Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00266

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00266

 

 

Х.Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/02109 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Хгийн хариуцагч Нт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн ....... хороо, ..... дугаар гудамж, ..... тоот хаягт байрлах 357 м.кв талбайтай газар болон тус хаягт байрлах 376,3 м.кв талбайтай хувийн сууцыг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2804 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Х.Х нараас 56,206,172 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаан хөрөнгийг 278,100,000 төгрөгөөр үнэлсэн. Шинжээч барьцаа хөрөнгийг хэрхэн ямар объекттой харьцуулсан, барьцаа хөрөнгийн өөрийнх нь онцлог шинж чанар болон эдийн засгийн үнэлгээг хэрхэн яаж гаргасан гэх байдал тодорхойгүй байна.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Х.Хгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ........ дугаартай Сүхбаатар дүүргийн ....... хороо, ..... дугаар гудамж, ..... тоот хаягт байршилтай 376,3 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн ......... дугаартай 357 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 155/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 155/02 тоот тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Х.Х барьцаа хөрөнгийг худалдан борлуулах үнийг 140,000,000 төгрөгөөр, Н.Б 230,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Төлбөр авагчаас шинжээч томилж хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилоход 113, 200,000 төгрөгөөр үнэлсэн. Энэ талаар талуудад 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 4/13394 тоот албан бичгээр мэдэгдсэн.

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай Н.Б, Х.Х нарын нэхэмжлэлтэй хэрэгт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11542 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Төлбөр төлөгч Х.Х, Н.Б нарын 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 8/160 дугаар тогтоолоор дахин шинжээч томилж, үнэлгээний компаниас үл хөдлөх эд хөрөнгийг 278,100,000 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дүгээр зүйлийн 55.3-т зааснаар шинжээчийн дүгнэлтийг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 4-155/15557 тоот албан бичгээр мэдэгдэж, тайланг хуулбарлан гарын үсэг зуруулан баталгаажуулсан. Төлбөр төлөгч Х.Х, Н.Б нарт 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4-155/17405 тоот албан бичиг, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10/41 дүгээр тогтоолоор анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гт танилцуулж гарын үсэг зуруулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нт холбогдох Сүхбаатар дүүргийн ....... хороо, ..... дугаар гудамж, ..... тоотод байрлах 376.3 м.кв хувийн сууцны зориулалттай барилга, 357 м.кв талбайтай газрын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х.Хгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1 Хариуцагч байгууллага барьцаа хөрөнгийн үнэлгээтэй холбоотой иргэний хэрэг хянагдаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарч хүргэгдсэн байхад анхны албадан дуудлага худалдаа явуулсан нь талуудын тайлбараар нотлогдсон. Нэхэмжлэгч талаас энэ талаарх баримтыг хэрэгт авахуулж энэ хэрэгтэй хамт шийдвэрлэх ёстой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч шүүх хүлээн авахаас татгалзаж, гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэн шүүх хуралдааныг явуулсан нь хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзэж байна.

4.2 Шүүхэд хуралдаанд үнэлгээ хийсэн шинжээчийг гэрчээр асуухад барьцаа хөрөнгийг ижил төстэй объекттой харьцуулаагүй, байршил өөр, өөр объектуудтай харьцуулах замаар үнэлгээ гаргасан. Мөн барьцаа хөрөнгийн эдийн засгийн үр өгөөжийг бодитойгоор бус доогуур байдлаар тооцсон нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

1. Давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хянан үзэв.

2. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн ....... хороо, ..... дугаар гудамж, .... тоот хаягт байрлах 357 м.кв талбайтай газар болон тус хаягт байрлах 376,3 м.кв талбайтай хувийн сууцыг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох гомдлын шаардлагыг хариуцагчид холбогдуулан гаргасан байна.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

4. Нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 181/Ш32021/10948 тоот захирамжаар түдгэлзүүлжээ.

Гэтэл хариуцагч 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 10/41 дугаартай тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 10.00 цагт явуулахаар шийдвэрлэж, энэ тогтоолд заасан цаг хугацаанд дуудлага худалдааг явуулсан нь шүүх хуралдааны явцад талуудын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч уг ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ..... дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийг нь зөрчжээ.

5. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/02109 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гарзгах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

А.МӨНХЗУЛ