог зөрчин зугатааж явахдаа зам тээврийн осол гаргасан нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Тонг ЧЧд /Tong Cheng Cheng / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа уг тусгай ангид заасан доод хэмжээний торгох ял болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хорих ял болох 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ял нь 30 хоногийн буюу нэг сарын хугацаагаар хорих ял болж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 07 сарын хугацаагаар хорих ялаар тогтоох, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Тонг овогт ЧЧийг /Tong Cheng Cheng / автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Тонг ЧЧийг /Tong Cheng Cheng / 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Тонг ЧЧий /Tong Cheng Cheng / тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Тонг ЧЧд /Tong Cheng Cheng/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 07 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Тонг ЧЧд /Tong Cheng Cheng/ оногдуулсан 07 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Тонг ЧЧ нь /Tong Cheng Cheng/ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Хохирогч Б.Ас нь хавтаст хэрэгт авагдсан эмчилгээний зардалд болон цаашид эмчлүүлэхэд гарах зардалд нийт 7500000 /долоон сая таван зуун мянган/ төгрөгийг хүлээн авсан тул нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Тонг ЧЧд /Tong Cheng Cheng/ өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.