Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 00037

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

             Улсын яллагч                                 О.Баярсайхан

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                   Ч.Мөнгөнцэцэг

                         Шүүгдэгч                                          О.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.Ут холбогдох 1932000000042 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, халх, Улаанбаатар хотод 1981 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт * тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Бичээч овогт Олзвойн У.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

О.У нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мөн 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р баг Дэнжийн №47 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр У.Оцийн биед гэмтэл учруулахгүйгээр байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.У мэдүүлэхдээ: ... Би эхнэртэйгээ хэрэлдэж байгаад зүүн хацарт нь баруун гараараа 1 удаа алгадсан. Тэгээд цаашаа хэдэн удаа цохисноо сайн санахгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Хохирогч У.Оц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Манай нөхөр О.У нь 2019 оны 02 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд архи уусан. Тэгээд би 2 дугаар сарын 10-ны өдөр чамайг би ингээд архи уугаад байвал хүүхдүүдээ аваад хашаа байшингаа аваад чамаас сална гэж хэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр уурлаад миний хацар луу нэг удаа алгадаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд гараараа чих рүү нь нэг удаа цохисон чинь бүүр уурлаад миний нуруу руу цохисон. ... Эхлээд баруун гараараа миний зүүн хацарт нэг удаа алгадсан. Дараа нь баруун гараараа миний нуруу руу нэг удаа цохисон. ... О.У өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж шүүхээр баривчлагдаж байсан. ... Өнгөрсөн онд буюу 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр манай нөхөр О.У нь надтай хэрүүл хийж байгаад намайг цохиод би цагдаад дуудлага өгч байсан. Мөн 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр манай нөхөр манай ажил дээр согтуу ирээд ажил хийлгэхгүй хүмүүсийн амгалан тайван байдал алдагдуулаад орилоод байхаар нь би амраах гэсэн боловч миний үгэнд орохгүй намайг түлхээд унтахгүй надад дийлдэхгүй байхаар нь цагдаад дуудлага өгч байсан. Тэр өдөр бол намайг сүртэй зодоогүй. 2018 оны 10 дугаар сарын 08-ны орой манай нөхөр архи уучихсан согтуу байж байгаад машинаа согтуу унаад архинд явах гэхээр нь би явуулахгүй гээд машины түлхүүрийг булаагаад авсан чинь намайг түлхээд газар унагаахаар нь би босч ирээд бие рүү цохиод авсан чинь буцаагаад миний зүүн гар луу баруун гараараа 2 удаа цохисон. Тэгээд машин унаж явах гээд надад дийлдэхгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-15-р хуудас/

О.У мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би эхнэртэйгээ хэрэлдэж байгаад зүүн хацарт нь баруун гараараа 1 удаа алгадсан. Тэгээд цаашаа хэдэн удаа цохисноо сайн санахгүй байна. Надаас хашаа байшингаа аваад сална гэхээр нь уур хүрээд цохисон юм. ... Би өмнө нь 2018 онд нийт 3 удаа эхнэртээ гар хүрч зодсон асуудал гаргаж шүүхээр 3 удаа баривчлагдаж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-22-р хуудас/

Аюулын зэргийн үнэлгээний маягт /ХХ-ийн 8-9-р хуудас/

Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №28 дугаартай шийтгэвэр /ХХ-ийн 33-р хуудас/

Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №165 дугаартай шийтгэвэр /ХХ-ийн 34-р хуудас/

Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №212 дугаартай шүүхийн шийтгэвэр /ХХ-ийн 35-р хуудас/

 

         Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч О.Уын талаар ял шийтгэл шалгах хуудас /ХХ-ийн 32 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 26 дугаар хуудас/, Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 37-42 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.У нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мөн 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р баг Дэнжийн №47 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр У.Оцийн биед гэмтэл учруулахгүйгээр байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч У.Оцийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 14-15-р хуудас/, О.Уын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 20-22-р хуудас/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /ХХ-ийн 8-9-р хуудас/, Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №28 дугаартай шийтгэвэр /ХХ-ийн 33-р хуудас/, Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №165 дугаартай шийтгэвэр /ХХ-ийн 34-р хуудас/, Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №212 дугаартай шүүхийн шийтгэвэр /ХХ-ийн 35-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоосон байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч О.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч О.У нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мөн 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р баг Дэнжийн №47 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр У.Оцийн биед гэмтэл учруулахгүйгээр байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэлэхийг хориглох албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч О.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бичээч овогт Олзвойн Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч О.Уыг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар “Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 06 /зургаа/ сарын хугацаагаар хориглох” албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зэргийг тус тус анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, О.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

            5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.