Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 00038

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн  шүүх хуралдаанаар:

 

                        Нарийн бичгийн дарга                    С.Төртулах

                        Улсын яллагч                                  Э.Гантулга

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                  С.Баатар

                        Шүүгдэгч                                             Б.У нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Уд холбогдох 1832002190025 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, 1995 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, * тоотод оршин суудаг /иргэний үнэмлэхэд дурьдагдсанаар/, урьд 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №05 дугаартай Сүхбаатар дүүргийн шүүхийн №05 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар оногдуулсан ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар Б.Уд 5 жил 1 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан. Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигин овогт Батсүрэнгийн У.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Б.У нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “...Номио байна, манай нөхөр авто аваар хийсэн, хохирогч нарт нь мөнгө өгөх хэрэгтэй байна та надад мөнгө зээлдүүлээч...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн П.Тбаас 1000000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Ажил дээрээ бараагаа дутаагаад Тб эгчээс өөрөө мөнгө гуйвал өгөхгүй байх гэж бодоод  Номио эгчийн нэрийг барьж мөнгө авсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Хохирогч П.Тб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байж байсан чинь миний өөрийн 99390448 гэсэн дугаар луу 88189947 гэсэн дугаараас залгаад Номио байна гэхээр нь ямар Номио вэ гэсэн чинь хотын Бааска ахын Номио байна гэхээр нь өө ямар сонин хүн бэ миний утасны дугаарыг хэнээс авсан юм бэ гэсэн чинь Жавзаа эгчээс авсан гэсэн. Чухал хэрэг гараад тань руу утасдлаа манай нөхөр машинтай явж байгаад авто осол  хийсэн. Аав ээжид битгий хэлээрэй санаа нь зовчих байх мөнгөний хэрэг болоод байна таньд мөнгө байна уу 600000 төгрөг зээлээч ирэх 7 хоногт буцаагаад өгчих нь гэхээр нь өө ирэх 7 хоногоос манай хүүхэд хагалгаанд орох гээд байгаа юм гэсэн чинь ирэх 7 хоног гэхэд буцаагаад өгчих юм. Одоо осолд орсон хүний ар гэрт нь өгөх гээд байгаа юм гэхээр нь дансны дугаараа явуулчих гэсэн чинь 88189947 дугаарын утаснаас 5053068835 дугаарын дансны дугаар ирсэн. Тэгээд би 5053068835 дугаарын данс руу өөрийн 5001264886 дугаарын данснаас мобайл банкаар 600000 төгрөг хийсэн. Тэгээд байж байсан чинь манай Жз эгч 99390945 дугаарын утсаар залгаад чамд 400000 төгрөг байна уу? Номио надаас 400000 төгрөг байвал өгөөч гээд байна гэхээр нь надад мөнгө байна гэсэн чинь чи Номиотой ярьж байгаад 400000 төгрөг өгчих гэхээр нь би Номио руу яриад дансны дугаар авсан чинь 5033384833 дугаарын Мягмаржав гэх хүний данс явуулсан. … Б.У надад 2019 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр байхаа 500000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 500000 төгрөг ингээд нийт 1 сая төгрөгийг маань бүрэн барагдуулсан. Б.Угоос өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-24-р хуудас/

Гэрч П.Жз мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр миний өөрийн 99390945 гэсэн дугаар луу 88189947 гэсэн дугаараас манай ээж Доржпаламын төрсөн эгч Амарсайханы төрсөн хүү Баасанжавын охин Номин-Эрдэнэ гэх нэр хэлээд нэг эмэгтэй залгаад манай нөхөр машинтай явж байгаад хүний машин мөргөсөн байна. Ээж аав хоёрт битгий хэлээрэй бид хоёрт мөнгө маш их хэрэгтэй байна. Нэг сая төгрөг долоо хоногийн хугацаатай олоод өгөөч гэхээр нь мөнгө байхгүй гэсэн чинь Тб эгчийн утасны дугаарыг өгөөч гэхээр нь би дүү Тбын утасны 99390448 гэсэн дугаарыг өгсөн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 27-р хуудас/

Гэрч Б.Сг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байх аа би хоног хугацааг нь сайн санахгүй байна. Би гэртээ байж байтал Б.У эгч миний утас руу залгаад аниагийнхаа ажил дээр ороод ир гэж хэлсэн . Тэгэхээр нь би ажил дээр нь яваад очтол аниа нь хүнээс мөнгө зээлж байгаа юм аниадаа данс олоод өгөөч гэхээр нь би ажлаас нь гараад дээр Толгойтын Нефтийн АТМ дээр очсон чинь нэг эгч байсан. Тэгэхээр нь эгчээ данс руу чинь мөнгө хийгээд авчихъя тэгэх үү гэтэл зөвшөөрсөн. Тэгэхээр нь би У эгч рүү дансыг нь явуулсан чинь удалгүй мөнгө нь ороод ирэхээр нь авсан чинь 600000 төгрөг байсан. Ингээд би мөнгөө аваад Б.У эгчид ажил дээр нь аваачиж өгсөн. Үүнээс хойш төд удалгүй байж байтал У эгч дахиад хүнээс мөнгө авах гэсэн юм чи аниадаа дахиад данс олоод өгөөч гэхээр нь би Таваншарын Сансар худалдааны төвийн АТМ дээр очоод нэг ахыг гуйсан чинь зөвшөөрсөн. Тэгээд дахиад У эгч рүү дансыг нь явуулаад мөнгийн нь авсан. 400000 төгрөг байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Б.Угийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 43 дугаар хуудас/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 39 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.У нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “...Номио байна, манай нөхөр авто аваар хийсэн, хохирогч нарт нь мөнгө өгөх хэрэгтэй байна та надад мөнгө зээлдүүлээч...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн П.Тбаас 1000000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч П.Тбын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 22-24-р хуудас/, Гэрч П.Жзгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 27-р хуудас/, Гэрч Б.Сггийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 29-р хуудас/, Хаан банкны депозит дансны хуулга, АТМ-ийн хяналтын камерын бичлэг болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Уг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “...Номио байна, манай нөхөр авто аваар хийсэн, хохирогч нарт нь мөнгө өгөх хэрэгтэй байна та надад мөнгө зээлдүүлээч...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн П.Тбаас 1000000 төгрөгийг авч залилсан нь тогтоогдож байх ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Иймд энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Боржигин овогт Батсүрэнгийн Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж” залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг  тус тус дурьдсугай. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг CD-ийг уг хэргийн хугацааг дуустал хадгалахаар зохих баримтыг үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай. 

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Уд  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.