Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогтох Гандиймаа |
Хэргийн индекс | 182/2023/01397/И |
Дугаар | 210/МА2024/01570 |
Огноо | 2024-08-09 |
Маргааны төрөл | Банкны зээл, Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2024/01570
2024 08 09 210/МА2024/01570
******* финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2024/02349 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.*******, Э.******* нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 117,511,726 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Хариуцагч нар манай байгууллагаас 2021 онд 60,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,5%-ийн хүүтэй зээлж авсан боловч төлж чадаагүй, зээлийн хугацаа хэтрэлтэд орсон. Хариуцагч нар компанийн хувьцаа эзэмшигч, иргэн *******-тэй тохиролцон, 0,5%-ийн шимтгэл төлж зээлээ чөлөөлүүлсэн. Зээл чөлөөлөх үед зээлийн тооцоолол 69,000,000 төгрөг байсан. ******* ийнхүү зээл чөлөөлж, өөрөө хувьдаа ашиг олдог, энэ нь компанид ямар ч хамааралгүй юм. Зээлээ чөлөөлүүлэх нь хариуцагч нарт ашигтай байсан бөгөөд муу зээлийн ангилалд орох эрсдэлээс хамгаалагдсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар 2021 онд авсан 60,000,000 төгрөгийн зээлийг хүү 9,000,000 төгрөгийн хамт нийт 69,000,000 төгрөг болгон төлж дуусган, зээлийг хаасан.
1.2. Хариуцагч нар дахин манай байгууллагад хүсэлтээ гаргаж 2022 оны 10 сарын 31-ний өдөр №22/12 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 69,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж авсан бөгөөд 2022 оны 12 дугаар сараас эхлэн сар бүрийн 03-ны өдөр зээлийн төлөлт хийх үүрэг хүлээсэн. Гэвч өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан. Зээлээ төлөөч гэдэг шаардлага тавихад нийлмэл хүүтэй зээл учир төлөхгүй гэдэг. Энэ нь нийлмэл хүүтэй зээл биш юм, нийлмэл хүү гэдэг нь ихэвчлэн хадгаламжийн хүү тооцоход ашиглагддаг, хүүгээс хүү тооцдог ойлголт бөгөөд энгийн зээлд огт хамаарахгүй. Тодруулбал, хариуцагч нар өмнөх 2021 оны зээлээ төлж дуусгаад, төлж дууссан хэмжээний зээлийг дахин шинээр хүсэлт гарган авсан, 2022 оны 69,000,000 төгрөгийн зээл шинээр байгуулагдсан гэрээ, нийлмэл хүүтэй зээл огт биш юм. Хариуцагч нар 2024 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 69,000,000 төгрөг, хүү 40,811,192 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,701,534 төгрөг, нийт 117,511,726 төгрөгийг төлөх үүрэгтэй.
1.3. Хариуцагч нар 2022 оны 10 сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулахдаа өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо /24 дүгээр хороо болсон/, Майхан толгой 13 дугаар гудамжны *******од байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 120 м.кв хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаартай, 15 жилийн хугацаатай, 690 м.кв эзэмших эрхтэй зуслангийн газрыг барьцааны гэрээ байгуулан барьцаалсан.
Хариуцагч нар нь №22/12 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцааны гэрээнд заасны дагуу барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэл бүрдсэн. 2022 оны 10 сарын 31-ний өдрийн фидуцийн гэрээний дагуу хариуцагч Д.*******ын өмчлөлийн улсын дугаартай, арлын дугаартай, тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан.
Иймд, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 117,511,726 төгрөгийг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Хариуцагч нар ******* финанс ББСБ ХХК-иас 2021 оны 12 сарын 22-ны өдөр 60,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,5%-ийн хүүтэй зээлж авсан. Уг зээлд Э.******* хамтран зээлдэгчээр орсон. 2022 оны 10 сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулахдаа өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо /24 дүгээр хороо болсон/, Майхан толгой 13 дугаар гудамж, *******од байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 120 м.кв хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын дугаартай, 15 жилийн хугацаатай, 690 м.кв эзэмших эрхтэй зуслангийн газрыг барьцааны гэрээ байгуулан барьцаалсан нь үнэн. Хариуцагч нар зээл авснаас хойш хүүгээ төлж явсан. Гэтэл Ковид-19 цар тахлаас шалтгаалан хил гааль хаасантай холбоотой эдийн засгийн хямрал үүсч, хариуцагч нарын зүгээс зээлийн хүүгээ төлөх боломжгүй болж, хугацаа хэтрүүлсэн.
Гэтэл банк бус санхүүгийн байгууллагаас таны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь 9,000,000 төгрөгт хүрсэн байна. Таны зээлийн хугацаа дуусаагүй байгаа ч бид таны энэ зээлийг хааж өгөөд таньд 69,000,000 төгрөгийн шинэ зээлийн гэрээ хийж өгье гэсэн. Энэ үед хариуцагч нар 60,000,000 төгрөгөө төлж чадахгүй байж 69,000,000 төгрөг төлөх боломжгүй гээд зөвшөөрөөгүй. Харин ББСБ нь бидэнтэй байнга ярьж, зээлээ төл гэж дарамт шахалт үзүүлэхгүй гэсэн учраас тавьсан болзлыг нь зөвшөөрч 2022 оны 10 сарын 31-ний өдөр ******* финанс ББСБ ХХК-иас 69,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, 3,5%-ийн хүүтэй зээлж авсан. Гэвч энэ мөнгөө зориулалтын дагуу ашиглаагүй шууд ББСБ-ын хувьцаа эзэмшигч, ******* /n/-д төлсөн. Өөрөөр хэлбэл, ******* /n/ нь нэхэмжлэгч байгууллагын хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нь бөгөөд зээлийг зээлээр хаасан. Иймд, 60 сая төгрөгийн зээлийг хүүгийн хамт 69,000,000 төгрөг болгон төлөөд, эргээд 69,000,000 төгрөгийн зээл авч, хүү тооцож байгааг бидний зүгээс нийлмэл хүүтэй гэрээ гэж үзсэн. 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Монгол банкны ерөнхийлөгчийн А/203 тоот тушаалын 5.5-д нийлмэл хүүтэй зээл олгохыг хориглоно гэж заасан байдаг. Иймд, зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх тул авсан зээлээ л төлнө, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрөхгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.*******, Э.******* нараас 117,511,726 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.*******, Э.******* нар зээл төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-ийн барьцааны зүйл болох хариуцагч Д.*******ын өмчлөлийн, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо /24 дүгээр хороо болсон/, Майхан толгой 13 дугаар гудамжны *******од байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 120 м.кв хувийн сууц, хариуцагч Д.*******ын эзэмшлийн, мөн хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, 15 жилийн хугацаатай, 690 м.кв эзэмших эрхтэй зуслангийн газрыг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК нь хариуцагч Д.*******, Э.******* нарт холбогдох фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,344,583 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.*******, Э.******* нараас 745,509 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Тиймээс хариуцагч Д.*******, Э.******* нар нь 2022.11.03-ны өдөр БНСУ-ын иргэн -аас авсан 68,590,000 төгрөгөө буцаан төлөх зорилгоор нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-иас 2022.10.31-ний өдрийн №2242 тоот зээлийн гэрээгээр 69,000,000 төгрөгийг зээлж авч, мөн өдрөө 68,590,000 төгрөгийг БНСУ-ын иргэн д төлсөн болох нь нотлогдсон гэжээ.
Хариуцагч нар нь 2021 оны 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээ нь хүүгийн хамт 69,000,000 төгрөг болсныг хаах зорилгоор аас зээл авч ******* финанс ББСБ-д төлсөн. ******* финанс ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь хувийнхаа мөнгөнөөс зээл олгосон гэх үндэслэлээр зээлийг зээлээр хаасан гэх хариуцлагаас мултарч, 9,000,000 төгрөгийн хүүгээс дахин хүү тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бид эхний гэрээгээр явсан бол 60,000,000 төгрөгөөс хүүгийн хариуцлага яригдах байтал бидэнд дахин 69,000,000 төгрөгийн зээл олгосон гэх үндэслэлээр шинээр зээлийн гэрээ байгуулж өмнөх гэрээний хариуцлага болох 9,000,000 төгрөгт дахин хүү тооцож байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй.
4.2. Банк, эрх бүхий хуүлийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээнд зээлийн зориулалт-ыг тусгасан байхыг шаарддаг. Гэтэл талуудын хооронд 2022.10.31-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд зээлийн өргөдөлд дурдсан зориулалтаар гэж бичсэн ба хэрэгт зээлийн өргөдөл авагдаагүй болно.
Хэрэгт авагдсан баримтаар 2022 онд авсан 2 дахь удаагийн зээл нь зориулалтын дагуу ашиглагдаагүй болох нь нэхэмжлэгч талын үүсгэн байгуулагч, хүвьцаа эзэмшигч ы дансанд 68,590,000 төгрөг шилжигдсэн баримтаар нотлогддог.
4.3. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т хувийн ашиг сонирхлоо харилцагчийн ашиг сонирхлоос дээгүүр тавихгүй байх мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-д Зээлийг зээлийн гэрээнд заасан зориулалтаар нь ашиглах бөгөөд олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, олгосон зээлийг нэн даруй буцаан зээлдэгчээс төлөхийг шаардана. гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болсон 2022.10.31-ний өдрийн Зээлийн гэрээ нь хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагын 69,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. 2022 онд БНСУ-ын иргэн ******* /n/ 0,5 хувийн шимтгэл авч Д.*******, Э.******* нарт зээл олгосон болох нь дансны хуулгаар тогтоогдоно.
Д.*******, Э.******* нар ******* /n/-аас авсан зээлээрээ ******* финанс ББСБ ХХК-ийн зээлийг төлж барагдуулсан бөгөөд Д.******* нь ******* финанс ББСБ ХХК-иас дахин 69,000,000 төгрөгийн зээл авсан. Тус зээлийг зээлийн өргөдөлд дурдсан данс буюу Д.*******ын данс руу шилжүүлсэн бөгөөд Д.******* тус мөнгөөр /n/-аас авсан зээлээ төлж барагдуулсан талаар анхан шатны шүүх нийлмэл хүүтэй зээл биш тус тусдаа байгуулсан зээлийн гэрээ байна гэж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.
5.2. Зээлийг зориулалтын дагуу ашиглах эсэх нь зээлдэгчийн өөрийн хариуцлага. Энэ нь зээлийн гэрээг цуцлах үндэслэл бөгөөд зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан тул тус гэрээ хүчин төгөлдөр. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК нь хариуцагч Д.*******, Э.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 69,000,000 төгрөг, зээлийн хүү 40,810,192 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,701,534 төгрөг нийт 117,511,726 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.
3. Талууд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр №21/14 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* финанс ББСБ ХХК нь 60,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэх, Д.*******, Э.******* нар зээл, хүүгийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 79-81/
3.1. Энэ гэрээний үүрэгт хариуцагч нар үндсэн зээл 60,000,000 төгрөг, хүү 8,728,082 төгрөг нийт 68,728,082 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төлж, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр ******* финанс ББСБ ХХК нь Д.*******, Э.******* нартай №22/12 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 69,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлэх,
Зээлдэгч нар зээлийг хүүгийн хамт буцаан төлөх, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.*******ын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо Майхан толгой 13 гудамж, ******* хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 120 м2 талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байршилтай зуслангийн зориулалттай, 690м2 талбай бүхий газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан, гэрээний дагуу 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 69,000,000 төгрөгийг хариуцагч нар хүлээн авч, мөн өдрөө ******* финанс ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч БНСУ-ын иргэн ы /*******/ дансанд 68,590,000 төгрөгийг шилжүүлсэн баримтууд хэрэгт авагдсан байна. /1хх-ийн 7-10, 16, 2хх-ийн 34-35, 86 дугаар тал/
3.2. Хариуцагч нар нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч БНСУ-ын иргэн аас 68,590,000 төгрөгийг зээлж, уг мөнгийг ******* финанс ББСБ ХХК-тай байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №21/14 дугаартай зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн, ******* финанс ББСБ ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дахин зээлийн гэрээ байгуулж, улмаар гэрээгээр хүлээн авсан 69,000,000 төгрөгөөс 68,590,000 төгрөгийг БНСУ-ын иргэн д шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй. Тэдний маргааны зүйл нь сүүлийн зээлийн гэрээгээр нийлмэл хүү тооцсон эсэх, уг гэрээгээр хүү төлөх үүрэгтэй эсэх асуудал болжээ.
4. Дээрх гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн болон барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, уг гэрээнүүд хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт нийцнэ.
Анхан шатны шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс талуудын зарим тохиролцоо нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож чадаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.
4.1. ******* финанс ББСБ ХХК, БНСУ-ын иргэн /*******/ нар нь нэгдмэл сонирхолтой этгээдүүд бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч нарын төлвөл зохих зээлийн төлбөрийн хэмжээгээр хувьцаа эзэмшигчээсээ зээл авахуулах байдлаар зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлж, ийнхүү төлөгдсөн зээл, түүний хүүгийн хэмжээгээр дахин зээл олгож, уг дүнгээс хүү тооцохоор хариуцагч нартай тохирсон нь иргэнд нийлмэл хүүтэй зээл олгохыг хориглосон хуулийг зөрчсөн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагч нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгааг мэдсээр байж нэгдмэл сонирхолтой этгээдээс зээл авахуулж төлөгдөөгүй зээлийг төлүүлж, улмаар нэгдмэл сонирхолтой этгээдийн зээлийг төлүүлэх зорилгоор дахин зээл олгосон үйлдэл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцэхгүй.
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 5.5-д иргэнд нийлмэл хүүтэй зээл олгохыг хориглоно гэж, тус журмын 1.3.6-д Нийлмэл хүү гэж үндсэн дүн болон өмнөх хугацаанд бодогдсон хүүгийн нийлбэр дүнгээс тооцсон хүүгийн хэмжээг ойлгоно гэж заажээ.
Иймд, нэхэмжлэлийн үндэслэл болох 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээнд өмнөх зээлийн хүү 9,000,000 төгрөгийг /зээл хүүгийн тооцооллоор 8,728,082 төгрөг/ нэмж, 69,000,000 төгрөг зээлэхээр тусгасан байх ба үүнээс 9,000,000 төгрөгт холбогдох хэсэг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байна. Энэ талаар гаргасан хариуцагч нарын гомдол хангагдана.
Дээрх зээлийн гэрээний зарим хэсэг хүчин төгөлдөр бус байгаа нь зээлийн гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохгүй ба гэрээний үлдсэн хэсэг нь хүчин төгөлдөр хэвээр үлдэх талаар Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зохицуулсан.
4.2. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан.
Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ цуцлагдаж дуусгавар болсон нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгч хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй. Энэ талаар гэрээний 1.5, 1.7-д зааснаар талууд тохиролцсон байна.
Иймд, хариуцагч нараас үндсэн зээл 60,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү 35,487,123 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,683,178 төгрөг, өмнөх гэрээний дагуу төлбөл зохих хүү 8,590,000 төгрөг нийт 110,760,301 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-д олгож, үлдэх 6,751,425 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хэрэгт авагдсан баримтаар өмнөх зээлийн хүү 8,728,082 төгрөг болсноос 8,590,000 төгрөгийг ******* финанс ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс зээлэх байдлаар төлж, зөрүү 138,082 төгрөгийг тухайн үед хариуцагч нар төлсөн байх тул өмнөх гэрээний хүүг 8,590,000 төгрөгөөр тогтоосныг дурдах нь зүйтэй.
5. Талуудын байгуулсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэж үзсэн анхан шатны дүгнэлт зөв, энэ гэрээний талаар зохигч хэн аль нь гомдол гаргаагүй. Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн.
Шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж байгаа нөхцөлд үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхийн зохицуулалтыг баримталсан нь оновчтой болоогүй тул энэ зүйл, заалтыг хассан өөрчлөлтийг оруулна.
6. Дээрх үндэслэлээр хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2024/02349 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******, Э.******* нараас 110,760,301 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-д олгож, үлдэх 6,751,425 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтын 174 дүгээр зүйлийн 174.1 гэснийг хасаж,
4 дэх заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 гэсний дараа 7.1.2, гэж нэмж, 60 дугаар зүйлийн 60.1 гэснийг хасаж, 56 дугаар зүйлийн 56.1 гэснийг 56.2 гэж өөрчилж, ...745,509 төгрөгийг гэснийг ... 711,751 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.*******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 745,509 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Т.ГАНДИЙМАА