Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сампилын Уранчимэг |
Хэргийн индекс | 142/2024/00606/И |
Дугаар | 207/ма2024/00069 |
Огноо | 2024-07-16 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 207/ма2024/00069
2024 оны 07 сарын 16 өдөр | Дугаар 207/МА2024/00069 |
Төрийн банк ХК-ийн Орхон салбарын
нэхэмжлэлтэй, хариуцагч С.У
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.О даргалж, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Ү, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн *** дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2024/00736 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Төрийн банк ХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.У холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 9.394.567,35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: П.С, Д.А, хариуцагчийн өмгөөлөгч Х.О, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч Х.Б нь 2013 оноос эхлэн Төрийн банкны Орхон салбарын Дулааны цахилгаан станц тооцооны төвөөс 130600084682 тоот зээлийн гэрээ байгуулан 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 4.287.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 2.317.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 4.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 18 ны өдөр 2.080.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 10.660.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 10.000.000 төгрөгийн цалин барьцаалсан зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан. Үндсэн зээлдэгч ажлаас гарсантай холбоотой зээл төлөгдөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний 2.2.1 дэх заалтыг зөрчиж 459 хоног хугацаа хэтэрсэн. Иймээс уг зээлийн гэрээний 6 дугаар бүлэг 6.2.1 дэх заалтуудын дагуу зээлийн гэрээг дуусгавар болгож дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2023 оны 12 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 8,851,058.11 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 473.421,09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 70,088.15, нийт дүн 9.394.567,35 төгрөг байна. Зээлдэгч Х.Б нь нас барсан тул хамтран зээлдэгч С.У 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээл 8,851,058.11 төгрөг, зээлийн хүү 473.421,09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70.088,15 төгрөг, нийт 9.394.567,35 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч С.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Би Эрдэнэт дулааны цахилгаан станц ТӨХК-д 38 жил ажилласан. Тэтгэвэрт гарахын өмнө дулааны байцаагчаар ажиллаж байсан. Талийгаач Х.Б нь ажил дээрээ байж байтал цалингийн зээл авах гэсэн чинь батлан даагч хэрэгтэй гээд байна, чи ороод өгөөч гэсэн. ...Би хамтран зээлдэгч биш бөгөөд банкны зур гэсэн гэрээнд гарын үсэг зурсан. Энэ үед гэрээг ч тайлбарлаж өгөөгүй. Мөн цалинтай орлоготой хүн цалингийн зээл авсан. Энэ авсан зээлээс банк надад нэг ч төгрөг өгөөгүй. Би нэг ч төгрөг Х.Б аваагүй болно. ...Б бид хоёр хамт ажилладаг тухай үед бид нар нэгнийгээ батлан даадаг байсан. Тэгээд Б банкнаас 10.000.000 төгрөг авсан... гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан барьцаат зээлийн гэрээ хийгдээгүй байна гэж үзэж байна. Тиймээс тухайн зээлийн гэрээнээс хамтран зээлдэгч гэдэг нэрний хэсэгт У гарын үсэг зурсан боловч зээлдэгч байгууллага бол зээлдүүлэгч нарын хооронд ямар харилцаа үүссэн нь тодорхойгүй, гэрээний байдлыг тодорхойлох боломжгүй байна. Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс ч тайлбарлаж, тодорхойлж чадахгүй, хариуцагчийн зүгээс ч ойлгомжгүй байдал үүсээд байгаа. Энэ үүсэж байгаа үндэслэл нь өмнө авсан гэх 14.940.000 төгрөгийн үлдэгдэл зээл гэж нэхэмжлэгч тал тодорхойлж ярьдаг боловч 14.940.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан гэдгийг нотлох баримт хэрэгт ирээгүй. Харин хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 10.000.000 төгрөгийг харилцагчийн данс руу буюу нас барсан Бийн данс руу шилжүүлсэн, Уийн данс руу 24.940.000 төгрөгөөс нэг төгрөг ч шилжиж ороогүй. Энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлдэгчид мөнгө шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үздэг. Тэгэхээр энэ зээлийн гэрээгээр зөвхөн 10.000.000 төгрөгийн асуудал үүсэж байгаа. Тэгвэл энэ 10.000.000 төгрөгт У хамтран зээлдэгч болж чадаж байна уу. Гэрээний 5 дахь заалт болох энэ 10.000.000 төгрөгөөс У 100 төгрөг ч авч хэрэглээгүй... гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2024/00736 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн Орхон салбарын хариуцагч С.У холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 9.394.567,35 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн Орхон салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,263 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 07-ны өдрийн 142/ШШ2024/00736 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах журмаар гомдлын гаргаж байна. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 07-ны өдрийн 142/ШШ2024/00736 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дахь хэсэгт Иргэний хуулийн 242 дугаар зуйлийн 242.1 -д "Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ" гэж заасан бөгөөд дээрх зээлийн гэрээнд хариуцагч С У нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан боловч гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлж заагаагүй, С. У нь зээлдэгч Х.Бтой садан төрлийн холбоогүй, гэр бүлийн харилцаа хамааралгүй, нэг гэр бүлд хамт амьдардаггүй, банкнаас зээлсэн мөнгийг С. Ут шилжүүлээгүй. тэрээр уг зээлийн мөнгөнөөс авч ашиглаагүй, гэрээний дагуу хамтран хүлээх үүрэг үүсээгүй байна. гэж заасан нь хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн садан төрлийн холбоотой, гэр бүлийн харилцаа хамааралтай, нэг гэр бүлд хамт амьдардаг байх, зээлдэгч банкнаас авсан зээлээ хамтран зээлдэг хамт заавал захиран зарцуулах шаардлагагүй. Харин Хамтран зээлдэгч нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үндсэн зээлдэгч нас барснаар үндсэн зээлдэгчийн үүрэг дуусгавар болох бөгөөд хамтран зээлдэгчийн үүрэг дуусгавар болохгүй. Хамтран зээлдэгч гэдэг нь "Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль"-ийн 20 дугаар зүйлийн 20.7. "Зээлийн гэрээнд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээдийг хамтран зээлдэгч гэнэ гэж зааснаар зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж үүргийг хүлээнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангахгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн Орхон салбар хариуцагч С.У зээлийн гэрээний үүрэгт 9.394.567,35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч С.У нь талийгаач Х.Б нь ажил дээр байхад цалингийн зээл авах гэсэн чинь батлан даагч хэрэгтэй гээд байна, ирээд гарын үсэг зураад өгөөч гэхээр нь юм бодоогүй очоод зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, зээлж авсан мөнгөө хэрхэн зарцуулсан, хэрхэн яаж төлсөн болохыг мэдэхгүй, надад зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг өгөөгүй, би төлж чадахгүй гэсэн татгалзсан тайлбар гарган маргажээ.
Нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн Орхон салбар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлдэгч Х.Бийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Төрийн банк ХК-ийн Орхон салбар Дулааны цахилгаан станцын тооцооны төвтэй байгуулсан зээлийн гэрээнд үндэслэн тодорхойлсон байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд зээлдэгч Х.Б нь Төрийн банк ХК-ийн Орхон салбартай 130600084682 тоот зээлийн гэрээ байгуулан өмнөх цалингийн зээлийн үлдэгдэл 14.940.000 төгрөг дээр нэмж 10.000.000 төгрөг авч нийт 24.940.000 төгрөгийг 60 сарын хугацаатай жилийн 15.6 хувийн хүүтэйгээр зээлж авахдаа хариуцагч С.Уийг хамтран зээлдэгчээр оролцуулсан, үндсэн зээлдэгч Х.Б Дулааны цахилгаан станцын ажлаас 2021 оны 9 дүгээр сард халагдснаар зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн ба 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл 8.851.058,11 төгрөг, зээлийн хүү 473.421, 09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 70.088,15 төгрөг нийт 9.394.567,35 төгрөг төлөгдөөгүй үлдэгдэлтэй, зээлдэгч Х.Б 2023 оны 9 дүгээр сард нас барсан, зээлийн гэрээний үүрэг 459 хоногоор хугацаа хэтэрсэн, зээлийн гэрээ 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон зэрэг үйл баримтууд тогтоогджээ.
Шүүх 24.940.000 төгрөгийн зээлийг Х.Бийн ирээдүйд авах цалинг барьцаалан түүний хувийн хэрэгцээнд зориулан олгосон, С.У нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан боловч гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчийн эдлэх эрх үүргийг тодорхойлж заагаагүй, С.У нь зээлдэгч Х.Бтой садан төрлийн холбоогүй гэр бүлийн харилцан хамааралгүй банкнаас зээлсэн мөнгийг С.У шилжүүлээгүй, тухайн мөнгөнөөс авч ашиглаагүй, гэрээний дагуу хамтран хүлээх үүрэг үүсээгүй, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2.-т заасан үндэслэл бий болсон гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 204.1.2.-г буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Хариуцагч С.У нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төрийн банкинд хамтран зээлдэгчийн анкет бөглөж, зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байх ба зээлийн гэрээний 3.2.4.-т заасан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бусад төлбөр зардлыг бүрэн хариуцахыг хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан, гэрээнд болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх тул хариуцагч С.У нь үндсэн зээлдэгч нас барснаар түүний үүргийг хүлээн банкнаас нэхэмжилж байгаа зээлийн гэрээний үүргийг хариуцах үндэслэлтэй.
Мөн Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2.-т заасан үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой... гэх ойлголт нь тухайн үүрэг гүйцэтгэгчийн буюу хувь хүний онцлог гоц авъяас чадвартай холбоотой үүргийн гүйцэтгэлийг ойлгох бөгөөд цалин барьцаалсан зээлийн үүргийн гүйцэтгэлийн хувьд энэ ойлголт хамаарахгүй юм.
Иймд хариуцагч С.У нь зээлийн гэрээнд зааснаар үүргийн гүйцэтгэлийг биелүүлэх үүрэгтэй боловч нэхэмжлэгч банк нь зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн үеэс буюу зээлдэгч Х.Б 2023 оны 9 дүгээр сард ажлаас халагдсанаас хойш хамтран зээлдэгчид мэдэгдэж байгаагүй, Х.Бийг нас барсны дараа 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа С.У зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг мэдэгдэж байсан, зээлдэгч Х.Бийн ээж Ц 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр банкинд хандаж хүүгийнхээ зээлийг сар бүр 1.000.000 төгрөгөөр төлж байхаар хүсэлт гаргаж байсан, хариуцагч С.У нь зээлдэгч Х.Бийн өмнөх зээл дээр 10.000.000 төгрөг нэмж авсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т заасныг баримтлан хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэсэн нөхцөл байдлуудыг тус тус харгалзан хариуцагч С.У нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувийг буюу 4.697.283 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн Орхон салбар Дулааны цахилгаан станц тооцооны төвд олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2024/00736 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...9.394.567,35 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 242 дугаар зүйлийн 242.11.-д заасныг баримтлан хариуцагч С.У 4.697.283 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн Орхон салбар Дулааны цахилгаан станц тооцооны төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.697.283 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
Шийдвэрийн 2 дахь заалтыг ...Төрийн банк ХК-ийн Орхон салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165.263 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй гэснийг ...хариуцагч С.У улсын тэмдэгтийн хураамжинд 90.106 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн Орхон салбарын Дулааны цахилгаан станц тооцооны төвд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 165.263 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164.587 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.О
ШҮҮГЧИД Р.Ү
С.У