Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 5699

 

                                  

 

 

 

 

 

 

 

 

 

                                  Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                                   хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Чулуунхороот сумын засаг даргын Тамгын газар /РД: 9029974/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ЖН71122063 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Данзангийн 16 тоотод оршин суух, Монгол овогт Данзанжамцын Дарьсүрэнд холбогдох

1.932.398 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,         

                                                            

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Чулуунхороот сумын засаг дарга З.Гэрэлт-Од шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус сумын Засаг даргын Тамгын газрын 2007-2010 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар тухайн үед Төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Д.Дарьсүрэнд улсын байцаагчийн 8 ширхэг актаар нийт 2.632.398 төгрөгийн төлбөр төлүүлэх болсон. Д.Дарьсүрэн дээрх төлбөрийг 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулах байсан боловч 1.932.398 төгрөгийг одоо болтол төлж барагдуулаагүй байна. Иймд Д.Дарьсүрэнгээс 1.932.398 төгрөгийг төлүүлж, төсвийн орлого болгож өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Д.Дарьсүрэн нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Дорнод аймгийн Чулуунхороот сумын засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй Д.Дарьсүрэн би 2.632.000 төгрөгөөс миний төлсөн 2 ширхэг баримтаар 800.000, 100.000 төгрөгийг тооцож мөн соёлын төвөөс 100.000 төгрөг хасч бүгд 1.632.000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна” гэжээ.

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Чулуунхороот сумын засаг даргын тамгын газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус засаг даргын Тамгын газраас иргэн Д.Дарьсүрэнтэй холбогдуулж 1.932.328 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Д.Дарьсүрэнтэй уулзаж тохиролцсоны үндсэн дээр 1.632.328 төгрөг болгон багассан. Иргэн Д.Дарьсүрэнгийн тайлбартай танилцан хүлээн зөвшөөрч байна” гэжээ.                                                                                                          

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Чулуунхороот сумын засаг даргын Тамгын газар нь хариуцагч Д.Дарьсүрэнд холбогдуулан 1.932.398 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 300.070 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч 1.632.328 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

                                                                                  ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Дорнод аймгийн Чулуунхороот сумын засаг даргын Тамгын газар нь хариуцагч Д.Дарьсүрэнд холбогдуулан 1.932.398 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа 300.070 төгрөгөөр багасгаж, хариуцагч 1.632.328 төгрөгийг төлж барагдуулахар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Д.Дарьсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дорнод аймгийн Чулуунхороот сумын засаг даргын Тамгын газар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                                      

ШҮҮГЧ                                                Л.ЭНХЖАРГАЛ