Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 183/2021/03682/И |
Дугаар | 210/МА2022/00997 |
Огноо | 2022-05-23 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2022/00997
2022 оны 05 сарын 23 өдөр | Дугаар 210/МА2022/00997 |
ХХХХын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/00784 дугаар шийдвэртэй,
ХХХХын нэхэмжлэлтэй
ХХХХад холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ХХХХ, түүний өмгөөлөгч ХХХХ, хариуцагч ХХХХ, түүний өмгөөлөгч ХХХХ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие ХХХХтай 2011 онд танилцаж, 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2013 онд охин ХХХХ, 2018 онд хүү ХХХХ нар төрсөн.
Бид 10 жил хамт амьдарсан, энэ хүн надтай огт ярилцдаггүй, ойлголцох боломжгүй, мөн амьдралаа авч явах чадварын хувьд учир дутагдалтай, тогтвортой ажилгүй, орлого байхгүй. Хүүхдийнхээ хичээл болон боловсролд идэвхи санаачлага гаргадаггүй, анхаарал хандуулдаггүй. Гэр бүлийн эвтэй найртай байх тал дээр ч мөн хайнга ханддаг. Өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өгч, шүүхээр шийдвэрлэгдэж байсан. Мөн сэтгэл санааны дарамттай, ажил эрхлэх, хүмүүстэй уулзах зэрэг нийгмийн харилцаанд оролцохыг хориглодог, ойлгодоггүй, байнга хэрүүл хийдэг.
Хүүхдүүд миний асрамжид байгаа боловч аав нь бага хүүтэйгээ уулзаж хэд хоногоор боломжтой үедээ авч хардаг. Миний зүгээс эвлэрэх ямар ч боломж байхгүй. Би хүүхдүүдээ өөрийн асрамжидаа авна.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Бид 2011 онд танилцаж, гэр бүл болж, 2 хүүхэдтэй болж, 10 жил ханилан суусан.
Сүүлийн хугацаанд хэрүүлтэй байсан нь үнэн. Энэ хугацаанд миний алдаа дутагдал байсан, би тэрийгээ мэдэж байгаа. ХХХХ нь намайг аливаа зүйлд байнга хорьж цагддаг, их түргэн ууртай, өөрийгөө бодсон үзэлтэй учраас байнга маргаан үүсгэж байдаг.
Би бага хүүхдээ өөр дээрээ авах хүсэлтэй байна. Бага хүүхдээ өөр дээрээ авлаа гэхэд цэцэрлэг, сургууль бүгдийг нь зохицуулаад явна.
Өнөөдрийн болж буй нөхцөл байдлаас хамаарч миний эцэг байх эрх, үүрэг цалгардаж байна. Миний хүүхдүүдийнхээ төлөө хийж чадах бүх зүйл, зүрх сэтгэл, хайраа зориулах, эцэг байх үүргийг минь үргэлжлүүлэх боломж, цаг хугацаа, эхнэр нөхрийн үүрэг, хариуцлагуудыг эрх тэгш хуваарилан шийдвэрлэж өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар ХХХХ, ХХХХ нарын гэрлэлтийг цуцалж,
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дэх хэсэгт зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү ХХХХ, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин ХХХХ нарыг эх ХХХХын асрамжид үлдээж,
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар ХХХХ, ХХХХ нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож,
Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХХХын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХХХаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараахь үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.
4.1. Хүү ХХХХ нь энэ хугацаанд надтай хамт байгаа бөгөөд 2021 оны 9 дүгээр сараас өдийг хүртэл дийлэнх хугацаанд аав нь харж хандан, асран хамгаалж, цэцэрлэгт өгч аван, өвдсөн үед нь халамжлан хамт байж, хооллож ундлан, өмсөх зүүх хувцас хунар авч өгөн, өсгөж байна. 2022 оны 03 дугаар сарын 25 ны өдрийн шүүх хурал болох үед хүү надтай байсан бөгөөд тэр хугацаанаас хойш ээж болох ХХХХ нь хүүдээ анхаарал халамж тавиагүй, өвдсөн үед нь асууж сураглаагүй, 2 хүүхэд асран хамгаалах чадваргүй гэдгийг харуулж байна.
Түүнчлэн ХХХХ нь ХХХХад эцэг, эх, 5 дүү болон бэрүүдийн хамт амьдардаг бөгөөд 2 хүн л ажил хөдөлмөр эрхэлдэг. Тиймээс ХХХХ миний бие өөрийн хүү ХХХХыг ХХХХод, өөрийн асран хамгаалах эрх, үүргийн дагуу албан ёсны асран хамгаалагч нь байж хамт суралцаж, зааж, зөвлөж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжтой тул хүүг миний асрамжид үлдээж өгнө үү.
4.2. Охин ХХХХтэй 2021 оны 9 дүгээр сараас өдий болтол 3 удаа л уулзсан ба ХХХХ миний бие охинтойгоо 7 хоногт 2 өдөр уулзаж байх хүсэлтэй байгаа тул тус асуудлыг шүүхийн шийдвэр дээр тодорхой зааж өгнө үү. Ирээдүйд охиндоо санаа зовох олон асуудал бий гэдгийг ойлгуулж ухааруулж, зааж, зөвлөж, эцэг хүний эрх, үүргээ хариуцлагатай бүрэн биелүүлэх боломжоор хангаж өгнө үү.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хүү хариуцагчтай хамт байсан гэж тайлбарлаж байгаа нь худал, ихэнхдээ надтай хамт байдаг. Тэрээр 7 хоног бүрийн 5 дахь өдөр хүүгээ аваад амралтын өдрүүдэд хамт байдаг. Ханиад хүрсэн, эмчилгээ эхэлсэн байсан учир эдгэтэл нь аавтай нь хамт байлгасан. Хүүхдүүдээ хүссэн үед нь аавтай нь уулзуулж байгаа. Охин дүүгээ маш их санаж байгаа. Хариуцагчийг хүүтэйгээ чөлөөтэй уулздаг боловч авч явахаараа буцааж явуулдаггүй. Охиныхоо саналыг сонсож, уулзах эсэхийг нь асуудаг, түүний саналыг нь дэмждэг. Энэ хугацаанд тэтгэвэр, тэтгэмж, мөнгө нэхэмжлээгүй. Охинтойгоо уулзах санаачлага огт гаргадаггүй. Миний хувьд 2 хүүхдээ өсгөх боломжтой. Хүүхдийг зөв хүн болгож төлөвшүүлэх ёстой. Иймд хүүхдүүдээ хамтад нь өсгөхийг хүсч байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт гаргасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдолд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. ХХХХ, ХХХХ нар нь 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр охин ХХХХ, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүү ХХХХ нар төрсөн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
4.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон байх ба эвлэрүүлэн зуучлалын ажиллагаагаар гэрлэгчид эвлэрээгүй байна. /хх 13 дахь тал/
4.2. Мөн тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2021/15134 дугаар захирамжаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч үр дүн гараагүй, гэрлэгчид эвлэрээгүй байх тул анхан шатны шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дэх хэсэгт заасантай нийцжээ.
5.1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүх охин ХХХХгийн саналыг, хүү ХХХХыг бага насны буюу 3 настай байгааг тус тус харгалзан үзэж тэдгээрийг эх ХХХХын асрамжид үлдээхээр шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. Хүүхдүүдийн асрамжийг өөрчилж хооронд нь тусдаа байлгах нь хоорондоо ээнэгшин дассан байдалд нөлөөлөх учир хүүхдүүдийн асрамжийн талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.
5.2. Түүнээс гадна хүүхдийн асрамж тогтоолгохтой холбоотойгоор шинжээч томилуулах хүсэлт нэхэмжлэгч гаргасан боловч уг хүсэлтээсээ өөрөө татгалзсан, хариуцагч энэ талаар хүсэлт гаргаагүй тул шүүх шинжээч томилох ажиллагааг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.
5.3. Охин ХХХХтэй уулзах хугацааг шийдвэрт тусгуулах талаар хариуцагч анхан шатны шүүхэд тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул давж заалдах шатны шүүх түүний гаргасан гомдлыг үндэслэж шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэлэлцэгдээгүй асуудлаар давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахгүй.
5.4. Түүнчлэн анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар ХХХХ, ХХХХ нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн аль нь нөгөөдөө үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгаж шийдвэрлэсэн тул хариуцагчийг хүүхдүүдтэйгээ уулзахад нэхэмжлэгч саад болсон тохиолдолд тус хоригийг хэрэгжүүлэх боломжтойгоос гадна, энэ асуудлаар зохигчдын дахин нэхэмжлэл гаргах эрхийг уг шийдвэр хөндөхгүй юм.
6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/00784 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Э.ЗОЛЗАЯА