Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 207/ма2024/00065

 

 

 

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 207/МА2024/00065

 

 

2024 06 13 207/МА2024/00065

 

 

М.О нэхэмжлэлтэй, хариуцагч

Орхон аймгийн Боловсрол шинжлэх ухааны

газарт холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч Б.О, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн *** дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2023/00634 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт холбогдох,

Цэцэрлэгийн эрхлэгчээр ажилласан хугацааны тэтгэмж 11.226.370 төгрөг, ээлжийн амралтын цалин, нөхөх олговор 3.131.992 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч М.О шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.У илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Х овогтой М.О нь **** онд Архангай аймгийн бага ангийн багшийн их сургуулийг төгсөж, багш мэргэжил эзэмшиж, ажиллах явцдаа хөрвөж ажиллан Эрдэнэт хотод 1985 оноос ГОК-ын 8-р цэцэрлэгт багшаар ажиллаж эхлэсэн бөгөөд уг цэцэрлэгт 19 жил тасралтгүй ажиллаж, түүнээс хойш 17-р цэцэрлэгийн эрхлэгчээр 5 жил ажилласан. 2010 оноос хойш 23-р цэцэрлэгт эрхлэгчээр тасралтгүй ажиллаж байгаад 2023 оны 12 дугаар сарын 25-нд өндөр настны тэтгэвэрт гарч, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Цэцэрлэгийн эрхлэгчээр ажилласан хугацааны тэтгэмж 11.226.370 төгрөг олгох тухайд: 2002 оны Боловсролын тухай хуулийн 43.1.7-д зааснаар 2020 оны 02 дугаар сарын 19-нд 5 жилийн тэтгэмж авсан. Харин 2023 оны 07 дугаар сарын 07-нд Боловсролын тухай хууль шинэчлэн батлагдсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн, уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-т зааснаар Цэцэрлэгийн эрхлэгчид эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгохоор хуульчилсан. Энэ тэтгэмжийг авахаар 2023 оны 11 дүгээр сарын 03-нд БШУГ-ын даргад хүсэлт гаргахад 2023 оны төсөвт тусгаагүй тул олгох боломжгүй гэсэн хариу өгсөн ба 2024 оноос олгож эхэлнэ гэсэн хариуг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 699 тоот албан тоотоор хариу өгсөн. Иймээс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 3 жилийн хугацааг хангаж 2023 оны 12 дугаар сарын 25-нд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаа тул 6 сарын үндсэн цалинтай тэнцэх буюу 11,226,370 төгрөгийн тэтгэмжийг авах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Ээлжийн амралтын нөхөн олговор олгох тухайд: 2022 оны ээлжийн амралтыг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан өөрийн саналыг өгөх боломжтой байдаг. Миний бие ээлжийн амралтын саналаа 6 дугаар сард амрахаар санал өгсөн боловч 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр БШУГ-ын дарга О.Абаталсан мэдэгдэх хуудсаар 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 09 сарын 20-ны өдөр хүртэл ажлын 30 өдрөөр ээлжийн амралт олгосон. Гэвч энэ хугацаанд цэцэрлэг хичээлийн шинэ жилийн нээлт, тохижилт үйлчилгээ гэх мэт ачаалал ихтэй үе байдаг тул би амарч чадаагүй. Цэцэрлэгийн цагийн бүртгэлд бүртгэснээр 14 хоногийн амралтыг биеэр эдлэн амарсан байдаг. Үлдсэн 16 хоногийн ээлжийн амралтыг биеэр эдлэн амраагүй учраас Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нөхөн амраах, хэсэгчлэн эдлүүлэх хүсэлт гаргасан боловч 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 573 тоот албан бичгээр дутуу хоногийг нөхөн олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 д зааснаар Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгохоор заасан байх тул 110.2-т зааснаар Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд ээлжийн амралтын цалинг нэг аравны тав дахин нэмэгдүүлж олгох буюу 16 хоногийн цалинг 1.5 дахин нэмэгдүүлж олгох үндэслэлтэй гэж үзэж байна. 2022 оны 08 дугаар сард ээлжийн амралтын биеэр эдлээгүй 16 хоногийн цалин 973.328 төгрөг байх бөгөөд 1,5 дахин нэмэгдүүлсэн дүн нь 1.459.992 төгрөг байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3-т зааснаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно гэж хуульчилсан. 2023 оны 12 дугаар сарын 25- ны өдөр БШУГ-ын даргын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн ба уг тушаалаар зөвхөн ажилласан хугацааны цалин хөлсийг олгосон бөгөөд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын цалинг олгоогүй болно. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/191 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журамын 2.8 дахь хэсэгт Ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох үед ажил олгогч нь ажилтантай ээлжийн амралтын тооцоог дараах байдлаар хийнэ. 1/ Ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох ээлжийн амралтын цалинг олгохоор зохицуулсан. Иймээс уг журмын дагуу ажлын 30 өдрийн ээлжийн амралт эдлэх ажилтан 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны ажлын, жилийн ээлжийн амралтыг 2023 оны 06 дугаар сарын 15-нд амарсан мөн оны 12 дугаар сарын 25-нд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа тул ээлжийн амралт эдлэх ёстой 11 (2023 оны 01 сарын 15 наас 12 сарын 25 хүртэлх ) сарын хугацаанд ногдох ээлжийн амралтын 27.5 (30 12 х11) өдрийн тооцоог хийж ээлжийн амралтын цалинг олгох үндэслэлтэй байна. 27.5 хоногийн ээлжийн амралтын цалин буюу 1.672.000 төгрөг олгох хууль зүйн үндэслэлтэй байна. Иймээс Боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3 дахь хэсэгт заасан ажилласан хугацааны 3 жилийн тэтгэмж 11.226.370 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 99, 110 дугаар зүйлд заасан ээлжийн амралтын 2022 оны биеэр эдлээгүй амралтын мөнгөн хэлбэрээр дүйцүүлэх, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох буюу 2023 оны 01 дүгээр сарын 15-наас 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх ээлжийн амралт 27.5 өдрийн цалин 3.131.992 төгрөг олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Орхон аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П шүүх хуралдаанд тайлбартаа:

Миний бие А.П Боловсрол шинжлэх ухааны газарт нягтлан бодогчоор ажилладаг. 1. Нэхэмжлэгч М.О нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон ба 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгож өгнө үү гэсэн байна. 2023 оны 07 дугаар сард шинэчлэгдэн батлагдсан Боловсролын ерөнхий хуулийн 13.3.3-т сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, эмч, хоол зүйч, тогооч, багш, багшийн туслах, сэтгэл зүйчид эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгох мөн хуулийн 13.8-д Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, буцалтгүй тусламж авсан багш, ажилтныг төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөдөлмөрийн хууль тогтоомжийн хүрээнд үргэлжлүүлэн ажиллуулах тохиолдолд энэ хуулийн 13.3.3 дахь заалт хамаарахгүй гэж тус тус заасан байна. Төсвийн тухай хуулийн 4.1.43-т "зарцуулалтын эрх" гэж батлагдсан төсвийн хүрээнд төсвийн байгууллагын сар, улиралд зарцуулах төсвийн дээд хязгаарыг мөн хуулийн 4.1.2-т "дунд хугацаа" гэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.9-д заасныг энэ хуулийн 11.1.16-д Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн байгууллага, бусад этгээдэд улсын төсвөөс санхүүжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийг батлагдсан төсвийн дагуу олгох, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.9-д "дунд хугацаа" гэж дараа жилийн болон түүний дараах дараалсан хоёр жилийг хамарсан төсвийн гурван жилийг гэж заасан байна. Орхон аймгийн 23 дугаар цэцэрлэг нь 2023, 2024 оны 07 дугаар сард төсвийн төсөлд эрхлэгчээр ажиллаж байсан М.О хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж болох 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг төсвийн төслийн саналд ирүүлээгүй байсан. Иймд 2023, 2024 оны Сангийн яамнаас батлагдаж ирсэн Боловсрол шинжлэх ухааны газрын төсөвт эрхлэгчээр ажиллаж байсан М.О хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж болох 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж суугдаж ирээгүй учир мөнгөн тэтгэмжийг олгох үндэслэлгүй гэж үзэж байна. 2. Ээлжийн амралтын нөхөн олговор олгох тухайд: М.О нь Орхон аймгийн 23 дугаар цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байгаад 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Боловсрол шиинжлэх ухааны газрын даргын Б/95 дугаар тоот тушаалаар өндөр настны тэтгэвэрт гарсан. Цалин хөлс, ээлжийн амралттай холбоотой асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоол, дүрэм, журмын дагуу Орхон аймгийн 23-р цэцэрлэг нь шийдвэрлэх үүрэгтэй. Иймд Боловсрол шинжлэх ухааны газрын чиг үүрэгт тухайн байгууллагын ажилтны цалин хөлс, ээлжийн амралтын нөхөн олговор олгох асуудал хамааралгүй болно. Тиймээс Орхон аймгийн 23 дугаар цэцэрлэгт холбогдуулах хүсэлтэй байна... гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2023/00634 дугаар шийдвэрээр:

Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасныг баримтлан Орхон аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт холбогдох цэцэрлэгийн эрхлэгчээр ажилласан хугацааны тэтгэмж 11.226.370 төгрөг, ээлжийн амралтын цалин, нөхөн олговор 3.131.992 төгрөг гаргуулах М.О нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229.742 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.О шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Миний бие харчууд овгийн М.О нь 1985 онд Архангай аймгийн багшийн сургууль төгсөж ирээд ГОК-ийн 8 дугаар цэцэрлэгээс эхлэн багш, арга зүйч, эрхлэгчийн ажлыг хийж ажилласан. Ингээд 2023.12.25-нд ажил дээр байхад шууд дуудаж БШУГ-ын дарга О.А миний өгсөн өргөдөл хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэхгүйгээр өөрийн хувийн зан чанар, албан тушаалын дарамтаар тэтгэвэр тогтоож хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Өргөдөл гомдлын тухай хуулинд хувь хүний өргөдлийн хариуг 14-21 хоногийн дотор барагдуулна гэсэн заалт байгаа ч 2023.11.03-нд өгсөн өргөдлийн хариуг 2023.12.22-ны өдрийн 699 тоот албан бичгээр хариу өгсөн нь өргөдөл гомдлын тухай хууль зөрчиж, дарамтын болон гар харсан шинж чанар шууд харагдаж байна. Төрийн, тэр тусмаа Боловсролын байгууллагын шударга бус, хүмүүсийг ялгаварлан гадуурхсан, танил тал, найз нөхдийн асуудлаар шийддэг асуудлыг өөрчлөх цаг нь болсон. Маш тэвчээртэй ханддаг байсан. Цэцэрлэгт СӨББ /сургуулийн өмнөх боловсролын байгууллага/-т ажилласан хугацааны тэтгэмж 11.226.370 төгрөг олгох тухайд: 2002 оны Боловсролын тухай хуулийн 43.1,7-д зааснаар 2020.02.19-нд 5-н жилийн тэтгэмжээ авсан. Харин 2023.07.07-нд Боловсролын тухай хууль шинэчлэгдэж 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-т зааснаар цэцэрлэгийн эрхлэгчид эхний тав дахь жил болон дараагийн 3 дахь жил тутамд нэг удаа зургаа /6/ сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгохоор хуульчилсан. Иймээс 2020.02.19-ний өдрөөс хойш 3-н жилийн хугацааг хангаж байгаа мөн шинэчлэгдсэн хуульд зааснаар 2024 онд 1 өдөр ажиллахад боломж байсан боловч БШУГ-ын дарга О.А гар харж, албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа нь ил тод харагдаж байгаа нь үүнээс харагдаж байгаа тул 11.226.370 төгрөг авах үндэслэлтэй гэж үзэж байна. Үндэслэл үүсгэх хэд хэдэн баримтыг дурдъя: 1. М.О миний өгсөн өргөдлийн хариуг Өргөдөл гомдлын тухай хуулийн заалтын дагуу 14-21 хоногт шийдвэрлээгүй, 2023.11.03-нд өгсөн өргөдлийн хариуг 2023.12.22-нд өгсөн нь гар харсан мэдрэмж. 2. Гэнэт дуудаж шийдвэр гаргасан. /шийдэж өгвөл мөнгөнөөсөө хувь өгнө гэж хэлсэн бол олгож өгөх байсан гэж бодож байгаа, миний хувийн бодол/ 3. Би хардах, гомдол гаргах эрхтэй ийм учраас 28 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Б АТГ-аас ирсэн бичгийг харгалзахгүйгээр төсөвт тусгагдаагүй байхад нь шууд тэтгэвэр тогтоож өгсөн. /АТГ-ын албан бичиг. С.Б-г тэтгэвэр тогтоосон тушаал авах/ 1973 онд төрсөн цэцэрлэгийн эрхлэгч 50 нас хүрээд тэтгэвэртээ гардаггүй нь тодорхой. 4. Миний тэтгэвэр 2023 оны төсөвт суугдсан өөр үед өгч болдоггүй юм бол яагаад 2024 оны төсвөөс 2024.02.09-ний өдөр олгосон. Олгохдоо маш олон удаа утасдуулж хариуд нь төсөв орж ирэхээр өгнө, хооронд нь зохицуулж болох зардлууд байдаг гэсэн хариу өгсөөр байсан. 5. БШУГ-ын санхүүгийн мэргэжилтэн Ч.Н тэтгэвэр тогтоолгочихоод одоо Баян-Өндөр цэцэрлэгт нягтлан бодогчоор ажиллаж байгаа нь хуульд нийцэж байна уу? нийцэхгүй байна уу? ялгаварлан гадуурхалт уу? албан туушаалын ялгаа байна уу? би яагаад /1/ ганцхан өдөр ажиллаж болоогүй юм бэ? /Баян-Өндөр цэцэрлэгийн захиргаанаас албан бичиг авах/ 6. Дэгдээхэй цэцэрлэгийн эрхлэгч н.Б 2021 оны төсөвт тэтгэвэр нь суугдсан ч 2022 оны 01 дүгээр сард гарсан. /БШУГ болон дэгдээхэй цэцэрлэгээс ажилласан баримт авах/ 7. Төсвийн байгууллагууд тухайн оныхоо 12 дугаар сарын 25-ны өдөр гэхэд цалин болон бусад тооцоогоо хийж дуусгадаг журмын дагуу би өөрийн цэцэрлэгийн санхүүгийн асуудал, цалинг 2023 оны 12 сарын 22-нд дуусгасан байхад надаас цалин өгсөн авсан талаар асуугаагүй, ямар нэгэн ажлыг өөрийн дураар шийдэж чаддаг, албан тушаалаа ашигласан гэж үзэж байна. 8. БШУГ-ын дарга О.А нь асуудал шийдүүлэх гээд ороход ч тэр, гудамжинд таараад мэндлэхэд нэг ч удаа дуугардаггүй, ийм учраас олон удаа өрөөнд нь ороход дуу ч үгүй зөрөөд гараад яваад өгдөг нь Боловсролын газрын даргын ёс зүй мөн үү? Шийдэх хүнээ шийдэж, гар харж, инээж хөхөрч, архидаж явдаг мөртөө надтай өөрөөр харьцдагт гомдолтой байна. О.Аөгсөн ажилчид манай байгууллагат олон байгаа. Ажилд ав гэсэн хүн бүрийг нь авдаг. /2 жижүүр, тогооч, багш, туслах багш гээд олон бий/ 9. Сүүлд нь 2024 онд ажиллаад 2025 онд тэтгэвэртээ гар гэж хэлсэн нь доромжилсон мэт санагдаж байна. Орхон аймгийн БШУГ-ын дарга О.А өөрөө ажлаас халагдаж олон удаа шүүхээр явж зовлонг мэдэх хүний нэг мөнөөс мөн. 11. О.Аэд гомдолтой байгаагаа дахин дахин илэрхийлж олон хүний асуудлыг үнэн зөв, ил тод, ялгаварлан гадуурхахгүй шийдэж байхыг хүсье. 12.АТГ болон аудитад гаргах олон олон баримт байгаа энэ удаадаа үүгээр өндөрлөе. Ингээд Сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭЛ: хэсгийн 5-д 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-т сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч эхний 5-н жилд болон дараагийн 3-жил тутамд нэг удаа 6-н сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгоно гэж заасан байна. Дээрх хуулийг дагаж мөрдөх хугацааг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хуульчилсан байна. 6-д: Нэхэмжлэгч М.О нь хууль хэрэгжихээс өмнө өөрөөр хэлвэл 2023.12.25-нд тэтгэвэртээ гарсан ба 2024.01.01-ний өдрөөс хэрэгжих хуулийн зохицуулалтанд хамрагдах боломжгүй юм. Иймд 6 дугаар сарын үндсэн цалинтай тэнцэх 11.225.370 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх буюу 11.226.370 төгрөгийн тэтгэмжийг авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн М.О нь бусад энгийн иргэн хүнтэй харьцуулахад уг нь олон жил боловсрол, хөдөлмөр, санхүүгийн хуулийн хүрээнд ажиллаж өдөр тутам хүний мөс, хүний мөн чанарт суурилсан төрийн албаны удирдах албан тушаалтны ёс зүйг эрхэмлэн дээдэлж төсөвт байгууллагыг хорь гаруй жил удирдсан удирдах ажил эрхэлж байсан хүн маргаж буй асуудалтай холбогдолгүй хувь хүний асуудлыг илтэд муулах, харлуулах зорилгоор хууль шүүхийн байгууллагыг үл хүндэтгэсэн ийм илтэд тодорхой асуудлаар дахин маргаан үүсгэж байгаад гүнээ харамсаж байна. Иргэн М.О тэтгэвэрт гарах асуудал нэг удаагийн үйлдлээр шууд шийдчих асуудал биш гэдэг нь хэн бүхэнд маш ойлгомжтой. Иргэн хүн тэтгэвэрт гарах асуудлыг байгууллага болон иргэн хоёр сүүлийн гурван жилийн хугацаанд төсөвт байгууллагын төсвийн төсөөлөл, төсөвт суулгах гээд маш олон үйл ажиллагаа төлөвлөлт дээр суурилан явагддаг. Энэ үйл ажиллагааг хүн бүр мэддэг. Төсвийн хуулийн 4.1.2."дунд хугацаа" гэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.9-д заасныг, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.9."дунд хугацаа" гэж дараа жилийн болон түүний дараахь дараалсан хоёр жилийг хамарсан төсвийн гурван жилийг; гэж заасан тул 2023 оны төсвийн төсөөлөл 2021 онд хийгдэж, 2022 онд төсөв хийгдэж 2023 оны төсөвт тэтгэвэрт гарах төрийн албан хаагчдын тэтгэвэр овог нэрээрээ төсөвт тусгагдсан байдаг. Хэдийгээр хувь хүн байгууллага хоорондын харилцаа дуусгавар болсон ч хүн чанар ёс зүй хуулийг дээдлэн сахиж мөрдөх харилцаа цаашид үргэлжлэх учиртай билээ. Иймд анхан шатны шүүх үнэн зөв шийдвэр гаргасанд хүндэтгэн хүлээн авч иргэн М.О гаргасан нэхэмжлэлийг дахин хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хянав.

Нэхэмжлэгч М.О нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3.-т цэцэрлэгийн эрхлэгчид эхний 5 дахь жил болон дараагийн 3 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгоно гэсэн хуулийн заалтанд үндэслэн тодорхойлсон байна.

Хариуцагч Боловсрол шинжлэх ухааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П нь 2023-2024 оны сангийн яамнаас батлагдан ирсэн Боловсрол шинжлэх ухааны газрын төсөвт эрхлэгчээр ажиллаж байсан М.О хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж болох 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж суугдаж ирээгүй тул мөнгөн тэтгэмжийг олгох үндэслэлгүй гэж, М.О нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын Б/95 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан. Цалин хөлс, ээлжийн амралттай холбоотой асуудлыг Хөдөлмөрийн тухайн хуулийн болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу Орхон аймгийн 23 дугаар цэцэрлэг нь шийдвэрлэх үүрэгтэй гэсэн татгалзсан тайлбар гарган маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч М.О нь Орхон аймгийн Засаг даргын 11 дүгээр захирамжаар 23 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол шинжлэх ухааны газрын даргын Б/95 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарч албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. 1985 онд Архангай аймгийн багшийн сургуулийг төгсөж ирээд мөн оноос ГОК-ын 8 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж 2010 оноос 23 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Боловсролын ерөнхий хууль нь 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан бөгөөд хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3.-т ...эхний 5 дахь жил болон дараагийн 3 жил тутам нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгоно гэж заасан байх ба уг хуулийг 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан байна.

Нэхэмжлэгч М.О нь тухайн хууль хэрэгжих хугацаанаас өмнө буюу 2023 оны 12 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарсан байх тул энэ хуулийн зохицуулалтанд хамрагдах боломжгүй юм.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцжээ.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгож, биеэр эдлүүлэх бөгөөд ажлын, шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй мөнгөн урамшууллыг хамтын гэрээнд зааснаар болон ажилтантай тохиролцсоноор олгох учиртай.

Нэхэмжлэгч М.О нь ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй, дутуу хоногийн мөнгийг өөрийн ажиллаж байсан байгууллагаасаа авах эрхтэй тул Боловсрол шинжлэх ухааны газраас нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Энэ талаар дүгнэлт хийж анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Оюунчимэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 142/ШШ2024/00634 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.О шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч М.О давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 194.572 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

 

ШҮҮГЧИД Б.О

 

С.У