Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 00039

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                       Нарийн бичгийн дарга                     С.Төртулах

                       Улсын яллагч                                    Б.Эрхэмбаатар

                       Хохирогч                                           Б.Тч

            Хохирогчийн өмгөөлөгч                   Ж.Энхжаргал

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                   Ч.Мөнгөнцэцэг

                                  Гэрч                                                   Б.Жс

                                                                                             У.Ихбаяр

                                  Шүүгдэгч                                               Д.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

 Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын зөвлөх О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 1832000970116 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1963 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан төрийн дээд одон медаль, гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигин овогт Дамдинсүрэнгийн Б.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Д.Б нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг сайжруулсан шороон замын уулзвар дээр “Hyundai” маркийн “18-23” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Тчийн жолоодож явсан “Toyota grand mark-2 маркийн “67-78” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Б.Тчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: ... 2018 оны 05 дугаар сарын 23-ны орой 22 цагт би замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан. Тухайн үед би хамгаалах бүсээ бүсэлсэний үндсэнд өнөөдөр бүрэн бүтэн зогсож байна. Энэ авто машинтай оролцсон. Тэгээд хөдөлгөөний чигийг өөрчлөхдөө зүүн гар тийш эргэхдээ хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасны үндсэн дээрээс зүүн гар тийш эргэсэн. Эргэж явтал хаа нэг газраас хав харанхуй хар хурдаараа шал согтуу энэ хүн ирж намайг мөргөсөн. Өөрийнхөө унаж яваа машинаас 3 дахин хүнд жинтэй машиныг 90 градус хэмжээний эргүүлсэн. Тухайн үеийн авто осолоос болж би баруун шанаандаа болон хоёр гар том газар хавдар үүсчихсэн байна. Нуруу нугасандаа гэмтэл авсан. Байнгын өвчинтэй. Авто ослын өвчин чинь дараа нь их илэрдэг гэнэ. Миний тархи толгой байнга эргэж, өвдөж байна. Нөгөө тос байна уу орхичихсон байна уу. Би байнгын толгойн тос түрхэж явж байна. Хэрэг болсон газрын анхны схем зураг, энэ Мөнхсүлдийн буруу зурсан энэ схемээс болж шинжээчийн дүгнэлт удаа дараа буруу гараад байгаа. Хэрэг прокурорын газар очиж, мөрдөн байцаах руу 3-4 удаа буцсан боловч ерөөсөө чанарын шаардлага хангаагүй. Газар дээр нь ганц ч шинжээч очиж үзлэг хийгээгүй. Улаанбаатар Дарханы төв замаар энэ хүнийг явсан болгож, намайг шороон замаас орсон болгож ийм схем зураг хийсэн байгаа. Миний машины рам ийм болтлоо гулзайсан. Хажуу талаасаа мөргөөд ямар ч авах юм байхгүй болсон. Одоо ингээд нөхөн үзлэг хийсэн гэж байна. Батзаяа байцаагч наймдугаар сарын найманд над руу утсаар залгаж есөнд очиж нөхөн үзлэг хийхдээ  та “Ашид билгүүн” гэдэг газрын үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа бол энийг уншаад зөвшөөрөхгүй гээд гарын үсэг зур гэсэн. Зөвшөөрөхгүй гээд уншаад гарын үсэг зурсан чинь энэ дээр бас зур гээд зурахдаа “Одбаяр шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байна” гэсэн гарын үсэг надаар зуруулчихсан байсан. Иймэрхүү иймэрхүү асуудал болсон. Камерын бичлэг дээр ерөөсөө туршилт явуулаагүй. Гэрчүүдээс байцаалт аваагүй. Гэрчүүдийн ар гэрийг байнга дарамталдаг. Гэрчүүд өөрсдөө хэлэх юм байгаа биз. Би тэдэнд үг заах эрх байхгүй. Үнэхээр хүнд байна шүү. Энэ хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоогүй бол энэ авто ослын хэрэг болохгүй. Энэ хүн согтуугаар хурд хэтрүүлж ирээгүй бол энэ авто осол болохгүй. Би 38 жил замын хөдөлгөөнд оролцохдоо анх удаа энэ авто осолд орж байна. Энэ хавтаст хэрэгтэйгээ сая би танилцахад наана чинь зарагдсан миний нэр дээр байдаг миний нэрнээс хасагдаагүй 10 машин байдаг. Энэ бүх машинуудын 2016, 2017 оны замын хөдөлгөөнд оролцож байсныг бүгдийг нь тусгасан байна лээ. Баянгол сумын ард иргэд намайг мэднэ. Би 18 жил тээвэр хийж байна. Саяхан хүртэл Зүүнхараагийн 4 дүгээр сургуулийнхантай Гачууртын зулзаган амралтанд амраад ирсэн. Мөнхсүлд байцаагчаас би энийг тодруулж асуусан. Энэ юу гэсэн утгатай юм бэ. Дархан Улаанбаатарын зам, хорооллын замд ямар хамаатай юм бэ гэсэн чинь харин тийм би тэгээд биччихсэн байна лээ гэж байгаа юм. Энийг чинь юу гэх вэ. Газар дээр нь очоод шинжээч дүгнэлт гаргасан бол энэ чинь шал өөр гарах ёстой. Энэ автобусыг би зүгээр ч аваагүй. Сум орон нутгийн хөгжлийн төсөл бичиж 25 сая төгрөг авч байгаад авсан, өнөөдөр би энэ төслийн мөнгийг ч төлж дуусаагүй байгаа. Ийм байна. Үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Тч мэдүүлэхдээ: ... 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр би гэрээсээ гараад Оргил ахыг хүргэж өгөөд эхнэрээ авах гээд сайжруулсан шороон замаар явж байсан. Тэгэхэд би их гэрэлтэйгээ 50 километр цагийн хурдтай явсан. Урдаас Б гуай ирж явсан. Тэр гэрлийг би харсан. Зам тавьж өгөх болов уу гэсэн зам тавьж өгөлгүй шууд урдуур орж ирсэн. Намайг гэрэлгүй харанхуй явсан гээд байгаа. Би замын хөдөлгөөнд оролцохдоо их гэрэлтэйгээ явсан. Б гуай намайг анх гэрэлгүй явсан гэж мэдүүлчихээд дараа нь камерын бичлэг харсаны дараа мэдүүлэг өгөхдөө намайг подвортой явсан гэж яриад байгаа. Би бол их гэрэлтэй явсан. Энэ ослын улмаас миний өсгий бяцарч, баруун хөлний дунд чөмөг хугарч хүндэвтэр хохирол учирсан. Машины мотор, хроп, кузов гулзайж мөн бүх юм нь эвдэрсэн. Одоо 5129000 төгрөгний хохирлыг л нэхэмжилж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч У.Ихбаяр мэдүүлэхдээ: ... Би “Петровис” колонкоос гэр лүүгээ харьж байсан. Тэгээд зам хөндлөн гараад явж байхад Б ахын машин гэрээсээ уруудаад зүүн тал ругаа явж байсан. Тэгээд зам хөндлөн гарч байхад дуу чимээ гарсан. Тэгээд эргээд харахад Б гуайн машин мөргөлдчихсөн байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Жс мэдүүлэхдээ: ... 2018 оны 05 дугаар сарын 23-ны орой шүү дээ тэр чинь. Орой гэрээсээ гараад би нэг шатахуун аваад дэлгүүр ороод буцаад нөгөө сайжруулсан замаараа гэр лүүгээ явж байсан чинь энэ Б миний урд талд явж байсан. Гэхдээ гэрэлтэй л явж байсан л даа. Тэгээд л хойшоо дөнгөж эргэх л гэтэл ингээд утаа тоос манараад дуу чимээ болоод л явчихсан. Бүр аягүй их дуу чимээ гарсан. Би шонгийн мод мөргөчихлөө гэж бодсон юм. Тэгээд цаашаа гэр лүүгээ уртын замаар тойрч харьсан юм. Тэр үед замын гэрэлтүүлэг ассан байсан гэв.

Хохирогч Б.Тч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Загаст дэлгүүрийн хажуугаар гараад сайжруулсан шороон замд нийлээд баруун тийш эргээд “Төгс ану” баар луу чиглээд явсан. Тэгээд ойролцоогоор 1 километр хүрэх хэмжээний зайд явж байтал зүүн гар талаас ирдэг Засаг даргын тамгын газрын арын шороон замын уулзвар дөхөж явтал өөдөөс буюу төв засмал замын чигээс гэрэл гарсан. Тэр үед би “Суварга” чиглэлээс машин ирж байгааг мэдсэн. Тэгээд намайг уулзварт нэвтрэх үед нөгөө гэрэлтэй машин миний урдуур орж ирээд надтай мөргөлдсөн. Мөргөлдсөний дараа би машинаасаа буух гэтэл руль суудал хоёрын завсар хавчигдаад бууж чадахгүй байсан. Тэгээд би машинаа унтрааж байснаа санаж байна. Тэгээд зүүн өвдөгнөөс цус гарч байгааг хараад би ухаан алдсан. Нэг сэрэхэд би Дарханд эмнэлэгт хэвтэж байсан. ... Уг машин нь ертөнцийн зүгээр урд болон баруун талаас ирж байгаа шороон замын голоор шороон замаар ирсэн. Тэгээд уулзвар нэвтрэхийн өмнө замын хажуугаар гарахдаа хурдаа хасаад зогсох шиг болсон. Тэгээд би энэ машин зогслоодоо гэж бодоод уулзвар луу ортол мөргөлдсөн. Би машин яг урдуур орж ирэх үед тоормос гишгэсэн. .. Би уг хүнээс өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байна. Би хохирлын талаарх баримтаа гаргаж өгнө. Нийт 5129000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 52-56 дугаар хуудас/

Гэрч У.Ихбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... би төвөөс харих гээд явсан. Намайг Тулгаа ахын гэрийн доод уул дөхөж явахад Тулгаа ах автобустайгаа миний урдуур зүүн зүг рүү эргээд шороон төв замаар ертөнцийн зүгээр зүүн тийш явсан. Тэгээд намайг уулзвар өнгөрөөд гудамж руу орж амжаагүй байхад хүчтэй түс гээд мөргөлдөх чимээ гарсан. Намайг тэр зүг рүү харахад дараагийн уулзвар дээр шороо босчихсон байдалтай Тулгаа ах мөргөлдчихсөн машиных нь сигнал нь дуугарч байсан. … Намайг анх очиход Тулгаа ахын автобус мөргөлдөөд ертөнцийн зүгээр баруун хойшоо харсан, нөгөө машин нь цагаан өнгийн “Toyota grand mark-2 маркийн машин мөн баруун хойшоо харсан байдалтай зогсож байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 63-64 дүгээр хуудас/

Гэрч Б.Жс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... би төв орчихоод машинтай гэрлүүгээ явсан. Энэ үед миний урд Д.Б шар автобустайгаа гудамжаар гарч ирээд миний урд ороод шороон замаар зүүн тийш явсан. Удалгүй гал маналзаад шороо босоод их дуу гарсан. Тэгэхээр нь би зогсоод Д.Быг уулзвар нэвтрэх гэж байгаад гэрлийн шон мөргөчихлөө гэж бодсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 65-66-р хуудас/

2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №13 дугаартай Шинжээчийн дүгнэлт: ...

1. “Toyota grand mark-2 маркийн “67-78” СЭҮ улсын дугаартай автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан “Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно” Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалт, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна.

2. “Hyundai” маркийн “18-23” СЭҮ улсын дугаартай автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12 заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт зөрчсөн үндэслэлтэй байна.

3. “Hyundai” маркийн “18-23” СЭҮ улсын дугаартай автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12 заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэж байна гэх дүгнэлт /ХХ-ийн 69-р хуудас/

 

                 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №579 дугаартай Шинжээчийн дүгнэлт: ...

                 1. Б.Тчийн биед баруун дунд чөмөг, өсгийн ясны битүү хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хагалгааны дараах байдал, зүүн өвдөгний шарх, баруун шагай, тавхай хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун мөр, өвдөг, шагай, тавхай хэсгийн цус хуралт, зулгаралттай гэмтэл тогтоогдлоо.

                 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хүчтэй цохигдох, юм мөргөх үед үүсгэгдэх боломжтой.

                 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

                 4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 88 дугаар хуудас/

2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №1639 дугаартай “Ашид билгүүн” ХХК-ийн Автомашины техникийн үнэлгээний тайлан: ... “Toyota grand mark-2 маркийн “67-78” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 3058000 төгрөг гэх дүгнэлт /ХХ-ийн 92-93-р хуудас/

2018 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн №77 дугаартай Техникийн Шинжээчийн дүгнэлт: ...

1. “Toyota grand mark-2 маркийн “67-78” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Тч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а заасан “Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно” Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэхүү заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэхээргүй байна. Хавтас хэрэгт авагдсан материалаас үзэхэд жолооч Б.Тч нь өөр ямар нэгэн заалт зөрчсөн эсэх, энэ нь зам тээврийн осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй байна.

2. “Hyundai” маркийн “18-23” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12 дугаар заалт буюу жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Энэхүү заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байх магадлалтай байна гэх дүгнэлт /ХХ-ийн 169-170 дугаар хуудас/

2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №16 дугаартай Шинжээчийн дүгнэлт: ... Камерт бичэгдсэн дүрс бичлэгт автомашины улсын дугаар, марк нь мэдэгдэхгүй, танигдахгүй байна. Чанарын шаардлага хангагдахгүй байгаа тул хурдыг тогтоох боломжгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 73 дугаар хуудас/

Захиргааны зөрчил шалгах хуудас /ХХ-ийн 149-154 дүгээр хуудас/

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн схем зураглал /ХХ-ийн 14-24 дүгээр хуудас/

           Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 25-29 дүгээр хуудас/

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч Д.Бын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /148 дугаар хуудас/, Захиргааны зөрчил шалгах хуудас /ХХ-ийн 149-154 дүгээр хуудас/, Хүндэт жуух бичиг, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн үнэмлэх, “Онц тээвэрчин” тэмдгийн үнэмлэх, “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдэг, Монгол Улсад авто тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн “хүндэт медаль” зэргийн үнэмлэхний хуулбар /227-229 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн Эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг сайжруулсан шороон замын уулзвар дээр “Hyundai” маркийн “18-23” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Тчийн жолоодож явсан “Toyota grand mark-2 маркийн “67-78” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Б.Тчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Хууль сануулсан, үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий хохирогч Б.Тчийн мөрдөн байцаалтанд өгсөн “...тэр үед би суварга чиглэлээс машин ирж байгааг мэдсэн. Тэгээд намайг уулзварт нэвтрэх үед нөгөө гэрэлтэй машин миний урдуур орж ирээд надтай мөргөлдсөн. Мөргөлдсөний дараа би машинаасаа буух гэтэл руль, суудал хоёрын завсар хавчигдаад бууж чадахгүй байсан. Тэгээд би машинаа унтрааж байснаа санаж байна. Зүүн өвдөгнөөс цус гарч байгааг хараад би ухаан алдсан. Нэг сэрэхэд би Дарханд эмнэлэгт хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 52-56 дугаар хуудас/, Гэрч У.Ихбаярын мөрдөн байцаалтанд өгсөн “... Тэгээд намайг уулзвар өнгөрөөд гудамж руу орж амжаагүй байхад хүчтэй түс гээд мөргөлдөх чимээ гарсан. Намайг тэр зүг рүү харахад дараагийн уулзвар дээр шороо босчихсон байдалтай Тулгаа ах мөргөлдчихсөн машиных нь сигнал нь дуугарч байсан. … Намайг анх очиход Тулгаа ахын автобус мөргөлдөөд ертөнцийн зүгээр баруун хойшоо харсан, нөгөө машин нь цагаан өнгийн “Toyota grand mark-2 маркийн машин мөн баруун хойшоо харсан байдалтай зогсож байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 63-64 дүгээр хуудас/, Гэрч Б.Жсы мөрдөн байцаалтанд өгсөн “...Энэ үед миний урд Д.Б шар автобустайгаа гудамжаар гарч ирээд миний урд ороод шороон замаар зүүн тийш явсан. Удалгүй гал маналзаад шороо босоод их дуу гарсан. Тэгэхээр нь би зогсоод Д.Быг уулзвар нэвтрэх гэж байгаад гэрлийн шон мөргөчихлөө гэж бодсон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 65-66-р хуудас/, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №13 дугаартай Шинжээчийн “...3. “Hyundai” маркийн “18-23” СЭҮ улсын дугаартай автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12 заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэж байна ...” гэх дүгнэлт /ХХ-ийн 69-р хуудас/, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №579 дугаартай Шинжээчийн “...1. Б.Тчийн биед баруун дунд чөмөг, өсгийн ясны битүү хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хагалгааны дараах байдал, зүүн өвдөгний шарх, баруун шагай, тавхай хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун мөр, өвдөг, шагай, тавхай хэсгийн цус хуралт, зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хүчтэй цохигдох, юм мөргөх үед үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /ХХ-ийн 88 дугаар хуудас/, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №1639 дугаартай “Ашид билгүүн” ХХК-ийн Автомашины техникийн үнэлгээний тайлан: “...Toyota grand mark-2 маркийн “67-78” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 3058000 төгрөг...” гэх дүгнэлт /ХХ-ийн 92-93-р хуудас/, 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн №77 дугаартай Техникийн Шинжээчийн “...2. “Hyundai” маркийн “18-23” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12 дугаар заалт буюу жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Энэхүү заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон байх магадлалтай байна...” гэх дүгнэлт /ХХ-ийн 169-170 дугаар хуудас/, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №16 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 73 дугаар хуудас/, Захиргааны зөрчил шалгах хуудас /ХХ-ийн 149-154 дүгээр хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн схем зураглал /ХХ-ийн 14-24 дүгээр хуудас/, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 25-29 дүгээр хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Быг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Б.Тчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Б нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг сайжруулсан шороон замын уулзвар дээр “Hyundai” маркийн “18-23” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Тчийн жолоодож явсан “Toyota grand mark-2 маркийн “67-78” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар Б.Тчийн биед баруун дунд чөмөг, өсгийн ясны битүү хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хагалгааны дараах байдал, зүүн өвдөгний шарх, баруун шагай, тавхай хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун мөр, өвдөг, шагай, тавхай хэсгийн цус хуралт, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

           Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... Тч нь хаа нэг газраас, хав харанхуйд, хар хурдаараа, шал согтуу ирж намайг мөргөсөн, ... энэ хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоогүй бол энэ авто ослын хэрэг болохгүй, энэ хүн согтуугаар хурд хэтрүүлж ирээгүй бол энэ авто осол болохгүй байсан...” гэж мэдүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох: Хохирогч Б.Тчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...намайг гэрэлгүй харанхуй явсан гээд байгаа. Би замын хөдөлгөөнд оролцохдоо их гэрэлтэйгээ явсан. Д.Б гуай намайг анх гэрэлгүй явсан гэж мэдүүлчихээд дараа нь камерын бичлэг харсаны дараа мэдүүлэг өгөхдөө намайг подвортой явсан гэж яриад байгаа. Би бол их гэрэлтэй явсан....” гэх мэдүүлэг, гэрч Б.Жсы шүүх хуралдаанд мэдүүлсэн “...тухайн үед замын гэрэлтүүлгийн шонгийн гэрэл нь ассан байсан...” гэх мэдүүлэг, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №13 дугаартай Шинжээчийн “...1. “Toyota grand mark-2 маркийн “67-78” СЭҮ улсын дугаартай автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан “Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно” Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалт, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт  /ХХ-ийн 69 дүгээр хуудас/, 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн №77 дугаартай Техникийн Шинжээчийн “...1. “Toyota grand mark-2 маркийн “67-78” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Тч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а заасан “Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно” Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэхүү заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэхээргүй байна. Хавтас хэрэгт авагдсан материалаас үзэхэд жолооч Б.Тч нь өөр ямар нэгэн заалт зөрчсөн эсэх, энэ нь зам тээврийн осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй байна….” гэх дүгнэлт /ХХ-ийн 169-170 дугаар хуудас/,  цэцэрлэгийн хяналтын камерт бичигдсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD /ХХ-ийн 43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримаар няцаагдаж байх ба хохирогч Б.Тчт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэлд нь Цагдаагийн эрх бүхий албан тушаалтан 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №0095435 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар  Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, 400000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болохыг дурьдах нь зүйтэй байна /ХХ-ийн 173-175 дугаар хуудас/.

 

Д.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Тчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, хохирогч нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршиг, эмчилгээний зардал, эд хөрөнгөд учирсан хохиролд нийт 5129000 төгрөгийг гаргуулахаар дараах нотлох баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж нэхэмжилсэн. Үүнд: “Ашид билгүүн” ХХК-н “Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ”-ний баримтаар 3058000 төгрөг /ХХ-н 91-93 дугаар хуудас/, “Энхийн тун” эмийн сангаас эм, тариа авсан тухай баримт /ХХ-ийн 118-122 дугаар хуудас/, Эмнэлэгт байх хугацаандаа дэлгүүрээс авсан хүнсний баримт /ХХ-ийн 123-126 дугаар хуудас/, Машины үнэлгээний төлбөр болон бичлэг хуулсан зардалын баримтууд /ХХ-ийн 127 дугаар хуудас/, Замын зардалын шатахууны баримтууд /ХХ-ийн 128 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нийт 1540000 төгрөг, замын зардал болон эмчилгээний зардалын баримтууд /ХХ-ийн 191-196 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар 531000 төгрөг, нийт 5129000 төгрөгний хохирол төлбөр нэхэмжилсэн ба дээрхи нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан байх тул дээрх хохирогчийн шүүгдэгчээс нэхэмжилсэн хохирол болох 5129000 төгрөгийг шүүгдэгч Д.Бас гаргуулж хохирогч Б.Тчт олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болох Д.Бын өмчлөлийн Ү-1303000231 Улсын бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р баг №3-1 тоот хашаа байшингийн үнийн дүнгээс хохирогчид төлөх хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор ШШГЕГазрын харъяа, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст битүүмжилсэн дээрхи эд хөрөнгийг шилжүүлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт хураагдан ирсэн цэцэрлэгийн хяналтын камерт бичигдсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хавтаст хэрэгт хадгалах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, Д.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Дамдинсүрэнгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Бас 5129000 /таван сая нэг зуун хорин есөн мянга/ төгрөг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2-р багийн №11 тоотод оршин суух, /*, утас:*/ Боржигин овогт Бямбацогтын Тчт олгосугай.

5. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болох Д.Бын өмчлөлийн Ү-1303000231 Улсын бүртгэлийн дугаартай * тоот хашаа байшингийн үнийн дүнгээс хохирогчид төлөх хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор ШШГЕГазрын харъяа, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст битүүмжилсэн эд хөрөнгийг шилжүүлсүгэй.   

6. Энэ хэргийн улмаас Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдсугай. 

            7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэн хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

            8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.