Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 193

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ш.Алтанцэцэг, шүүгдэгч М.Э, нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Мажигийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810024000176  дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1961 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн Амины орон сууцны гудамж, 12 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б  овогт М.Э

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч М.Э нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Польш улсад ажиллах виз гаргаж өгнө гэж иргэн З.А 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 1,500,000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 Шүүгдэгч М.Э: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

 Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 Хохирогч З.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2013 онд ажлын шугамаар Э-тэй танилцсан, өөрийгөө Польш улсад олон жил амьдарсан, одоо ч Польш улс руу ирж очин байдаг гэж хэлж байсан. 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Э руу залгаад Польш руу билет захиалах гэсэн чинь олдохгүй байна, бага охиноо эгч рүү нь урилгаар явуулах гэсэн  юм гэж хэлэхэд урилгаар хүн явуулж яах гээд байгаа юм бэ, би хөдөлмөрийн гэрээгээр Польш руу хүн гаргаж байгаа, тийм зөвшөөрөлтэй компанитай хамтарч ажиллаж байгаа, ажлын шугамаар явуулсан нь дээр тэнд очоод 800-900 долларын цалинтай ажил нь бэлэн, 08 дугаар сарын эхээр гаргуулж болно, эхний ээлжинд яаралтай 1000 доллар өгчих гэхээр нь 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 8 дугаар сарын эхээс залгаж асуухад долоо хоногийн дараа гарчихна гэж хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. ...2018 оны 10 дугаар сарын дундаас эхлээд ор сураггүй алга болсон...” /хх-ийн 11-12, 14/ гэсэн,

 Гэрч Н.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын дундуур ээж намайг Польш улсад байдаг эгч рүү явуулахаар билет захиалах гэж байсан. Тэгсэнээ чамайг ажил хийлгэх гэрээтэйгээр Польш улс руу явуулах боллоо, виз гаргаж өгдөг хүн байна, 1,500,000 төгрөг өгчих гэж байна гэхээр нь та мөнгөө өгчихөөд бичиг баримтыг нь авч үлдээрэй гэж хэлсэн. Тэгэхэд ээж итгэж болохоор хүн байгаа юм гэсэн. Надаас миний иргэний үнэмлэх, гадаад паспорт хоёрын зургийг авсан өөр зүйл аваагүй...” /хх-ийн 16-17/ гэсэн,

 Шүүгдэгч М.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...1989 оноос одоог хүртэл Польш улсад том хүү, ач, бэр нарын хамт ажиллаж амьдарч байна. ...Польш улсад 10 жилээр амьдрах эрхтэй, арван жилээр сунгаад явдаг. Ингэхэд ямар нэгэн баримт бичиг өгдөггүй, шууд цахим бүртгэлд бүртгэгдсэн байдаг. ...Би Агийн хүүхэд Тгийн иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбарыг аваад Польш улсын Фозан хотод мөөгний үйлдвэрт оруулах гэсэн чинь мэргэжилгүй гээд аваагүй. Би Тгийн материалыг А үзүүлээгүй, харин болох байх хүлээж бай гэж хэлсэн. Надад өгсөн 1,500,000 төгрөг дээр нь 1,675,000 төгрөг нэмээд түрээсийн байранд 2,000,050 төрөг болсон, зуучлагч компанид 620,000 төгрөг өгсөн. Ингээд материалыг нь бүрдүүлээд 12 дугаар сарын 23-ны өдөр гарсан байсан боловч А больё гэсэн. ...Надад Польш улсын ажил олгох компанитай хамтран ажиллах гэрээ байхгүй, итгэмжлэл байгаа. Польш улсын компанид ажилд оруулах зөвшөөрөл авч Бээжинд байрлах консулд материалыг нь өгдөг, виз гаргах зөвшөөрөл байхгүй...” /хх-ийн 62-64/ гэсэн мэдүүлгүүд,

 - Монгол улсын хилээр нэвтэрсэн лавлагаа /хх-ийн 31/,

- М.Эгийн “Хаан” банкин дахь дансны хуулга /хх-ийн 38-42/,  

- Фэйсбүүкээр харилцсан баримтын хуулбар /хх-ийн 47-56/,

- Хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 65/,

- Шүүгдэгч М.Эгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 23-24, 36/  зэрэг болно.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, М.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 Шүүгдэгч М.Э нь Польш улсад ажиллах виз гаргаж өгнө гэж иргэн З.Алтанцэцэгээс 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 1,500,000 төгрөгийг шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  хохирогч .З.Аийн “...2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Э руу залгаад Польш руу билет захиалах гэсэн чинь олдохгүй байна, бага охиноо  эгч рүү нь урилгаар явуулах гэсэн юм гэж хэлэхэд урилгаар хүн явуулж яах гээд байгаа юм бэ, би хөдөлмөрийн гэрээгээр Польш руу хүн гаргаж, зөвшөөрөлтэй компанитай хамтарч ажиллаж байгаа, ажлын шугамаар явуулсан нь дээр, тэнд очоод 800-900 долларын цалинтай ажил нь бэлэн, 08 дугаар сарын эхээр гаргуулж болно, эхний ээлжинд яаралтай 1000 доллар өгчих гэхээр нь 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 8 дугаар сарын эхээс залгаж асуухад долоо хоногийн дараа гарчихна гэж хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. ...2018 оны 10 дугаар сарын дундаас эхлээд ор сураггүй алга болсон...” /хх-ийн 11-12, 14/ гэсэн, гэрч Н.Тгийн “...2018 оны 07 дугаар сарын дундуур ээж ...чамайг ажил хийлгэх гэрээтэйгээр Польш улс руу явуулах боллоо, виз гаргаж өгдөг хүн байна, 1,500,000 төгрөг өгчих гэнээ гэхээр нь та мөнгөө өгчихөөд бичиг баримтыг нь авч үлдээрэй гэж хэлсэн. ...Надаас миний иргэний үнэмлэх, гадаад паспорт хоёрын зургийг авсан өөр зүйл аваагүй...” /хх-ийн 16-17/ гэсэн, шүүгдэгч М.Эгийн “...Би З.Аийн хүүхэд Тэмүүлэнгийн иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбарыг аваад Польш улсын Фозан хотод мөөгний үйлдвэрт оруулах гэсэн чинь мэргэжилгүй гээд аваагүй. Би Тэмүүлэнгийн материалыг З.Ат үзүүлээгүй, харин болох байх хүлээж бай гэж хэлсэн. ...Надад Польш улсын ажил олгох компанитай хамтран ажиллах гэрээ байхгүй, итгэмжлэл байгаа. Польш улсын компанид ажилд оруулах зөвшөөрөл авч Бээжинд байрлах консулд материалыг нь өгдөг, виз гаргах зөвшөөрөл байхгүй...” /хх-ийн 62-64/ гэсэн мэдүүлгүүд, М.Эгийн “Хаан” банкин дахь дансны хуулга /хх-ийн 38-42/, фэйсбүүкээр харилцсан баримтын хуулбар /хх-ийн 47-56/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 Энэ гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь өмчлөгчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар илэрч өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэх бөгөөд шүүгдэгч М.Эгийн дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэв.

 Шүүгдэгч М.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм бруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч М.Эгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч З.З.Аийн эд хөрөнгөд 1,500,000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллгааны явцад төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх /хх-ийн 13-14/ тул энэ шүүх хуралданаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч М.Эг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлж оруулж эд хөрөнгийг нь залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 Эрүүгийн 1810024000176 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч З.А гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Б овогт М Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мажигийн Эг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч М.Эд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Э оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 5. Эрүүгийн 1810024000176 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч З.З.А гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.              

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР