Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 101/2017/00543/и |
Дугаар | 001/хт2017/01314 |
Огноо | 2017-10-31 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 001/хт2017/01314
Д, Ц нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/00857 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1309 дүгээр магадлалтай,
Д, Ц нарын нэхэмжлэлтэй,
Б-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 42.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Б, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч Д, Ц болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбулаг нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбарт: Б нь 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 28.000.000 төгрөгийг Д, Ц нараас зээлж, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төлөхөөр тохиролцож хүүгүйгээр авсан. Харин хугацаа хэтэрвэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг хоног тутамд төлөхөөр тохиролцсон. Ингээд зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй бидний хохироож байх тул үндсэн зээл 28.000.000 төгрөг, алданги 14.000.000 төгрөг, нийт 42.000.000 төгрөгийг Б-оос гаргуулж өгнө үү. Хариуцагч Б 1.500.000 төгрөгийг нэхэмжлэгч нарт өгсөн нь үнэн тул 1.500.000 төгрөгийг хасч болно гэжээ.
Хариуцагч Б-ын гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбарт: Миний бие 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Д-тай зээлийн гэрээ байгуулж 28.000.000 төгрөгийг 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 1 жил 10 сарын хугацаатай хүүгүй авсан. Нэхэмжлэгч нарыг гэрээ хийе гэхэд нь бодож санах зүйлгүй гэрээ хийсэн. Мөнгийг зээлж аваагүй, ажил хэрэг яриад, ажил бүтээхээр мөнгийг авсан. Харин зээлийн гэрээг сүүлд байгуулсан. Гэвч тодорхой шалтгааны улмаас миний бие тус мөнгийг төлөх боломжгүй болсон ба төлөх болно. Миний хувьд үргэлж зугтаж байсан зүйлгүй, нэхэмжлэгч нар мөнгө хэрэг боллоо гээд ярихад нь би 2016 оны 9 дүгээр сард 700.000 төгрөг, 800.000 төгрөгөөр нийт 1.500.000 төгрөг өгч байсан. Тиймээс дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 28.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги болох 14.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/00857 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б-оос 26.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д, Ц нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15.500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 367.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 290.450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д, Ц нарт олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1309 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/00857 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б-оос 39.750.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д, Ц нарт олгож, нэхэмжлэлээс 2.250.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “290.450” гэснийг “356.700” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Б-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Учир нь 2017.06.05-ны Даваа гарагт шүүх хуралтай гэдгийг 2017.06.02-ны Баасан гарагт үдээс хойш ажил тарах үед мессежээр мэдэгдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэртэй танилцаж амжаагүй. Нэхэмжлэгч ямар үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан болохыг танилцах боломжгүй олгоогүй. Өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлж тайлбар өгөх боломж олгоогүй. Нэхэмжлэгч нь ор үндэслэлгүй худал тайлбар гаргасан байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянан хэлэлцэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн зээлийн гэрээний зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу, шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ.
Нэхэмжлэгч Д, Ц нар нь хариуцагч Б-д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 42.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн төлсөн 1.500.000 төгрөгийг хасч тооцохыг зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрч, 28.000.000 төгрөгийг зээлж аваагүй, ажил хэрэг яриад, ажил бүтээхээр Д-аас мөнгийг авсан, зээлийн гэрээг сүүлд байгуулсан, 1.500.000 төгрөгийг буцааж өгсөн, алданги төлөх учиргүй гэж маргажээ.
Зээлдүүлэгч Д, Ц нар нь зээлдэгч Б-д 28.000.000 төгрөгийг 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 1 жил 10 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлсэн, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон тухай 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээ хэрэгт авагдсан ба нэхэмжлэгч нар энэ гэрээг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгосон байна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б-оос 26.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б-оос 39.750.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Нэхэмжлэгч Д, Ц нар нь Боор ажил бүтээлгэх зорилгоор түүнд 28.000.000 төгрөгийг өгсөн үйл баримт шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байгаа тухай анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2-т заасныг зөрчөөгүй байна.
Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй буюу хариуцагч Б нь ажил бүтээж өгөх зорилгоор Д, Ц нараас 28.000.000 төгрөгийг хүлээн авсан боловч үүрэг гүйцэтгэгдээгүй тул хариуцагч Б-ыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг буруутгах боломжгүй, хууль хэрэглээний хувьд зөв юм.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг үнэлж, Иргэний хуулийн зээлийн гэрээний зохицуулалтыг хэрэглэсэн нь үндэслэл муутай болжээ.
Өөрөөр хэлбэл, шүүх хэлцлийн талуудын хүсэл зориг, хүсэл зоригийн илэрхийлэл, түүний үр дагаварыг хамтад нь тодорхойлж, тухайн төрлийн хэлцэлд хамаарах хуулийн зохицуулалтыг хэрэглэх ёстой.
Давж заалдах шатны шүүх “...28.000.000 төгрөгийг хариуцагч өөр хэлцлийн дагуу нэхэмжлэгч нарт төлөх үүрэгтэй байсныг талууд тохиролцон зээлийн үүргээр сольсон нь өмнөх гэрээний харилцаа дуусгавар болж, зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа болон, үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй бол анз тооцохоор тохиролцон гэрээ байгуулсан байна” гэж дүгнэхдээ “...өмнөх гэрээний харилцаанд 28.000.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан” гэдгийг шүүх хэрхэн тодорхойлж байгаа нь ойлгомжгүй, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Тодруулбал, Иргэний хуулийн 236 дугаар зүйл нь “Үүрэг гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болох” тухай зохицуулалт бөгөөд 236.1.3 дахь хэсэгт “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” гэсэн нөхцөл заасан байх тул нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд “үүрэг солигдсон болон солихоор тохиролцсон” тухай агуулга заагаагүй байна. Түүнчлэн үүрэг солигдсон, солихоор тохиролцсон гэсэн зохицуулалтад “өмнөх үүрэг” гэсэн урьдач нөхцөл байгааг харгалзан үзэх шаардлагатай. Өмнөх үүрэг нь хууль болон гэрээнд заасан хууль ёсны тохиролцоо байсан эсэх нь тодорхойгүй, хэрэгт авагдсан зээлийн гэрээнд талууд өмнөх үүргээ зээлийн үүрэг болгон өөрчилсөн агуулга, хүсэл зориг илэрхийлэгдээгүй байна.
Иймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч нар шаардах эрхтэй, талууд анзын талаар тохиролцсон гэж дүгнэн, зээл 26.500.000 төгрөг, алданги 13.250.000 төгрөг, бүгд 39.750.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1309 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/00857 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б-ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356.700 /гурван зуун тавин зургаан мянга долоон зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН