Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 012

 

................ сумын ................ нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, хариуцагч Ж.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Г.Баянбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 671 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ................ сумын ................ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Ц, Ж.Б, Ч.О нарт холбогдох дутагдуулсан барааны үнэ 27.226.192 /хорин долоон сая хоёр зуун хорин зургаан мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 3.330.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.           

Нэхэмжлэгч ................ сумын ................ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сургуулийн 2014 оны хагас жилийн тооллого, тооцоо бодолтоор нярав ажилтай байсан Ж.гийн Ц дээр 16.172.100 төгрөгийн бараа материал дутагдаж улмаар 2014 оны санхүүгийн хяналт, аудитын шалгалтын актаар 27.633.000 төгрөгийн өглөг шалгагдан 2014 оны жилийн эцсийн тайлангаар 27.226.192 төгрөг 55 мөнгөний өр үүссэн байна. Тус сумын ................-иас өрийг дуусгах талаар Ж.Ц-т мэдэгдэл өгсөн боловч одоог хүртэл барагдуулахгүй улсын төсөвт хүндрэл учруулж байгаа тул 27.226.192 төгрөг 55 мөнгөний өрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний төлөөлөн оролцож байгаа Хөвсгөл аймгийн ................ сумын ................ нь 2014 оны хагас жилийн тооллогоор 16.172.100 төгрөгийн дутагдал, 2014 оны санхүүгийн аудитын шалгалтаар нийт 27.233.000 төгрөгийн дутагдал гарсан ба төлбөрийг Ц-с 27.226.192 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч Ц нь эрүүгийн хэрэгт шалгагдаж 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр уг эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдсэн байгаа. Шалгалт хийсэн буюу шинжээчийн актаар Ц-с 17.579.500 төгрөг, тус сургуулийн нягтлан бодогч Ч.О-г ажил үүрэгтээ хайнга хандсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч өршөөл үзүүлэх тухай хууль болон хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр зарим хэрэг нь хэрэгсэхгүй болсон юм.  Хамтран хариуцагч Ж.Б нь төсвийн хөрөнгө 1.990.000 төгрөг, 1.100.000 төгрөгийг тус тус өөр зүйлд зарцуулсан үндэслэлээр шалгагдаж байгаад хохирлын хэмжээ хүрэхгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болсон тул одоо хариуцагч Ж.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Харин шинжээчийн актаар тогтоогдсон 17.579.500 төгрөгөөс Ц-ын өөрийн хөрөнгөөр сургуулийн махны зооринд хийсэн 1 сая төгрөгийг хасаад одоо 16.579.500 төгрөгийг Ж.Ц, Ч.О нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 оны 12 дугаар сард хийсэн санхүүгийн аудитын шалгалтаар манай сумын сургуульд шалгалт хийж 27 сая төгрөгийн бараа дутагдуулсан асуудал үүссэн. Тухайн үедээ сумын иргэдийн хурлыг хуралдуулж акт тавьсан. Би актыг хүлээн зөвшөөрөөгүй тул цагдаад эрүүгийн хэрэгт шалгагдаж байхад шүүхэд нэхэмжлэл өгсөн байсан. Тэгээд цагдаагийн асуудал шийдвэрлэгдсэн тул шүүх иргэний хэргийг сэргээсэн. Би актаар тавигдсан төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй 1/ “................” ХХК-иас нийлүүлж байсан борцны үнэ 6 сая төгрөг, 2/ Мөн компаний 1 сая төгрөгийн махны үнэ, 3/ ................ дэлгүүрээс авсан барааны үнэ, 4/ Хүнсний барааны хорогдол 2.100.000 төгрөг хасуулах хүсэлттэй байна. Иймд одоо надад төлөх төлбөргүй гэж үзэж байгаа гэжээ.

Хариуцагч Ч.О шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би сургуулийн нягтлан бодогчоор 2005 оны 5 сараас 2015 оны 3 дугаар сарын 01-н хүртэл ажиллаж байсан ба 2011 оны 4 дүгээр сарын 20-нд жирэмсний амралтаа аваад 2011 оны 9 сард ажилдаа орсон. 2014 оны 4 сарын 11-нд мөн жирэмсний амралтаа авч 2014 оны 7 дугаар сард ажилдаа орсон. Би ажиллаж байх хугацаандаа ажлыг цалгардуулахгүй гэж няравтаа байнга хяналт, шалгалт хийдэг байсан. ................ томилж өгсөн комиссоор тооллого хийлгэдэг байсан. Тухайн үед би ................ гээд 3 байгууллагын нягтлан бодогчоор ажиллаж байсан. Энэ хугацаанд цэцэрлэг болон соёлын төвд ийм асуудал үүсэж байгаагүй. Би ................-с өөртөө 1 кг мах ч аваагүй. Намайг жирэмсний амралттай байх хугацаанд хяналт суларсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ жирэмсний амралттай байх хугацаанд Х.Б гэдэг өөр нягтлан бодогч ажиллаж байсан. Иймд тухайн үед цалинг нь аваад нярваар ажиллаж байсан тул дээрх төлбөрийг Ц-аар төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.    

Хариуцагч Ж.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул надад хэлэх зүйл алга гэжээ.

Хариуцагч Ж.Ц сөрөг нэхэмжлэлийнхээ талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа ба 1.500.000 төгрөгийн үнэтэй плитаг гал тогооны засварт хийсэн, мөн залуу багш нарын зөвлөгөөнд оролцсон багш нарын шагналд хувиасаа өгсөн 1.830.000 төгрөг, нийт 3.330.000 төгрөгийг Хөвсгөл аймгийн ................ сумын................-с нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Т сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас махны зооринд хийсэн 1 сая төгрөгийг хассан байгаа... гал тогоонд 1.500.000 төгрөгийн үнэтэй засвар хийсэн талаар баримт хэрэгт гаргаж өгөөгүй, мөн багш нарын шагналд өөрөөсөө 1.830.000 төгрөгийг өгсөн мэтээр сөрөг нэхэмжлэлдээ дурьдсан боловч шагналд Ц-с ямар ч мөнгө төгрөг гаргаагүй, албаны ажилд хувиасаа мөнгө гаргана гэж байхгүй, хэдэн онд ямар зорилгоор гал тогоонд засвар хийсэн нь тодорхойгүй нь сургуулиас хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа учир хариуцагч Ж.Ц-ын нэхэмжилсэн 3.330.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 671 дугаартай шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Хөвсгөл аймгийн ................ сумын ................-н нэхэмжлэлтэй хамтран хариуцагч Ж.Б-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 497.1, 510.1, 514.1-т зааснаар хамтран хариуцагч Ч.О-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ж.Ц-аас 10.000.0000 /арван сая/ гаргуулж нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ................ сумын ................-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.579.500 /зургаан сая таван зуун далан есөн мянга таван зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар хариуцагч Ж.Ц-ын 3.330.000 /гурван сая гурван зуун гучин мянга/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Ж.Ц-аас 174.950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулах, сөрөг нэхэмжлэлд төлсөн 62.950 /жаран хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц давж заалдах гомдолдоо:  ... шийдвэрийн үндэслэх хэсэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт ач холбогдол байхгүй учир шүүх үнэлээгүй байна. Би өөртөө хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч Г.Б-г сонгож хүсэлтээ өгсөн. Уг хүсэлтийн дагуу миний хавтаст хэргийг уншиж танилцсан. 2016 оны 06 дугаар сарын 17-нд зарлагдсан шүүх хурлын товыг надад танилцуулж, гарын үсэг зуруулж авсан боловч шүүх хурлын товд зарлагдаагүй үлдэж өөр цаасан дээр гарсныг өмгөөлөгчид утсаар мэдэгдсэн хурлын тов дээр гарын үсэг зуруулсан эсэхийг мэдэхгүй байна.

Иймд энэ хэсгийг зөвшөөрөхгүй, өөрөөр хэлбэл миний хууль ёсны төлөөлөгч мөн гэж үзэж байна.

“................” ХХК-нь  1 сая төгрөгийг махыг  манай гэрээс танай ................ сантехникч Ж ирж авсан гэж падаан үзүүлдэг боловч уг хүн нь би мах аваагүй, миний гарын үсэг биш гэдэг боловч шүүх уг асуудалд ач холбогдол өгч шийдээгүй хайнга хандсан.

Мөн “................” ХХК-нь сургуульд 701 кг борц өгсөн гэсэн гар цуваатай. Би 488 кг борц хүлээн авч 478 кг-ийг зарлагдсан падаан байдаг ба аль аль тал нь гарын үсэг зурсан. Уг борцны үнэ нь кг нь 27.500, нийлүүлсэн борцны зөрүү 219 кг х 27.500= 6022500 төгрөгийг хасч тооцоогүй. Сургуулийн гал зуухны их засварт 150,000 төгрөгийн плита нийлүүлсэн. Энэ тухайгаа төрийн сангийн төлөөлөгчийн тамгатай гарын үсэгтэй бичгийг нотлох баримтад тооцоогүй зэргийг үл зөвшөөрч гомдол гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т давж заалдах гомдолд холбогдуулж гаргасан тайлбартаа: ... Сум дундын шүүхийн 2016 оны 06 сарын 17-ны өдрийн шүүх хурлаар хариуцагч нарын төлбөрөөс 6.579.500 төгрөгийг хариуцагч нарын төлбөр хариуцахгүй гэсэн зөвхөн ам тайлбарыг үндэслэн хэт нэг талыг барьж хэрэгсэхгүй болгож, хариуцагч О-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож хариуцагчид ашигтайгаар шийдвэрлэсэнийг нэхэмжлэгч маргахгүй байгаа боловч нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар хангалттай батлагдаж байгаа бөгөөд шүүх нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг бүрэн үнэлсэн, харин хариуцагчийн гаргасан баримтууд нотлох баримтын шаардлагыг хангахгүй, батлагдаагүй, гар ноорог төдий зүйлүүд байгааг шүүх үнэлэх боломжгүй болохыг шийдвэрт тодорхой заасан болно.

...Сум дундын шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 6.579.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон, давхардуулж дахин хасах ямар ч үндэсгүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх баримт гаргаагүй, хариуцагчийн давж заалдсан гомдлыг нэхэмжлэгч үл зөвшөөрч байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр баталж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгуулахаар тайлбар гаргав гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ................ сумын ................ нь Ж.Ц-с дутагдуулсан бараа материалын үнэ 27.226.192 төгрөг 55 мөнгө нэхэмжилсэн шаардлагаа багасгаж 16.579.500 төгрөг  болгосон байх ба шүүх “зохих цаг хугацаанд нь эрх бүхий албан тушаалтан ажил үүргийнхээ дагуу тухай бүр хяналт тавиагүй нь хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн” гэсэн   үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Ж.Ц-с 10.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

................ сумын ................-д нярваар ажиллаж байсан  Ж.Ц-ын хариуцсан материалаас 27.633.300 мянган төгрөгийн дутагдал гарсан нь санхүүгийн шалгалтын актаар тогтоогдсоноос 17.579.500 төгрөгийг   хариуцагч дутагдуулсан нь шинжээчийн дүгнэлт, тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчаас 10.000.000 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон талаар нэхэмжлэгч маргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч Г.Б-г хэргийн материалтай танилцуулах, шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулж, өмгөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. Анхан шатны шүүх хариуцагчийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй орох хүсэлтийг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн байх тул “өмгөөлөгч авах эрхээр хангаагүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 671 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 175.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                  ШҮҮГЧИД                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                     Т.ГАНБАТ