| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2019/00020/Э |
| Дугаар | 00030 |
| Огноо | 2019-03-01 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 00030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Улсын яллагч О.Баярсайхан
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Жамбалсүрэн
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Иргэний нэхэмжлэгч Э.Тр
Шүүгдэгч М.Т нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын зөвлөх О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн М.Тд холбогдох 1832001860175 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр баг Гурван сайхан гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Шарнууд овогт Мөнх-Очирын Т.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
М.Т нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос зарж борлуулан ашиг олох зорилгоор Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заагдсан ховор, 1995 оны Засгийн газрын 153 дугаар тогтоолын “Ховор ургамалын жагшаалт”-ын 350 дугаарт багтсан “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамалыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалан, зарж борлуулахаар тээвэрлэсэн хэргийн улмаас байгаль орчинд 38922075 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүнээс юуг нь ч сайн мэдэхгүй дэрэвгэр жиргэрүү гэдэг ургамал худалдаж авсан юм. Тэгээд аваад наашаа Зүүнхараад ирж зараад ашиг олох зорилгоор явж байтал ийм зүйл болчихлоо. Тэгээд би 10 дугаар дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймаг руу явсан байсан. Дараа нь 10 дугаар сарын 09-ны өдөр ургамал цагдаад хураагдсан байна гэхээр нь Зүүнхараад ирсэн юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.
Иргэний нэхэмжлэгч Э.Тр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр улсын байцаагч Ю.Гбд хүмүүс ургамал түүсэн байна, цагдаа нар ирсэн байна гэсэн мэдээлэл ирсэний дагуу Энхтайваны №23 тоотод очсон. Очиход хэсэг хэсгээр нь шуудай, гялгар уутанд Дэрэвгэр жиргэрүү ургамал хийсэн байсан. Цагдаа нар “Дэрэвгэр жиргэрүү” мөн үү гэж асуухад нь мөн л гэж хариулсан. Тэр ургамлын бүгдийг нь гэрэл зургийг нь аваад цагдаа нартай хамт бүгдийг нь жинг гаргаж гэрэл зургаар баталгаажуулахад 191 кг ургамал байсан. Цагдаагийн байранд цагдаа нар өөрсдөө хураасан. Сүүлд сарын дараа бил үү тэрийг тодорхой санахгүй байна. Манай байгууллага руу шилжүүлэхэд 153 кг болсон байсан. Тэгээд хурааж аваад өөрийн агуулахдаа хураасан. Улсын байцаагчийн гаргасан актыг үндэслэлж байгаль орчинд учруулсан хохиролд 38922075 төгрөгийг М.Тас нэхэмжилж байна гэв.
Иргэний нэхэмжлэгч Э.Тр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … би хэрэг бүртгэлтийн 1832001860175 тоот хэрэгт хууль бусаар байгалийн ховор ургамал болох дэрвэгэр жиргэрүү ургамал түүж бэлтгэсэн иргэдээс байгаль орчинд учруулсан гэх 38694465 төгрөгийн хохирол нэхэмжилж байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 21 дүгээр хуудас/
Гэрч Ю.Гб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … анх хэргийн газар буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Энхтайваны №23 тоотод цагдаагаас болон манай байгаль орчноос ажлын хэсэг очиж хэргийн газрын үзлэг хийж 17 ширхэг шуудай, 7 ширхэг гялгар ууттай нийт 190.1 кг байгалийн ховор ургамал болох “Дэрвэгэр жиргэрүү” гэх эмийн ургамлын үндэс хураан аваад уг ургамалыг манай байгаль орчны хяналтын тасагт хүлээлгэн өгөх хүртэл Цагдаагийн хэлтсийн байранд хадгалж байсан. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай байгаль хамгаалагч Э.Тр уг ургамлыг хүлээж аваад жинлэж үзэхэд 153.9 кг болсон байсан тул хүлээж авсан жингээр уг ургамлын хохирлын актыг тогтоосон гэх мэдүүлэг /ХХ-ийн 32 дугаар хуудас/
2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Шинжээчийн тодорхойлолт: ... Шинжилгээнд өгсөн үндэс нь шүхэртний овогт хамаарах Дэрэвгэр жиргэрүү гэх олон наст өвслөг ургамлын үндэс болно. Монгол улсын Байгалийн ургамлын тухай /1995, 2004/ хуулийн хавсралт болох ховор ургамлын жагсаалтад уг ургамал зүйл орсон. Уг зүйл нь Байгалийн ашигт ургамлын экологи-эдийн засгийн /БОАЖ-ын сайдын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/282 тушаалын хавсралтаар/ үнэлгээгээр 1 кг нь 50581 төгрөг байна гэх шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 36 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 18-04-340/18 дугаартай хохирол тооцох тухай акт: ... БОАЖ-ын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн А/282 тушаалын хавсралтаар “Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох” тухай тушаалаар 1 кг тутамд 50581 төгрөг, 50581x153.9 кг=7.784.415 төгрөг байхаар тогтоосон ба Байгаль орныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар 5 дахин нэмэгдүүлсэн тооцно гэсэн заалтын дагуу 7.784.415x5=38.922.075 төгрөгийн хохирол ургамал түүний нөөцөнд учирсан байна гэх /ХХ-ийн 37 дугаар хуудас/
М.Тас хураан авсан 14 шуудай, 7 ширхэг ууттай 190.1 кг ургамалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: М.Тын оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 49 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 61 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
М.Т нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос зарж борлуулан ашиг олох зорилгоор Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заагдсан ховор, 1995 оны Засгийн газрын 153 дугаар тогтоолын “Ховор ургамалын жагшаалт”-ын 350 дугаарт багтсан “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамалыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалан, зарж борлуулахаар тээвэрлэсэн хэргийн улмаас байгаль орчинд 38922075 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Иргэний нэхэмжлэгч Э.Трын мөрдөн байцаалтанд өгсөн “...би хэрэг бүртгэлтийн 1832001860175 тоот хэрэгт хууль бусаар байгалийн ховор ургамал болох дэрвэгэр жиргэрүү ургамал түүж бэлтгэсэн иргэдээс байгаль орчинд учруулсан гэх 38694465 төгрөгийн хохирол нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 21 дүгээр хуудас/, Гэрч Ю.Гбын мөрдөн байцаалтанд өгсөн “... Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Энхтайваны №23 тоотод цагдаагаас болон манай байгаль орчноос ажлын хэсэг очиж хэргийн газрын үзлэг хийж 17 ширхэг шуудай, 7 ширхэг гялгар ууттай нийт 190.1 кг байгалийн ховор ургамал болох “Дэрвэгэр жиргэрүү” гэх эмийн ургамлын үндэс хураан аваад уг ургамалыг манай байгаль орчны хяналтын тасагт хүлээлгэн өгөх хүртэл Цагдаагийн хэлтсийн байранд хадгалж байсан. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай байгаль хамгаалагч Э.Тр уг ургамлыг хүлээж аваад жинлэж үзэхэд 153.9 кг болсон байсан тул хүлээж авсан жингээр уг ургамлын хохирлын актыг тогтоосон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 32 дугаар хуудас/, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 36 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 18-04-340/18 дугаартай хохирол тооцох тухай акт /ХХ-ийн 37 дугаар хуудас/, М.Тас хураан авсан 14 шуудай, 7 ширхэг ууттай 190.1 кг ургамалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч нарыг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч М.Тыг ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авч, тээвэрлэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан төрийн өмчид халдаж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалын тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчсөн, Эрүүгийн хуульд заасан хүрээлэн байгаа орчны эсрэг “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.Тыг ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авч, тээвэрлэсэн, хадгалсан нь тогтоогдсон, энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Тд дээрхи зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч М.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иргэний нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Экологи эдийн засгийн үнэлгээний актаар тогтоогдсон 38922075 төгрөгийг нэхэмжилсэн ба уг төлбөрийг шүүгдэгч төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчээс гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжилсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 153.9 кг Дэрэвгэр жиргэрүү өвсний үндсийг тухайн үеийн жингээр борлуулж орлогыг улсын төсөвт оруулах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарнууд овогт Мөнх-Очирын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авч, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тийг хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3, Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан М.Тас байгаль орчинд учруулсан Дэрэвгэр жиргэрүү өвсний хохирлын үнэд 38922075 /гучин найман сая есөн зуун хорин хоёр мянга далан таван/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 153.9 кг Дэрэвгэр жиргэрүү өвсний үндсийг тухайн үеийн жингээр борлуулж орлогыг улсын төсөвт оруулахаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлсүгэй.
6. М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Тд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.