Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 182/2022/01506/И |
Дугаар | 210/МА2022/01455 |
Огноо | 2022-08-05 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2022/01455
2022 оны 08 сарын 05 өдөр | Дугаар 210/МА2022/01455 |
ХХХХын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2022/01393 дугаар шийдвэртэй,
ХХХХын нэхэмжлэлтэй
ХХХХд холбогдох,
Эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ХХХХ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ, хариуцагч ХХХХ, хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: ХХХХ миний бие нь 2016 онд ХХХХтой танилцаж, хамт амьдарч эхэлсэн. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүү ХХХХ, 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр охин ХХХХ нар төрсөн. ХХХХ нь хамт амьдрах хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамт амьдрах аргагүй нөхцөл үүсгэсэн учраас хамт амьдрах боломжгүй болсон.
ХХХХ бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй тул хүүхдүүдээ би өөрийн нэрээр овоглосон. Тиймээс ХХХХг хүү ХХХХ, охин ХХХХ нарын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, түүнээс хүүхдийн тэтгэлэг хуулийн дагуу гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие ХХХХтой 2016 онд танилцаж удалгүй хамт амьдарч эхэлсэн. ХХХХ бид хоёрын дундаас 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүү ХХХХ, 2019% оны 06 дугаар сарын 15-ны өдөр охин ХХХХ нар тус тус төрсөн.
Миний хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зүйл огт байхгүй. Хамт амьдарч байгаа хүмүүс хааяа маргалдаж муудалцах зүйл гарч байсныг үгүйсгэхгүй. Харин ХХХХ нь маш хурц ааштай, намайг хэл амаар байнга доромжилдог, огцом ууртай, зөрүүд зантай.
ХХХХ нь 2022 оны 03 дугаар сард хүүхдүүдийг аваад ээж рүүгээ явсан. Тэрээр нэгэнт надтай цаашид хамт амьдрахгүй гэж шийдэж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бол миний бие түүнийг нь хүлээн зөвшөөрч байна. ХХХХ, ХХХХ нарыг би өөрийн хүүхдүүд мөн болох дээр ямар ч маргаан байхгүй, миний хүүхдүүд мөн.
Харин хүүхдийн асрамжийг ХХХХт үлдээж чадахгүй. Бага охин 3 настай тул ээж дээр нь үлдээхээс аргагүй тул эхийн асрамжид үлдээж, тэтгэлэг төлнө. Харин хүү 5 настай тул өөрийн асрамжид авах хүсэлтэй тул сөрөг нэхэмжлэл гаргах болно.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү ХХХХ, 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин ХХХХ нарын эцэг ХХХХ мөн болохыг тогтоож,
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү ХХХХ, 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин ХХХХ нарыг эх ХХХХын асрамжид үлдээж,
Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү ХХХХ, 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин ХХХХ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүрт, сар бүр эцэг ХХХХгоос тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Миний бие шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх болсон шалтгаан нь нэхэмжлэгч нь өөрөө хурал болох хүртэл надтай хамт амьдарч байсан бөгөөд надад хэлэхдээ би чамд хүүгээ өгнө, чи хуралд зүгээр л зөвшөөрч байна гээд хэлчих гэхээр нь би түүнд итгээд хуралд оролцсон. Гэтэл нэхэмжлэгч ХХХХ нь шүүх хуралдаанд гэнэт өмгөөлөгчтэй орж ирсэн бөгөөд хэлсэн амандаа хүрч хүүг маань надад өгөөгүй.
Хурлын дараа ч хүүг маань надад өгөөгүй бөгөөд одоо тусдаа амьдарч байна. Хэрэв түүнийг надад ийнхүү худлаа хэлж, намайг хуураагүй байсан бол би анхнаасаа хүүхдийн асрамж дээр маргаж хүүгээ өөртөө авах талаар сөрөг нэхэмжлэл гаргах байсан. Энэ талаараа би шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа тодорхой дурдаж байсан. Өөрөөр хэлбэл миний бие хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага дээр ямар нэгэн маргаангүй хүлээн зөвшөөрч байгаа, мөн бага охин ХХХХээ эх ХХХХын асрамжид үлдээж тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Гагцхүү өөрийн хүү болох ХХХХийг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хүү ХХХХийг миний асрамжид үлдээж шийдвэрлэж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуралдаанд ХХХХ нь 2 хүүхдээ өөрийн хүүхэд мөн эсэх, асрамжийн хувьд эхэд нь үлдээхээ хүлээн зөвшөөрсөн. Шүүх хуралдааны дараа ХХХХ нь би өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан, хүүхдийн тэтгэлгийг төлж чадахгүй гэж ХХХХ дээр очиж удаа дараа дарамталсан. Хариуцагчид өмгөөлөгчтэй оролцох, хүсэлт гаргах эрхтэй гэдгийг тайлбарласан нь хурлын тэмдэглэлд тусгагдсан. Түүний эрхийг хязгаарласан, хуурч мэхэлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Энэхүү хэрэг маргаан нь нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн зөвшөөрлийн үндсэн дээр шийдвэрлэгдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХд холбогдуулан хүүхдүүдийн эцгээр тогтоолгох, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хариуцагчид 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарласан байх ба хариуцагч нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа хүүхдүүдийн эцгээр тогтоолгох, охин ХХХХийг эхийн асрамжид үлдээх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, харин хүү ХХХХийг өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа талаар дурджээ.
4. Улмаар анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагт шүүх хуралдааныг товложээ. Тус өдрийн шүүх хуралдаанд хариуцагч тайлбартаа охин ХХХХийг эхийн асрамжид, хүү ХХХХийг өөрийн асрамжид авах талаар нэхэмжлэгчтэй шүүх хуралдааны өмнөх өдөр ярилцаж байсан гэх нөхцөл байдлын талаар тайлбарласан байна.
Хариуцагч ХХХХ нь хүүхдүүдийн эцэг болохын хувьд эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг төлөх асуудлаар маргаагүй боловч талууд хүүхдийн асрамжийн талаар маргаантай байхад энэ талаар мэтгэлцэх боломж олгоогүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг анхан шатны шүүх зөрчсөн гэх үндэслэл болно.
5. Түүнчлэн хариуцагчид хэргийн материал танилцуулсан талаар баримт байхгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасныг зөрчсөн гэх үндэслэлд хамаарна.
5. Анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2022/01393 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Э.ЗОЛЗАЯА