Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 460

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2016/00476/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам  даргалж, тус шүүхийн хуралдааны "Б" танхимд хийсэн шүүх хуралдаанд 
Хариуцагч: Хэнтий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 12-05 тоотод оршин суух Нэргүйн Борхүүгийн нэхэмжлэлтэй,
 “ажлаас халагдсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай"  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 
     Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг, хариуцагч Л.Төмөрбаатар, нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.
                                                                                                                                                                                     
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Борхүү нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хэнтий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал С.Мөнхцэцэг нь 2015-2016 оны хичээлийн жилийн ойжуулалтын ангид суралцагчид элсэлтгүй, анги дүүргэлт бүрдэхгүй байгаа тул тухайн мэргэжлийн анги хичээллэх боломжгүй болсон гэсэн шалтгаанаар үүрэгт ажлаас чөлөөлж 2015 оны 10 дугаар сарын 08-ны Б/50 тушаалыг хүчингүй болгож үндсэн багшийн ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж өгнө үү.
2005 онд манай сургуульд шинээр ойжуулалтын мэргэжлийн анги байгуулагдаж миний бие тасралтгүй 10 дахь жилдээ багшаар ажиллаж байна.
Суралцагчдын элсэлт бүрдүүлэх асуудал нь багшийн үндсэн үүрэг биш бөгөөд сургуулийн төсөв оронтоо цомхотгоогүй байхад намайг ажлаас үндэслэлгүй халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч Н.Борхүүгийн өмгөөлөгч Б.Болортунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Н.Борхүүг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын тушаалаар ажлаас халсан байдаг. Уг тушаалыг Н.Борхүү хүлээн зөвшөөрдөггүй. Энэ ажлаас халах тушаалд Н.Борхүүг Хөдөлмөрийн тухай хууль болон өөр ямар хуульд зааснаар, ямар үндэслэлээр халж байгаа нь тодорхойгүй байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажилтныг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хэд, хэдэн үндэслэлүүд байдаг. Гэтэл уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг огт дурдаж, заагаагүй. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 дахь заалтыг дурдсан байдаг боловч энэ нь яг ажлаас халах үндэслэл болж чадахгүй юм. Хоёрдугаарт тухайн ажилтныг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэл хүргүүлэх ёстой байдаг. Гэтэл тийм зүйл огт байхгүй. Өмнөх хавтаст хэрэгт ажлаас халахаас 6 сарын өмнө хэрвээ ойжуулалтын анги бүрдэхгүй бол хална шүү гэсэн анхааруулаг өгсөн байдаг ч энэ нь ажлаас хална гэсэн мэдэгдэл биш юм. Мөн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ажлаас халах тушаал гарах үед Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд ойжуулалтын анги байсан, Н.Борхүүгийн ажлын байр хэвээр хадгалагдаж байсан. Тийм учраас ямар ч үндэслэлгүйгээр ажлын байр байхгүй гэсэн үндэслэлээр ажлаас халсан нь буруу юм. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвөөс хөдөлмөрийн яам руу ойжуулалтын анги дүүргэлт байхгүй, манай орон нутагт эрэлт хэрэгцээ байхгүй тул уг ангийг хааж өгнө үү гэсэн хүсэлтийг явуулсан байдаг. Энэ хүсэлтийг үндэслээд Хөдөлмөрийн яамнаас ойжуулалтын ангийг хааж байна гэсэн албан бичгийг явуулсан байдаг. Гэтэл тухайн мэргэжлийн анги албан ёсоор хаагдаагүй, мэргэжлийн орон тоо хасагдаагүй байхад Н.Борхүүг ажлаас халсан нь хууль бус ба үүнд гомдолтой байна. Мөн анги дүүргэлтийг багш өөрөө хариуцдаггүй, хууль дээр ч тийм зүйл байдаггүй. Харин мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн дотоод журамд анги бүрдүүлэлтийг багш бүрдүүлэх ёстой гэсэн байдаг юм билээ. Ирцийн бүртгэл дээр 8 хүүхдийн бүртгэл бүртгэгдсэн байдаг. Гэтэл энэ хүүхдүүдийг өөр, өөр ангид хуваарилаад тараачихсан байдаг. Ийм учраас Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/50 дугаартай тушаалыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Н.Борхүүг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин буюу сүүлийн 3 сарын дундаж цалин 652 642 төгрөгийг ажилгүй байсан хугацаа буюу 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 10 сараар үржүүлж, нийт  6 526 420 төгрөгийг гаргуулах, мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгэж өгнө үү гэж хүсч байна гэв. (хх-ийн 1 тал)

Хариуцагч Хэнтий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Л.Төмөрбаатар шүүхэд өгсөн хариу тайлбартаа:Тус сургуулийн ойжуулалтын анги сүүлийн 2 жилд элсэгчдийн тоо хангалтгүй, төгсөгчид ажлын байргүй, хөдөлмөрийн зах зээлийн судалгаагаар эрэлтгүй байна. Иймд бүтэц орон тооны хувьд ажлаар хангах боломжгүй байна гэв. (хх-ийн 13 тал) 

Хариуцагч Хэнтий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Л.Төмөрбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг тушаал нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гарсан бөгөөд тухайн үед захирлаар ажиллаж байсан Мөнхцэцэг гэдэг хүн тушаал гаргасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тухайн ажилтныг ажлаас халахаас 1 сарын өмнө мэдэгдэл хүргүүлэх ёстой байдаг.  2015 оны 01 дүгээр сард намайг захирлын үүргийг гүйцэтгэж байхад Н.Борхүүгийн анги төгсөлтөө хийсэн. Тэгээд би 1 дүгээр сарын 10-ны өдөр, танай анги хүүхэд байхгүй, мэргэжил эрэлт хэрэгцээ байхгүй учраас цаашид сургалт явуулахад хэцүү боллоо шүү гэж Н.Борхүүд хэлж байсан. Ингээд 2015-2016 оны хичээлийн жил эхлэхэд ойн мэргэжлийн анги эрэлт, хэрэгцээгүй байна гэсэн судалгаа гарсан байдаг. 2015 оны 09 дүгээр сард элсэлтийн бүртгэл эхэлсэн ба энэ бүртгэл дотор ойн мэргэжлийн ангид суралцах хүүхдийг бүртгэхэд 2 хүүхэд бүртгүүлсэн байсан. Энэ ирцийн бүртгэл дээр 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ойн анги 9 хүүхэдтэй, ирвэл зохих 9, ирсэн нь 3 гэсэн байгаа. Ирцийн бүртгэлийг багш гарын үсэг зурж баталгаажуулах ёстой байдаг ч Борхүү гарын үсэг зураагүй байна. 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Д.Тэрбиш багш бүртгэсэн ирцийн бүртгэл дээр ойн анги ирвэл зохих 2, ирсэн 2 гэсэн байгаа. Ингээд үүнээс хойш 09 дүгээр сарын 30-ныг дуустал ямар ч ирцийн бүртгэл байхгүй байгаа юм. Ийм учраас манайхаас Хөдөлмөрийн яам руу хүсэлт явуулж, ой буюу хүлэмжийн аж ахуйн анги эрэлт хэрэгцээ байхгүй нь судалгаагаар батлагдсан тул хаах тушаал гарсан байдаг. Тухайн ангийг хаахдаа мэргэжлийн багшийг өөр ямар албан тушаалд шилжүүлж ажиллуулах вэ, өөр ямар аргаар зохицуулах вэ гэдгийг судалдаг. Миний бодлоор тухайн үеийн захирал Мөнхцэцэг Борхүүтэй  ярилцаж байж энэ ажлаас халах тушаалыг гаргасан байх гэж бодож байна. Манай дотоод журамд анги 15-аас доош хүүхэдтэй бол багшийг ажлаас хална гэсэн заалт байдаг. Н.Борхүү нь шүүхэд нэхэмжлэл өөрөө гаргасан байж шүүх хуралдаанд суудаггүй, зугтаад байдаг.  Өнөөдөр ч гэсэн өмгөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулна гэсэн байна гэв. (хх-ийн 92 тал)

    Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбаруудыг шинжлэн судлаад                                                         


ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Борхүү нь Хэнтий аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/50 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 6 526 420 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Хэнтий аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/50 дугаартай ажлаас чөлөөлөх тухай... 2015-2016 оны хичээлийн жилийн ойжуулалтын ангид суралцагсад элсэхгүй, анги дүүргэлт бүрдэхгүй байгаа тул тухайн мэргэжлийн анги хичээллэх боломжгүй болсноос багш Н.Борхүүг багшийн үүрэгт ажлаас чөлөөлж, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай гэсэн тушаал, (хх-ийн 5  тал) хариуцагч Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Л.Төмөрбаатар шүүхэд өгсөн тайлбар, (хх-ийн 20  тал) зэргийг үнэлж үзэхэд ажилтан, ажил олгогч хоёрын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна. 
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэнтий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/50 дугаартай Н.Борхүүгийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан ажилтан ажлаас буруу халсан.... гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн заалтыг зөрчиж шүүхэд гомдлоо 7 сар 18 хоног буюу 225 хоног хугацаа хэтрүүлэн гаргасан болох нь Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1312 дугаартай нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж, (хх-ийн 13-14 тал) нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл (хх-ийн 1 тал) зэрэг бичгийн нотлох баримт, хариуцагч Хэнтий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Л.Төмөрбаатарын: ... Н.Борхүү нь шүүх хуралд суудаггүй, зугтаад байдаг. Өнөөдөр ч гэсэн ирсэнгүй гэсэн тайлбар зэргээр нотлогдож байх бөгөөд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгчид шүүх хурлын товыг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдэхэд хүндэтгэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй бөгөөд өмгөөлөгчөө хуралд оролцуулах хүсэлт гаргасан байна. (хх-ийн 23 тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.Борхүү нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлж, гомдол гаргасан тухай нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байна. 
Шүүх Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаагаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа тул Хэнтий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/50 дугаартай, Н.Борхүүг ажлаас халсан тухай тушаалд хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй байна гэж үзэв . (хх-ийн 5 тал)
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй гэж үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 , 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.2-д заасныг баримтлан Хэнтий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/50 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 6 526 420 төгрөгийг гаргуулах тухай Н.Борхүүгийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Борхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ