Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 00028

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

             Улсын яллагч                                 Э.Гантулга

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                  Ч.Мөнгөнцэцэг

                         Шүүгдэгч                                         Я.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Я.Бт холбогдох 1832001660013 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, *тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Янжиндуламын Б.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Я.Б нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг Будааны энгэр гэх газар байрлах иргэн Ц.Бдын хашааны гадаа байсан “Hyundai Porter” маркийн “99-21” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшин дээрээс 220 вольтын “Анка” маркийн шар өнгийн моторыг хулгайлан “30-20” УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Б мэдүүлэхдээ: ... 2018 оны 07 дугаар сард хохирогч Бдоогийн машины моторыг нь манай хамтран амьдрагчийн найз болох Жамъянсүрэн гэдэг залуу боож /засаж/ өгсөн юм. Тэгээд хөлс мөнгөө 500000 төгрөг өгч авахаар ярилцаж тохироод, ажлаа дуусчихаад Бдоо 100000 төгрөг Жсд өгсөн юм. Маргааш нь би сумын төвд Бдоотой тааралдсан. Тэгээд машины мотор боосон үнэ өртөгөө ярьж байгаад Бдоогийн гэрт нь очоод нэг шил архи Жамъянсүрэн, Бдоо бид гурав хувааж уусан. Тэгээд Бдоогоос үлдсэн мөнгөө нэхэхэд гадаа машины тэвшин дээр мотор байгаа. Авгайгаас нуугаад өртгөндөө авчих гэж хэлэхээр нь би хашааных нь гадаа байсан  моторыг нь аваад урд талын айлынх нь байшингийн ард талд нь нуучихсан юм. Маргааш нь хамтран амьдрагчийн хамт машинтай очиж тэр моторыг авсан. Тэгээд дараа нь Бдоогийн авгай нь над руу “манай мотор хаана байна” гээд дайраад байсан. Өөдөөс дайраад байхаар нь үнэнийг хэлэх гэтэл Бдоо хуруу, амаараа дохиж пролдоод байсан. Тэгээд би “мотор аваагүй” гэж хэлсэн. Сүүлд нь Бдоо надаас “нөгөө мотороо яасан бэ” гэж надаас асуухад нь би ломбарданд тавиад хүнд нь мөнгийг нь өгчихсөн гэж хэлсэн юм. Моторыг нь ломбарданд тавиад мөнгийг нь архи авч ууж идээд л дууссан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирол төлбөрөө төлсөн, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Хохирогч Ц.Бд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр шиг санаж байна. Баяраа түүний эхнэр болох хүүхэн, мөн Баяраагийн найз гэх залуу бид 4 архи уусан юм. Тухайн өдөр Баянгол сумын Гонир 3-р багийн будааны энгэр гэх газарт байдаг манай хашаа байшинд архи ууцгаасан юм. Би портер машиныхаа тэвшин дээр тог гаргадаг “Анка” маркын мотороо ачаад орхичихсон байсан юм. Тэгээд Баяраа эхнэртэйгээ хоёулаа архинд яваад ирье гэж хэлээд манайхаас гараад явсны дараа би гэрээсээ гараад машин руугаа хартал машины тэвшин дээр байсан мотор алга болчихсон байсан. Тэгээд Баярааг эргээд ирэхээр нь машины тэвшин дээр байсан мотор яагаад авсан юм бэ гэхэд Баяраа миний өөдөөс би юу гэж чиний моторыг авдаг юм бэ гээд уурлаад чи намайг хардаад байгаа бол цагдаагаа дуудаад шалгуулахгүй юу гээд байсан. Би моторыг 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Зүүнхараагийн хоёр хүү нэртэй дэлгүүрээс 450000 төгрөгөөр худалдаж авсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 7-8-р хуудас/

Гэрч Н.Об мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ажилтай байж байхад хүүхэн залуу хоёр орж ирээд шар өнгийн мотор бариад энийг тавих гэсэн юм гээд надад шалгуулаад эмэгтэй нь бичиг баримтаа бүртгүүлээд манайд 230000 төгрөгөөр тавьсан. Манайд 14 хоногийн хугацаатай тавиад аваагүй, сунгалт хийхгүй болохоор нь холбогдох дугаараар нь залгахаар холбогдохгүй болохоор нь дотоод журмын дагуу 14 хоног хүлээгээд ирээгүй учир 330000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-р хуудас/

Гэрч Д.Мс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Бдоогийнд очоод тэд нар 2 шил архи уугаад дахиад надаас архи аваад өг гэхээр нь би уурлаад Баярааг аваад гарахад гэрийнх нь гадаа Портер дээр байсан моторыг аваад машиндаа хийгээд гэртээ авч очсон. Гэрт нь очиход аав нь ганцаараа байсан. Би уул нь найзыгаа айлгах гээд тоглож байна гэж бодсон. Аав нь ороход энэ юу вэ гэхээр нь хүн хямдхан 80000 төгрөгөөр зарна гэхээр нь Дээгийгээс мөнгө аваад авчихлаа хүн амьтан мотоор сураад орж ирвэл мэдэхгүй орж ирээд 20000 төгрөг аваад гарсан гэж хэлээрэй гээд гарч дэлгүүр ороод архи, тамхи аваад гарч ирсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-14-р хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлт /ХХ-ийн 19-р хуудас/

           Я.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2018 оны 07 дугаар сард Улсын баяр наадмын үеэр байх би яг өдрийг нь сайн санахгүй байна. Хуучин танил болох Бдоотой Баянгол сумын төвд таараад 1 тал шил архи хувааж уугаад тэндээс яваад Бдоогийн гэрт дахиад 1 шил архийг надтай хамтран амьдарч байсан Дээгий гэдэг хүүхэн Бдоо бид 3 уусан юм. Тэгээд Бдоогийн гэрээс гараад явах гэтэл Бдоогийн портер дээр тог гаргадаг шар өнгийн мотор байсныг би хамтран амьдрагч Дээгийд би Бдоогоос авлагатай энэ моторыг нь аваад нууж байгаад буцаагаад өгье гэж хэлээд тэр тог гаргадаг моторыг Бдоогийн портер машины тэвшин дээрээс өргөөд өөрийнхөө машины багаж руу хийсэн юм. Би Бдоогийн цэнхэр өнгийн портер маркийн машины тэвшин дээрээс авсан улсын дугаар номерыг нь санахгүй байна. Бдоос тэр портер машинаа Баянгол сумын Гонир 3 дугаар багийн Будааны энгэр газарт байдаг хамаатны ахынхаа хашааны гадаа тавьчихсан байсан юм. Би тэр айлын гэрийн хаягийг нь хэлж мэдэхгүй байна. Би ямар ч байсан тэр моторыг нь өдрийн цагаар согтуу байхдаа хулгайлж авсан юм. Эхэндээ бол нууж байгаад гаргаад өгчихье гэж бодож аваад дараа нь мөнгө хэрэг болоод Улаанбаатар хот руу оруулаад ломбарданд тавиад эргээд авч чадалгүй алдчихсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 47 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Я.Бын талаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 49 дүгээр хуудас/, Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /51 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Я.Б нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг Будааны энгэр гэх газар байрлах иргэн Ц.Бдын хашааны гадаа байсан “Hyundai Porter” маркийн “99-21” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшин дээрээс 220 вольтын “Анка” маркийн шар өнгийн моторыг хулгайлан “30-20” УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Ц.Бдын мөрдөн байцаалтанд өгсөн “... Би портер машиныхаа тэвшин дээр тог гаргадаг “Анка” маркын мотороо ачаад орхичихсон байсан юм. Тэгээд Баяраа эхнэртэйгээ хоёулаа архинд яваад ирье гэж хэлээд манайхаас гараад явсны дараа би гэрээсээ гараад машин руугаа хартал машины тэвшин дээр байсан мотор алга болчихсон байсан. Тэгээд Баярааг эргээд ирэхээр нь машины тэвшин дээр байсан мотор яагаад авсан юм бэ гэхэд Баяраа миний өөдөөс би юу гэж чиний моторыг авдаг юм бэ гээд уурлаад чи намайг хардаад байгаа бол цагдаагаа дуудаад шалгуулахгүй юу гээд байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 7-8-р хуудас/, Гэрч Н.Обын мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ажилтай байж байхад хүүхэн залуу хоёр орж ирээд шар өнгийн мотор бариад энийг тавих гэсэн юм гээд надад шалгуулаад эмэгтэй нь бичиг баримтаа бүртгүүлээд манайд 230000 төгрөгөөр тавьсан ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-р хуудас/, Гэрч Д.Мсгийн мөрдөн байцаалтанд өгсөн “... Бдоогийнд очоод тэд нар 2 шил архи уугаад дахиад надаас архи аваад өг гэхээр нь би уурлаад Баярааг аваад гарахад гэрийнх нь гадаа Портер дээр байсан моторыг аваад машиндаа хийгээд гэртээ авч очсон. Гэрт нь очиход аав нь ганцаараа байсан. Би уул нь найзыгаа айлгах гээд тоглож байна гэж бодсон. Аав нь ороход энэ юу вэ гэхээр нь хүн хямдхан 80000 төгрөгөөр зарна гэхээр нь Дээгийгээс мөнгө аваад авчихлаа хүн амьтан мотоор сураад орж ирвэл мэдэхгүй орж ирээд 20000 төгрөг аваад гарсан гэж хэлээрэй гээд гарч дэлгүүр ороод архи, тамхи аваад гарч ирсэн ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-14-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлт /ХХ-ийн 19-р хуудас/, Я.Бын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 47 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Я.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасныг баримтлан шүүгдэгч Я.Бт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Я.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй байна.

Шүүгдэгч Я.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч Ц.Бд нь хохирол төлбөрөө бүрэн хүлээн авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй /ХХ-н 56-р хуудас/ гэсэнг дурьдах нь зүйтэй ба хохирол төлөгдсөн тул энэ хэрэгт “30-20” УБӨ улсын дугаартай “Ниссан терсел” загварын тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож уг тээврийн хэрэгсэлийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад  шүүх хуралдаанаас

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Янжиндуламын Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар Я.Быг 01 / нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Я.Бт оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Я.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт “30-20” УБӨ улсын дугаартай “Ниссан терсел” загварын тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Я.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Я.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.