| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0165/Э |
| Дугаар | 186 |
| Огноо | 2019-03-05 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Дэлгэрмаа, шүүгдэгч Ж.Ц, түүний өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо, нарийн бичгийн дарга Д.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Т овогт Жадамбын Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803009840033 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, охин, гурван дүүгийн хамт Төв аймгийн Зуунмод сумын оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Тайж овогт Ж-н Ц
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 17 цаг 55 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Төв аймаг явах замд Тоёота Витз маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Д.Цын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Ж.Ц: “...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр охин М, ээж Ц нарын хамтаар Төв аймгаас Улаанбаатар хот орох замд өөрийн хариуцлагагүй байдлаас болж зам тээврийн осолд орсон. Осолд орж ээждээ гэмтэл учруулсандаа харамсаж байна, одоо ээжийгээ би өөрөө асарч байгаа, биеийн байдал нь сайжирсан, цаашид би асрах болно, мөн миний охин М 9 настай, байнгын бусдын асрамжинд байх шаардлагатай бөгөөд миний асрамжинд байдаг, надаас өөр харах хүнгүй, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн охин Ц, түүний охин М нарын хамт Тоёота Витз маркийн ТӨҮ улсын дугаартай автомашинаар Төв аймагт очиж ач охиноо эмнэлэгт үзүүлчихээд орой 17 цагийн үед Төв аймгаас Улаанбаатар хот руу буцаад явж байснаа санаж байна, өөр санах зүйл байхгүй. Нэг мэдэхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан. Тухайн үед Ц өөрөө жолоогоо барьж, ач охин М түүний хажууд, би Мгийн хойд талд сууж явсан...” /хх-ийн 16-17/ гэсэн,
Гэрч И.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянцагаан суманд гэртээ байхад манай хүү Ц утасдаад Ц эгч машинтайгаа явж байгаад онхолдсон, ээжийн бие муу Төв аймгийн эмнэлэг рүү явж байна гэж хэлсэн. Эхнэр Ц тэр өдрөө Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирж хэвтэн, хагалгаанд орсон...” /хх-ийн 21-22/ гэсэн,
Гэрч Ж.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө эгч Ц Төв аймаг руу явж охиноо эмнэлэгт үзүүлнэ гээд ээж Цын хамтаар гурвуулаа явсан. Орой 18 цаг өнгөрч байхад зам тээврийн осолд орчихлоо гэж Ц эгч ярьсан...” /хх-ийн 24-25/ гэсэн,
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үүрэг гүйцэтгэж байхад 18 цагийн орчим Улаанбаатар хотоос Төв аймаг руу явах замд Хаан банкны амралтын орчим машин онхолдсон дуудлагын дагуу очиход Тоёота Витз маркийн автомашин замын хажуу руу онхолдсон байсан. Намайг хэргийн газарт очоод удаагүй байхад Төв аймгийн 103-ын түргэн тусламж ирээд автомашин дотор байсан гурван хүнийг аваад явсан. ...Намайг очих үед замаар явж байсан жолооч нар туслаад машинаас гаргачихсан байсан...” /хх-ийн 27-28/ гэсэн,
Шүүгдэгч Ж.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 23-ны орой 17 цаг 30 минутын Төв аймгаас гараад Улаанбаатар хот руу явж байхад урдаас том машин ирж байх шиг харагдсан. Тэр машины гэрэл хурц байсан учир гэрэл гялбаад баруун тал руугаа дараад сандарсандаа нөгөө тийшээ дарахад машин замын урд байсан жалга руу орж онхолдсон. Миний ард явсан машины жолооч зогсоод хаалга онгойлгож өгөхөөр нь би машинаасаа бууж ээжийгээ машинаас өргөж гаргасан. Тухайн үед дөнгөж харанхуй болж байсан, замын гэрэлтүүлэггүй, цаг агаар тогтуун, зам бага зэрэг хальтиргаатай, урдаас нэг том машин, араас гурван машин явж байсан...” /хх-ийн 63-65/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №12600 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн “Ж.Ц” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй...” /хх-ийн 32-33/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №70 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Д.Цын биед дух яснаас суурь ясны зүүн их далавч руу хүрсэн шугаман хугарал, зүүн ухархайн дотор хананд хугарал, зүүн талд дух чамархай, зулайн хэсгийн хатуу хальсны дээрх цус хуралт, хоёр талын уушгины няцрал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зүүн талд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх-ийн 39-40/ гэсэн,
- Тээврийн цагдаагийн албаны 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №885 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1. Тоёота Витз маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ж овогтой Ц нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нь нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3. Уг зам тээврийн осол нь Тоёота Витз маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж овогтой Ц Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-ыг зөрчсөнөөс үйлдэгдсэн байх үндэслэлтэй байна...” /хх-ийн 50/ гэсэн дүгнэлтүүд,
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8, 12-14/,
- Баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 09/,
- Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тэмдэглэл /хх-ийн 10/,
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 11/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №29, 12601, 14432, 14441 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 29, 43, 45/,
- Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 54/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 57-58/,
- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 81/,
- Шүүгдэгч Ж.Цгийн иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66-71, 74-75/,
- Хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 89-110/,
- Хохирогчийн хүсэлт /хх-ийн 114/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ж.Цд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ж.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны орой 17 цаг 55 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Төв аймгаас Улаанбаатар хот руу явах замд Тоёота Витз маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Д.Цын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Цын “...2018 оны 11 дүгээр сарын 23-нд өөрийн охин Ц, түүний охин М нарын хамт Тоёота Витз маркийн улсын дугаартай автомашинаар Төв аймагт очиж ач охиноо эмнэлэгт үзүүлчихээд орой 17 цагийн үед Төв аймгаас Улаанбаатар хот руу буцаад явж байснаа санаж байна, өөр санах зүйл байхгүй. Нэг мэдэхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан. Тухайн үед Ц өөрөө жолоогоо барьж, ач охин М түүний хажууд, би Мгийн хойд талд сууж явсан...” /хх-ийн 16-17/ гэсэн, шүүгдэгч Ж.Цгийн “...2018 оны 11 дүгээр сарын 23-ны орой 17 цаг 30 минутын орчим Төв аймгаас гараад Улаанбаатар хот руу явж байхад урдаас том машин ирж байх шиг харагдсан. Тэр машины гэрэл хурц байсан учир гэрэл гялбаад баруун тал руугаа дарсан, тэгээд сандарсандаа нөгөө тийшээ дарахад машин замын урд байсан жалга руу орж онхолдсон...” /хх-ийн 63-65/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №70 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Д.Цын биед дух яснаас суурь ясны зүүн их далавч руу хүрсэн шугаман хугарал, зүүн ухархайн дотор хананд хугарал, зүүн талд дух чамархай, зулайн хэсгийн хатуу хальсны дээрх цус хуралт, хоёр талын уушгины няцрал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зүүн талд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /хх-ийн 39-40/ гэсэн,
- Тээврийн цагдаагийн албаны 2018 оны №885 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1. Тоёота Витз маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ж овогтой Ц нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нь нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3. Уг зам тээврийн осол нь Тоёота Витз маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж овогтой Ц Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-ыг зөрчсөнөөс үйлдэгдсэн байх үндэслэлтэй байна...” /хх-ийн 50/ гэсэн дүгнэлтүүд, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8, 12-14/, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 54/, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 81/, Д.Цын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 89-110/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 114/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зохих заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор хуульчилсан бөгөөд тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Цын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх үзэв.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Цгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Цын эрүүл мэндэд дух яснаас суурь ясны зүүн их далавч руу хүрсэн шугаман хугарал, зүүн ухархайн дотор хананд хугарал, зүүн талд дух чамархай, зулайн хэсгийн хатуу хальсны дээрх цус хуралт, хоёр талын уушгины няцрал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зүүн талд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учирсан, хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн /хх-ийн 114/ тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Ж.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ж.Цгийн охин Ц.М 2009 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн /хх-ийн 48, 77/, одоо 9 настай, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 200 дугаартай актаар хөдөлгөөн, оюун ухаан, хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 24 сарын хугацаагаар тодорхойлсон байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ц “...охин Ж.Мг би өөрөө асардаг, надаас өөр хүн асардаггүй, цаашид миний асрамжинд байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдал, мөн дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассах ял оногдуулахтай холбогдуулан хэрэгт хураагдаж ирүүлсэн Ж.Цгийн №1215119 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхийн газарт хүргүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Ц гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт Ж-н Цг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Жадамбын Цг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнсэгдсэн хугацаанд Ж.Цд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цд нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн 1803009840033 тоот хэрэгт хураагдаж ирсэн Ж.Цгийн №1215119 дугаартай жолоочийн үнэмлэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн 1803009840033 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Ц гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР