| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0773/Э |
| Дугаар | 783 |
| Огноо | 2019-05-16 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 783
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
улсын яллагч А.Сайнбаяр,
хохирогч Б.Лувсангомбожав,
шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.С холбогдох эрүүгийн 1806 09621 0845 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Г.С, 1997 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Би экс” бааранд зөөгч ажилтай, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 11 дүгээр гудамжны 203 тоотод /иргэний үнэмлэхний лавлагаанд дурдагдсанаар/ ээж, ах, эгч нарын хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,
Шүүгдэгч Г.С нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Мүүн” бааранд иргэн Б.Лувсангомбожавтай маргалдан улмаар хөлөн тус газар нь өшиглөж унаган зүүн шагай ясны далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Г.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрт 300.000 төгрөгийг төлсөн” гэв.
Хохирогч Б.Лувсангомбожав шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тэнгэр плаза дээр ажилтай байж байгаад дууссаны дараа ажлынхаа хоёр эмэгтэйтэй бааранд орсон. Тэр баар анхнаасаа надад таалагдаагүй үүдээр нь ороход үүдэнд байсан хэсэг залуус намайг дээрэлхээд байхаар нь би бааранд ороод ажлынхаа хоёр нь эмэгтэйд эндээс гарч өөр газар оръё гэсэн боловч жаахан бүжиглэж байгаад гаръя гэсэн . Тэгээд байж байтал манай ажлын Булгамаа гэх эмэгтэйг нэг залуу цохиод байхаар нь би болиоч гэж хэлэхэд намайг шууд зодсон. Би тэгээд зодуулж байхдаа гар утсаа алга болгочихсон. Би ажлаагүй өдрийнхөө цалин болон эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Яг хэдэн төгрөг гэдгээ санахгүй байна. Байцаагчид өгсөн баримтанд нэхэмжилсэн үнийн дүн байгаа гэв.
Хохирогч Б.Лувсангомбожав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэр мүүн гэдэг баарны зөөгч гэх өндөр туранхай залуу нь надтай хамт явж байсан Булгаатай муудалцаад дэгээдэж унагаад байхаар нь би очоод эмэгтэй хүнийг болиоч гэж хэлээд байж байсан чинь тэр залууг таньдаг бололтой 3-4 залуу ирээд хажууд зогссон. Тэгсэн чинь тэр зөөгч залуу намайг чи юу юм гээд заамдаад боосон чинь боолт ороод миний ухаан балартах үед тэр залуу миний зүүн хөлийн шагай хэсэг рүү өшиглөөд намайг унагаасан. Тэгээд тэрхэн зуур ухаан балартаад босч ирэхэд тэр залуу намайг орхиод текнийхээ хажууд зогсч байсан. Тэгээд би босох гэсэн чинь миний зүүн хөл гишгэж болохгүй өвдөөд байж байсан чинь Батчимэг, Булгаа хоёр намайг гаръя гээд хоёр талаас сугадаад авч гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Гэрч Л.Батчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Булгамаа бид хоёр 00 орчоод гараад ирэхэд тэр баарны зөөгч залуу Лувсангомбожавыг боож унагаагаад дээр нь гарч байсан. Тэгсэн Лувсангомбожав доор нь хэвтчихсэн ёо ёо гээд ёолоод байсан. Тэгэхээр нь Булгамаа бид хоёр очоод та нар яаж байгаа юм болиоч гэсэн чинь тэр зөөгч залуу та нарт ямар хамаатай юм гээд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14385 дугаартай дүгнэлт:
1. Б.Лувсангомбожавын биед зүүн шагай ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хх-20/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-34/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-33/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Г.С 2018 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Мүүн” бааранд иргэн Б.Лувсангомбожавтай маргалдан улмаар хөлөн тус газар нь өшиглөж унаган зүүн шагай ясны далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь
Хохирогч Б.Лувсангомбожавын: “...Тэр мүүн гэдэг баарны зөөгч гэх өндөр туранхай залуу нь надтай хамт явж байсан Булгаатай муудалцаад дэгээдэж унагаад байхаар нь би очоод эмэгтэй хүнийг болиоч гэж хэлээд байж байсан чинь тэр залууг таньдаг бололтой 3-4 залуу ирээд хажууд зогссон. Тэгсэн чинь тэр зөөгч залуу намайг чи юу юм гээд заамдаад боосон чинь боолт ороод миний ухаан балартах үед тэр залуу миний зүүн хөлийн шагай хэсэг рүү өшиглөөд намайг унагаасан.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Л.Батчимэгийн: “...Булгамаа бид хоёр 00 орчоод гараад ирэхэд тэр баарны зөөгч залуу Лувсангомбожавыг боож унагаагаад дээр нь гарч байсан. Тэгсэн Лувсангомбожав доор нь хэвтчихсэн ёо ёо гээд ёолоод байсан. Тэгэхээр нь Булгамаа бид хоёр очоод та нар яаж байгаа юм болиоч гэсэн чинь тэр зөөгч залуу та нарт ямар хамаатай юм гээд байсан...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Г.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.С-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Б.Лувсангомбожав нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хүндэвтэр гэмтлээ эмчлүүлэхэд гарсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Шүүгдэгч Г.С нь хохирол төлбөрт 300.000 төгрөгийг өөрийн сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.С-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.С-д 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.С нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хохирол төлбөрт 300.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Б.Лувсангомбожав нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР