Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 702

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 15 өдөр       Дугаар 181/ШШ2016/00702        Улаанбаатар хот

 

                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн хүсэлттэй,

 

1973 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүрэг, 17-р хороо, Дамбадаржаа 65-880 тоотод оршин суудаг иргэн Олхонууд овогт Пүрэвжамцын Түвшинбаяр/РД: ХБ73080318/-ыг архины албадан эмчилгээнд явуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

   

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны  хэсгийн байцаагч ажилтай, цагдаагийн дэслэгч Б.Алтанбагана, гуравдагч этгээд П.Түвшинбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.                                                                           

                                                              

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс шүүхэд гаргасан хүсэлт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанбагана шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.Түвшинбаяр нь Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт тогтмол архидан согтуурч иргэдийн амгалан тайван байдал алдагдуулан ар гэртээ агсам, согтуу тавьдаг. П.Түвшинбаяр нь архинд донтох өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон.

Иймд согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд зааснаар архины албадан эмчилгээнд П.Түвшинбаярыг явуулж өгнө үү” гэв.

 

 Гуравдагч этгээд П.Түвшинбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие байнга архидан согтуурдаг нь үнэн. Архиын эмчилгээнд явж ирээд ажил олж хийх хүсэлтэй байгаа. Иймд өөрийн хүсэлтээр эмчилгээнд явахыг хүсэж байна өөрийгөө засрана гэж бодож байна” гэв.

 

Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс гуравдагч этгээд П.Түвшинбаярыг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт тус шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч нь Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.

 

П.Түвшинбаяр нь 2 удаа торгох, 3 удаа эрүүлжүүлэх, 1 удаа баривчлах арга хэмжээ ногдуулсан, архаг архичны судалгаанд хамрагдсан, гуравдагч этгээд нь хэрэгт холбогдож, өртөж болзошгүй этгээдийн судалгаанд хамрагдсан, захиргааны зөрчлийн шийдвэрийн бүртгэлд бүртгэгдэж байсан болон Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу шийтгэл хүлээлгэж байсан болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон П.Түвшинбаярын тайлбар, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ.” гэж заасан.

 

Гуравдагч этгээд П.Түвшинбаяр нь АДӨ III дугаар зэргийн өвчтэй болох нь 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул гуравдагч этгээдийг албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна.

 

Шүүх Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт заасныг баримтлан Олхонууд овогт Пүрэвжамцын Түвшинбаяр/РД: ХБ73080318/-ыг архины албадан эмчилгээнд явуулсугай.

 

2. Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагч Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасныг баримтлан, гуравдагч этгээд П.Түвшинбаярыг албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

5. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гарсан өдрөөс нь хойш гуравдагч этгээд П.Түвшинбаяр 14 хоногийн дотор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ХИШИГБАТ