Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 00081

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Э.Гантулга

Шүүгдэгч Н.Ц нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Цд холбогдох 1932000170097 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Мөст суманд 1983 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангид галч ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Дэлгэр овогт Нудын Ц. /РД: */

 

           Шүүгдэгч Н.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өглөөний 08-09 цагийн орчимд иргэн А.Нмын Мөнгөн хараа дуу бүжгийн чуулга хүргүүлэхээр Тоёота королла  маркийн 10-29 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явахдаа уг тээврийн хэрэгслийн арын суудалд орхиж буусан Самсунг жи-2 загварын гар утсыг завшиж 359000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Цийн өгсөн…. ... 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Бат-Оршихын машины арын суудал дээр байсан гар утсыг авсан нь үнэн. Би тэр өдөр ажил руугаа очих гэж явахдаа Бат-Оршихын машинд 08 цагийн үед Спирт бал бурам ХХК-ний урдаас суусан. Тэгэхэд Бат-Оршихын машины арын суудал дээр нэг хар өнгийн утас байхаар нь авч буугаад унтраагаад цүнхэндээ хийсэн. Тэгээд тэр утсыг гэртээ 2 сар орчим байлгасан. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын эхээр Аш гэх залууд өгч мотоциклийн эд анги сэлбэг авсан. Ашид би хохирлыг нь төлөөд дуусгасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч А.Нмын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....   2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн өглөө 08 цаг 20 минутын орчим гэрээсээ гараад ажил руугаа явах гэж байтал гэрийнхээ үүдэнд БО гэдэг манай нөхөртэй хамт ажилладаг хүнтэй таарсан. Тэгээд би БОын королла загварын цагаан өнгийн машинд суугаад ажлынхаа үүдэнд буугаад шууд ажил руугаа ороод хувцас сольдог өрөөндөө орж гадуур хувцсаа тайлаад бүжгийн анги руу орж цэвэрлээд буцаад хувцас сольдог өрөөндөө орж гар утсаа авах гэсэн чинь алга болсон байсан. Би энэ шалтгаанаар цагдаад хандсан... Би гар утсыг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Мандал сумын Мобикомын салбараас 359000 төгрөгөөр зээлээр авсан гэх мэдүүлэг /Хх-н 24-25 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.Ашийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би сар өдрөө санахгүй байна. 2019 оны 03 дугаар сард байхаа Ц над дээр ирээд хар өнгийн Самсунг жи-2 загварын гар утас өгөөд мотоциклийн мотор, урд гупер зэрэг сэлбэг авсан. Тэгсэн чинь дараа нь нилээн хэд хоногийн дараа цагдаагаас ирээд Ц хүний гээгдэл утсыг олж авсан байна гээд надад өгсөн утсыг хурааж авсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжэх зүйл байхгүй ээ. Ц надад мотоциклийн сэлбэг авсан мөнгөө бүрэн төлсөн гэх мэдүүлэг /Хх-н 28 дугаар хуудас/

Гэрч Т.Хбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Би 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө 08 цаг 30 минутын орчим хүүхдээ хүргэж өгөх гээд явж байхдаа БОтой таарсан. БОын машины ард Ц сууж явж байсан. Би БОын машины ард 5 настай хүү Х.Батхишигийн хамт суугаад Нархан цэцэрлэгийн үүдэнд буусан гэх мэдүүлэг /Хх-н 29 дүгээр хуудас/

Самсунг жи-2 загварын гар утсыг 359000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 39 дүгээр хуудас/

Н.Цийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 48 дугаар хуудас/

Н.Ц нь урьд нь ял шийтгүүлсэн талаар Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 49 дүгээр хуудас/ зэрэг болно.

Сэлэнгэ аймаг Мандал сумын Баянсуудлын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 50 дугаар хуудас/

Хохирогч А.Нмын Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө гэсэн хүсэлт  /Хх-н 59 дүгээр хуудас/ зэрэг болно.

          

             Шүүгдэгч Н.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өглөөний 08-09 цагийн орчимд иргэн А.Нмын Мөнгөн хараа дуу бүжгийн чуулга хүргүүлэхээр Тоёота королла  маркийн 10-29 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явахдаа уг тээврийн хэрэгслийн арын суудалд орхиж буусан Самсунг жи-2 загварын гар утсыг завшиж 359000 төгрөгийн хохирол учруулсанболох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гээгдэл хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Н.Цийн иргэн Т.БОын эзэмшлийн Тоёота королла маркийн 10-29 УНА улсын дугаарай тээврийн хэрэгслийн арын суудалд суухдаа бусдын гээгдэл хөрөнгө болох Самсунг жи-2 загварын гар утас байхыг мэдсээр байж авч завшсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Н.Цийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд 6 хувааж сард 75000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч А.Нм, иргэний нэхэмжлэгч Ц.Аш нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Дэлгэр овогт Нудын Цийг бусдын гээгдэл хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Цийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Ц нь 450000 төгрөгийн торгох ялыг 06 сарын хугацаанд 6 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Цт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН