| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2016/0352/И |
| Дугаар | 472 |
| Огноо | 2016-07-08 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 472
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-34-16 тоотод оршин суух, эмэгтэй, ВЛ78051208 регистрийн дугаартай, Боржигон овогт Рагчаагийн Дэчинпагмын хүсэлттэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Д.Дэнсмаа мөн болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Р.Дэчинпагма шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай эгч Даваажавын Дэнсмаа нь 2016 оны 1-р сарын 04-ний өдөр өвчний учир нас барсан тул түүний охин болох Э.Хонгорзулыг тэжээгчээ алдсаны тэтгэмжинд тогтоолгоход Даваажавын Дэнсмаагийн хөдөлмөрийн дэвтэр шаардлагатай байна. Иймд Даваажавын Дэнсмаагийн 1986 оны 1 сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр нь Балдангийн Дэнсмаа гэсэн нэрээр нээсэн байх тул хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр иргэний үнэмлэхний нэрээр буюу Даваажавын Дэнсмаагаар тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Р.Дэнчипагма, Д.Дэнсмаа нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Дэнсмаагийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Д.Дэнсмааг нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д.Дэнсмаагийн хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар, Д.Дэнсмаагийн төрсний бүртгэлийн лавлагаа, Д.Дэнсмааг Балдан гэх айлд үрчлүүлж байсан талаар мэдүүлэг өгсөн гэрч П.Болормаагийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
1980 онд нээсэн хөдөлмөрийн дэвтэр нь Балдангийн Дэнсмаа нэрээр бичигдсэн байдал нь иргэний үнэмлэхийн эцгийн нэртэй зөрүүтэй хэдий ч Даваажавын Дэнсмааг нь 1971 онд Балдангийнд үрчлэгдэж байсан талаар мэдүүлсэн гэрч П.Болормаагийн мэдүүлэгийг үндэслэн ХАА-н нэгдлийн гишүүний 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Даваажавын Дэнсмаа мөн болохыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан ХАА-н нэгдлийн гишүүний 1980 онд нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Даваажавын Дэнсмаа мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Р.Дэчинпагмын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7,120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ