Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Э.Идэрбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э-д холбогдох 1921002580112 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний тоног төхөөрөмжний засварчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын .....дугаар баг, ......... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Г.Э. /РД: ........../

 

Шүүгдэгч Г.Э нь Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах “Хавирга” хилийн боомтоор 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Истана” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад орсон “Водка” гэх хаягтай 136 ширхэг, “Хөлөнбуйр” гэх хаягтай 40 ширхэг, нийт 176 ширхэг архийг нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Г.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Хавирга” боомтоор 136 ширхэг “Водка” нэртэй архи, 40 ширхэг “Хөлөнбуйр” нэртэй архи оруулах гэж байгаад мэргэжлийн хяналтын байцаагч Энхбатад баригдсан. Намайг урагшаа явахад таньдаг хүн малдаа өгөхөөр архи захисан байсан…гэв.

 

            Иргэний нэхэмжлэгч Ж.Дэлгэрсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Уг хэрэгт эхэлж Мэргэжлийн хяналтын байцаагч “Хавирга” боомтон дээр ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгаж БНХАУ-д үйлдвэрлэсэн “Водка” гэх хаягтай 134 ширхэг архи, “Хөлөнбуйр” гэх хаягтай 40 ширхэг архи, нийт 176 ширхэг архийг илрүүлсэн. ...Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 54 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад заагдсан улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад багтсан байдаг. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 21-22 тал/

 

            Гэрч Д.Энхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 01-нээс 04-ний хооронд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Цагдаагийн газрын дарга нарын хамтран баталсан удирдамжийн хүрээнд хилээр нэвтэрч байгаа иргэд, зорчигч тээврийн хэрэгсэлд хорио, цээрийн хяналт шалгалт хийж ажилласан. Хяналт шалгалтаар 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр БНХАУ-аас Монгол Улс руу нэвтэрч байгаа ......... тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийхэд иргэн Г.Э нь “Истана” маркийн тээврийн хэрэгслийн арын суудлын бүрээсний дотор талд, машины зүүн хажуу хэсгийн хананы дотор тал, машины копутны дотор талд “Водка” гэсэн бичигтэй 485 мл-ийн архи, мөн хуванцар савтай 450 мл-ийн архи, нийт 176 ширхэг савтай болон ууттай архийг нууж хууль бусаар нэвтрүүлж байсныг илрүүлж Гаалийн хяналтын талбайгаас гаргаж, тээврийн хэрэгслийг түр саатуулсан. Хавирга хилийн боомтоор энэ төрлийн бараа бүтээгдэхүүн оруулахыг хориглодог...” гэжээ. /хх-ийн 25-26 тал/

            - Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/

            - Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11 тал/

            - Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12-13 тал/

            - Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 16-17 тал/

            - Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 18 тал/

            - Засгийн газрын 2001 оны 54 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодлосон жагсаалт” /хх-ийн 35-41 тал/

            - Г.Э-н гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24, 31-32 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

            Эд мөрийн баримтаар: БНХАУ-д үйлдвэрлэсэн “Водка” гэх хаягтай 134 /нэг зуун гучин дөрөв/ ширхэг архи, “Хөлөнбуйр” гэх хаягтай 40 /дөч/ ширхэг архи, нийт 176 /нэг зуун далан зургаа/ ширхэг архийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.Э нь Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах “Хавирга” хилийн боомтоор 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Istana” маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад орсон “Vodka” гэх хаягтай 136 ширхэг, “Хөлөнбуйр” гэх хаягтай 40 ширхэг, нийт 176 ширхэг архийг нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ж.Дэлгэрсайхан, гэрч Д.Энхбат нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, Засгийн газрын 2001 оны 54 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодлосон жагсаалт” болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Шүүгдэгч Г.Э-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Г.Э-г хуулиар хориглосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Э-г хуулиар хориглосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

 

Шүүгдэгч Г.Э-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Иргэний нэхэмжлэгч Ж.Дэлгэрсайхан нь шүүгдэгч Г.Э-с “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” талаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Э-н гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Istanа” маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Г.Э-н эзэмшлийх болох нь 01118015 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 50 тал/-аар нотлогдож байх тул шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2000.000 /хоёр сая/ төгрөгийн үнэ бүхий “Istanа” маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.  

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Vodka” гэх хаягтай 134 ширхэг архи, “Хөлөнбуйр” гэх хаягтай 40 ширхэг архи, нийт 176 ширхэг архийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн ........... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулиар хориглосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Г.Э-н ......... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-н гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2000.000 /хоёр сая/ төгрөгийн үнэ бүхий “Istanа” маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгосугай.

 

6. Шүүгдэгч Г.Э-н эзэмшлээс битүүмжлэгдсэн 2000.000 /хоёр сая/ төгрөгийн үнэ бүхий “Istanа” маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн хадгалах хамгаалах үүргийг шүүгдэгч Г.Э-д хүлээлгэсэн болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Vodka” гэх хаягтай 134 /нэг зуун гучин дөрөв/ ширхэг архи, “Хөлөнбуйр” гэх хаягтай 40 /дөч/ ширхэг архи, нийт 176 /нэг зуун далан зургаа/ ширхэг архийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.БАТЖАРГАЛ