| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2019/00045/Э |
| Дугаар | 00044 |
| Огноо | 2019-03-20 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 00044
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Э.Гантулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Ад холбогдох 1932000000040 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, халх, 1966 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, *дүгээр өртөөнд оршин суух хаягтай, урьд өмнө Ардын Армийн Улиастай Гаринзоны Тусгай шүүхийн 1985 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №41 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200-р зүйлийн “А” ангид зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, Архангай аймгийн хэсгийн 1 дүгээр шүүхийн 1993 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн №190 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, ЭХЕА-ийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар Г.Ад Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас заримыг буюу 1 жилийн хорих ялыг ЭХТА-ийн 1231 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн 6 жил хорьж шийтгэж, ЭХЕА-ийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар Г.Аийн өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор эдэлсэн 6 сар 22 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялаас хасч, 5 жил 5 сар 8 хоног хорих ялаар тус тус шийтгүүлсэн. Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Гүрсэдийн А.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Г.А нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газарт иргэн Д.Обын эзэмшлийн малыг маллаж байхдаа 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1 тооны хээр зүсмийн 7 настай гүүг бусдад худалдан борлуулан хувьдаа завшиж 800000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ: ... Би Д.Обын үхэр болон адууг хөлсөөр малладаг. 2019 оны 01 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг Баянголын ам гэх газарт нүүж ирэхдээ эхний сарын цалингаа аваад хэрэглэчихсэн юм. Тэгээд Цагаан сар болох гээд мөнгөгүй болчихоор нь Д.Обын адуунаас хээр алаг зүсмийн байдсан гүүг 300000 төгрөгөөр Отгоо гэх залууд зарж борлуулсан. Гэрээ байгуулаад хүлээж авсан малнаас зөвшөөрөлгүй зарсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Д.Об мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …. Манай ах дүү нарын мал Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг Түнхэл тосгон 264 дүгээр точик Баянголын ам гэх газар малчинд хөлс өгч харуулдаг юм. 2019 оны 01 дүгээр сараас Г.А гэх хүнийг гэр бүлээр нь гэрээ байгуулан сарын 500000 төгрөгний цалин өгөхөөр тохирч тугал, бяруу нийлсэн 19 үхэр, 38 адуу хүлээлгэж өгсөн. Тэрнээс хүний унагатай гүү байсан тэрийг өгөөд нийт 36 тооны адуу байсан. Тэрнээс хойш ажил ихтэй болохоор ирж чадаагүй байж байгаад 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ирээд адуугаа тоолоод үзсэн чинь нэг гүү дутахаар нь асуусан чинь би мэдэхгүй гэхээр нь манай малын хажууд байдаг айлаас асуусан чинь танай малчин Отгоод 300000 төгрөгөөр зарсан гэсэн. “… алдсан адуу маань 7 нас хүрч байгаа хэлтэй алга гүү байгаа...” “... Би Мандап сумын үнэлгээний комиссоос гаргуулсан үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Тийм болохоор 800000 төгрөг нэхэмжилж байна. Г.А манай малыг 3 жилийн хугацаатай маллах хөдөлмөрийн гэрээтэй байгаа юм. Тийм болохоор Г.Аийн сарын цалин дээрээс суутгуулан миний хохирлыг барагдуулахаар тохиролцсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 6-9-р хуудас/
Гэрч Ш.ЧО мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Манай гэрийн урд байдаг Дамдинбазар ахын малчин гэх Г.А ах 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр Ганбаяр гэх хүнтэй адуунд явж байгаад А ахын гэрээр орсон чинь ах эгч хоёрт чинь мөнгөний хэрэг гараад байна нэг хязаалан байдас 300000 төгрөгөөр худалдаад авчих гээд байхаар нь надад одоо мөнгө байхгүй байна. Ганц хоёр хоногийн дараа мөнгөтэй болно гэж хэлчихээд гараад явсан. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр над руу утсаар яриад чи байдсаа авчихаач гээд гуйгаад байхаар нь би Улаанбаатар хотод явж байна надад зарах гээд байгаа юм бол байдсаа бариад манай дүүд өгөөд явуулчих. Дүүгээ танайд яваад оч гээд хэлчихье. Би маргааш очиж байгаад мөнгийг нь өгье гэсэн чинь тэгье гээд манай дүү Чхд өгөөд явуулсан байсан. 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Г.А ах манай гэрт ирээд 300000 төгрөг аваад явсан. Миний худалдаж авсан адуу хязаалан, хээр алга зүсмийн байдас байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-р хуудас/
Гэрч Ш.Чх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр манай ах Ш.ЧО утсаар яриад Г.А гэх айлд очоод адуу аваад гэрт байлгаж бай гээд утсаар ярихаар нь би урдхан байдаг Об гэх айлын малыг малладаг А гэх айлд очисон чинь А ах адуугаа хашиж байгаад хээр алаг зүсмийн байдсан гүү барьж өгөхөөр нь би тэр адууг нь аваад гэр лүүгээ харьсан гэх мэдүүлэг /хХ-ийн 13-р хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссоос малд үнэлгээ тогтоосон тухай №80 дугаартай шинжээчийн дүгнэлт: ... Хээр алаг зүсмийн 7 настай хээлтэй 1 тооны гүү 800000 төгрөг гэх үнэлгээ /ХХ-ийн 16-р хуудас/
Г.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг Баянголын ам гэх газарт нүүж ирэхдээ эхний сарын цалингаа аваад хэрэглэчихсэн юм. Тэгээд Цагаан сар болох гээд мөнгөгүй болчихоод Д.Обын адуунаас хээр алаг зүсмийн байдсан гүүг 300000 төгрөгөөр нутгийн Отгоо гэх залууд зарсан. Миний буруу гэрээ байгуулаад хүлээж авсан малнаас зөвшөөрөлгүй зарсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч Г.Аийн талаар ял шийтгэл шалгах хуудас /ХХ-ийн 27 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 24 дүгээр хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 50-65 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.А нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газарт иргэн Д.Обын эзэмшлийн малыг маллаж байхдаа 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1 тооны хээр зүсмийн 7 настай гүүг бусдад худалдан борлуулан хувьдаа завшиж 800000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Д.Обын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 6-9-р хуудас/, Гэрч Ш.ЧОы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 12-р хуудас/, Гэрч Ш.Чхгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 13-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссоос малд үнэлгээ тогтоосон тухай №80 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 16-р хуудас/, Г.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 22-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.А нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газарт иргэн Д.Обын эзэмшлийн малыг маллаж байхдаа 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1 тооны хээр зүсмийн 7 настай гүүг бусдад худалдан борлуулан хувьдаа завшиж 800000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Иймд энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Гүрсэдийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө” буюу 1 тооны гүү завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аийг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.