Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 207/ма2024/00070

 

 

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 207/МА2024/00070

 

 

2024 07 16 207/МА2024/00070

С.Д нэхэмжлэлтэй,

хариуцагч Э.Б

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.О даргалж, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Ү, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн *** дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/00445 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.Д нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Б холбогдох,

Байрны түрээсийн үнэ 1.597.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.М оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Дугармаа би Орхон аймаг ********** сум ********** баг ****** тоот 1 өрөө байраа түрээслүүлэх гээд Эрдэнэт зар дээр зар тавьсаны дагуу Э овогтой Б гэх залуу *********** дугаарын утаснаас яриад манай байрыг 1 сарын 500,000 төгрөгөөр, намрын саруудаас эхлэн 600,000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон, тухайн үед хэдэн сараар түрээслэхээ тохироогүй, өөрөө бол нэлээн удаан суухаар ярьж тохироод 2023 оны 05 сарын 01-ний өдрөөс амьдарч эхэлсэн юм. Тэгээд Э.Б түрээсийн мөнгөө сар бүр төлж байсан ба хамгийн сүүлд А.Оюун гэх хүний Хаан банкны *********** тоот данснаас 2023 оны 09 сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, О.Д гэх хүний *********** тоот данснаас 600.000 төгрөг төлөөд дахиж төлөлтөө хийгээгүй тул би Э.Бг 2023 оны 12 сарын 21-ний өдөр байрнаас гаргасан юм. Э.Б нь уг нь өөрөө сайт ажиллуулдаг, сэтгүүлч хүн юм байна лээ, би өнөөдөр ажил дээр нь очиж уулзахад надад мөнгө байхгүй, өгдөг газар нь өг гэж хэлээд тоохгүй байгаа тул би шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага: Э.Б түрээсийн төлбөрт 1.200.000 төгрөг дээр байрны төлбөр 275.800 төгрөг, цахилгааны төлбөрт төлсөн 15.600 төгрөг, цэвэрлэгээний зардал 106.700 төгрөгийг нэмээд нийтдээ 1.597.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Д нь шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

Анх ороход нь Э.Б 8 сараас түрээс нэмэгдэнэ гэж хэлсэн. Э.Б гэгч нь өөрөө зөвшөөрсөн. Э.Б хугацаандаа түрээсээ төлөхгүй, түрээсээ өгөхдөө 1 бол хугацаандаа төлөхгүй, нэг бол 1 сарын төлбөрөө 2 хувааж хугацаа болсноос хойш 1 сарын дараа өгөх зэргээр чирэгдэл учруулж ирсэн. ...Манай байрны түлхүүр хүлээлгэж өгөөгүй байж худал тайлбар өгч намайг гүтгэж байна. Би 10-р сараас хойш Э.Бгийн *********** дугаарын утас руу 2 сар байнга залгаж байсан боловч утас нь холбогдоогүй утсаа бүр хаасан байсан. Ингээд 11,12-р сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй надад хүндрэл учруулсан учраас арга буюу байрнаасаа 2023 оны 12 сарын 19-нд Э.Б гэгчийг байрнаасаа гаргасан. Би 2023 оны 12 сарын 25-ны нэхэмжлэл дээрээ он сарыг нь 2023 оны 10 сарын 06-ны өдрийг 2023 оны 09 сарын 20-ны өдөр гэж андуурч бичсэн байнэ лээ. Үүнийг одоо залруулж байна. Манай байрны гал зуухны крант угаалтуурын крантуудыг мөн паарыг эвдсэн байсан. Цаашдаа энэ бүгдийг нэхэмжлэх болно. 2023 оны 12 сард Э.Б гэгчийг манай байранд байсан гэдгийг мэдэх гэрч байгаа ... гэжээ.

Нэхэмжлэгч С.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Э.Бг би төлбөрөө төлөхийг нэлээн хэдэн хоног хүлээсэн боловч намайг тоохгүй төлбөрөө төлөхгүй байгаад байсан учир Эрдэнэтэд ирж Э.Бгийн ажилладаг газрыг нь хайж байгаад олж ажил дээр нь очиж уулзсан. Э.Б байрны төлбөрт 275.800 төгрөг, цахилгааны төлбөрт 15.600 төгрөг төлөөгүй байсныг би өөрөө төлсөн. Мөн 2023 оны 11, 12 сарын түрээсийн төлөлт 1.200.000 төгрөгийг надад төлөөгүй нийтдээ надад 1.491.400 төгрөг төлөх ёстой боловч өнөөдрийг хүртэл намайг доромжлоод мөнгөө төлөхгүй байна. Мөн би орон сууцаа нэг хүнд 80.000 төгрөг өгч байж цэвэрлүүлж авсан, тэгэхгүй бол манай байрыг маш их бохирлож муухай болгосон байсан, би 26.000 төгрөгийн цэвэрлэгээний материал авсан нийтдээ 106.000 төгрөгийн зардал гарсан. Иймд Э.Б түрээсийн төлбөрт 1.200.000 төгрөг дээр байрны төлбөр 275.800 төгрөг, цахилгааны төлбөрт төлсөн 15.600 төгрөг, цэвэрлэгээний зардал 106.700 төгрөг, нийт 1.597.400 төгрөгийг гаргуулж өгнө үү. Намайг байрны түрээсээ мэдэгдэлгүй 700.000 төгрөг болгосон гэж худлаа хэлж байна. Хариуцагч Э.Б нь түрээсийн төлбөр 500.000 төгрөгөө ч өгөхгүй байсан. Сарын хэрэглээний төлбөрөө төлөөч гэж над руу байцаагч дахин дахин мэдэгддэг байсан. Холбоо барихгүй удсан тул би Эрдэнэтэд ирж байраа суллаж авсан. Би хэрэглээний төлбөр, тог, түрээсийн мөнгөө өгч чадахгүй бол байрыг минь чөлөөлж өг гэж хэлсэн биш элдэв муухай үгээр доромжлуулсан. Э.Б нь 2023 оны 5-р сарын 01-нээс 2023 оны 12-р capын 21 хүртэл байр цахилгаан түрээсийн мөнгийг огт төлөөгүй. Анх ороход нь Э.Б 8 сараас түрээс нэмэгдэнэ гэж хэлэхэд Э.Б нь өөрөө зөвшөөрсөн. Э.Б хугацаандаа түрээсээ төлөхгүй, түрээсээ өгөхдөө 1 бол хугацаандаа төлөхгүй, нэг бол 1 сарын төлбөрөө 2 хувааж хугацаа болсноос хойш 1 сарын дараа өгөх зэргээр чирэгдэл учруулж ирсэн. ...Би байраа цэвэрлэж авмаар байна. Шкаф, ширээ, дрожоо аваад байр суллаж өг гэж хэлэхэд байрнаас гарахгүй гээд юмаа авахгүй хаяад зугтаагаад гүйгээд явсан. 11, 12 дугаар сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй надад хүндрэл учруулсан учраас арга буюу байрнаасаа 2023 оны 12 сарын 19-ны өдөр гаргасан. Э.Б гэгчийн хаяад явсан дээрх эд зүйлсийг СӨХ-ны ажилчнаар зөөлгөж СӨХ-ийн подвальд хийлгэсэн. Надад үүнийг нотлох гэрч байгаа. Иймд нэхэмжлэлйин шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Дугармаа нь 8 сарын 1-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийн 600.000 төгрөг болгон анх тохиролцсон үнээ нэмсэн. 8 сараас эхлэн түүний хэлсэн төлбөрийг өгч явсан боловч 10 сараас эхлэн ахин түрээсийн төлбөрийг нэмэн 700.000 төгрөг болгоно гэсэн үндсэн дээр үл ойлголцох үндэс болсон. Түрээс нэмсэн 8-р сараас хойш ус дулаан, хэрэглээний төлбөрийг төлөхөөс татгалзсан. ...Мөн байрны түлхүүр хүлээлгэн өгөх үед луйварчин, хулгайч, орох оронгүй халтар гуйлгачин гэх мэтийн үгээр доромжлон зургийг минь олон удаа дарсан болно. Миний бие сарын түрээс болох 500.000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээ хүлээн зөвшөөрч байна. Бусад нэхэмжилж буй зүйлс гүтгэлэг болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/00445 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Б 891.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 706.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.Д улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 40.508 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б улсын тэмдэгтийн хураамжид 25.944 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Дд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч С.Д миний нэхэмжлэлтэй хэргийг анхан шатны шүүхээр 2024.03.12-ны өдөр шийдвэрлэсэн. Би шүүхийн шийдвэрийг 2024.04.29-ны өдөр Монгол шуудангаас хүлээн авч давж заалдах гомдлоо 2024.05.07-ны өдөр мөн нэмэлт тайлбарыг 202.05.09-ны өдөр тус тус шүүхэд явуулсан. Миний гомдлыг хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж 2024.05.28-ны өдөр шүүгчийн захирамж гарсан. Би 2024.05.29-ны өдөр шүүхэд хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн учир энэхүү давж заалдах гомдлыг дахин гаргаж байна. Хариуцагч Э.Б гэгч нь манай байранд 2023.12.21-ний өдрийг хүртэл амьдарсан юм. Гэтэл анхан шатны шүүх 12-р сарын түрээсийн төлбөрийг оруулахгүйгээр маргааныг шийдвэрлэж, миний нэхэмжлэлийн шаардлагаас 12-р сарын түрээсийн төлбөр болох 600.000 төгрөгийг үндэслэлгүйгээр хассан байна.  Би 2023.12.21-ний өдөр ********** сумын Бүрэн бүст багийн 5-13-ийн СӨХ-ны дарга Билэгтэд хандаж *********** утсаар СӨХ-ны 2 ажилчин Э, Б 195226524\ нараар Бгийн эд зүйлсийг СӨХ-ны өрөөнд хийлгэсэн. Б гэгч нь 2023 оны 12-р сард Э, Б нараас эд зүйлсээ авч явсныг эд нар мэдэж байгаа. Хариуцагч Э.Б гэгч нь 2023 оны 11-р сард өрөөг суллаж, өрөөний түлхүүрийг нэхэмжлэгч надад өгснөө өөрөө шүүхэд нотлоогүй. Харин Б 2023 оны 12-р сарын цахилгааны төлбөрт 15600 төгрөг төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Энэ баримт нь Б 12-р сард түрээсийн байрыг эзэмшиж ашиглаж байсныг нотолж байна. Иймд энэ нотлох баримтыг үндэслэн хариуцагчаас 706.000 төгрөг нэмж гаргуулахаар давж заалдах гомдол гаргаж байгаа тул үүнийг зохих ёсоор шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.  Хэрэв давж заалдах шатны шүүх хариуцагчаас 706.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэх боломжгүй бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, Э.Бг 2023 оны 12 дугаар сард манай түрээсийн байранд амьдарч байсныг нотлох гэрч Э, Б /95226524/ нарыг шүүх хуралдаанд оролцуулах боломжоор хангаж өгнө үү. Гомдолд цэвэрлэгээний материал худалдан авсан баримтыг хавсаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Э.Б байр хөлсөлсөн төлбөр 1.597.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Э.Б нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд зохигчид Орхон аймаг ********** сум ********** баг 5-р хороолол 13 дугаар байрны 10 тоот 1 өрөө байрыг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сарын 500.000 төгрөгөөр хөлсөлж суухаар харилцан ярилцаж тохиролцсон ба нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Э.Бгийн эзэмшилд орон сууцыг хүлээлгэн өгсөн, хариуцагч Э.Б харилцан тохиролцсны дагуу 2023 оны 5,6,7дугаар сарын хөлсөнд 500.000 төгрөгөөр тооцон 1.500.000 төгрөг, 8,9,10 дугаар сарын хөлсөнд 600.000 төгрөгөөр тооцон 1.800.000 төгрөгийг тус тус төлсөн, талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д заасан орон сууц хөлслөх гэрээ амаар байгуулагдсан зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.

Зохигчдын хоорондын маргааны зүйл нь 2023 оны 11,12 дугаар сарын төлбөрийг тохирсон хугацаандаа төлөөгүй гэсэн шалтгаанаас үүдэлтэй бөгөөд нэхэмжлэгч С.Д нь хариуцагчийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байрнаас гарсан ч, намайг чирэгдүүлж, доромжилсон учраас 12 сарын төлбөрийг бүтнээр тооцож авна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлдог бол хариуцагч Э.Б нь 2023 оны 11 дүгээр сард байрыг нь суллаж өгөхөөс өөр гарцгүй болсон учраас 2023 оны 11 дүгээр сард байрнаас гарч суллаж өгсөн. 500.000 төгрөг төлнө, бусад нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэсэн татгалзсан тайлбар гарган маргажээ.

Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Э.Бг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хөлсөлж байсан 12 сарын хөлсийг бүтнээр нь авна, байрны цэвэрлэгээнд 26.000 төгрөгийн материал авч 80.000 төгрөгөөр хүн хөлсөлж цэвэрлүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөөгүй шаардлагаа нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

Анхан шатны шүүхийн хариуцагч Э.Б тухайн орон сууцыг 2023 оны 11 дүгээр сар хүртэл эзэмшилдээ байлгасан, 2023 оны 8 дугаар сараас орон сууц хөлслөх хөлсийг 600.000 төгрөгөөр төлөхөөр тохирсон, төлж байсан болох нь талуудын тайлбар, нэхэмжлэгч С.Д банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон гэсэн үндэслэлээр хариуцагчаас 1 сарын байрны хөлс 600.000 төгрөг, мөн байрны хэрэглээний төлбөр 275.800 төгрөг, цахилгааны төлбөр 15.600 төгрөгийг өөрөө төлсөнтэй холбоотой нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй боловч хариуцагч Э.Бгийн ...түрээс нэмсэн 8 сараас хойш хэрэглээний төлбөрийг төлөөгүй гэсэн тайлбарт үндэслэн хэрэглээний төлбөрт 291.400 төгрөгийг тус тус гаргуулахаар, цэвэрлэгээ хийлгэсэн 80.000 төгрөг, цэвэрлэгээний материал авсан гэх 26.000 төгрөг нийт 106.000 төгрөг, 12 сарын төлбөр 600.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хэрэглэвэл зохих хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч С.Д давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/00445 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Д давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч С.Д давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.494 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.