| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2019/00034/Э |
| Дугаар | 00029 |
| Огноо | 2019-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 00029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Дд холбогдох 1932000000037 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Шангас овогт Буяндэлгэрийн Д.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Б.Д нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг Бороо гэх газарт оршин суух өөрийн гэртээ 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хамтран амьдрагч Б.Нсгийн эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: ... Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Б.Нс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2019 оны 02 дугаар сарын 08-ны өглөө 09 цагийн орчим манай нөхөр Д Цэнгэлтэй утсаар ярьж байснаа утас нь тасрахаар нь би ... яагаад утсаа тасалж байгаа юм бэ гэж асуухад Д утасны сүлжээ уначихлаа гэж хэлээд ширээний буланд утсаа цохиод байхаар нь би наад утас чинь эвдэрдэг шүү дээ гэж хэлээд утсыг нь Даас аваад гар утсыг цэнэглэх гэтэл гар утас нь асахгүй байсан. Д намайг янхан гэж хэлэхээр нь чи намайг янхан байхыг нь харсан юм уу гэж Даас асуухад би харсан гэж хэлээд намайг алгадахаар би яаж байгаа юм бэ гэж хэлээд жаазтай зураг аваад Д руу шидэхэд Д чи миний эгчийн өгсөн жаазыг эвдлээ гээд миний үснээс зулгааж газар унагаад хөлөөрөө миний хөл рүү өшиглөсөн. Тэгээд гар гэж намайг гэрээсээ хөөхөөр нь гэрийн гадаа зогсож байгаад дахиж гэртээ ороод хувцасаа солиод замын унаа тосож Мандал суманд ирсэн. … Миний зүүн хацар луу гараараа нэг удаа алгадсан. Дахиж үснээс зулгаагаад газар унагаагаад миний нүүр лүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөж зодсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 7-8-р хуудас/
2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Шинжээчийн №42 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...
1. Б.Нсгийн биед дух зүүн хацар, хүзүү, баруун гарын бугалганд зулгаралт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун зүүн хацар, баруун гарын бугалга, шуу зүүн гарын шуунд цус хуралт, дух, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 11 дүгээр хуудас/
Нэгдсэн эмнэлэгийн эмчийн тодорхойлолт /ХХ-ийн 10 дугаар хуудас/
Б.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Манай эхнэр миний гар утсыг дэлгэц нь хагарлаа шүү дээ гэж хэлээд булаагаад авахаар нь би баруун гараараа Нсгийн зүүн шанаа руу нь нэг удаа алгадсан. Тэгтэл Нс зургийн жааз аваад над руу шидэхээр нь би эхнэрийнхээ үснээс зулгааж, татаж унагаагаад толгой руу нь өөрийнхөө гуталтай хөлөөрөө 3 удаа өшиглөсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 19 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 21 дүгээр хуудас/, Шүүгдэгч Б.Дын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /24 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Д нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг Бороо гэх газарт оршин суух өөрийн гэртээ 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хамтран амьдрагч Б.Нсгийн эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Нсгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 7-8-р хуудас/, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Шинжээчийн №42 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 11 дүгээр хуудас/, Нэгдсэн эмнэлэгийн эмчийн тодорхойлолт /ХХ-ийн 10 дугаар хуудас/, Б.Дын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 19 дүгээр хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Дыг хохирогч Б.Нсгийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд Б.Д нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг Бороо гэх газарт оршин суух өөрийн гэртээ 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хамтран амьдрагч Б.Нсгийн эрх чөлөөнд халдаж, улмаар Б.Нсгийн биед дух зүүн хацар, хүзүү, баруун гарын бугалганд зулгаралт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун зүүн хацар, баруун гарын бугалга, шуу зүүн гарын шуунд цус хуралт, дух, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шангас овогт Буяндэлгэрийн Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Дын торгох ялыг 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.