Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогтох Гандиймаа |
Хэргийн индекс | 102/2023/05417/И |
Дугаар | 210/МА2024/01569 |
Огноо | 2024-08-09 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2024/01569
2024 08 09 210/МА2024/01569
Б.*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2024/03132 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.*******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.*******д холбогдох
133,000,000 төгрөг гаргуулах хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Би, хүргэн Г.ийн гэр бүлээрээ хөдөө орон нутагт аялахдаа туулах чадвар сайтай автомашин худалдан авахад нь зориулж 133,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Түүний хэлсний дагуу уг төлбөрийг автомашиныг худалдагч талын дансанд дараах байдлаар шилжүүлсэн.Үүнд: 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 18,000,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 35,000,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 40,000,000 төгрөг нийт 133,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
1.2. Г.******* нь Тоёота ланд круйзер 200 маркийн ******* дугаартай, 2016 онд үйлдвэрлэгдсэн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр импортлосон машин худалдаж авсан байсан. Тэрээр миний хүргэн хүү буюу миний охин Б.*******ийн нөхөр учраас өгсөн мөнгөө тэр бүр шаардаж нэхэлгүй байсаар 2023 оны 9 сарыг хүргэсэн. Иймд, Г.*******эс 133,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Б.******* нь надад 133,000,000 төгрөг дансаар шилжүүлэн өгсөн мэт ойлгогдож байна. Надтай хийсэн гэрээ хэлцэл байхгүй бөгөөд зээл олгосон гэж үзэж байгаа бололтой, надад мөнгө шилжүүлсэн баримт байхгүй. Дээрх 5 удаагийн гүйлгээг нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаас харвал Б.*******ийн Голомт банкны ******* данснаас 2023 оны 6 дугаар сарын 24-нд 20,000,000 төгрөг, Б.*******гийн Хаан банкны ******* данснаас Хаан банкны П. гэх хүний данс руу 20,000,000 төгрөг, ХХК-ийн Хаан банкны тоот данснаас 18,000,000 төгрөгийг Хаан банкны П. гэх данс руу, Б.*******гийн Хаан банкны данснаас П. данс руу 40,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. Надад холбогдох баримт алга, хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д заасныг баримтлан хариуцагч Г.*******эс 133,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 823,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******эс 823,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хэргийн харьяаллыг зөрчиж шийдвэрлэсэн
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан. Мөнгө гаргуулах тухай нэхэмжлэл нь онцгой харьяалал-ын хэрэг биш юм.
Хариуцагч Г.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол, 8 дугаар байр, од оршин сууж байгаа болохыг Төрийн мэдээллийн сангаас 2024 оны 04 сарын 12-ны өдөр авсан лавлагаа, тодорхойлолтоор нотлогддог. Хариуцагч руу Баянгол дүүргийн шүүхээс утсаар холбогдож, хариуцагч нь хуулийн мэдлэг дутмаг учраас сайн дураараа Баянгол дүүргийн шүүх дээр ирээд нэхэмжлэлээ гардан авсан байдаг.
Энэ тухай хариуцагчийн хүсэлтийг шүүхээс хангаж 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ2024/09400 тоот шүүгчийн захирамжаар хэргийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Гэвч нэхэмжлэгч гомдол гаргаж гомдлын хурлаар уг захирамжийг хүчингүй болгосон. Үндэслэл нь ...Г.******* нь тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, мөн Ц.*******гийн өмчлөлд бүртгэлтэй, тухайн сууцанд амьдардаггүй нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон гэжээ. /нэхэмжлэгчийн тайлбар дангаараа нотлох баримт болох уу/
Дээрх үндэслэл нь хариуцагчийг Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаггүй гэдгийг нотлох гэж оролдсоноос хариуцагч Баянгол дүүрэгт оршин сууж байна, Баянгол дүүргийн шүүх энэ хэргийг шийдвэрлэнэ гэх ямар нэгэн үндэслэл болохгүй.
Төрийн мэдээллийн сангийн лавлагаагаар хариуцагч нь Баянгол дүүрэгт 2018 оноос хойш огт амьдраагүй буюу Сонгинохайрхан дүүргийн хаягтаа энэ нэхэмжлэл гаргах хүртэл амьдарч байжээ. Хариуцагч нь одоо ч Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд ...хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж зааснаас бус хариуцагчийн 6 жилийн өмнө оршин сууж байсан газрын шүүхэд гаргана гэж заагаагүй. Бүр тодруулж хэлбэл хариуцагч нь Баянгол дүүргийн хаягийн улсын бүртгэлээс хасалт хийлгүүлж, Сонгинохайрхан дүүргийн хаягийн улсын бүртгэлд бүртгүүлээд 6 жил оршин сууж байна. Иймд, шүүх хэргийн харьяаллыг зөрчиж шийдвэрлэсэн.
4.2. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэл хэсэгт ...Г.ийн бусдаас худалдан авсан тээврийн хэрэгслийн үнийн 133,000,000 төгрөгийг Б.******* нь түүний өмнөөс худалдагч Д., түүний эхнэр П. нарт шилжүүлж төлсөн үйл баримтаас үзэхэд Б.******* бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн байна гэж үзэхээр байна гэжээ.
Худалдагч Д. шүүхэд өгсөн мэдүүлэгтээ хариуцагчийн аав н.Ганбаатар ах, хүү, бэр хоёртойгоо ирж үзээд машин авсан гэх агуулгатай тайлбар өгсөн байдаг. Мөн бэр буюу П.******* нь нэхэмжлэгчийн төрсөн охин юм.
Иргэний хуулийн 491 дүгээр зүйл буюу Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх гэдэгт Бусдын эд хөрөнгө болон эрх ашигт учирч болзошгүй аюулыг урьдчилан зайлуулах зорилгоор үүрэг гүйцэтгэсэн, ашиг сонирхлоо хамгаалуулж байгаа этгээд гэдэг ойлголтууд хамаарч байна. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрөө мэдээгүй байхад эд хөрөнгө, эрх ашигт аюул учирсан байх угтвар нөхцлийг шаардаж байгаа юм.
Гэтэл манай хэрэгт нэхэмжлэгчийн төрсөн охин, хариуцагч хоёр хамт явж байгаад энэ машиныг худалдан авсан үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгчийн хүсэл зориг нь Г.*******д машин авч өгөхгүй л бол түүний эд хөрөнгө, эрх ашигт аюул учрах болоод тэгээд тэр аюулыг урьдчилан зайлуулах зорилгоор хадам ээж нь худалдагч Д.д 133,000,000 төгрөг шилжүүлсэн тухай биш, харин гэрчийн мэдүүлэгт дурдсанчлан хүү, охин хоёртоо машин авахад нь зориулж 133,000,000 төгрөг бэлэглэсэн үйлдэл байгаа юм. Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан бэлгэнд авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй биш, бэлгэнд аваагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа юм. Үүнийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн харилцаа биш гэдгийг анхан шатны шүүх харин зөв тогтоосон. Иймд, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
4.3. Нэхэмжлэгч 133,000,000 төгрөгийг бүтнээр нь нэхэмжлэх эрхгүй
Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан Б.*******, П.*******, ХХК гэсэн 3 субьект нийлээд 133,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт байсаар байтал энэ мөнгийг бүгдийг нь Б.*******д олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Иймд, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2024/03132 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан автомашин худалдан авахад нь зориулж шилжүүлсэн 133,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д заасныг баримтлан Г.*******эс 133,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
3. Дээрх шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасныг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад талууд маргааны зүйлийн талаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.*******д 45,000,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн дотор өгөх, хариуцагч Г.******* нь ******* улсын дугаартай, арлын дугаартай, улаан хүрэн өнгийн, 2016 онд үйлдвэрлэгдсэн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр импортлогдсон Toyota Land Cruiser-200 маркийн автомашиныг Б.*******гийн өмчлөлд шилжүүлэх, автомашиныг бүрэн бүтэн, биет байдлын доголдолгүй, техникийн үзлэг оношилгоонд орж тэнцсэн байдлаар хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2024/03132 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,
нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.*******д 45,000,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн дотор өгөх, хариуцагч Г.******* нь ******* улсын дугаартай, арлын дугаартай, улаан хүрэн өнгийн, 2016 онд үйлдвэрлэгдсэн 2016 оны 11 сарын 30-ны өдөр импортлогдсон Toyota Land Cruiser-200 маркын автомашиныг Б.*******гийн өмчлөлд шилжүүлэх, автомашиныг бүрэн бүтэн, биет байдлын доголдолгүй, техникийн үзлэг оношилгоонд орж тэнцсэн байдлаар хүлээлгэн өгөхөөр тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 823,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Т.ГАНДИЙМАА