Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 459

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2016/00468/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, “Хийдийн” 34-15 тоотод оршин суух, Боржигон овогт Рензэнтарын Дүншиг (РД:СЭ 49060518) холбогдох, 

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Солонго худалдааны төв”-д байрлах, “Вишн фанд” ББСБ-н нэхэмжлэлтэй,  
"зээл зээлийн хүүгийн төлбөр 9 603 751 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Вишн фанд” ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 
Рэгзэнтар овогтой Дүншиг нь 2015  оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Вишн фанд” ББСБ-н Хэнтий аймаг дахь салбараас 10605169 тоот зээлийн гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийн зээлийг байшин барих зориулалтаар 36 сарын хугацаатай, сарын 3,1 хувийн хүүтэйгээр зээлж авсан юм.  Зээлийн графикт заасны дагуу зээлийн үндсэн төлбөр болон хүүг хэсэгчлэн төлөх байсан боловч сар бүр байнга хоцроодог бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зээлийн төлбөр хийгээгүй. 
Иймд Р.Дүншигээс зээл зээлийн хүүгийн төлбөр 9 603 751 төгрөгийг яаралтай гаргуулж өгч манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)

 Хариуцагч Р.Дүншиг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Р.Дүншиг би, “Вишн фанд” ББСБ-ийн тус шүүхэд гаргасан зээл зээлийн хүүгийн төлбөр 9 603 751 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Би дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 
Би зээл зээлийн хүүгийн төлбөр 9 603 751 төгрөгийг бүрэн төлж барагдуулна.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 15 тал)
 
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Вишн фанд” ББСБ нь, хариуцагч Р.Дүншигээс "зээл зээлийн хүүгийн төлбөр 9 603 751 төгрөгийг гаргуулах" -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч Р.Дүншиг нь, нэхэмжлэгч “Вишн фанд” ББСБ-ийн нэхэмжилсэн зээл зээлийн хүүгийн төлбөр 9 603 751 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Р.Дүншигт холбогдох, “Вишн фанд” ББСБ-ийн нэхэмжлэлтэй “зээл зээлийн хүүгийн төлбөр 9 603 751 төгрөгийг гаргуулах” тухай  иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “Вишн фанд” ББСБ-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 168 610 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 84 305 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 84 305 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “Вишн фанд” ББСБ-д, хариуцагч Р.Дүншигээс 84 305 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Вишн фанд” ББСБ-д тус тус  олгосугай.

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч Р.Дүншиг нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай. 

4.Зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    
 

 

ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ