Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
Хэргийн индекс | 183/2021/02653/И |
Дугаар | 210/МА2022/00265 |
Огноо | 2022-02-14 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2022/00265
2022 оны 02 сарын 14 өдөр | Дугаар 210/МА2022/00265 |
Ш.Цийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2021/02533 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Цийн хариуцагч Нт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Хөрөнгийн эстимэйт ХХК-ийн Хан-Уул дүүргийн ..... хороо, ..... гудамж, .... тоот хаягт байрлах 451.6 мкв талбай бүхий хувийн сууц, хүнсний дэлгүүр, ....... дугаартай гэр бүлийн зориулалттай 313 м.кв талбай бүхий газрыг 547,264,100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулна.
1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Тус шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1856 дугаар захирамжаар Ш.Ц, ..... ХХК-аас 265,985,813 төгрөг гаргуулж, ..... банк ХХК-д олгохоор талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Наас барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүргийн ..... хороо, ..... гудамж, .... тоот хаягт байрлах хувийн сууц, хүнсний дэлгүүр, газрыг битүүмжилж, хураасан. 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр барьцааны хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналаа 900,000,000 төгрөг гэж өгсөн. Гэтэл Хөрөнгө эстимэйт ХХК хөрөнгийг 547,264,100 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шинжээчийн үнэлгээний 50 хувь буюу 273,632,050 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад үнэ өсдөггүй. Хөрөнгийн үнэлгээ хийсэн хууль зүйн үндэслэл тодорхойгүйн улмаас үнэлгээнд хэрэглэсэн үнэ, цэнэ суурь буурч нөлөөлсөн гэж үзэж байна. Гэрэгэ эстимэйт ХХК барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 550,000,000 төгрөгөөр үнэлсэн байдаг.
2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураасан. Иргэний хуулийн 177.1-д зааснаар талууд барьцаа хөрөнгийг худалдан борлуулах үнийн санал дээрээ харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд Хан-Уул дүүргийн ..... хороо, ..... гудамж, .... тоот хаягт байрлах хувийн сууцыг газрын хамт 547,264,100 төгрөгөөр үнэлсэн. Энэ талаар талуудад баталгаат шуудангаар мэдэгдсэн. Шинжээч төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн барилгын бүтэц, хийц, төвийн шугам сүлжээ, ашиглалтад орсон он, гадна тохижилт, байршилтай, ойролцоо худалдахаар зарлагдаж байгаа байрнуудтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Нэхэмжлэгч шинжээчийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн болохыг баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн ..... хороо, Жаргалант 11 дүгээр гудамж, .... тоотод байрлах 451.6 м.кв бүхий хувийн сууц, хүнсний дэлгүүр, ....... дугаартай гэр бүлийн хэрэгцээний 313 м.кв талбай бүхий газрыг үнэлсэн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ш.Цийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ш.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.
4.1 Нэхэмжлэгч нь хариуцагчийг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийлгэхээр шинжээч томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлаагүй, хууль зөрчиж үнэлгээ хийсэн, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний тогтоох урьдчилсан нөхцөл болох үнийн санал авах ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч дутуу явуулсан, төлбөр авагчаас үнийн санал аваагүй, шинжээч томилсон тогтоолыг өмчлөгч нарт танилцуулалгүй дур мэдэн шинжээч томилж үнэлгээ хийсэн нь хуульд нийцээгүй гэж маргасан. Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт зааснаар тухайн үнийн санал авах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болон өмчлөгч нарыг тохиролцуулах ажиллагааг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд болох хариуцагч байгууллага явуулахаар журамласан байтал төлбөр авагчийн албан бичгийг үндэслэн шинжээч томилсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.
4.2 Төлбөр авагч К банкнаас үнийн санал аваагүй байж шинжээч томилсон, хуульд зөрчиж шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн байхад шүүх үнэлгээ хуульд нийцсэн гэж үндэслэлгүй дүгнэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хянан үзэв.
2. Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн ..... хороо, ..... гудамж, .... тоот хаягт байрлах 451.6 мкв талбай бүхий хувийн сууц, хүнсний дэлгүүр, ....... дугаартай гэр бүлийн зориулалттай 313 м.кв талбай бүхий газрыг 547,264,100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хариуцагч Нт холбогдуулан гаргажээ.
3. Хариуцагч нь Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1856 дугаартай Ш.Ц, ..... ХХК-аас 265,985,813 төгрөг гаргуулж, ..... банк ХХК-д олгох тухай эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжийг албадан гүйцэтгэхээр Хан-Уул дүүргийн ..... хороо, ..... гудамж, .... тоот хаягт байрлах хувийн сууц, хүнсний дэлгүүр, газрыг битүүмжлэн хураах, үнийн санал авах, үнэлгээ тогтоох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулсан байна.
4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч дээрх хөрөнгийг 900,000,000 төгрөгөөр үнэлсэн санал ирүүлснийг төлбөр авагч эс зөвшөөрч шинжээчээр үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан байх тул шийдвэр гүйцэтгэгчээс шинжээч томилсон ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
5. Хөрөнгө эстимэйт ХХК төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээг 547,264,100 төгрөг гэж тогтоосныг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй. Шинжээчийн дүгнэлт Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3, 9.3.8-д зааснаар хөрөнгийн үнэлгээний суурийг тухайн хөрөнгийн шинж байдал, онцлогт үндэслэх, хөрөнгийн үнэ цэнэ зохих үндэслэл бүхий тодорхой байх, үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, үндэслэлийг тодорхой тусгах зохицуулалтад нийцсэн байна.
Тэрээр шинжээч нь уг үл хөдлөх эд хөрөнгийг өртгийн, орлогын, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлэх зах зээлийн хандлагын аргаар үнэлгээг тогтоосон нь буруу биш байна. /хх91-108/
Шинжээч нь ийнхүү үнэлгээг тогтоохдоо тухайн объектыг unegui.mn, remax.mn зарын сайтад худалдахаар зарлагдсан байршил, хийц, талбайн хэмжээ, загварын хувьд ойролцоо үл хөдлөх эд хөрөнгүүдтэй харьцуулан барилгын байршил, насжилт элэгдэл, талбайн хэмжээ, засвар үйлчилгээ зэргийг тооцоолох замаар зах зээлийн үнэлгээг 547,264,100 төгрөг гэж дүгнэсэн байна. Уг үнэлгээг нэхэмжлэгчийн гомдлын үндэслэлээ нотлохоор ирүүлсэн Гэрэгэ эстимэйт ХХК-ийн 550,000,000 төгрөгийн үнэлгээний тайлантай харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгчийн өмч хөрөнгийг илт үнэгүйдүүлж зах зээлийн үнэлгээг бууруулсан гэж үзэхээргүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
6. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдоос ирүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн судлагдаж, талуудын харилцан мэтгэлцсэн гүйцэтгэх баримт бичиг, хөрөнгийн үнийн санал, үнэлгээний тайлан, үнэлгээний мэдэгдэл зэрэг баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар харьцуулан дүгнэжээ. Дээрх баримтуудаар үнэлгээ тогтоохтой холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан нь тогтоогдсон, анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэгдсэн, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. /хх35-80/
7. Иймд нэхэмжлэгчийн К банкнаас үнийн санал аваагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудыг үнийн талаар тохиролцуулах ажиллагааг хийгээгүй, хууль зөрчиж шинжээч томилсон гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2021/02533 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг улсын орлогод үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
А.МӨНХЗУЛ