Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2023/0043

 

“Б ...” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

нийслэлийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч   Х.Батсүрэн

Шүүгчид:                  Г.Банзрагч

                                    Д.Батбаатар

                                    П.Соёл-Эрдэнэ        

Илтгэгч шүүгч:         Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 0966 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн 221/МА2023/192 дугаар магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 197 дугаар тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Х нар нарыг оролцуулж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нэхэмжлэгч “Б ...” ХХК-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/81 дүгээр захирамжийн “Б ...” ХХК-ийн газартай давхцуулан “Э ...” ХХК-д амины орон сууцны зориулалтаар олгосон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

            Хэргийн нөхцөл байдал:

2. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/81 дүгээр захирамжаар 17 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг “Э ...” ХХК-д шилжүүлжээ.

            Анхан шатны шүүхийн шийдвэр:

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 0966 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3, 25 дугаар зүйлийн 2, 27 дугаар зүйлийн 9, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Б ...” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/81 дугаартай захирамжийн “Б ...” ХХК-ийн газартай давхцуулан “Э ...” ХХК-д амины орон сууцны зориулалтаар олгосон хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            Давж заалдах шатны шүүхийн магадлал:

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн 221/МА2023/192 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 966 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

            Хяналтын журмаар гаргасан гомдол:

5. Гуравдагч этгээдээс магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар:

5.1. Анхан шатны шүүх даргалагч шүүгчийг хууль бусаар өөрчилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан болно.

5.2. Нэхэмжлэгч “Б ...” ХХК нь нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгч Н.Д хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл явуулдаг. Харин үүний дараа тус шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Б.А 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 128/ЕШ2022/0954 тоот Хэрэг хянан шийдвэрлэх даргалагч шүүгчийг албажуулах тухай захирамжаар “Б ...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийг шийдвэрлэх даргалагч шүүгчээр Т.М-г томилсон шийдвэрийг албажуулсан.

5.3. Гэтэл тус шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Б.А 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 128/ЕШ2022/0954 тоот Хэрэг хянан шийдвэрлэх даргалагч шүүгчийг албажуулах тухай захирамжид нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0408 тоот тогтоолыг үндэслэх боловч, “Б ...” ХХК буюу нэхэмжлэгчийг тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахаас 15 хоногийн өмнө гарсан тогтоолыг үндэслэж, даргалагч шүүгчийг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өөрчлөх нь ойлгомжгүй бөгөөд эндээс тус нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч “Б ...” ХХК-ийг тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах болохыг урьдаас 15 хоногийн өмнө мэдэж байсан болох нь харагдаж байгаагаас анхан шатны шүүх хууль бусаар тус хэргийг хянаж байсан Н.Д шүүгчийг Т.М болгож өөрчилж, уг хууль бус даргалагч хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

5.4. Мөн гуравдагч этгээдээс нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.М-д холбогдуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй хамаарал бүхий, нэг танхимд хамт багшилдаг байхад захиргааны хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн талаар гомдол гаргасныг Сахилгын хороо хүлээн авч “Сахилгын хэрэг” үүсгэсэн бөгөөд энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа болно гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 197 дугаар тогтоолоор гуравдагч этгээдийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэх үндэслэлээр гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул энэ хүрээнд хэргийг хянаж, дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

7. Нэхэмжлэгч “Б ...” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл шүүгч Н.Д-д хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байжээ. Уг хэргийг шүүгч Т.М-д шилжүүлэх талаар 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүсэлт гаргаж, шийдвэрлэсэн баримт (хэргийн 2 дугаар хавтасны 248 дахь тал) хэрэгт авагджээ.

8. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 128/ЗТ2022/0408 дугаар тогтоолоор уг нарийвчилсан журмын бүрэн эхийг баталсан байх бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т зааснаар энэхүү журам тус шүүхийн цахим хуудаст олон нийтэд нээлттэй байх тул энэ тогтоолын 5.3-т заасан гуравдагч этгээдийн гомдол үндэслэлгүй байна.

9. Учир нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 408 дугаар тогтоолоор баталсан журам нь тухайн шүүхэд ирж буй хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хэрхэн хуваарилах, тэдгээрийг шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох талаар зохицуулсан нийтлэг журам юм. Энэхүү журмаар “Б ...” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрхэн хуваарилах талаар шийдвэрлээгүй байх тул гуравдагч этгээдийн “нэхэмжлэгчийг тус шүүхэд нэхэмжлэл гаргахаас 15 хоногийн өмнө гарсан тогтоолыг үндэслэж, даргалагч шүүгчийг өөрчлөх нь ойлгомжгүй, ... нэхэмжлэгч “Б ...” ХХК-ийг тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах болохыг урьдаас 15 хоногийн өмнө мэдэж байсан” гэх гомдол үндэслэлгүй.

10. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ЗТ2022/0408 дугаар тогтоолоор баталсан нарийвчилсан журмын 7.2-т “Хэргийг нэгтгэсэн тохиолдолд ачаалал тэнцвэржүүлэх зарчмын хүрээнд хэрэг нэгтгэн авч байгаа шүүгчээс тухайн нэгтгэсэн хэрэгтэй адил хугацаатай ажиллагаанд байгаа хэргийг нэгтгэн өгсөн шүүгчид шилжүүлнэ. Адил хугацаа гэдгийг захиргааны хэрэг үүсгэсэн хугацаагаар тооцох бөгөөд адил хугацаатай хэрэг байхгүй тохиолдолд хамгийн ойрхон хугацаагаар үүсгэсэн дугаараар тооцно” гэж заасан нөхцөл үүссэний дагуу хэргийг шүүгч Н.Д-с шүүгч Т.М-д шилжүүлсэн талаар хэрэг шилжүүлсэн баримтад тусгагджээ.

11. Улмаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ЕШ2022/0954 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д зааснаар “Б ...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх даргалагч шүүгчээр Т.М-г томилсон шийдвэрийг албажуулсан байна.

12. Үүнээс үзвэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шалтгаанаар хэрэг шилжсэн талаар хэргийн оролцогчид мэдсэн, “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-д заасан үндэслэлээр томилогдсон шүүгч хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэсэн үндэслэлээр гаргасан гуравдагч этгээдийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 0966 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн 221/МА2023/192 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Э ...” ХХК-ийн төлөөлөгч Б.Б-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                          Д.БАТБААТАР

                                                                          П.СОЁЛ-ЭРДЭНЭ

     Ц.ЦОГТ