| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0177/Э |
| Дугаар | 194 |
| Огноо | 2019-03-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ш.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ш.Алтанцэцэг, шүүгдэгч Т.О, нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Хасар овогт Төмөрбаатарын Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810024000176 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ыхүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, шашин судлаач мэргэжилтэй, “Монголын зүрхэн шүтээн Гандантэгчилэн хийд” цогцолбор төслийн Буддын шашны зан үйл, дэг жаягийн зөвлөх ажилтай, ам бүл 3, эгч, дүү нарын хамт, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Тын О
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.О нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Хд “хийдийн засвар хийсэн ажилчдын цалин, урьдчилгаанд мөнгө өгөх гэсэн юм, төрийн сангаас мөнгө орж ирэхээр өгнө” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 5,500,000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Т.О: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч П.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ог 2000 оноос зүс таних төдий мэддэг байсан бөгөөд 2011 онд Макс группт ажиллаж байхдаа лам нараар ном уншуулахад Т.О ирж таараад тэрнээс хойш 2016 онд Данбадаржайлин хийдэд ламаар ажиллаж байгаа гэхээр нь хаяа нэг ном уншуулдаг байсан. ...2017 оны 09 дүгээр сард ном уншуулахаар залгахад ярих юм байна очоод уулзья гэж хэлээд нөхөр бид хоёрыг байхад уулзаад Данбадаржайлин хийдэд засвар хийлгэсэн чинь ажилчид нь ажлын хөлсөө нэхээд суулгадаггүй, байгууллагаас 30,000,000 төгрөг өгөх ёстой боловч орж ирэхгүй байна гээд мессеж үзүүлэхээр нь итгээд данс руу нь 5,000,000 төгрөг шилжүүлээд бэлнээр 500,000 төгрөг өгсөн. Тухайн үед 14 хоногийн дараа мөнгө өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй, асуухаар данс нээгдэхээр өгнө гэх мэтчилсэн шалтаг хэлээд байсан...” /хх-ийн 16-17/ гэсэн,
Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 дүгээр сард эхнэрийн хамт явж байхад Т.О эхнэрийн утас руу залгаад “яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа уулзах хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь Дэнжийн 1000 өгсөх замд Петровисын клонк дээр уулзсан. Тэр үедТ.О нь Данбадаржайлин хийдэд хамба ламаар ажилладаг байсан тул хийдийн засварын ажил хийлгэж байгаа хүмүүстээ ажлын хөлс өгөх гээд мөнгө байдаггүй 5,500,000 төгрөг зээлээч хоёр сарын дараа буцааж өгөхдөө 6,000,000 болгож өгье гэж хэлэхээр нь буяны ажилд тус болж байгаа юм чинь хүү хамаагүй, харин хугацаандаа мөнгөө өгчихөөрэй гээд бэлнээр 500,000 төгрөг, 5,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж байсан. Тэрнээс хойш мөнгөө өгөхгүй залгахаар мөнгө санхүүжилт орж ирэхгүй байна, удахгүй гэж хэлж явсаар өдийг хүрсэн...” /хх-ийн 20/ гэсэн,
Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр манай хийдийн тамгын лам О.Б АНУ-руу явахаар болж Т.О гэх хүнийг танилцуулаад энэ хүн миний багын найз хуучин энэ хийдэд шавилж байсан гэж хэлээд тамгын ламаар ажилд оруулж ажлаа хүлээлгэж өгнөөс хойш таньдаг болсон. Тэрнээс хойш манай хийдэд хоёр жил гаруй тамгын ламаар ажиллаж байсан боловч ихэвчлэн ажил дээрээ байдаггүй, гадуур ажилтай хөрөнгө оруулалт хөөцөлдөж байна гэж хэлээд явдаг. Би энэ хүнийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн. Учир нь Т.О нь 2017 оны 02 дугаар сараас хойш ажил дээрээ ирэхээ больсон. Манай хийдэд хийгдсэн завсарын ажлын санхүүжилт Боловсролын яамнаас хийгдэж манай хийдэд хамааралгүйгээр тухайн компанид төлөгдсөн...” /хх-ийн 58/ гэсэн,
Шүүгдэгч Т.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 05 дугаар сард Хс 5,500,000 төгрөг аваад Данбадаржайлин хийдийн гал тогооны засвар, гэр дулаалтанд хэрэглэсэн. Би Хс Дэнжийн мянгын колонкийн ард уулзаж тухайн мөнгийг авсан. Дээрх мөнгөний 500,000 төгрөгийг өөртөө хэрэглэж үлдсэн 5,000,000 төгрөгийг Тд өгсөн. ...Тухайн үед хийдийн засварын ажил явагдаж байсан боловч одоо Ттай санхүүгийн асуудлаас болж үл ойлголцох болсон учраас засварын ажил хийгдээгүй гээд байгаа...” /хх-ийн 62-63/ гэсэн мэдүүлгүүд,
- П.Хын хаан банкны дансны хуулга /хх-ийн 11-14/,
- Харилцсан мессежны хуулбарууд /хх-ийн 29-34/,
- ШүүгдэгчТ.Оын хаан банкны дансны хуулга /хх-ийн 39-44/,
- Данбадаржайлин хийдийн албан бичиг /хх-ийн 68/,
- Хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 75/,
- Шүүгдэгч Т.Оын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 22-26/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Т.От холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Т.О нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Хд “хийдийн засвар хийсэн ажилчдын цалин, урьдчилгаанд мөнгө өгөх гэсэн юм, төрийн сангаас мөнгө орж ирэхээр өгнө” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 5,500,000 төгрөгийг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч П.Хын “...2017 оны 09 дүгээр сард ном уншуулахаар залгахад ярих юм байна очоод уулзья гэж хэлээд нөхөр бид хоёрыг байхад уулзаад Данбадаржайлин хийдэд засвар хийлгэсэн чинь ажилчид нь ажлын хөлсөө нэхээд суулгадаггүй, байгууллагаас 30,000,000 төгрөг өгөх ёстой боловч орж ирэхгүй байна гээд мессеж үзүүлэхээр нь итгээд данс руу нь 5,000,000 төгрөг шилжүүлээд бэлнээр 500,000 төгрөг өгсөн. Тухайн үед 14 хоногийн дараа мөнгө өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй, асуухаар данс нээгдэхээр өгнө гэх мэтчилсэн шалтаг хэлээд байсан ...” /хх-ийн 16-17/ гэсэн, гэрч Т.Аын “...2017 оны 09 дүгээр сард эхнэрийн хамт явж байхад Г.О эхнэрийн утас руу залгаад “яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа уулзах хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь Дэнжийн 1000 өгсөх замд Петровисын клонк дээр уулзсан. Тэр үед Т.О нь Данбадаржайлин хийдэд хамба ламаар ажилладаг байсан тул хийдийн засварын ажил хийлгэж байгаа хүмүүстээ ажлын хөлс өгөх гээд мөнгө байдаггүй 5,500,000 төгрөг зээлээч хоёр сарын дараа буцааж өгөхдөө 6,000,000 болгож өгье гэж хэлэхээр нь буяны ажилд тус болж байгаа юм чинь хүү хамаагүй хэлсэн хугацаандаа мөнгөө өгчихөөрэй гээд бэлнээр 500,000 төгрөг, 5,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж байсан...” /хх-ийн 20/ гэсэн, шүүгдэгч Т.Оын “...2017 оны 05 дугаар сард Хс 5,500,000 төгрөг аваад Данбадаржайлин хийдийн гал тогооны засвар, гэр дулаалтанд хэрэглэсэн. Би Хс Дэнжийн мянгын колонкийн ард уулзаж тухайн мөнгийг авсан...” /хх-ийн 62-63/ гэсэн мэдүүлгүүд, П.Хын хаан банкны дансны хуулга /хх-ийн 11-14/, харилцсан мессежны хуулбарууд /хх-ийн 29-34/, шүүгдэгч Т.Оын хаан банкны дансны хуулга /хх-ийн 39-44/, Данбадаржайлин хийдийн албан бичиг /хх-ийн 68/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
Энэ гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь өмчлөгчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар илэрч өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэх бөгөөд шүүгдэгч Т.Оын дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Оын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч П. Хын эд хөрөнгөд 5,500,000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллгааны явцад төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх /хх-ийн 75/ тул энэ шүүх хуралданаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Т.Оыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлж оруулж эд хөрөнгийг нь залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 1810017780141 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч П.Хгомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогтТ.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.От оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.О оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1810017780141 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч П.Х гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР