Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 8

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан баг, Элит зоогийн газрын ард байрлах 25х20 хэмжээтэй ногооны зоорийг эзэмших эрх олгосон захирамж гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д,  гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, гэрч Ж.Сиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би энэ зоорийг 2000 онд Ө.Т гэдэг хүнээс тухайн үед 600.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ө.Т нь 1997 оны 12 сарын 12-ны өдрийн 804 тоот өмчлөгчийн эрх авч, Худалдаа, нийтийн хоолны трестын эд хөрөнгийг тухайн үед дуудлага худалдаагаар 1.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би энэ зоорийг худалдаж аваад 17 жил болж байна. Тухайн үед тэр зоорийг худалдаж аваад доторх хогийг нь цэвэрлээд, ногоогоо хийдэг байхад  хэн нэг нь ирж энэ зоорины талаар маргаан гаргаж байгаагүй.

Манай авсан зоорьны урд талд хуучнаар 13 дугаар дэлгүүрийг мөн Д.Биржмаа гэдэг хүн тухайн үед 1998 оны 10 сарын 13-ны өдөр өмч хувьчлалын 240 ширхэг ягаан тасалбараар худалдаж авсан бөгөөд тухайн үед уг дэлгүүрийн барилгыг худалдаж авсан байдаг.

2007 онд Д.Биржмаа гэдэг хүн тухайн дэлгүүрийн объектоо Ж.Сиймаа гэдэг хүнд зарсан бөгөөд зарахдаа манай зоорины газар болон тэр хавийн газрын өөрийн эзэмшлийн газар гэж хэлж зарснаас хойш энэ газрын маргаан үүссэн.

Ингээд 2013 онд Ж.Сиймаа тус дэлгүүрийн объектоо Г.О гэдэг хүнд зарсан. Г.О нь 2013 оны 9 дүгээр сард намайг газрын маргаанаас болж Иргэний хэргийн шүүхэд зоорины газар чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Улсын дээд шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

 Миний бие  иргэний хэргийн шүүхэд зоорины өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба  Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 45/757 дугаар шийдвэрээр  зоорины өмчлөгчөөр Н.Б намайг тогтоосон.

Д.Биржмаа нь Сиймаад дэлгүүрээ зарахдаа ард нь байгаа газар миний газар байгаа юм гэхэд тэр хүн худалдаж авсан гэж ойлгож байгаа. Харин Д.Биржмаа бид хоёр 1 байгууллагын 2 өмчийг л тус тусдаа худалдаж авсан. Одоо тэгтэл түрүүлж авсан би ямар ч газаргүй болсон байдаг. Газрын албан дээр очиход Батсайхан гэдэг хүн таны энэ зоорь чинь кадастрын зурган дээр байдаггүй юм байна гэж тайлбар өгч байсан, дараа нь Өмөртэй гэдэг хүн газрын албаны даргаа хэсэг хугацаанд ажиллаж байхад очиж лавлахад мөн л тэгж хэлж байсан.

2013 онд анхны шүүх хурал хийхэд уг зоорийг буулгах үндэслэлгүй гэж шүүхийн шийдвэр гарсан байтал 2-3 хоногийн дараа Ж.Энхжаргал өмгөөлөгч нар өндөр хүүтэй зээл авах гэсийн гэхээр нь ийм маргаантай байгаа газрыг зарж болдог юм уу гэхэд, ийм маргаантай газрыг зарж болдоггүй юм гээд байхаар би өргөдөлөө Газрын албанд өгөөд явсан. Гэтэл 7 хоногийн дараа нь миний газрыг Г.О дээр шилжүүлсэн захирамж гарсан байсан. Ингээд хариуцлагагүй дарга нарийн үйлдлээс болж би 17 жил энэ газрын эзэмшигчээр нь тогтоолгож чадаагүй байна..

Сум дундын 25 дугаар шүүхэд зоорины өмчлөгчөөр тогтоолгохоор хандаж, тус шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 45/757 дугаар шийдвэрээр Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт Элит зоогийн газрын ард байрлах 25x20 метр квадрат талбай бүхий ногооны зоорины өмчлөгчөөр Н.Б миний биеийг тогтоосон. ,

Шүүхийн шийдвэр гарахаар нь Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандахад асуудлыг шийдвэрлэлгүй өдий хүрсэн учир аймгийн Засаг даргад өргөдөл 2015 оны 02 сарын 27-нд өргөдөл өгсөн. Аймгийн Засаг дарга Д.Ц нь "Асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Шүүхэд хандаж шийдвэрлүүл" гэсэн хариуг амаар өгсөн.

Зоорь гэдэг нь үл хөдлөх хөрөнгө бөгөөд газраас салгамагц зориулалтын шинж чанараа алдаж, ашиглаж боломжгүй болох тул газартай байх ёстой. Иймд Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багт байрлах Элит зоогийн газрын ард байрлах 25х20 метр квадрат бүхий ногооны зоорь байрлах газрыг эзэмших эрхийг Н.Булга миний нэр дээр олгосон захирамж гаргахыг Ховд аймгийн Засаг даргад даалгаж өгөн үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Намсрайн Б-ийн аймгийн Засаг даргад холбогдуулан газар эзэмших эрх олгосон захирамж гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцлаа.Жаргалант сумын Жаргалан багт "Элит" зоогийн газрын ард байрлах иргэн Н.Б-ийн эзэмшихээр хүсэлт гаргасан 25x20 м.кв зоорийн зориулалттай газар нь иргэн Жамсрангийн Мягмардоржийн эзэмшилд байсан ба аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/341 дүгээр захирамжаар Г.О-д эрх шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

Иймд иргэн Н.Б-с эзэмшихээр хүсэлт гаргасан дээрх газар нь бусдын буюу иргэн Г.О-ийн эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаж байгаа тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасны дагуу Н.Б-д эзэмшүүлэх боломжгүй байгаа болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Газрын тухай хуулинд газар гэдэг нь түүний дээд, доод хэвлийн, орон зай дахь давхаргыг хэлнэ гэж заасан байдаг учир газар доорх хэвлий нэг эзэмшигчтэй, дээрх орон зай нь нэг эзэмшигчтэй байдаггүй. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрх олгохдоо тухай газар хэн нэгний газартай давхцахгүй байх гэсэн үндсэн шаардлагатай байдаг.

2004 онд уг газар Жаргалант сумын мэдлийн газар байсан бөгөөд одоо аймгийн мэдлийн газар болсон. 2004 оны Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга захирамж гаргахдаа 2600 м2 газрын 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр газар олгосон. Таны хэлээд байгаагаар зоорины газар нь газрын доороо нэг эзэмшигчтэй, дээрээ нэг эзэмшигчтэй байна гэсэн хуулийн заалт байхгүй.

Тухайн зоорийг би газар дээр нь очиж үзсэн. 20Х25 метр газартай, доошоогоо 4 орчим метр, дээшээгээ 1 метр орчим тийм газар байсан. Эргэн тойрон хүмүүсийн хувийн эзэмшлийн газраар хүрээлэгдсэн, тухайн зооринд шууд нэврэнэ орох боломж байхгүй, заавал хэн нэгний өмчөөр дамжиж орно. Тэгэхээр тэнд чөлөөтэй нэвтрэх орц, гарц байхгүй, мөн хэн нэгний газартай давхцаж байгаа гэж үзэж байгаа тул үүнд тусгайлсан гэрчилгээ гаргах боломжгүй гэж үзэж байна. . Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Г.О нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Жаргалан багийн 03 дугаар гудамжны "0" тоот хаягт орших 2013 оны 11 сарын 11-ний өдрийн 000461655 тоот гэрчилгээтэй 588 м2 газрыг 2013 оны 09 сарын 06 өдөр газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээний дагуу Ж.Мягмардорж, Ж.Сиймаа нараас худалдан авсан юм.

Анх Д.Биржмаа нь 1992 оны 02 сарын 20 өдрийн дуудлага худалдаагаар обьектүүдийг худалдан авсан бөгөөд 1996 оны 01 сарын 25 өдрийн 08 дугаар захирамжаар 3200 м2 газар эзэмшиж, тэр газарт нь маргааны зүйл болох зоорь, зоорины газар багтаж байсан.

Д.Биржмаагаас уг газрыг 2008 оны 03 сарын 03 өдөр эрх шилжүүлэн авах гэрээ байгуулан Ж.Сиймаа 2008 оны 03 сарын 21 өдрийн 0145551 дугаартай гэрчилгээр эзэмшиж байсан бөгөөд тэр хэсэгт зоорины доод талын газар орсон.

Г.О нь худалдан авахдаа мөн уг зоорины доод талын газрыг хамт авсан бөгөөд Ж.Мягмардорж, Ж.Сиймаа, Г.О нар уг газрыг албадан чөлөөлүүлэхээр Н.Б-д холбогдуулан сум дундын 25 дугаар шүүхэд нэхэмжпэл 2013 оны 09 сарын 05 өдрөөс эхлэн гаргаад олон удаагийн шүүх хуралдаан болж одоо эцэслэн шийдэгдээгүй Улсын дээд шүухэд гомдол гаргасан юм.

Д.Биржмаа нь уг зоорийг дуудлага худалдаагаар худалдан авсан хууль ёсны эзэмшигч бөгөөд тухайн газрыг багтаасан газар эзэмших эрхийг Ж.Мягмардоржид шилжүүлсэн, харин Г.О нь Ж.Мягмардоржоос тухайн газрыг хуульд заасан үндэслэлийн дагуу худалдан авсан, газар эзэмших эрхийн гэрчилгээтэй хууль ёсны эзэмшигч юм.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг  өмгөөллийн үгэндээ: Нэхэмжлэгч Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах үеэс эхлэн өмгөөлөгчөөр оролцож явсан. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай байх. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн иргэн Н.Б-ийн Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан, “Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан баг, Элит зоогийн газрын ард байрлах 25х20 хэмжээтэй ногооны зоорины газрыг эзэмшүүлэх захирамж гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж хэлье.

Н.Б-г зоорины өмчлөгчөөр тогтоосон сум дундын шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 45/757 шийдвэр байдаг. Иргэний хуулийн 103 дугаар зүйлд зааснаар өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана. Мөн хуулийн 84 дүгээр зүйл, 85 дугаар зүйл, 87 дугаар зүйл тодорхой заасан байдаг. Иймд  зоорь газар 2-ыг салгаж болохгүй. гаргуулсан. Мөн Захиргааны байгууллагад урьдчилна шийдвэрлэх ажиллагаа хийлгэсэн. Ингээд Засаг даргаас хариугаа авсны дараа захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед нэхэмжлэл гаргахад Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хууль үйлчилж эхлээгүй байсан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргасныг дурдах нь  зүйтэй байх. Хариуцагчийн тайлбар болон гэрчийн мэдүүлгээр зоорины маргааны талаар асуудлыг яриад байдаг. Н.Б нь иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр тухайн маргаж буй зоорины өмчлөл нь мөн болохыг тогтоосон. Хяналтын шатны шүүхийн тогтоолоор эзэмшигч нь өмчлөгчөөс шаардах эрх байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гуравдагч этгээдийн хувьд 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/341 дугаартай Засаг даргын захирамжаар 12 жилийн хугацаагаар эзэмшсэн. Зоорь нь 1960-иад онд баригдсан. Энэ газар дээр барилга байгууламж баригдаагүй. Энэ талаар шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийх байхаа. Нөгөө талаас хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахаар талаар ярьж байна. Иргэний хууль болон Газрын тухай хуульд зааснаар газрыг хязгаартай ашиглах эрх үүсэхгүй. Төрийн захиргааны эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагаа байгаа. Газрыг шалгаж үзээд кадастрын зураглалд оруулж өгөх ёстой байсан. Төрийн захиргааны буруутай үйл ажиллагаанаас болоод энэ маргаан үүссэн. Засаг дарга захирамжаа хүчингүй болгох эрх хэмжээ нь байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Энхжаргал өмгөөллийн үгэндээ: Одоогийн зоорь байгаа гэх газрын хууль ёсны эзэмшигч нь Г.О юм. Энэ хүн засаг даргын А/341 дугаар захирамжын дагуу газар эзэмших гэрээ хийж, газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, мөн тухайн газрын төлбөрийг жил бүр төлдөг.  

Энэ газар анхнаасаа “Цог энх золбоо” гэдэг нөхөрлөлд 2600м2 газрыг  2003 онд Д.Биржмаа гэдэг хүн 30 жилийн хугацаатай газар эзэмшүүлэхээр гэрээ хийсэн байдаг. Д.Биржмаа нь уг газрын гэрчилгээндээ тус газрыг үйлчилгээ явуулах өмчлөлийн гэрчилгээг 2004 онд авсан.  Д.Биржмаа нь  2008 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн 858м2  газрыг Ж.Сиймаад шилжүүлж өгсөн. 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 77 дугаартай захирамжаар газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлж, 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон. Ж.Сиймаа нь өөрийн эзэмшиж байсан 858м2 газраасаа 588м2 газрыг өөрийн төрсөн эгчдээ шилжүүлж гэрчилгээ олгогдсон. Ингээд 858м2 газрыг Г.О-д худалдсан.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу Г.О Н.Б-ийн зоорийг  нүүлгэхээр иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улсын дээд шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болсон. Ө.Т би зоорийг Н.Б, Цогтсайхан нарт худалдсан гэж мэдүүлэг өгдөг. Төрийн өмчийн 804 тоот тогтоол хавтас хэрэгт байдаг, үүнээс харахад Т-ийн Б-д зарсан зоорь эд Т-ийн худалдан авсан эд хөрөнгийн цогцолборт байхгүй байдаг.

Хэрэв Н.Б нь зоорины өмчлөгч юм бол Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3-д зааснаар Н.Б, Ц нарнь зоорины газрыг  хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрхтэй. Г.О-д тухайн зоорины газрын хууль ёсны эзэмшигч тул  Н.Б-ийн Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан, “Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан баг, Элит зоогийн газрын ард байрлах 25х20 хэмжээтэй ногооны зоорины газрыг эзэмшүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гэрч Ж.Сиймаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би анх 2008 онд 858м2  газрыг Д.Биржмаа гэдэг хүнээс авч өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч байсан. Би бүх бичиг баримтыг харахад бүх захирамж, гэрээтэй байсан.  Д.Биржмаа нь анх өмч хувьчлалаар энэ зоорийг авсан байна лээ. Энэ зоорийг миний эд хөрөнгө шүү гэж надад хэлсэн. Н.Б миний зооринд ногоо хийгээд байхаар нь би яагаад ногоо хийгээд байгааг нь асуусан чинь Ө.Т гэдэг хүнээс авсан гэж надад хэлсэн.   Би 2008 оны газрынхаа гэрчилгээ авах үед Н.Б-д олон удаа хэлсэн.  Н.Б бид 2 Батсайхан даргатай уулзаж бүх бичиг баримтаа гаргаж үзүүлэхэд энэ газар иргэн Ж.Сиймаагийн газар байна гэж хэлсэн. Н.Б-г хэзээ зоорийг нь чөлөөлж өгөх бэ гэсэн 1 жилийн дараа чөлөөлж өгнө гэж хэлсэн. 1 жилийн дараа газрыг суллаж өгөхөөр бичиг нотариатаар хийлгэсэн боловч миний тэр бичиг алга болсон. Энэ зоорины талаар Н.Б-тэй уулзах гэхээр уулздаггүй байсан. 2013 онд газраа Г.О-д шилжүүлж зарахаар болсон. Н.Б нь худалдах худалдан авах гэрээ хийхээр миний  газар гэдэг. Тухайн үед Газрын албаны дарга Пүрэвдоржтой уулзахад бид нар хуулийнхаа дагуу шийднэ. Хуулийнхаа дагуу бичиг баримтаа бүрдүүл гэсэн хариуг өгсөн. Бид нар бичиг баримтыг нь үндэслэж гэрчилгээ олгох, олгохгүй асуудлыг шийднэ бичиг баримтаа архиваас татаж ир гэж хэлсэн. Би бичиг баримтаа архиваас татахад миний бүх бичиг баримт гарч ирсэн. Гэтэл Н.Б гэрчилгээ гаргаж ирсэн. Н.Б-ийн гэрчилгээг дахиж архиваас татахад ямар ч бичиг баримт олдоогүй.Тухайн үед Өлзийсайхан даргын гарын үсгийг дурайсан байдаг. Цагдаагийн байгууллагад өгч шалгуулахад хуурамч бичиг баримт байна гэдэг нь тогтоогдсон.  Яагаад ийм бичиг баримт үйлдсэн бэ гэсэн чинь нас барсан хүний нэр ашигласан. Дараа нь дарга нартай уулзахад хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүл гэж хэлдэг байсан. Бид газрынхаа татвараа төлөөд тодорхой хүмүүсийг цалинжуулаад ажиллуулдаг. Үе үеийн Засаг даргын захирамжууд хүчин төгөлдөр байгаа юм. Бид нарын бүх бичиг баримт хуулийн дагуу явагдаж байгаа гэв.

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Н.Б нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багт байрлах Элит зоогийн газрын ард байрлах 25х20 метр квадрат бүхий ногооны зоорь байрлах газрыг эзэмших эрх олгосон Ховд аймгийн Засаг даргын захирамж гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг  шүүхэд гаргажээ.

Гуравдагч этгээд Г.О-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба гуравдагч этгээдийн өмгөөлөгч, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь гуравдагч этгээдийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг гуравдагч этгээдийг байлцуулахгүйгээр үргэлжлүүллээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр  нэхэмжлэгч Н.Б-ийн  шүүхэд гаргасан нэхэмжлэлийг   бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Н.Б нь 203.2 м.кв ногооны зоорины өмчлөгч болох нь Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 45/757 дугаар шийдвэрээр тогтоогдсон, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна./хх-54-58/ 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч “Ө.Т-ийн худалдан авсан эд хөрөнгийн цогцолборт Н.Б-ийн гэх 50 тонны зоорь байхгүй байгаа, уг зоорийг Элит зоогийн газрын хамт авсан, зоорь нь Г.О-ийнх” гэж зоорины өмчлөлийн талаар маргаж байгаа ч  Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн  давхар дэлгүүрийн арын хашаа, Элит зоогийн арын хашаанд байрлах 25х20 м.кв талбай /газрын кадастрын 203.2 м.кв талбай / бүхий 50 тонны  ногооны зоорины  өмчлөгчөөр Н.Б-г тогтоосон шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон, Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “ Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр  нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасан байх тул зоорины өмчлөгчийн талаар  шүүхээс дахин дүгнэлт хийх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “зоорь нь газрын нэг бүрдэл хэсэг бөгөөд газраас салгамагц өөрийн шинж байдлаа алддаг. Иймд зоорь байрлах газрыг эзэмшүүлж өгнө үү”  гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд  юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “...газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн  бүрдэл хэсэг байна” гэж заасан бөгөөд Н.Б-ийн өмчлөлийн зоорь нь газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох үл хөдлөх хөрөнгө бөгөөд уг зоорины газар нь гуравдагч этгээд Г.О-ийн эзэмшлийн 588 м.кв газарт байрлаж байгаа талаар талууд маргаагүй бөгөөд  шүүхээс  тухайн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр /хх-120-127/ давхар нотлогдож байна.

Ховд аймгийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 269 дүгээр “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” /хх-110/ захирамжаар “Цог энх золбоо” ХК-нд Жаргалант сумын Жаргалан баг хуучнаар 2 давхар дэлгүүртэй залгаа 0,2 га газрыг дэлгүүр, үйлчилгээний зориулалтаар 30 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байх ба  үүнээс Ховд аймгийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 77 дугаар “газар эзэмших эрх шилжүүлэх” /хх-112, 113/ тухай захирамжаар “Цог энх золбоо” ХК-ны  газар эзэмшлийн 200710154 тоот гэрчилгээ бүхий 2600 м.кв газраас 858 м.кв газрын эзэмших эрхийг Ж.Сиймаад 15 жилийн хугацаагаар  эзэмших эрхийг шилжүүлсэн, Ховд аймгийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 253 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” /хх-114/ захирамжаар  Ж.Сиймаа 858 м.кв газраас 588 м.кв газрын эрхийг Н.Мягмардоржид шилжүүлсэн, Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/341 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай“ /хх-116/ захирамжаар Ж.Мягмардорж нь 588 м.кв газрын эзэмших эрхийг Г.О-д  үйлчилгээний зориулалттай 12 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шилжүүлжээ.

Гуравдагч этгээд Г.О нь Засаг даргын А/341 дугаар захирамжийн дагуу иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх-62/ байгуулж, №000461655 гэрчилгээгээр /хх-61/ Жаргалан баг 03 дугаар гудамжны “0” тоотыг үйлчилгээний зориулалтаар 12 жилийн хугацаатай эзэмших хууль ёсны эзэмшигч нь болсон байна. 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан ба Г.О нь хуулийн дагуу дээрх газрыг эзэмшдэг болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байгаа ба Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар Г.О-ийн  газар эзэмших эрх нь дуусгавар болоогүй байна.

Нэхэмжлэгч Н.Б нь  “зоорины газрын эзэмших эрх олгох захирамж гаргуулахыг Ховд аймгийн Засаг даргад даалгахыг нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий ч  гуравдагч этгээд Г.О-ийн газар эзэмших эрх дуусгавар болоогүй, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж гуравдагч этгээд Г.О-д газар эзэмшүүлэх эрх олгосон захирамж буюу Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/341 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай“ захирамжтай маргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Н.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын  тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэр гардан  авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны  хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ЯНЖИНДУЛАМ